-Монгол өвөөсөө ухарсан монгол шоуны шүүгчид-
Тоймч Л.Баатархүү
Долоо хоног бүрийн ням гаригийн үдэш улс даяараа МонголHD телевизийн сувгийг тааруулж нэгэн үдшийг өнгөрөөдөг болцгоов. Контентын дутагдалд орж байна уу гэлтэй манай сэтгүүлзүйд тэд “Авьяаслаг монголчууд” шоуг явуулснаараа одоохондоо “од” нь болж байна.
Өчигдөр оролцсон найман авьяастанд “энэ ч дээ” гээд хэлчих хүн ч байсангүй. Харин шүүгчдийн нэг шийдвэр үзэгчдийн сэтгэлийг гонсойлгосон үйлдэл болж орхилоо. Шүүгч Дээгийгийн хэлснээр монгол хүн бүрийн цусыг дахин сэлбэх шиг болсон 0371 дугаартай Өвөрхангай аймгийн Уянга сумаас оролцогч Мягмарын Дүгэрсүрэн гэж байгалиас төрсөн гайхалтай авьяастныг эрхэм шүүгчид маань голчихов. Төрмөл сайхан лимб шиг хоолой, монгол нутгийн тал, толгод, хөндий, уулс, говиор аялуулах тэр гайхалтай урлагийн сэтгэл, зүрхийг финалийн шатанд дахин сонсохооргүй боллоо.
Энэ найман оролцогчын гурав нь үзэгчдээс бичил зурвас, дуудлагаар хамгийн олон санал авч шүүгчдийн өмнө үлдэв. Үнэмлэхүй санал авсан Б.Шижирбат мэдээж аюулыг давж, шигшээ наймд шалгарлаа. Харин одоо энд оролцогч Б.Ихэрсувд, М.Дүгэрсүрэн нарын нэгийг шүүгчид сонгож финал руу илгээнэ. Харамсалтай шийдвэр. Шүүгч Дээгийгээс бусад нь Б.Ихэрсувдыг дэмжив.
Эл шийдвэрийн дараа олон нийтийн сүлжээ үзэгчдийн ундууцсан постоор дүүрлээ. Яагаад. Монгол хүнийг монгол гэдгийг нь дахин сануулсан сайхан үзүүлбэр үзүүлсэн М.Дүгэрсүрэнг хассан учраас тэр. Зарим нэгэн үзэгч Б.Ихэрсувдын талаар “Энэ шиг дуулчих охин монголоор нэг байгаа. Монголд түүний үзүүлбэр сонин болохоос биш, дэлхийд тийм ч сонин биш. Харин бидний уртын дуу, М.Дүгэрсүрэн гуайн хоолой дэлхийд сонин” гэж бичжээ.
Б.Ихэрсувд авьяастай, зорилготой охин. Түүнд ирээдүйн уудам тал, амжилтын оргил, түүнд хүрэх нас бий. Харин ямар ч хөгжимгүй атлаа хөгжим мэт дуулах, ямар ч дуулаачийн мэргэжлийн сургууль соёлд сураагүй “оригнал” авьяастан М.Дүгэрсүрэнд ийм боломж бараг олдохгүй болов уу. Гадныхныг дуурайж гавьяат авсан нас тогтсон Чука биш юм аа гэхэд шоу эхэлсэн цагаас хойш энэ оролцогчыг биширч хайлж, урсчих гээд магтаад байсан шүүгч Чимгээ монгол гэдгээ мартчихав уу. Хэрэв Чимгээ саналаа Дүгэрсүрэн гуайд өгсөн бол үзэгчдийн илгээсэн мессеж, дуудлагын тоогоор хамгийн олон санал авсан нь шалгарах байлаа. Дүгэрээ оролцогч муу байсан бол түүнийг олон түмэн ингэж дэмжих, монгол өв, урлаг гэж ингэж онцлохгүй л байсан. М.Дүгэрсүрэн оролцогч мэргэжлийн уртын дуучны гаргадаг цохилго, амьсгалын хуваарилалт, тайзны соёл, намб, хөгжмөө сонсох, өнгө алдахгүй байдал гээд бүх зүйлийг маш сайн шингээж чадсан. Түүнчлэн монгол эрийн ноён нуруу, хүлээцтэй зан, тайван төрх, уужуу ухаан ч энэ хүнээс харагдсан.
Товчхондоо “Авьяаслаг монгол” шоуны оролцогчид үнэхээр чанаржиж байна. Харамсалтай нь түүнд байгаа тэр эрдэнэ, сувдыг ялгаж, салгаж чаддаггүй шүүгчдийн ур гологдож эхэллээ.
Эцэст нь ийм гайхалтай авьяастнуудаар бахархах боломж олгож байгаа МонголHD телевизийн хамт олонд баярлалаа.
Үзэгчдийн бичсэн постоос нийтэллээ.