Сэтгүүлч Б.Мөнхчимэг
Нэгэн үе сайд дарга болох сонирхолгүй гэдгээ илэрхийлж “Албан тушаалын төлөө биш ард түмний төлөө салбараа аваад явах зангарагтай хүмүүс нь сайд болох ёстой. Би сайд, дэд сайдын албан тушаалд оролцохгүй” хэмээж байсан Л.Оюун-Эрдэнэ өдгөө Ерөнхий сайд болох “зангарагтай” болжээ.
УИХ гишүүн, ЗГХЭГ-ын дарга, Монгол Улсын сайд асан Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын 32 дахь Ерөнхий сайдаар томилогдон ажиллахаар боллоо. Бусдын л адил энгийн намтар түүхтэй, “эгэл ардын” хүү бүхнийг багаас нь эхэлж өдий зэрэгт хүрсэн гэдэг түүний намтар, улс төрийн үйл хэрэгтэй холбоотой баримтуудыг эмхэтгэн хүргэе.
Түүний хувьд 1980 онд Улаанбаатар хотод төрсөн хэдий ч Хэнтий аймгийн Бэрх суманд /тосгон/ өсчээ. Л.Оюун-Эрдэнийг багад нь өвөө С.Лувсаннамсрай нь өргөж авсан аж. Өвөө нь Хэнтий аймгийн Батноров сумд хийдийн лам хүн байж. Тиймдээ ч Л.Оюун-Эрдэнэ хүүхэд насаа арц хүж, балин үнэртсэн өвөрмөц орчинд өвгөн лам нарын өвөр дамжин өнгөрөөсөн гэж хэвлэлд өгсөн ярилцлагуудад дурссан байдаг.
Бэрх сумын ерөнхий боловсролын сургуулийг онц дүнтэй төгссөн тэрээр сурлага, спортоор манлайлсан “нийгмийн идэвхтэй” сурагч байжээ. 1998 онд дунд сургуулиа төгсөөд МУИС-ийн сэтгүүлчийн ангид өрсөлдсөн ч тэнцэж чадсангүй. Бас ч гэж УБИС (МУБИС)-ийн спортын сэтгүүлчийн ангийн хуваарь авахад хүрчээ. Гэвч энэ анги түүний сонирхлыг татсангүй. Харин танил нь “Бэрс” дээд сургуулийг санал болгосноор зохиолч Д.Батбаяр агсантай танилцан уулзаж “Бэрс” сургуульд элсэв. Л.Оюун-Эрдэнэ нэгэн ярилцлагад оюутан үеээ дурсахдаа “Д.Батбаяр багштай нэлээд ярилцсаны эцэст энэ сургуулийг сонгосон. Одоо бодоход энэ нь миний хувьд хамгийн зөв шийдвэрүүдийн нэг байсан. Энэ үе миний үзэл бодолд нэлээдг том суурь тавьж, хэлбэр агуулгын олон зүйлийг ойлгож авахад тусалсан гэж боддог...”[1] гэжээ.
Ишлэл: [1] Г.Галбадрах,“ Хүн бүхэн хот руу тэмүүлж байхад би хөдөөг сонгосон...”, http://www.ord.mn/index.php?newsid=4310, Хамгийн сүүлд 2020 оны XII сарын 19.
Сэтгүүлчийн ангийн оюутан байхдаа Үндэсний телевизийн “Охид хөвгүүд” тэргүүтэй хэд хэдэн нэвтрүүлгийг хөтөлж байв. Цаашид телевизэд үргэлжлүүлэн ажиллах боломж байсан ч 2000 оны сонгуулиар Бэрх сумын Засаг даргаар сонгогдсон танил ах н.Лхагва нь Тамгын газрын дарга болох санал тавьснаар 21 настай шинэхэн төгсөгч Бэрх нутагтаа очин сумын ЗДТГ-ын даргаар ажиллах болжээ.
