-Тэрээр хараагүй хүнд хараа оруулж, зүрхний шигдээс, харвалт зэргийг эмчилжээ
Нэгэн үе бариач, үзмэрч, хувилгаан гэх хүмүүс борооны дараахь мөөг шиг олширч байв. Харин эдүгээ цагт тун ховор болсон гэхэд хилсдэхгүй. Архангай аймгийн Хашаат суманд судас барин эмчилдэг нэгэн мундаг өвгөн бий гэх сургаар түүнтэй уулзаж, ярилцах хүсэл төрлөө. Ийн сонирхолдоо хөтлөгдөн Архангай аймгийн төвөөс 160 км, Улаанбаатараас 300 гаруй км зайд орших Хашаат сумын Номгон баг гэх газрыг зорьсон юм. Цаг нэлээд орой болсон тул дотроо жаахан яарч явлаа. Учир нь өдөр гарахад өнөөх бариач маань “Өвчтний дуудлагаар Төв аймгийг зорих ажилтай байгаа тул хоёр цагийн дотор амжиж ирээрэй” гэсэн юм. Бид хэрдээ яарсаар Хархорин хотыг өнгөрч Хашаат сумын нутагт орших “Эвтэй дөрвөн амьтан”-ы хөшөө байрлах газарт ирлээ. Тэндээс зорьсон айлд хүргэх хэсэг хүмүүс угтан авч зам заав. Бид явсаар “Эвтэй дөрвөн амьтан” бүхий хөшөөнөөс нэг их холгүй ойролцоогоор 2-3 км орчим яваад нэгэн цагаан байшинд тулж ирлээ. Энэхүү байшингийн гадна ирэхэд оройн 18:00 цаг хэдийн өнгөрсөн байсан тул үдшийн бүрий залгасан байв. Биднийг машинаас буух үед 4-5 мотоцикль байшингийн гадна эгнэсэн байх төдийгүй байшин дотор арав гаруй хүн байгаа бололтой харагдав. Гэвч энэхүү байшинд зорин ирсэн бариач маань байсангүй. Тэрээр нэг их холгүй жижиг толгойн цаана байрлах өөрийн гэртээ байсан юм. Бидний анхны ирсэн уг байшин түүний өвчтнүүдээ хүлээн авдаг байр ажээ. Өөрөөр хэлбэл, эмнэлгийн газар гэх үү дээ.
Харин хол, ойроос зорин ирсэн үйлчлүүлэгчээ эмчлээд буцаадаг гэх өвгөн бариачийн хотонд нэг том гэрээс гадна отрын гэмээр хоёр жижиг гэр харагдана. Гэрийн эзэгтэй бололтой хижээлдүү насны нэгэн эмэгтэй урдаас угтан авч гэртээ орууллаа. Монгол малчны зочломтгой, айлсуу зангаар цай цүү чанаж, айраг цагаа, ааруул өрмөөр дайлав. Цаг нэгэнтээ орой болсон тул яарсхийн гэрийн эзэн Дагмид гуайг сураглан, ид ажлынх нь дундуур мэнд мэдэн нүүр хагарч аваад хэдэн хором хөөрөлдлөө.
Нүүрэнд нь үл ялиг үрчлээ суусан энэ хүнийг Тумбаашийн Дагмид гэдэг. Өдгөө 62 настай түүнийг нутгийн олон нь “хатгадаг Дагмид” гуай гэж дуудах юм билээ. Ийн дууддаг учир нь тэрээр хүний судас барьж, өвчтэй газрыг нь олж хатган эмчилдэг аж. Биедээ баймгүй бишгүй олон авьяастай Дагмид гуайг ухаандаа оточ гэж нэрлэж болохоор. Түүний эмчилгээний багаж нь ариутгасан зүү, бумба, нойтон сальфетка агаад эдгээрээс өөр гойд зүйл алга аж.
