Жалгархаг, доворхог үзэлтэй монголчуудын хувьд үе үе, нутаг усандаа манраа хутгасан сенсаци дэгддэг нь жам ёсны үзэгдэл шахуу болчихож. Өөрсдийгөө орон нутгийн Засаг ноён гэж эндүүрсэн шинэ цагийн аархагчдын архи ууж, агсам согтуу тавьсан, бүр хүний амь нас ч хөнөөсөн хэргүүд ч сошиал шуугиан болоотохсон. Эрх мэдлээ ашиглан газар зувчуулдаг, орон нутагт үйл ажиллагаа явуулж байгаа компаниудыг дарамталдаг жишээнүүдийг хойно өгүүлье. Найр наадам зохиож, ууж идэж, төсвийнхөө хөрөнгийг хөшөө, хаалга, морь мал, айраг найрт баруун солгойгүй цацдаг Засаг ноёд бий.
Сүүлдээ энэ бүхэн хэтийдээд сумын Засаг дарга нар дур мэдэн зам хааж попордог болсон. Сүүлдээ увайгүй засаг дарга нарын элийрэл нийт улсын экспортод нөлөөлөх хэмжээнд хүрээд байгааг саяхан Б.Жавхлан сайд саяхан танилцуулж байсан юм.
Даруулгагүй засаг ноёдын талаарх сүүлийн үеийн дуулиан гэхэд Сэлэнгэ аймагт хувийн болон компанийн эзэмшлийн хашаануудыг эвдэн, буулгаж, хөгөө чирсэн Засаг даргын шуугиан байна. Шуугианы эзэн нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын засаг дарга Н.Захирахбаатар гэгч. Суманд нь гарсан гал түймрийн утаа сарниж амжаагүй байхад бусдын эзэмшлийн хашааг нурааж морь уралдуулж цэнгэсэн гэдгээрээ Засаг дарга Н.Захирахбаатар олны овоо, хараа, шүүмжлэлд өртөж байна. Мань эрийн тушаалаар төрийн цагдаагаар хүч нэмэгдүүлэн дөвчигнөсөн Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Засаг даргын орлогчийн үйлдэл шуугиан тарьж байна.
Өмнө нь ч хашаа, газрын дажин дэгдээж байсан Хушаатын хэрүүл маргааны шалтгаан нь ердөө хурдан морины уралдааныг үзэх эрхэм дарга нарын замыг чөлөөлөхийн тулд байсан гээд бод доо. Гэтэл нөгөө талд нь энэ нь хувийн компанийн тариалангийн талбай байгаад байдаг. Хууль журмыг нь сануулж, учирлахаар доод тушаалын нөхөд нь “Засаг дарга мэдэж байгаа” л гэдэг аж. Гайхалтай нь өмнө нь ч ийм байдал давтагдаж байсан бөгөөд 2021 оноос хойш л хувийн талбайн компанийн талбайг дураа хүрсэн үедээ эвдлэн дайрна гэж заналхийлдэг болжээ.
Өнөөдөр түймрийн айдаст автан гайхшаа баран сандарч байгаа Хушаат сумынхны хувьд Засаг даргын найр наадмын замыг чөлөөлөх бас нэгэн дажин ийнхүү дэгдээд байна. Гэтэл ийн хувийн хэвшил рүү, тэр тусмаа стратегийн салбар болсон газар тариалангийн талбай руу дайрсан шалтгаан нь ердөө л морь уралдуулах.
Яг өдийд тариалалтанд бэлтгэж байгаа талбай дээр шүү дээ. Морь уралдуулах, морь ч гэж дээ, морь уралдахыг харж, машинтай дагаж баясах гэсэн дарга нарын хөлд саад болсон юм байх. Арай ч дээ, Сэлэнгийнхэн минь дээ, ийм өчүүхэн харалган байж болох уу?
Одоогоор сошиалаар мэр сэр гарсан мэдээгээр бол тариалангийн талбайн хашааг чөлөөлж буулгах гэсэн талбайдаа нутгийн баячууд морь уралдуулж наадаж байгаа юм байна. Нохойноосоо гинж нь гэдэг шиг найман морь уралдаж, арав гаруй машин дагаж давхисан сураг байна. Сэлэнгэд тэр тусмаа Хушаатад өчигдөрхөн түймрээ дутуу хагас дараад, өнөө маргааш ч дахиж түймэр дэгдэхгүй гэхийн баталгаагүй байхад, өнөө маргаашгүй хаврын тариалалтын ажил эхлээд байхад ингэж тариалангийн талбайн хашааг төрийн цагдаагаар нураалгаад морь уралдуулж цэнгэж байна гэдэг арай л дэндүү биш үү?
Тариалангийн талбай биш морь уралдуулах, тэр тусмаа машинтай дарга нар дагаж давхин баясан цэнгэх нь чухал юм уу, өнөөдөр Монголд. Хувийн компанийн хашааг төрийн цагдаагаар нураалгах захирах дуртай Засаг дарга ноёлдог болчихсон юм уу, өнөөдөр Монголд. Захирах дуртай Н.Захирахбаатарыг захирах хүн байна уу, Ерөнхий сайд аа?
Нийт сэтгэгдэл 1
Зочин 1 өдөр
Чинбат бол Сэлэнгэд их том газар эзэмшдэг хүн