богино мэдээ New

Та логик алдаа гаргаад байна!

Сократ зэрэг эртний Грекийн философичид маргаан-мэтгэлцээнийг үнэнд хүрэх зам-мөр болгосон бол софистууд хэмээх нэр авсан зарим сэтгэгч логик төөрөгдлийг ашиглан хүмүүсийг маргаанд ялах явдлыг л гол зорилгоо болгосон байдаг. .

Хүмүүний түүхэнд маргах, мэтгэлцэх, цэц булаалдах, ном хаялцах үзэгдэл байсаар ирсэн бөгөөд одоо ч байна (ирээдүйд ч байх болно). Ялангуяа философичид нэгнийхээ ойлголт дахь алдааг олж, улмаар үнэнд хүрэхийн тулд хоорондоо маргаж, мэтгэлцсээр иржээ. Тэд, ялангуяа Сократ зэрэг эртний Грекийн философичид маргаан-мэтгэлцээнийг үнэнд хүрэх зам-мөр болгосон бол софистууд хэмээх нэр авсан зарим сэтгэгч логик төөрөгдлийг ашиглан хүмүүсийг маргаанд ялах явдлыг л гол зорилгоо болгосон байдаг. Өнөөдөр ч улс төр, хуулийн салбарт маргах мэтгэлцэх явдлыг буруугаар ашиглаж хүнийг тухайн агшинд үг хэлээр давамгайлах, нэр хүндийг нь унагах, хуулийн өмнөөс яллах, эсвэл хилсээр шийтгэх хэрэгсэл болгож буй хүмүүс цөөнгүй байна.

Либертари сэдвээр маргаан мэтгэлцээн явуулах үед, мөн зарим хүний өгүүлэл нийтлэлээс харж байхад нийтлэг харагддаг түгээмэл алдаан дээр түшиглэн ер нь логик алдааг (төөрөгдлийг) философид, чухамдаа бол логикт хэрхэн үзэж, ангилж байсныг сонирхуулахын тулд энэ өгүүллийг толилуулж байна. Гэхдээ хүмүүст ойлгомжтой болгох үүднээс дан ганц либертари сэдвээр жишээ татсангүй, улс төр, ахуйн сэдвээр маргах үедээ гаргадаг логик алдаануудаар жишээ татав. Хүн бүрд “савны хэмжээ” байдаг, тэр хэрээрээ хутгацгаадаг гэдэг дээ. Мэдээж, нар хэзээ ч тусахааргүй “зүүн хойш харсан нүх” шиг хүмүүсийн чихрүү юу ч хийсэн “толгойгоо сэгсчиж” таарна. 

 

Бидний дунд түгээмэл харагддаг логик алдаа бол сэдвээсээ халих юм уу явцуурах, сэдвээ солих явдал юм. Ийм алдааг сэтгэлгээний сахилга батгүй (хааяа сэтгэлгээний соёлгүй ч гэж ярьдаг) хүмүүс санамсаргүй гаргадаг болөрсөлдөгчөө ялахын тулд зориудаар гаргадагхүмүүс ч бас байх юм. Хадуурах буюу сэдвээ өргөтгөх алдааг формаль логикийн ойлголт (ухагдахуун) гэсэн категорийн үүднээс авч үзэх юм бол “ойлголтын багтаамжийг” тэлснээс үүдэлтэй алдааболно. Жишээ нь, шүдний эмчийн тухай ярьж байхад эмчийн тухай, ямааны тухай ярьж байхад таван хошуу малын тухай яриад явчихыг хэлж байгаа юм. Сэдвээ багасгах алдаа бол үүний эсрэг тохиолдол. Аль алин нь сэдвээ солих алдаа мөн. Өргөтгөх юмуу, багасгах замаар заль хэрэглэн сэдвээ сольдог хүн байхад нэлээн муйхар маягаар шууд өөр сэдэв рүү ордог маргагч ч бас тааралддаг. Үүнийг Ad Hominem хэмээнэ. Бид хамгийн бүдүүлэг бөгөөд муйхар энэ алдаанаас эхлэхээр шийдлээ. Эхлээд логик алдааны латин эсвэл англи нэр, дараа нь уг алдааны тодорхойлолт, улмаар жишээ татсан болно. Логик алдааны монгол нэрийг бид өгсөн бөгөөд зарим нэрний тухайд оновчгүй болсон гэсэн шүүмжлэл гараад оронд нь таарч тохирох оноосон нэр санал болговол хүлээн авахад бэлэн байна.