Тэрээр биднийг очиход “Цөөхөн хүнтэй байгаа өдөр нь өнөөдөр байна даа, зуун хүн үзэж, эмчилчихээд сууж байна” гэв. Мөн өөрийн гэрээс гадна отрын гэмээр хоёр бага гэртээ 20 шахам өвчтөн байрлуулан эмчилгээ хийж байв.
-Гуравдугаар ангид байхдаа “Могойн яр” эмчилдэг байжээ
-Та анх хэзээнээс эхлэн судас барьж, хатгаж эхэлсэн бэ?
-Анх гуравдугаар ангийн хүүхэд байхдаа “Могойн яр” хэмээх өвчнийг хатгаж эмчилж, эхэлсэн. Томруулдаг шил барьж байгаад л яр байгаа хэсгийг томруулж хараад тэр газарт зүүгээр хатгахаар зэрэг ус гараад амьд өт гараад ирдэг. Тэгээд л эмчилчихдэг байлаа. Тэр үед надад шприцний зүү гэж байсан биш. Юм оёдог зүүгээр хатгадаг байсан. /инээв/ Одоо эмч нар “Могойн яр”-ыг гаднаас нь тос түрхэж эмчилдэг гээд дотогшоо махруу оруулчихаад байгаа юм. Мөн үүнээс гадна анх мал эмчилдэг, хурдан морь хатгадаг байхаас эхэлсэн гэж хэлж болно. Яг дагнан хатгаад одоогоор 24 жил болж байна даа.
Т.Дагмид гуайг нутгийнхан нь морь хатгах, мал эмчлэх тал дээр гойд сайн төдийгүй Монголдоо номер нэг гээд хэлэхэд буруудахгүй болов уу хэмээн тодотгож байв. Тэрээр энэ их ажлын хажуугаар хурдан морь уях тун дуртай бөгөөд муугүй уяач гэдгийг ч тэд хэлэв.
-Таныг олны танил хүмүүс нэлээд зорин ирдэг гэж сонссон. Тухайлбал, ямар хүмүүс ирж, эмчлүүлж байсан бэ?
-Хотын дарга, УИХ-ын нэг эмэгтэй гишүүн болон Улаанбаатар хотын эмнэлгүүдийн эмч нар бүгд л зорин ирж эмчлүүлдэг. Тухайлбал, Эх нялхас, нэг, хоёр, гуравдугаар эмнэлгийн эмч нар гэх мэт. Тэд зорьж ирэхээс гадна зарим үед би гэрт нь очиж эмчилгээ хийдэг.
-Голдуу ямар өвчнийг эмчилдэг вэ? Таны эмчилгээний гол арга нь уламжлалт анагаах ухаан гэж ойлгож болох уу?
-Эцсийн шатандаа орчихоогүй бол бүх өвчнийг л эмчилж байна. Ер нь бол ухаандаа уламжлалт анагаах ухаан юм. Хануур, хатгуур хийх, зүү тавих, бариа засал хийх зэрэг эцэг эхийнхээ зааж сургасан зүйлээр л эмчилгээ хийж байна. Би чинь ном, сургуулийг нь төгсөөгүй. Энгийн малчин хүн. Бүр л дордчихоогүй л бол чадах чинээгээрээ эмчилж байгаа гэж бодож байгаа.
-Танай удамд эмч, бариач хүн байсан юм уу?
-Манай ээж, аав хоёр энэ нутагт эмч хүмүүс байсан. Удамтайшуу ухаантай хүн. Ээж аав хоёр маань энэ нэг жаахан юм сурна гэж итгэсэн байх. Их ч юм хэлсэн. Тэр үед одоогийн Анагаахын сургуулийг Намбарын сургууль гэдэг байсан. Ээж ааваас гадна манай аавын ах ч бас энэ л сургуульд сурдаг байсан. Тэд л надад их хэлж, захиж, зааж сургасан даа. Би хатгаж эхэлснээсээ хойш бол ганц, нэг эрүүл мэндийн сургалт, лекцэнд сонирхлоороо хамрагдаж байснаас өөрөөр эмчийн мэргэжил эзэмшээгүй, эгэл жирийн малчин хүн.