Л.Оюун-Эрдэнэ залуу хүний хувьд боловсролдоо анхаарч, тасралтгүй сурч байсан ч мэргэжлийн хувьд “тогтворгүй” нэгэн аж. Тэрбээр гурван ч өөр чиглэлээр бакалаврын боловсрол олсон байх юм. Сэтгүүлчийн ангийг дүүргэсэн тэр гэр бүлийн хамт 2006 оноос Улаанбаатар хотод шилжин ирж 2008 онд Нийслэлийн БЗД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн даргаар ажиллах хугацаандаа МУИС-ийн Хууль Зүйн сургуулийн бакалаврыг эрх зүйчээр төгсчээ.
Дараа нь төд удалгүй мэргэжлээ сольж МУБИС-ийн Нийгмийн Ухааны сургуульд боловсрол судлалын магистр зэрэг хамгаалав. Гэвч хачирхалтай нь ахин мэргэжил, боловсролын зэргээ сольж МУИС-ийн Улс төр нийгмийн ухааны сургуулийн бакалаврын түвшний Улс төр судлаачийн ангид элсэж 2011 онд төгссөн байна.
Л.Оюун-Эрдэнийн амьдрал намтай салшгүй холбоотой. Түүний МАН-тай холбогдсон түүх бүр 1997 оноос эхтэй юм. Тодруулбал, тус онд МАСЗХ (Монголын Ардчилсан Социалист Залуучуудын Холбоо) байгуулагдаж анхны ерөнхийлөгчөөр нь У.Хүрэлсүх сонгогдсон байдаг. У.Хүрэлсүх сонгогдсон даруй орон даяар гишүүн элсүүлэх аянд мордож, энэ шалтгаанаар Бэрх суманд иржээ. Чухам тэр нэг уулзалтын арга хэмжээг нутгийн хүү Л.Оюун-Эрдэнэ хөтлөн явуулснаар тэд анх танилцав.
Хүү ч Хүрэлсүх ахынхаа МАСЗХ-д шууд элсжээ. Энэ уулзалтаас хойш гурван жилийн дотор буюу 2001 онд Л.Оюун-Эрдэнэ МАН-д албан ёсоор элсэн орсноор барахгүй намын үүрийн дарга болжээ.
Эл үед 2001 онд Бэрхэд Тамгын газрын даргаар ажиллаж байсан тэрбээр 2005 он гэхэд Нийслэлийн БЗД-ийн намын үүрийн дарга, 2008 оноос БЗД-ийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга болтлоо дэвшлээ. Нийслэлийн дүүрэгт байхдаа “ Баянзүрх-Нэг зүрх” аян санаачлан хэрэгжүүлсэн байдаг.
2008-2009 оны МАН-ын бүтцийн өөрчлөлтөөр буюу алдарт долоодугаар сарын 1-ний хэрэг явдлаас хойш У.Хүрэлсүх МАН-ын Ерөнхий Нарийн бичгийн дарга болсны дараагаар Л.Оюун-Эрдэнэ ч мөн л дэвшиж МАН-ын Удирдах Зөвлөлийн Хэрэг эрхлэх газрын даргаар ажиллаж эхэлжээ. Тэрээр нэгэн ярилцлагадаа “...намын ажилд анхан шатнаас олон жил явсан. У.Хүрэлсүх дарга Ерөнхий нарийн бичгийн дарга болсныхоо дараа улс төрийн ажилтнаар орох уу гэдэг санал тавьж байсан. Удалгүй намд бүтцийн өөрчлөлт хийх үеэр Гадаад харилцааны хэлтсийн дарга болохоор хэлэлцэж байсан ч тушаал гарахад улс төрийн хэлтсийг хариуцах болсон байсан...” гэж ярьсан байдаг.