Ad Hominem – Ад хоминэм [Хүнд нь хандсан үндэслэл]

Тодорхойлолт:Оюун дүгнэлт дээр тулгуурлан ярихаасаа илүүтэй тухайн хүн, түүний зан чанар руу дайрч довтлох. Ад хоминэм үндэслэгээ сэтгэлгээний элемент багатай, голдуу янз бүрийн доромж үг, нэр томьёо хэрэглэсэн, хүмүүст нэр хаяг өгсөн байдаг.

Жишээ: Эрдэм шинжилгээний хурал дээр Чимэгээг маш шинэлэг санаа бүхий итгэл тавьсны дараа Болд босож, танхимд цугласан олонд хандан “өдий хүртэл хань ижилгүй явсан, бас тэгээд гэр бүлийн талаар хэл аманд орж байсан ийм хүний үгэнд итгэж болох эсэх” талаар ярьж эхлэх.

Anecdote – Анэкдот [Онигоо болох үндэслэл]

Тодорхойлолт:Зөвхөн өөрт нь тохиолдсон зүйлийг баттай баримт мэтээр ярьж, үндэслэгээ болгох. Ийм баримтыг бүх нөхцөлд хэрэглэхийг оролддог.

Жишээ:“Мерседес Бенц чинь мөнгөний гарлага байна лээ. Би нэг Бенцийг 2-хон жил унаад сольсон. Машин авъя гэвэл тэр хогийн машиныг л бүү аваарай!”

Appeal to Ignorance – [Мэдэхгүйг нь далимдуулан үндэслэх]

Тодорхойлолт:Ямар нэг үндэслэл гаргаж ирэхийн тулд маргалдагч талын мэдэхгүй, чадахгүйг далимдуулах.

Жишээ:Хэн ч бурхан байдгийг баталж чаддаггүй, тэгэхээр бурхан байдаггүй нь илт.

Appeal to Tradition – [Уламжлал, зан заншил дээр тулгуурлан үндэслэх]

Тодорхойлолт:Ямар нэг зүйлийг үнэн, гарцаагүй хэмээн батлахын тулд уламжлал зан заншил дээр тулгуурлах. Урт удаан хугацаанд үүнд итгэж, ийн үйлдэж ирсэн учраас үнэн байж таарна.

Жишээ:“Бид хэдэн 10 жилийн турш сургуульд дүн-үнэлгээ хэрэглэсээр ирсэн. Түүнээс татгалзвал утгагүй юм болно.”

Appeal to Consequences – [Нөхцөл дээр тулгуурлан үндэслэх]

Тодорхойлолт:Нөхцөл үнэн ч бай, худал ч бай, уг нөхцөлийн үр дагавар ямар байх вэгэдэг дээр тулгуурлан дүгнэлт хийх. (Энд “нөхцөл” гэдгийг ахуйн хүрээнд хэрэглэгддэг үгийн утгаар бус формаль логикийн категорийн утгаар ойлгох хэрэгтэй!)

Жишээ:Хэрэв,хүүхэд телевиз үзэхийг хориглосон хууль гаргачихвал тэд телевизээр гардаг муу муухай зүйлээс ангид байж чадна. Тэгэхээр телевиз үзүүлэхгүй байснаар тэднийг сайн сайхан хүн болгоно.

Argumentum ad Baculum – [Хүч түрэмгийлэн үндэслэх]

Тодорхойлолт:Айлгаж, сүрдүүлэх замаар үндэслэх.

Жишээ:“Хэрэв та IQ(Ай Кю)-гийн сургалтад ангийнхаа хүүхдүүдийг хамруулахгүй бол ажлаасаа халагдах болно шүү. IQ болоюун ухаан хөгжүүлэх ганц зөв арга зам юм шүү дээ.”

