Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн долоо дахь удаагийн сонгууль өчигдөр өглөөний 07:00 цагаас үдшийн 22:00 цаг хүртэл болж өндөрлөлөө. Сонгогчдын ирц өмнөх сонгуультай харьцуулбал сайн байсан ч аль ч нэр дэвшигч 50%+1 буюу сонгогчдын 50 хувиас дээш санал авч чадсангүй. Нөгөөтэйгүүр 18000 сонгогчийн цаас хоосноор тоологджээ. Энэ нь нэг талаараа уг тооны сонгогчдод гурван нэр дэвшигч таалагдсангүй гэдгийг харуулж байна. Түүнээс гадна санал өгөөгүй үлдсэн 34 хувьд ч мөн эдгээр нэр дэвшигчид "таалагдаагүй" байж болох талтай. Гэхдээ 18-25 насны сонгогчдын ирц хамгийн муу байсныг СЕХ мэдээлэв.
Санал хураалтын урьдчилсан дүнгээр Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулга 517.418, МАН-аас нэр дэвшигч М.Энхболд 411.748, МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар 409.899 саналыг тус тус авлаа. Өчигдөр санал тоололтын явцад С.Ганбаатар хоёрдугаарт нэлээд удаан эрэмбэлэгдсэн /3000 гаруй саналаар илүү байв/ ч шөнө дунд хэсгүүдээс санал эцэслэн ирсний дараа нэр дэвшигч Н.Энхболд 1849 саналаар илүүрхсэн юм. Сонгуулийн санал тоололтын үр дүнгийн мэдээллийг хамгийн удаан ирүүлсэн нь Баян-Өлгий аймаг байв. СЕХ-оос ингэж удсан шалтгааныг "сүлжээгээгүй байгаа" гэх тайлбарыг өгсөн.
Харин санал тоололтын дүн ийн удаашралтай байсанд МАХН болон АН-ын гишүүд, дэмжигч, удирдлагууд бухимдалтай байлаа.
Нэгэнт ийм нөхцөл байдал үүссэн болохоор хамгийн олон саналтай хоёр нэр дэвшигчийн дунд дахин санал хураалт болно. Санал хураалтын товыг СЕХ-оос 14 хоногийн дотор зарлан зохион байгуулах тухай Сонгуулийн тухай хуулийн 105.2-т заалт бий.