2010 онд МАН-ын удирдах зөвлөлийн гишүүдийн 100 хувийн дэмжлэгээр Л.Оюун-Эрдэнийг НАМЗХ-ны ерөнхийлөгч болгов.[1] Тэр үед түүнийг “хэний хүн бэ” гэсэн асуулт гарахад У.Хүрэлсүх МАН-ын генсек болмогцоо нутгийн дүүгээ Залуучуудын холбооны ерөнхийлөгч болголоо гэх зэргээр багагүй шуугиан дэгджээ. Тэр үед Л.Оюун-Эрдэнэ өөрөө “Би У.Хүрэлсүх даргатай амьдралдаа гурван удаа л таарч байсан. Танил дотно холбоо юу ч байхгүй” гэж няцааж байв. Харин хожим шуугиан намжсаны дараах нэгэн ярилцлагадаа “Манай аав ээж, эмээ бүгд МАН-ын гишүүд, дэмжигчид тэр утгаараа ч нэлээн ойр...” гэж өмнөх хариултаа үгүйсгэсэн байдаг[2].Үнэхээр ч түүний амьдрал У.Хүрэлсүхийн өгсөж, уруудсан түүхтэй шууд хамааралтай гэж хэлж болно.
Хүрэлсүхийг улс төрийн тайзны гол дүрээс түр холдсон байх үед буюу 2013 онд Л.Оюун-Эрдэнэ Харвардын Их Сургуульд суралцахаар шийджээ. Сургуульдаа явахын тулд НАМЗХ-ны залуус, МАН-ын нөхөд нийлсэн 160 орчим хүн оролцсон хандивын хүлээн авалт зохион байгуулав. Уг хүлээн авалтаар сургалтын төлбөрийнхөө 40 орчим[1] Энэрэл, Э.“Л.Оюун-Эрдэнэ: Надад нэр дэвших сонирхол байхгүй байгаа гэвэл та итгэх үү”, http://www.baabar.mn/article/2458, Хамгийн сүүлд 2020 оны XII сарын 21.
[2] Б.Ганчимэг,“Албан тушаалд хүн оройтдоггүй, харин өөрийгөө бэлтгэхэд оройтож болох талтай”, http://www.baabar.mn/article/7102, Хамгийн сүүлд 2020 оны XII сарын 22.
мянган ам.долларыг цуглуулсан гэдэг.[1] Ийнхүү “олон нөхөд”-ийн тус дэмээр үдүүлж, алс газрыг зорин америк мөрөөдлөөр жигүүрлэв.
2015 онд АНУ-ын Харвардын Их Сургуульд Төрийн удирдлагын магистрын зэрэг хамгаалаад буцаж ирээд Л.Оюун-Эрдэнэ НАМЗХ-ы удирдлагыг гартаа авахыг хүсэв. Энэ үед тэр бээр НАМЗХ-ны дүрмийн өөрчлөлт, насны хязгаар гэх мэт асуудлаар Н.Номтойбаяр, Г.Тэмүүлэн нартай хагарал үүсч маргаан дэгдээжээ. Эцэст нь Г.Тэмүүлэнд НАМЗХ-ны Ерөнхийлөгчийн албыг тавьж өгөхөөс аргагүйд хүрчээ. Харин түүнийг улс төрд эргэн ирэхэд мөн л У.Хүрэлсүх ах нь туслав. Хүрэлсүх УИХ-ын сонгуульд байнга Хэнтий аймгаас нэр дэвшдэг ч 2016 оны сонгуульд өрсөлдөлгүй үлдсэн тул Л.Оюун-Эрдэнэд тойргоо өгөв. Ингэж Л.Оюун-Эрдэнэ УИХ-ын гишүүн болж, харин Хүрэлсүх сонгуулийн дараа Монгол Улсын Шадар сайдын албыг хаших болсон байдаг.
Ишлэл:[1] https://www.youtube.com/watch?v=r759SHmuPWg
Өнгөрсөн 2016 оны сонгуульд МАН үнэмлэхүй ялалт байгуулж 65 суудал авчээ. Тухайн үед МАН-ын дарга байсан М.Энхболд өөрийн зохих ёсны суудалд суулгүй УИХ-ыг даргалж, харин Ж.Эрдэнэбат Ерөнхий сайд болсон юм.