Argumentum ad Ignorantiam – [Элэг барьж, мэдэмхийрэн үндэслэх](“Мэдэхгүйг нь далимдуулан үндэслэхтэй” төстэй)

Тодорхойлолт:Үндэслэгээ гаргахын тулд нэг болон хэсэг бүлэг хүний мэдэхгүй дээр тулгуурлах. Тодорхой сэдвээр мэдлэггүй байдлыг ашиглан тэднийг хуурмагаар дагуулах.

Жишээ:“Надад итгэ! Танай байрны энэ утсыг солихгүй бол хорооллын чинь цахилгаан тэр чигээрээ тасарна. Хар л даа, энд утас шалбарсан байна.”

Argumentum ad Populum – [Популист үндэслэгээ]

Тодорхойлолт: Олон түмний оюун ухаанд хандахаасаа илүүтэй тэдний уярал хайлал дээр тулгуурлан үндэслэл гаргах.

Жишээ: “Улс-орон даяар халамжийн системийг нэвтрүүлэх нь ганц зөв зам. Ийм системгүйгээс болж хэчнээн олон хүн зовж зүдэрч байгааг харж байна уу!”

Bandwagon – [Олонхид тулгуурлан үндэслэх] (“Уламжлал, зан заншил дээр тулгуурлан үндэслэх”-тэй төсөөтэй)

Тодорхойлолт:Ихэнх хүн үүнийг үнэн, зөв гэж байна. Тэгэхээр үнэн, зөв байж таарна.

Жишээ: “‘Судалгаанд оролцсон хүмүүсийн 90% нь ардчиллыг хамгийн зөв нийгмийн тогтолцоо’ гэж хариулжээ, тэгэхээр ардчиллынхны идэж уух ч бага хэрэг.”

Begging the Question – [Асуулт босгон үндэслэх]

Тодорхойлолт:Батлагдаагүй таамаг бодомжийг дуугүй (чимээгүйхэн) ашиглах замаар дүгнэлт хийчхээд түүнийгээ хариулт буюу хамтын итгэл үнэмшил гэж үзэн асуудал босгох. Дүгнэлт нь нөхцөлдөө багтсан байдаг битүү тойрог маягийн үндэслэл.

Жишээ:Хүчирхийллийг харуулсан киног театруудаар гаргаснаар улс-орон ёс суртахууны хувьд ялзран доройтох болно. (Энэхүү илэрхийлэл “Гэхдээ хүчирхийллийг харуулсан кино үнэхээр,ёс суртахууныг доройтуулдаг уу?” гэсэн асуултыг гаргаж ирдэг.)

Black or White – [“Хар эсвэл Цагаан” хэмээхүндэслэгээ]

Тодорхойлолт:Хэд, хэдэн боломж байсаар атал нэгийгээ үгүйсгэгч хоёрхон дүгнэлтийн нэгийг тулгах.

Жишээ:Монгол улс уул уурхай дээр тулгуурлан байж л хөгжинө. Өөр ямар ч арга зам байхгүй.

Cherry-pick – [Сорчлон үндэслэх]

Тодорхойлолт:Нэг зорилго тавиад түүндээ тохирсон дүгнэлт гаргахын тулд байгаа баримтын ихэнхийг үл тоомсорлон, тодорхой баримтуудыг сорчлон түүж дүгнэлт гаргах.

Жишээ:ТВ-9 телевизээр маш үнэмшилтэй баримтын тухай ярьсан: хүн амын 90% нь Н.Энхбаярыг авлига авсан гэдэгт итгэхгүй байна гэсэн.

Circular Reasoning – [Битүү тойрог дүгнэлт]

Тодорхойлолт:Ямар нэг зүйлийг батлахын тулд батлагдаагүй баримтыг ашиглаад, гарсан дүгнэлтээр нь батлагдаагүй зүйлээ батлах: У-г батлахын тулд Х-ийг ашиглаад, дараа нь Х-ийг батлахын тулд У-г ашиглах.  