- Эмчилгээний үнэ, тариф гэж байгаа юу?
-Надад эмчилгээний тогтсон тариф гэж байхгүй. Хүний өгснийг л авдаг. Зарим мөнгөгүй хэрнээ хүнд өвдсөн хүмүүс олон л таардаг. Нэг удаа урд аймгаас л юм даа. Нэг эмэгтэй их хүнд өвдөөд ирж эмчлүүлсэн. Харин явахдаа надад хэдэн төгрөг өгчихөөд нэг л таагүй царайтай харагдсан. Тэгэхээр нь би зардлын мөнгөгүй болчихсон байх нь гэж бодоод тал мөнгийг нь буцааж өгөөд унаанд суулгасан юм. Тэр эмэгтэй одоо хэр нь ихэд баярлаж явдаг гэх юм билээ. Учир нь тэр үед ажил, эрүүл мэнд нь их л асуудалтай хүнд байсан юм байх. Байрлаж ирэх өвчтнүүд маань хоолтой, хоолгүй янз бүр л ирдэг. Хоолгүйд хоногийн хоолыг нь залгуулаад болж л байдаг. Надад шунаад байх юм байхгүй л дээ. Би чинь эцэг эхээсээ өвлөж үлдсэн өөрийн гэсэн мал идээтэй хүн. Тэгэхээр нэг их овойж, оцойтол мөнгө олоод, хөрөнгө хураагаад байгаа юм байхгүй. Тийм сонирхол ч байхгүй юм.
-Ар гэрийнхэн чинь хэр ойлгож, хамтарч ажиллаж байх юм. Хүүхдүүддээ зааж сургаж байгаа юу?
-Манай эхнэр сувилагч хийж байна даа. /инээв/ Бид хоёр чинь өөр аймаг, сум руу явах бол байнга л хамт явна. Надад ойр зуур тусалдаг юм. Мал идээгээ хүүхдүүд том болсон болохоор хараад байдаг юм. Манай нэг банди бий. Бас удам байдаг юм байлгүй. Овоо сурах шинжтэй, авьяастай шиг байгаа юм. Эхнэр нь бамбай булчирхайтай байсан. Хатгасаар байгаад эмчилсэн байна лээ. Гэхдээ манай хүүхдүүдэд ер нь бол удмын юм байх болов уу гэж бодож байна.
-Хүний бие, эрхтэн машины эд анги биш
-Гэрийнхнээс чинь гадна бусад хүмүүс шавь орох, дагалдах тохиолдол бий юу?
-Улаанбаатар хотын эмнэлгүүдийн зарим эмч нар дагалддаг. Хөдөө, гадаа зорьж ирээд жил шахам дагасан эмч ч бий. Миний үнэлж байгаагаар тэд нэг л их сайн сурахгүй л байгаа юм. Судас заахаар мэдэхгүй юм. Гэхдээ манай улсын эмч нар чадвартай, сайн нь их бий л дээ. Гагцхүү сургалт олгох тогтолцоо нь буруу юм шиг санагддаг. Хүний бие, эрхтнүүдийг чинь нэгэн цогц байтал салгаад заагаад байх юм. Бөөрийг нь нэг нь, элгийг нь нэг нь, нүдийг нь нэг нь гэх мэт. Машины эд анги биш дээ энэ чинь. Дарханы нэгэн өвчтөн ирэхээр нь би “Хамар нь түгжрээд нүдний хараа муудаад байгаа юм байна. Энэ хүн хэдэн нас хүртлээ орондоо шээсэн бэ?” гэсэн чинь “Таван нас хүртлээ” гэнэ. Тэгэхээр нь энэ хүн чинь архаг бөөрний өвчтэй хүн байна. Бөөрний эмчилгээ хийхгүй бол болохгүй гэлээ. Тэгсэн чинь “Бөөр нүд, хамар, хоолой чинь холбоотой юм уу” гэж асууж байна. Ингээд бодох нь ээ хүн төрөхдөө эрхтнүүд нь салангид гарч ирээд эцэг эх нь нийлүүлсэн болж таарах нь ээ дээ. /инээв/ Энэ нэг машины эд анги шиг салгаж заагаад байгаа нь учир дутагдалтай юм. Энэ эрхтнүүд чинь бүгд хоорондоо уялдаатай шүү дээ.
