Том хямралыг юм сурахгүй, өөрчлөлт хийхгүй, зүгээр л дэмий өнгөрөөвөл юутай хайран. Хямрал гэдэг бидэнд өмнө нь хийж чадахааргүй байсан зүйлээ хийх боломжийг олгодог юм.
Чикаго хотын захирагч асан Рам Эмануэл
Бүтэлгүйтлийн түүх, түүнээс олж авсан сургамжаа хуваалцдаг "ФаакАп" булангийн энэ удаагийн зочин бол салбартаа тэргүүлэгчдийн нэг Нэткапитал Санхүүгийн Группийг үүсгэн байгуулагч Д.Сүндий юм. Тэрбээр 2002 онд ШУТИС-ийг мэдээллийн технологийн инженерээр төгссөн тэрээр 2008 онд Нэткапиталыг үүсгэсэн нь өдгөө 11 салбар, 60,000 гаруй харилцагч, 150 шахам ажилтантай, санхүүгийн төрөл бүрийн үйлчилгээ үзүүлж буй томоохон групп болж өргөжөөд байгаа юм. Мөн өнгөрсөн онд АНУ-ын Чикаго хотод үйл ажиллагаагаа эхлүүлэн бизнесээ тэлжээ.
Тэр чухам юун дээр алдсан юм бол? Тэгээд юу сураа бол?
ТА ХЭН БЭ?
Доржрэнцэнгийн Сүндий. Аав. Найдвартай хамтрагч. Бизнесмэн. Насан туршийн суралцагч.
Би анх 10 настайдаа наймаа хийж ашиг олж байлаа. Би дугуй авч унахыг их хүсдэг байсан. Монгол улс тэр үед Ардчилсан орны тоонд ороод хил гааль нэвтрэх эрх хүн бүрд нээгдэж хүмүүс наймаанд явж эхэлсэн. Тэгээд аав ээжээсээ дугуй авч өгөхийг гуйтал мөнгө байхгүй гэсэн. Харин зарж амжаагүй нэг том хайрцаг тамхи байсныг зарах зөвшөөрөл өгсөн юм. Би зах гараад л тэр дор нь зараад дуусгачихлаа. Аав ээж хоёрын бэлэн тамхиар хийсэн хөрөнгө оруулалт намайг дугуйтай болгосон. Хамгийн гол нь энд байгааг тэнд аваачиж зараад ашиг олж болдгийг ойлгочихож байгаа юм. Хэдий тамхи байсан ч зөв хөрөнгө оруулалт болсон. Тэгээд л өсвөрийн наймаачин болсон доо.
БИЗНЕС/ТӨСЛИЙН САНАА ЮУ БАЙСАН БЭ?
Хожим өөрийн бизнесийг эхлүүлэх үедээ би дөрвөн төрлийн бизнесийн талаар нухацтай бодож үзсэн юм. Мөнгө санхүү, хоол хүнс, авто машин, орон сууцтай холбоотой бизнесүүдийг судлаад үзэхэд санхүү болон авто машинтай холбоотой бизнес нь гадаад хүчин зүйлээс бага хамааралтай, хийж болохоор санагдсан. Харин хоол хүнсний бизнес нь ашигтай байршил шаардана, үл хөдлөх хөрөнгийн бизнес нь зөвшөөрөл авахад маш хэцүү.
2008 онд Нэткапитал ББСБ-аа байгуулаад 2009 оноос үйл ажиллагаагаа эхлүүлсэн юм. Би банк санхүүгийн чиглэлээр мэргэшээгүй байсан боловч тухайн үед санхүүгийн байгууллагуудын технологи, хурд, бүтээмж тун тааруу байгааг мэдэж байв. Тэгээд энэ салбарын тоглогчдын бүтээмжийг хараад, бизнесийн үр ашгийг нэмэгдүүлбэл боломж байгаа юм байна, ирээдүйд хүмүүс л хоорондоо өрсөлдөх юм чинь үзээд алдъя гэж сэтгэсэн. Ингээд технологи, системээ сайн хийж, технологийн стартап шиг уян хатан, хурдтай ажиллах болж, санхүүгийн тал дээр хийнгээ суралцаад явах болсон юм. Энэ зуур авто машины бизнесийг хэсэг хугацаанд амжилттай хийж байв.