Жишээ:“Та миний нийтлэлд С үнэлгээ тавих ёсгүй. Би А оюутан. А оюутнууд С үнэлгээ авдаггүй юм.”

Composition – [Бүтэц бүрэлдэхүүнтй талаарх худал ойлголт дээр тулгуурласан үндэслэл]

Тодорхойлолт:

Ямар нэг зүйлийн бүтэц, бүрэлдэхүүний талаар алдаатай дүгнэлт хийх. (Систем ба түүнийг бүрдүүлэгч элементийн хоорондын холбооны талаар алдаатай бодомж дээр тулгуурлах)

Жишээ:Сагсан бөмбөгийн багийн гишүүн бүр ер бусын авьяаслаг байдаг. Тэгэхээр баг бүр лигийн хамгийн шилдэг баг болно.

Confirmation Bias – [Гуйвсан баталгаан дээрх үндэслэл](Сорчлон үндэслэхтэй төстэй)

Тодорхойлолт:Хувь хүнийхээ хандлага дээр тулгуурлан үндэслэл гаргах. Өмнө нь баримталж байсан итгэл-үнэмшлийг санамсаргүйгээр гээх.

Жишээ:Баячууд буяны үйлд нэг их мөнгө хандивладаггүй тухай аливаа материалыг уншсаны дараа бүх баячууд хар амиа бодсон, хорголоо тоолсон хүмүүс байдаг нь илт харагдах болов. Би л лав өгөөмөр баянтай тааралдаж байгаагүй юм байна (энд буяны үйлд маш өгөөмөр хандаж байсан баячуудын тухай баримтыг гээдэг).

Confusion of Correlation and Causation – [Шалтгаацал болон харилцан холбоог хольж хутгаснаас үүдэлтэй үндэслэл]

Тодорхойлолт:Хоорондоо холбоотой (гэхдээ детерминант холбоогүй) хоёр зүйлийн нэгийг шалтгаан мэтээр үзэж дүгнэлт хийх.

Жишээ:Буу шийдэмтэй тоглоомоор тоглосон хүүхдүүд хүчирхийлэлд татагддаг тухай олонтаа ярьдаг. Тэгэхээр ийм тоглоом нь хүүхэд харгис болох цор ганц шалтгаан мөн.

Excluded Middle – [Дундахыг үгүйсгэсэн үндэслэгээ](“Хар эсвэл Цагаан” хэмээх үндэслэгээтэй төстэй)

Тодорхойлолт:Асуудлын хоёр туйлшралыг авч үзээд, дундахыг орхигдуулдаг үндэслэгээ. Хуурамчаар (зориудаар хоёр туйлд) хуваах.

Жишээ:Хэрэв бид тамхины эсрэг хууль гаргахгүй бол уушгины өвчлөл газар авч, хүн амын ихэнх энэ өвчнөөр өөд болох болно. 

Half Truth – [Хагас нь үнэн үндэслэгээ]

Тодорхойлолт: Үнэн боловч чухал зүйлсийг санаатай орхиж, хүнийг буруу тийш хөтөлдөг үндэслэгээ.

Жишээ: “Энэ машин 100 км-т 8 литр шатахуун зарцуулдаг, ухаалаг хөтөчтэй, дотоод эд ангид нь 3 жил засвар хийх шаардлагагүй. Худалдаж авахад буруудахгүй дээ!” (Хэдийгээр, араа солиход заавал хөл гарын ажиллагаа зэрэг шаарддаг, тоормосоо зөвхөн урд хоёр дугуйндаа барьдаг, хүйтэнд асахдаа удаан зэрэг дутагдлуудтай байхад)

Loaded Question – [Асуултаараа хөтлөх үндэслэгээ]

Тодорхойлолт:

Хэрэв хариулахад хүрвэл хүссэн хариултыг нь өгөхөд чиглэгдсэн асуулт тавих үндэслэгээ (Асуултад хариулснаараа асуулт тавигчийн хүссэн зүйлийг аргагүй зөвшөөрөхөд хүрнэ).