-Говь-Алтай аймгаас 10 гаруй жил хараагүй байсан хүн таныг зорин ирж эмчлүүлээд хараа ороод буцсан гэх юм билээ.
-Иймэрхүү зүйл элбэг тохиолддог. Өнгөрсөн жил Булган аймгийн Сансарт нэг эмэгтэй нэг шөнө гэнэт нүд нь юм харахаа больсон гээд хотод эмнэлэгт үзүүлж яваад надтай таарсан. Тэр эмэгтэй хотод эмнэлэгт үзүүлсэн чинь нүд нь зүгээр гэж гараад байсан гэсэн. Тэгээд надаар эмчлүүлэхээр болоод удалгүй хэвийн болсон доо. Дөнгөж хэд хоногийн өмнө ч бас хараагүй болсон нэг настай хүн эмчлүүлээд “Нар хардаг” боллоо гээд буцсан.
-Бас зүрхний шигдээсээр оношлогдож, хагалгаанд орох гэж байгаад танаар эмчлүүлээд эдгэсэн гэж нутгийн иргэд ярих юм?
-Ийм явдал мөн л олон тохиолдоно. Энэ жил гэхэд л Говь-Алтай аймгаас хоёр, манай сумаас нэг залуу эмчлүүлсэн. Одоо тэр нутгийн залуу маань машинаа барьсан зүгээр байна гээд инээгээд л явж байх юм билээ. Ингээд харахаар эмчилсэн юм байлгүй гэж бодох юм даа.
-Иймэрхүү зүрхний өвчтэй хүмүүсийг яаж эмчилдэг юм бэ?
-Голдуу л хатгана шүү дээ. Гэхдээ ямар эрхтнээсээ болж, ямар эрхтэн нь өвчилсөн байна гэдгийг нь бас харна. Тэгж байж л эмчилгээгээ хийдэг. Ер нь хүний амьтай холбоотой зүйлд эмчилгээ хийж байгаа хүн маш их мэдрэмжтэй бас мэддэг байх хэрэгтэй. Ядаж л судас бариад даралт нь хэд байгааг мэдэж байх хэрэгтэй. Мөн өвчнийг оношлох нь чухал. Ингэхдээ дээшээ, доошоо хэдэн судас ажиллаж байна гэдгийг мэдэж байх хэрэгтэй. Тэгж байж л хүн рүү “хутга” барьдаг байх гэж бодож байна. Би нэлээд сайн нэгэн эмчээс “Эмэгтэй хүний цус хаашаа эргэдэг билээ” гэж асуутал “Мэдэхгүй, заагаагүй ш дээ” гэдэг байгаа. Тэр эмч сэхээний эмч л дээ. Тэгээд сэхээн амьдруулах талаар сайн мэднэ гэнэ ээ. Гэтэл эмэгтэй хүний цус чинь нар буруу, эрэгтэй нь нар зөв эргэдэг шүү дээ. Хаашаа эргэж байгаагаас хамаарч үр тогтож, хүүхэд бий болдог юм. Миний бодлоор, хүний бие организмыг дөрвөн төрлийн юм удирдаад байгаа юм шиг байгаа. Амаар орсон хоол ходоодонд очно, цус бий болохыг элэг шүүж аваад, элэгнээс үе мөчний зөөлөвч, машинаар бол масло шиг зүйлийг нь цөс ялгаруулдаг. Цөс гэдэг эрхтэн тэгэхээр өөхөөр амьдрах ёстой. Гэтэл манайхан сүүлийн үед “Өөх идвэл өвчин болно” гээд байх юм. Ингээд цөс ажиллахгүй бол үе мөчний өвчтэй л болно. Явсаар ходоодны шарх, улаан хоолойн шарх гээд өвчин тусна шүү дээ. Тэгээд элэг, бөөр ажиллахаа болихоор эмнэлэг огтлоод авчихна. Ер нь тэгээд ингэж уялдаатай эрхтнүүдийг нэгийг нь огтлоод аваад хаячихаар бүрэн эдгэрэх юм үгүй л байгаа юм.
