-Ядрах гэдэг үг залхуурал юм-
Сэтгүүлч Л.Баатархүү
“Эвэр туурай” ХХК-ийн захирал, өргөх машин механизмын инженер, залуу лидер П.Пүрэвдоржтой товч ярилцллаа.
Мэдээж уншигч та барилга, машин, техникийн чиглэлийн хүмүүсийг бүдүүн баараг, тосонд хутгалдсан “товарышууд” л гэж ойлгох байх. Пүүжээгийн хувьд харин ч бүр эсрэгээрээ киноны дүр болчихмоор ч гэмээр өвөрмөц стиллтэй, олон таван үггүй нэлээд нуруутай залуу.
-Нийт уншигчдынхаа өмнөөс танд энэ өдрийн мэнд хүргэе. Та залуу хүний хувьд ийм өндөр эрсдэлтэй, хөрөнгө мөнгө, мэргэжлийн ур чадвар, туршлага их шаарддаг өргөх машин механизмын салбарыг сонгож мөн бусдын амьдралыг даах “том бодол” яг хэдийнээс орж ирсэн юм бэ. Анх хэр итгэлтэй байв?
-Баярлалаа. Танай хамт олон, уншигчиддаа ч энэ өдрийн мэнд хүргэе. Өнгөрсөн 2006 онд өргөх машин, механизмын чиглэлийн нэг компанид ажилладаг байсан юм. Захирал маань ч их дэмжинэ. Миний хувьд суръя, хичээе гэсэн сэтгэлээр ханддаг байсан болохоор удирдлагууд, хамт олон ч их ам сайтай, туслаж дэмждэг байлаа. Уг компанидаа багийн ахлагч, механик инженер гээд тун боломжийн дэвшиж ажилласан. Ингэж явсаар байгаад 2013 онд “Эвэр туурай” ХХК-иа байгуулсан хэрэг.
Компаниа байгуулчихаад өнөөх цуглуулсан хэдэн төгрөгөөрөө 40 саяар ч билүү дээ нэг хуучин кран худалдаж авсан юм. Миний хувьд краны хувьд засвар, үйлчилгээ хийх боломжийн мэдлэг, чадвартай болчихсон учраас ихэнхдээ өөрөө бүх юм аа хийдэг. Авсан кранаа түрээслэчихнэ, хажуугаар нь бусад харилцагчийн өргөх машин механизмд засвар, үйлчилгээ үзүүлчихнэ. Үүрийн дүнгээр гараад шөнө дөл хүртэл хөдөлмөрлөдөг байсныхаа үр шимээр өдгөө өөрийн гэсэн хэд хэдэн кран, өргөх машин механизм, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн байртай боллоо.
-Анх хэр итгэлтэй байв гэдэг асуултандаа хариулт авч чадсангүй /сур инээв/?
-Мэдээж хэрэг би хүний гар хараад байхгүй өөрөө засвар, үйлчилгээгээ хийчихдэг энэ чиглэлийн мэргэжлийн инженер, нөгөөтэйгүүр салбараа багагүй гадарлачихдаг болохоор итгэл дундуур байгаагүй ээ.
-Өнөөдөр монголчууд залхуу ч юм шиг, төрөө их хардаг, хэн нэгэн ирээд туслачихна гэж бусдын гар хараад байгаа мэт анзаарагдах юм. Таны хувьд энэ талаар ямар бодолтой байдаг вэ?
-Ерөнхийдөө санал нэг байна. Манай зарим залуус, иргэд бүх бурууг төр засаг руугаа чихээд л, “болохгүй байна”, “бүтэхгүй байна” гээд бухимдацгаадаг. Миний хувьд тиймэрхүү бодолтой хүмүүсээс өөр. Хүн хичээгээд, зүтгэж, зориглоод явбал болохгүй, бүтэхгүй зүйл гэж үгүй. Хийж чадвал Монголоор нэг боломж байна. Хамгийн гол нь өөрөө зүтгээд боломжийг олж харах, харснаа зоригтой бүтээж, зорилго руугаа тэмүүлэх нь чухал юм болов уу гэж боддог.
Хүсвэл бүх зүйл боломжтой.