Жишээ: “АН-ынхан засгийн эрхэнд гарснаар арын хаалга, хээл хахууль, идэж уух ихэссэн нь үнэн, гэхдээ ардчилал бол засаглалын хамгийн сайн хэлбэр мөн биз дээ?”

Misunderstanding Statistics – [Статистикийг буруугаар ашигласан үндэслэгээ]

Тодорхойлолт:

Тодорхой нэг үзэл санааг батлахын тулд тийм дүгнэлт гарахааргүй байхад статистик тоо баримтыг зориуд буруу ашиглаж, хачирхалтай дүгнэлт хийх (Хүссэн дүгнэлтээ гаргахын тулд статистикийг буруу тайлбарлах).

Жишээ: Ардчиллын буянаар залуучуудын дунд хэт таргалалт явагдаж, дундаж жин нь 80 кг-ыг давсан, Монгол улс 100-гаад их, дээд сургуультай болсон, айл өрхийн 50-иас дээш хувь нь хувийн машинтай болсон. Ардчилалд ороогүй бол хэзээ ч ийм амжилтад хүрэхгүй байх байлаа. (Ардчилал хөгжсөн болон ардчилалд шилжиж буй Европын орнуудын иргэдийм хуучин машин хэрэглэхийг хүсдэггүй, хэт таргалалт нь буруу хооллолтын үр дүн, нэгэн төрлийн өвчин, их, дээд сургуулийн чанар маш муу, хөгжсөн орны дунд сургуулийн түвшинд хүрэхгүй байгаа зэрэг баримтыг зориуд дурдахгүй орхигдуулна.)

Non-Sequitur – [Мөрдлөгөөг гуйвуулах үндэслэгээ]

Тодорхойлолт:Латинаар “ийм мөрдлөгөө гарах учиргүй” гэсэн утгатай үг (Хийсэн дүгнэлт өмнөх нөхцөлийн мөрдлөгөө биш байх). 

Жишээ:Өнгөрсөн удаа сар хиртэхэд Дарханд газар хөдөлсөн. Одоо 5 дахь өдөр сар хиртэхэд Дарханыхан мэгдэрч сандрах нь зүй ёсны үзэгдэл.

Omniscience – [“Бүхнийг мэдэгчийн” үндэслэгээ]

Тодорхойлолт:“Бүх зүйл”, “аливаа” юмс үзэгдэлд таарч тохирсон болохнь батлагдаж, шалгагдаагүй илэрхийллийг ашиглаж үндэслэх.

Жишээ: Социализм бол монголчуудад ганц таарсан үзэл. Либертари үзэл монголчуудад ерөөс тохирохгүй.

Post Hoc, Ergo Propter Hoc – [Пост хок, Эрго Проптер Хок буюу Шалтгаан,үр дагаврын холбоог буруу ойлгосноос үүдэлтэй үндэслэгээ](Мөрдлөгөөг гуйвуулах үндэслэгээтэй төстэй, гэхдээ цаг хугацаатай холбоотой)

Тодорхойлолт:Латинаар “энэ нь хожим гарч ирсэн, тэгэхээр үүний өмнө шалтгаан болсон зүйл байх ёстой” гэсэн утгатай үг. Өмнө болсон үйл явдал дараагийн үйл явдлын шалтгаан байх ёстой гэж үндэслэнэ. 

Жишээ:Өдрийн дараа шөнө болдог, тэгэхээр өдөр бол шалтгаан, шөнө бол үр дагавар.

Proving Non-existence – [Эсрэгээс нь батлахыг буруугаар ашигласан үндэслэл]

Тодорхойлолт:Ямар нэг зүйлийн оршиж буй юмуу, үнэн болохыг батлахын оронд эсрэг талын хүнээ тухайн зүйлийн оршдоггүй эсвэл худал болохыг батлахыг шаардах маягаар үндэслэх (Жинхэнэ зүйлээ батлахын оронд маргалдагч талынхаа баталж чадахгүй зүйлийг дэвшүүлэх). 