Эрх мэдэл, ашиг сонирхлын төлөөх өрсөлдөөн намын гишүүдийн дунд зөрчилдөөн үүсгэв. 2017 онд “ЖДҮ-ийн хэрэг”-ээр Ж.Эрдэнэбат суудлаасаа огцорч, Засгийн газар нь тарсан тул оронд нь Шадар сайдын алба хашиж байсан МАН-ын шинэ дарга У.Хүрэлсүх Монгол Улсын 30 дахь ерөнхий сайд болж чадав. 2017 оны Ерөнхийлөгчийн сонгуульд М.Энхболд МАН-аас нэр дэвшиж ялагдахад У.Хүрэлсүх тэргүүтэй залуучууд хувь нэмэр оруулсан гэдэг. Ерөнхийлөгчийн сонгуулиар эхэлсэн “60 тэрбумын хэрэг” М.Энхболдыг ороосоор хоёр жил гаруй үргэлжлэн, эцэст нь 2018 онд УИХ даргын суудлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөхөд хүрсэн байдаг.
Чухам энэ үед Л.Оюун-Эрдэнэ гудамжинд ил гарч иржээ. Тэр “60 тэрбумын хэрэг”-т холбогдсон УИХ-ын дарга М.Энхболдыг огцруулах шаардлагыг УИХ-ын 2017 оны Хаврын ээлжит чуулганаас эхлээд тавьж эхэлсэн байдаг. Түүнтэй хамт Т.Аюурсайхан, Х.Нямбаатар, Ж.Батзандан, Лу.Болд нар жагсав. Тэд 2018 оноос улам нэгдэж, М.Энхболдыг огцрох хүртэл гишүүний ажлаа хийхгүй гэж мэдэгдэн эсэргүүцэлдээ 40-өөд гишүүний гарын үсэг цуглуулж чадсан. Гэвч М.Энхболдыг огцруулах хууль зүйн үндэслэл бүрэлдэхгүй л байлаа.
Энэ үед Л.Оюун-Эрдэнэ М.Энхболдыг хууль, эрх зүйн үүднээс бус шударга ёс, ёс зүйтэй байж, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх ёстой гэж үзэж байгаа тухайгаа олон удаа хэвлэлээр илэрхийлж байв. Олон түмэн ч М.Энхболдыг огцруулахаар нэгдсэн гишүүдийг “шударга тав” хэмээн нэрлэх болов. “Шудрага тав” 2018 оны өвөл хоёр ч удаа шударга ёсны жагсаал хийжээ. Үнэн хэрэгтээ “Шударга ёс”-ны гэх тодотголтой тэдгээр жагсаалын ирцийг Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн “Нэгдсэн Монгол” хөдөлгөөн, Ерөнхийлөгч Х.Баттулгын МоАХ зэрэг Төрийн бус байгууллагууд бүрдүүлж байсан юм. Энэ бүхний эцэст 2019 оны нэгдүгээр сарын 29-нд М.Энхболдыг чөлөөлөх тухай асуудлыг УИХ-ын нэгдсэн чуулганд хэлэлцүүлэхээр оруулжээ. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдан дэмжээгүй ч УИХ-ын чуулганы хуралдаанд оролцсон 65 гишүүнээс 43 нь чөлөөлөхийг дэмжсэнээр М.Энхболд албан ёсоор УИХ-ын даргын үүрэгт ажлаасаа чөлөөлөгдсөн юм.
Ийнхүү У.Хүрэлсүхийн эрин үе жинхэнэ ёсоор эхлэв. Л.Оюун-Эрдэнэд ч эрх мэдэл, албан тушаал, боломжийн “зангараг” ирэх нь тодорхой болов. 2017 онд У.Хүрэлсүхийн Засгийн газар бүрдэж байхад Л.Оюун-Эрдэнэ сайд дарга болох сонирхолгүй гэдгээ хэвлэлд дурдаж байв. Тухайн үед “Албан тушаалын төлөө биш ард түмний төлөө салбараа аваад явах зангарагтай хүмүүс нь сайд болох ёстой. Би сайд, дэд сайдын албан тушаалд оролцохгүй” хэмээж байсан ч 2019 онд ЗГХЭГ-ыг удирдан ажиллах болсон билээ.