-Нээрээ ч тийм шүү. Монгол ардын нэг үг байдаг даа “Эзэн хичээвэл заяа хичээнэ” гэж. Үүнтэй агаар нэг философийг та баримтдалдаг юм байна гэж ойлголоо. Ер нь таны дотроо итгэж, магадгүй бусдад хэлэх дуртай иймэрхүү хэлц бий юу?
-Нэг их уран цэцэн хэлц ч байхгүй дээ /инээв/. Харин өөрөө зүтгээд, хичээвэл бүтэхгүй юм бол байхгүй. Би өөрөө энэ үгний баталгаа гэж хааяа биеэ зоригжуулна.
-Энэ асуултыг танаас заавал асуумаар санагдаад байна. Сүүлийн үед манай залуус хэт шантрамтгай, байсхийгээд л ажлаас гараад явчихдаг ийм байдалд нь бизнес эрхлэгчийг их хашрааж байх шиг байна. Харин танай компанид хүний нөөцийн тогтвортой байдал хэрхэж байна вэ?
-Компани анх байгуулагдахад нэгдсэн залуусаас одоо тун цөөхөн үлдсэн. Ажиллах хүчний хувьд шантрамтгай, юм сурч аваад гараад явчихдаг, ажлын нөхцөл байдлаас үүдэж сэтгэлээр унаад явдаг тохиолдлууд бий. Ийм хүмүүсийг цаашдаа яаж амьдрах юм бол, тэр хүний цаашдын явдалд энэ ажлаас хэд дахин хүнд зүйл тулгарахад яах вэ гээд өмнөөс нь санаа зовмоор зүйлс их гардаг шүү.
-Хоёулаа төр засгийнхаа талаар нэг асуултыг “давуулчихъя”. Манай төр бизнес эрхлэгчиддээ хэр зэрэг боломж олгодог юм бол?
-Яах вэ бизнес эрхлэхэд зарим нэг саад бэрхшээлүүд бий бий. Гэхдээ би дээр танд хэлсэн. Төр засгаа нэг их муулаад, буруу өгөөд байхыг хүсдэггүй. Боломжийг бид өөрсдөө л бүтээх ёстой. Цаашдаа төр сайхан болно гэдэгт бүрэн итгэлтэй байдаг.
-Та боломжийг бий болгочихсон учраас эерэг талаасаа хоёулаа ярилцаад байна. Харин “За больдог юм уу, даа” гэж шантарч байсан үе бий юу?
-Өө байлгүй яах вэ, хүн л юм хойно. Нугачаа бишгүй л гарч байсан. Өнгөрсөн 2018 онд ч билүү дээ нэг кран осолдож унаад бас 2016 оны үеэр эдийн засаг муудахад хүмүүсийнхээ цалин пүнлүү яах вэ гээд шантрах маягтай бодол төрж л байлаа. Тэглээ гээд болиогүй. Өргөх машин механизмын ажил тааруухан болчихоор нь өөр чиглэлээр ч зүтгэж ажилчдынхаа цалинг тавьж байв. Зүгээр суугаагүй. Одоо харин яаж хөдлөх вэ гэдгээ жаахан гадарлаад байгаа гэх үү дээ.
-Танай компани 2019 оноос үйл ажиллагаагаа өргөжүүлж оффисийн тусгаарлах шилэн хана хийцлэлийн зах зээл рүү хүчтэй орж байна. Хязгаарлагдмал ийм зах зээл рүү яагаад хөрвөчихөв?
-Яг ч хязгаарлагдмал биш юм аа. 2019 оны сүүлээс бид “Мөнгөн шил” гээд нэрлэж байгаад одоо “UB glass” брэнд нэртэйгээр оффисийн тусгаарлах шилэн хана, хийцлэлийн зах зээл рүү байршуулалтаа хийх гээд бүх төлөвлөлтөө гаргачихсан байна. Нөгөөтэйгүүр эл салбар туршлагаас их шалтгаалдаг. Тэр туршлагатай баг нь надад байгаа учраас “Эвэр туурай” ХХК уг зах зээлд хүч үзье гэж бодсон. Компанийн нэг үйлчилгээ болж явна.
-Ер нь багын мөрөөдөл юу байв. Ийм бизнес хийнэ, тийм мэргэжилтэй болно гэж бодож байв уу?