Жишээ:“Намайг солиотой хэмээн бодож байгааг чинь би мэдэж байна. Учир нь, би харь гаригийнхан манай дэлхий дээр буусан гэдэгт итгэдэг. Тэгвэл чи буугаагүй гэдгийг батлаадах л даа!”

 

Red Herring – [Займчуулан үндэслэх]

 

Тодорхойлолт:Сэдвээ өөрчлөх замаар анхаарлыг нь сарниулан үндэслэл гаргах.

Жишээ:Сурвалжлагч: Танай засгийн газрын хариуцлагагүй ажиллагаанаас болж, ард иргэдийн амьдрал улам бүр доройтоод байгаа юм биш үү?

Стэйтист (Төрийнхөн): Манай засгийн газар бол шинэтгэлийн засгийн газар.

 

Reification – [Хийсвэрээс тодорхойд шилжихийг буруугаар ашиглан үндэслэх]

 

Тодорхойлолт:Хийсвэр, гипотетик, оюун санааны зүйлд тодорхой бодит юмс шиг хандах маягаар үндэслэх (Хийсвэрлэлд физик хэлбэр өгөх).

Жишээ:“Хэрэв та мэс ажилбараар зүрхээ нээх юм бол хайр танд хүрч ирэх болно.”

 

Slippery Slope – [Гулгамтгай гадаргууны үндэслэгээ]

 

Тодорхойлолт:Процедур, хууль, үйл ажиллагаанд өөрчлөлт оруулснаар таагүй үр дагаврын гинжин хэлхээг бий болгоно хэмээн маргах (Ямар нэг үйл явдал тохиовол түүнийг дагасан цуврал үйл явдал гарцаагүй гэнэ).

Жишээ:Ижил хүйстнүүдийн гэрлэлтийг хүлээн зөвшөөрөх аваас дараагийн алхам нь цусан төрлийн хүмүүстэйгээ, тэр ч бүү хэл, амьтантай хүртэл гэрлэхийг зөвшөөрөхөд хүрэх болно.

 

Small Numbers Statistics – [Цөөн тооны статистик үндэслэгээ](Онигоо болох үндэслэгээтэй төстэй)

 

Тодорхойлолт:Олонхын төлөө үндэслэгээ гаргахдаа цөөнхийн жишээ татах.

Жишээ:Хоёр эмэгтэй оюутныг зуны сургалт дээр доромжилжээ. Энэ нь Их сургууль дээр хүчирхийлэл газар авсныг харуулж байна.

 

Straw Man – [Мануухайны үндэслэгээ]

 

Тодорхойлолт:Өрсөлдөгчөө муу муухай харагдуулахын тулд худал хуурмаг дүр төрх босгоод, дараа нь түүн рүү дайрах (А гэдэг хүн Х баримтлалтай байж. Гэтэл Б гэгч А-г дайрахын тулд Ү баримтлалыг [Х-ийн гуйвуулга] ашигладаг).

Жишээ:Либертари үзэлтэн: Төр татварт авсан мөнгөнөөсөө өөртөө хэтэрхий ихийг зарцуулах юм аа.

Стэйтист: Чи чинь Монголын эсрэг үзэлтэн үү, Монголын төрийг хүчгүйдүүлэх гээд байгаа юм уу.

 

TuQuoque – [Шүүмжлэлийг шүүмжлэлээр хариулан үндэслэх]

 

Тодорхойлолт:Хэн нэгний гаргаж буй үндэслэлээс зугтан, тэс хөндлөн үндэслэл гарган маргах.

Жишээ:Либертари үзэлтэн: Энэ Ардчилсан Намынхан улсын хөрөнгийг экс-коммунистуудаасаа илүү ихээр идэж ууж, авлига хээл хахууль авах юм аа.

Ардчилагч: Ардчилал бол хүн төрөлхтний түүхэнд байсан хамгийн сайн засаглалын хэлбэр. Ардчиллыг шүүмжилдэг хэн юм бэ чи.