Товчхондоо Лувсаннамсрайн Оюун-Эрдэнэ ирээдүйд өөрийгөө бэлдэж өнөөдрийн энэ өндөрлөгт хүрчээ.
Ном зүй
Галбадрах, Л.“Хүн бүхэн хот руу тэмүүлж байхад би хөдөөг сонгосон...”. http://www.ord.mn/index.php?newsid=4310, Хамгийн сүүлд 2020 оны XII сарын 19.
Ганчимэг, Б.“Албан тушаалд хүн оройтдоггүй, харин өөрийгөө бэлтгэхэд оройтож болох талтай”. http://www.baabar.mn/article/7102, Хамгийн сүүлд 2020 оны XII сарын 22.
Ганчимэг, Б. “Харин би Оюун-Эрдэнэ шиг байж чадах байх” http://www.baabar.mn/article/4224 . Хамгийн сүүлд 2020 XII сарын 19.
Ганчимэг, Б. “Цонхоо нээгээд хар даа, цоо шинэ 30 жил аль хэдийн ирчихсэн”. http://baabar.mn/article/loyuun-erdene-tsonkhoo-neegeed-khar-daa-tsoo-shine-30-jil-ali-khediin-irchikhsen. Хамгийн сүүлд 2020 оны XII сарын 24
Оюун-Эрдэнэ, Л. Азийн хүлэг улс,Улаанбаатар 2015 он.
Энэрэл, Э.“Л.Оюун-Эрдэнэ: Надад нэр дэвших сонирхол байхгүй байгаа гэвэл та итгэх үү”, http://www.baabar.mn/article/2458, Хамгийн сүүлд 2020 оны XII сарын 21.
Цензургүй яриа, https://www.youtube.com/watch?v=N6Tt3r-gYpc
https://www.youtube.com/watch?v=r759SHmuPWg
Нийт сэтгэгдэл 10
Зочин 3 жил
Eрөнхий сайд Оюун-эрдэнэ энэ хүртэл өөрийгөө хөгжүүлээд сайд болно гэдэг мундаг байна. Муулаад байгаа хүмүүс ичээрэй.
Зочин 3 жил
Цаашид сайд хийнэ гэвэл маш хурдан нэхэмжил олон улсын шүүхэд явуул Хугацаа дуусах боллоо Явуулахгүй бол огцорч шалгуул
Зочин 3 жил
Нэг бурудвал тэнгэрт ниргүүлэх биз рио тинто авенхоу майнз хятад зэрэг дэлхийн хуурсыг хамт авч яваарай.
Зочин 3 жил
Одоо яах гэж төрснөө батал даа хүү минь
Зочин 3 жил
Yag bagiin torhooroo baina shde hehe
Зочин 3 жил
Өвөөдөө л залбирч явах хувьтай хүн юм байна даа. Бурханлаг өвөөгийн буянаар төрийн өндөр албан тушаал авна гэдэг их хувь заяа шүү.
Зочин 3 жил
Shine eronhii saidad amjilt husye. har ugeer bulaad yahav ediin zasgaa bushuuhan shig bosgo doo
Зочин 3 жил
Тодорхой ойлгомжтой сайхан нийтлэл байна аа. Баярлалаа
Зочин 3 жил
Насаараа намд хоёргүй сэтгэлээр зүтгэж өөрийнхөө бүтээсэн ертөнцийн амтыг тэр мэдэрч байна. Одоо эх орондоо ихийг бүтээгээрэй
Зочин 3 жил
Намын буянаар амьдарч яваа хүн байна даа