-Тэгж нэг их бодож байгаагүй юм байна аа. Сайхан амьдарна, их л сайхан амьдарна л гэж боддог байлаа.
-Харин их сургуулиа төгсөхөд мөрөөдөл нь хэрхэв?
-Би их сургуулиа өргөхийн инженер мөн цахилгааны инженерээр давхар төгсөж байсан юм. Багаасаа хүнд машин механизмд их сонирхолтой байсан болохоор энэ чиглэл рүүгээ хазайчихсан хэрэг.
-Та хэр их ядардаг вэ?
-2013 оны үед маш их ажилладаг байлаа. Одоо харин жаахан багасчихаад байна. Ядрах гэдэг үг залхуурал юм уу даа гэж боддог. Завгүй хүн ядардаггүй юм шүү дээ. Яг сонирхолтой юмаа хийдэг байсан болохоор ч тэр юм уу бүү мэд. Үүрийн бүрийгээс шөнө дөл хүртэл ажиллачихаад ирдэг байсан. Долоо хоногийн таван өдөр байнга шөнийн 03 цагаас хойш гэртээ ирж унтана. Заримдаа хүүхдүүдээ мартах жишээний ажиллана шүү дээ. Амьдралынхаа төлөө, түүнчлэн бусдын төлөө явж байхад гэр бүлийнхээ чухал мөчүүдэд байж чадахгүй үе их л гардаг юм.
-Тэгж их ачаалалттай ажиллаж байхад ирээдүй, зорилго, мөрөөдөлдөө хүрнэ гэдэгтээ хэр итгэл дүүрэн байсан бэ?
-Хүрнэ л гэж зүтгэсэн. Одоо ч үргэлжилж байна.
-Бидний ярилцлага өндөрлөх тийшээгээ хандаж байна. Улс орныхоо хөгжлийн шийдэлд ямар үг даймаар байна вэ?
-Улаанбаатар хот маань соёлжиж, хөгжсөөр байгаа. Залуусаа илүү соёлтой болж, хөдөлмөрч байгаасай гэж хүсэж байна. Энэ бол хөгжлийн их чухал зүйл шүү.
-Мартах шахсан байна. Танай компанийн нэр өнөөх “Өвөр туурай” хамтлагтай холбоотой юу. Уг нь тэдний жинхэнэ нэр нь бас Эвэр туурай юм билээ?
-Компаниа байгуулах гээд нэр бодож бодож өвөөгөөсөө асууж байсан юм. Тэгээд өвөө маань “Эвэр туурай” гээд өгөө л гэсэн. Анх сонсоод гайхаж байгаад асуусан. Тэгтэл өвөө “Эвэр гэдэг чинь амьтны тэргүүн дээр байдаг зүйл. Мөн эвэр үзүүртэй учраас янз бүрийн хэл амнаас хамгаална. Харин туурай бол хол явахын билэгдэл” хэмээн энэ сайхан нэрээ хайрласан даа.
Цаг зав гарган цөөн хором ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.
Нийт сэтгэгдэл 6
Зочин 2 жил
2480/5000 Үр дүн 400 000 долларын зээл авч, миний төслийг хэрэгжүүлэх, өрийг минь төлөх боломжийг олгосон энэ өгөөмөр шударга хүнтэй холбогдоно уу. Энэ нь надад сайн зүйл хийсэн учраас би энэ мессежийг нийтэлж байна, мөн та бүхнийг тусламж хэрэгтэй хүмүүст ашиг тусаа өгөхийг хүсч байна. Түүний хурдан хариулсан имэйл энд байна: entraidefinance.fr@gmail.com
Зочин 3 жил
Ийм өөдрөг үзэл бодолтой залуус илүү их олон болоосой. Сайхан ярилцлага болжээ
Зочин 3 жил
Найздаа амжилт хүсэе. Эвэр туурай компаний хамт олонд ирж буй шинэ оны мэнд дэвшүүлэе
Зочин 3 жил
Mundag zaluu bain daa. Ajild ni amjiltiig husye
Зочин 3 жил
Сайхан ярилцлага болжээ
Зочин 3 жил
Мундаг залуу бна аа. Залуу хүмүүс ийм гоё хүсэл мөрөөдөл, зорилготой байна гэдэг үнэхээр сайхан