 

Personal Incredulity – [Үл мэдэхүйгээ тархаах үндэслэл]

 

Тодорхойлолт:Ямар нэг зүйлийг ойлгохгүй, эсвэл ойлгоход мэдлэг дутсан байдлаа тухайн зүйлийг худал мэтээр тайлбарлах.

Жишээ:“Бүх юм үүсдэг, тэгэхээр ертөнц цаг хугацааны хувьд мөнх гэдэг нь худал.”

 

Ambiguilty[Үгээр жонглёрдон үндэслэх]

 

Тодорхойлолт:Хэлний тодорхойгүй байдал болон давхар утгыг ашиглан үндэслэх.

Жишээ:

  • Монгол хэлэнд “Хоёр морьтой хүн ирж явна” гэхэд нэг морио унаад, нөгөө морио хөтөлсөн хүн юм уу эсвэл тус бүр нэг морь унасан хоёр хүн ирж яваа эсэх нь ойлгогддоггүй.

  • Орос хэлэнд, “Казнить нельзя помиловать” гэвэл цаазлах уу, өршөөх үү гэдгийн алин болох нь эс ойлгогдоно. (Харин “Казнить, нельзя помиловать” гэвэл цаазалж, “Казнить нельзя, помиловать” гэвэл өршөөнө.)

Ipse Dixit буюу Appeal to Authority - [Гул барин үндэслэх]

Тодорхойлолт: Эрх мэдэлтэн, нэр хүнд бүхий хүмүүс ингэж үзэж байна, тэгэхээр энэ нь үнэн гэж үзэх.

Жишээ: “Хүн төрөлхтний зовлон зүдүүрийн бүх үндэс бол хувийн өмч” гэж биваангард Маркс хэлсэн. Тэгэхээр, үнэн байж таарна.

Argumentum ad Crumenam – [Завших сэдэлт үндэслэгээ]

Тодорхойлолт: Ямар нэг ашиг хонжоо харж үндэслэх.

Жишээ: Бид эх орныхоо үйлдвэрлэлийг дэмжих ёстой. Тиймээс зөвхөн дотооддоо үйлдвэрлэсэн хувцас өмсөцгөөе. (Үүнийг өгүүлэгч, оёдлын үйлдвэрийн эзэдтэй тохирч, мөнгө авсан байж.)

Argumentum ad Misericordiam – [Өрөвдсөн үндэслэл]

Тодорхойлолт:Өрөвдөж энэрсний үндсэн дээр зовлон гачаалыг нь хуваалцах маягаар үндэслэх.

Жишээ:Зам тээврийн осол гарчээ. “Бид ядуу нэгэндээ өрөвч сэтгэлээр хандах ёстой. Тиймээсэнэ жипийг мөргөсөн автобусны жолооч буруугүй.”

Argumentum ad Judicium - [Бүдүүвчилсэн үндэслэл]

 

Тодорхойлолт:Нарийн ээдрээт юмс үзэгдлийн тухайд тайлбар шаардсан зүйлийг ахуйн мэдлэгийн түвшинд аваачиж үндэслэх.

Жишээ:Эйнштейний харцангуйн онолын үндсэн утгыг хэлэх юм бол өнөөдөр буруу байсан зүйл маргааш зөв болно гэсэн үг.

Argumentum ad Tuto – [Тал зассан үндэслэгээ]

Тодорхойлолт:Сэтгэл татагддаг, хүндэтгэлтэй ханддаг байдлаа үндэслэгээ болгох.

Жишээ:Саран үнэхээр сайхан зантай, бас тэгээд үзэсгэлэнтэй эмэгтэй шүү. Түүний буруу байх ёсгүй дээ.

Өгүүллийг унших явцад таны хувьд “нэн танил” үндэслэгээ тааралдах аваас болгоомжтой байхад илүүдэхгүй. Бусад хүн дээр харагддаг үндэслэгээ тааралдах аваас нэгд, үнэний тусын тулд, хоёрт, сайн санааны үүднээс хэлэхэд болохгүй юмгүй(хэрэв нөгөө хүн тань Ad Hominem маягийн хүн биш бол шүү дээ).

Философийн ухааны доктор Б.Батчулуун

Д.Амартүвшин