ЮУ ТОХИОЛДСОН БЭ?
Өнгөрсөн 2009 онд зэсийн үнэ огцом унаад төсвийн алдагдал огцом өсөөд манай банк санхүүгийн салбарт донсолгоо үүсэж байлаа. Долларын ханш 1160-1600 төгрөг рүү үсэрсэн. Ханш хэдэн цагийн зайтай өсөж буурч хүчтэй савлаж, зарим үед 100 төгрөгөөр нэмэгдэж хасагдаж байлаа шүү дээ. Нэг өдөр манай нэг найз орж ирээд бид хоёр долларын ханш унахаас өмнө байсан хэдээсээ багагүйг заръя гэж шийдээд худалдаж авах хүмүүстэйгээ хэлцэл хийчихсэн. Гэтэл орой нь доллар унах биш бүр 100 төгрөгөөр үнэ нь өсчихлөө. Өглөө хэлэлцээд тохирчихсон наймаагаа хийвэл би шууд 25,000,000 төгргөөр шатах байлаа. Гэвч нэгэнт хүмүүст зарна гээд тохирчихсон байсан болохоор наймаагаа цуцалж чадаагүй. Ингээд хэдхэн цагийн дотор 25 сая төгрөгөө салхинд хийсгэчихсэн. Тэр үеийн 25 сая гэдэг бол их мөнгө байлаа шүү дээ. Нэткапитал 27 настай залуу захирлынхаа хүчинд тэгж нэг цөм шатаж байлаа.
ЯМАР СУРГАМЖ АВСАН БЭ?
“За гэвэл ёогүй” гэж үг байдаг даа. Энэ үг бизнесмэн хүний алтан зарчим байх ёстойг тэгэхэд илүү сайн ойлгосон. Учир нь тэр үед би 25 сая төгрөгөөр шатсан ч тэр тухай сонссон хүмүүс Нэткапиталын Сүндий хэлсэндээ байдаг гэдэгт итгэж найдаж эхэлсэн. Санхүүгийн байгууллагуудад итгэлцэл хамгийн чухал. Ялангуяа тэр үе банк бус санхүүгийн байгууллагаас өгсүүлээд банкууд хүртэл олноороо дампуурлаа шүү дээ. Итгэл гэдэг юм үгүй болж байсан цаг. Тийм үед алдагдал үүрсэн ч найдвартай хамтрагч байж чадсан маань өнөөдрийн Нэткапиталыг босгосон гэж боддог. Нэткапиталд хүмүүс маш их итгэдэг.
Өөрийн туршлагаас хуваалцах бас нэг том сургамж бол хямрал гэдэг нэг талаас боломж байдаг. Би компаниа 2008 онд эдийн засгийн хямралын үед байгуулсан нь зарим талаар давуу талыг олгосон байх. Хямралын үед бүгд л паникт орж илүү дутуу үйлдэл хийхээ болиод өрсөлдөөн сулардаг. Одоо COVID-19 өвчнөөс болж ийм хямралын үе ирж байна. Ийм үед ухаалаг, эрсдэлээ тооцон хөдөлж чадвал амжилт олох боломжтой. Хямралын үед оффис түрээс хямд болно, ажиллах хүчний зардал ч буурч ирдэг. Миний хувьд бүхнээ дэнчин тавьж, бусдаас баахан мөнгө зээлж бизнесээ эхлүүлсэн болохоор алдах эрхгүй, өдөр шөнөгүй ажиллаж байж компаниа босгож байлаа.
Нет капитал групп
Нийт сэтгэгдэл 0