-Монголын гэлтгүй гадаадаас өвчтөн ирдэг гэсэн. Тэд таны талаар бусдаас дуулсан бололтой. Ямар өвчтэй хүмүүс ирсэн бэ?
-Америкаас 25 настай, цус харвасан охинтой хоёр Америк хүн ирсэн. Тэр хүмүүсийн тухайд Солонгос улсаас эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд өргөж авсан гэнэ. Тэгсэн эрэгтэй нь Монголын хүргэн болоод, харин охин нь 25 насандаа харвалт өгчихөж л дээ. Тэгээд Монголд хүргэн болсон хүү нь хуримын цайллагаа хийхээр болоод эцэг эх, дүүгээ урьсан юм байх. Тэгсэн чинь тэд нар охиноо орхиод явахад хүндрэлтэй байна гэдгээ монгол худдаа хэлсэн гэнэ. Харин тэгтэл өнөө монгол худ нь надаар эмчлүүлж байсан хүмүүс байж таараад нааш авч ирж эмчлүүлэхийг санал болгосон юм байна лээ. Тэгээд би тэдгээр хүмүүсийн урилгаар “Хүрэл тогоот”-ын амралтын газарт очиж зургаан өдөр эмчилгээ хийж өгсөн юм. Тэр охин нь тэргэнцэртэй, өрөөсөн гар нь мөрнөөсөө доош буудаггүй, татсан юм билээ. Зургаан өдөр эмчилгээ хийсний эцэст нутаг буцахдаа аав, ээж хоёрыгоо сугадаад буцсан даа. Тэр үед тэд баярласандаа уйлаад бөөн л юм болж, надтай хамт зургаа даруулж байж билээ. Ер нь тэгээд Монгол орны бүхий л аймаг сумаас гадна БНХАУ-ын Эрээн хот, ОХУ-ын Улаан-Үд, АНУ зэрэг гадны улсуудаас хүмүүс ирж эмчлүүлэх болсон. Зуны улиралд бол хөл тасрахгүй. Өдөржин л хүмүүст дарагдаад өнждөг юм.
-Ярилцсанд баярлалаа.
Т.Дагмид гуайн гэр багахан хувийн эмнэлгээс ч илүү ачаалалтай байх агаад түүний эхнэр П.Наранцэцэг эмчилгээний ажилд сувилагчийн үүрэг гүйцэтгэж, ихэд нямбай ажиллах юм билээ. Нутгийнхных нь хэлж байгаагаар түүний гэрийн гадна зуны ид ачаалалтай үед найр наадам болж байгаа юм шиг л хүмүүс бужигнаж байдаг гэнэ. Биднийг ийн ярилцах үед 70 гаруй насны харвалт өгсөн хоёр хөгшин “хэлж, ярьж, гар хөлөө хөдөлгөж чадахгүй ирээд гурав хоног эмчлүүлээд хэдэн үг сольдог боллоо. Төвийн эмнэлгээр явсан бол ингэж хурдан эдгэнэ гэж юу байхав” хэмээн талархан ярьж суусан юм.
2014-11-28
П.Мөнхжаргал
www.eagle.mn