Бид өмнөх дугаартаа хотын хэт төвлөрөл гэмт хэрэг гарах нэг шалтгаан нөхцөл болж байгаа учраас хотын төвлөрлийг сааруулах төрийн бодлого чухал тухай асуудал хөндсөн билээ. Тэгвэл энэ удаад Ядуурал, ажилгүйдэл гэмт хэргийн нэгэн шалтгаан нөхцөл болж буй тухай дурдах гэж буй. “Мандал женерал даатгал” ХХК-ийн гаргадаг 2014 оны Монгол улсын эрсдлийн тоймд ядуурал, ажилгүйдэл нь гэмт хэрэг үйлдэгдэх нэгэн шалтгаан нөхцөл болж буй тухай дурдсан байдаг.
Монголд өнөөдөр ажилгүйдэл, ядуурал их байна. Монголчуудын 40 хувь нь ядуу, тарчиг амьдралтай байгаа талаар УИХ-ын чуулганы танхимд яригдсан. Яагаад өнөөдөр Монголчууд ядуу, тарчиг амьдарч байна вэ? Мэдээж тэдэнд хийх ажил байхгүй байгаатай холбоотой. Ажилгүй хүн баян тансаг байг гэхэд дунд зэрэг амьдрах нөхцөл өнөөдөр бий билүү?! Монголчуудын тэн хагас нь тарчиг амьдралтай байгаа нь Төр засгийн харалган бодлогоос үүдэлтэй гээд хэлчихэд дэгсдүүлсэн болохгүй биз. Ядуу хүмүүсийг арчаагүйгээсээ бодоод ингэж амьдарч байгаа юм. Монголчууд дэндүү залхуу, арчаагүй хэмээн чичлэх нэгэн бий. Магадгүй хуурамч ардчиллын үрийг тариагүй байсан бол ядуусын тоо ингэтлээ нэмэгдээгүй ч байсан байж болох. Хүн бүр сэтгэлдээ ажилтай, сайхан амьдралтай болох юмсан гэх хүслийг тээж буй. Гэвч тэдэнд хийх ажил алга. Ажил байгаа ч мэргэжилгүй учраас гологдоод буцах нь дэндүү олон. Түүнчлэн танил талгүй бол ажилтай болоход тун ч хэцүү гэдгийг олон хүн мэдэж буй биз. Эцэг эхээ зулгаан байж мэргэжил эзэмшчихээд түүгээрээ ажиллаж чадахгүй, дадлагажаагүйн улмаас ажлаасаа гологддог. Их дээд сургуулиуд оюутнуудаас төлбөр авахыг мэдэхээс биш чанартай, ажлын байранд очоод гологдохооргүй боловсон хүчин бэлтгэе гэсэн сэтгэл дутдагтай ч холбож ойлгож болох л юм.
Монголд дээд боловсрол эзэмшихэд өртөг өндөр хэр нь, тэр хэмжээний мэдлэг боловсролыг хувь хүнд өгч чадахгүй байна. Энэ бүхнээс үүдэж Монголын залуус зорилгогүй, хүсэл тэмүүлэлгүй, өдөр хоногийг өнгөрөөж байна. Ажилгүй, орлогогүй хүн юу хийх вэ? Уйдна, бухимдана, найз нөхдөө уруу татаж, баар цэнгээний газраар явж, бухимдал стресс, зовлон зүдгүүрээ нимгэлж буй нэрийдлээр архидан согтуурна. Архи хэтрүүлэн хэрэглэж, биеэ авч явах чадваргүй болсон хүн ямар ч шийдвэр гаргаж, юу ч хийж мэднэ. Эцэстээ согтуугаар ямар нэгэн гэмт халдлагад өртөх юм уу, эсвэл гэмт хэрэг үйлдсэн байх нь элбэг. Ажилгүйдэл, архидалтын түвшин ихэссэн нь гэмт хэргийн эрсдлийг өсгөхөд нөлөөлдөг гол хүчин зүйл хэмээн онцлон тэмдэглэсэн байдаг. Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн гэмт хэргийн 24 хувь, нийслэлд бүртгэгдсэн гэмт хэргийн 18 хувь, нийслэлийн гудамж талбайд үйлдэгдсэн гэмт хэргийн 33 хувь нь архидан согтуурсны улмаас үйлдэгдэж байна. Тиймээс ажилгүйдэл, архидалтыг бууруулахад чиглэсэн нийгмийн цогц бодлогыг орон даяар хэрэгжүүлэх нь зохистой” хэмээн судалгааны байгууллага дүгнэсэн байдаг юм. Цагдаагийн байгууллагад ирж байгаа дуудлагын ихэнх нь ахуйн хүрээний архидалт, архидан согтуурсны улмаас танхайрсан гэх дуудлага, мэдээлэл байдаг.
Онц ноцтой гэмт хэрэг дандаа согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үед үйлдэгдсэн байдаг. Энэ бүхэн юуг хэлээд байна вэ? Уншигч та бүхэн эрх биш нэгийг бодож хоёрыг тунгаана биз ээ. Сайхан ажил, амьдралыг мөрөөддөггүй хүн байхгүй гэдэгт би хувьдаа итгэлтэй байна. Гэвч тэр сайхан бүхнийг цогцлоох нөхцөл залууст олдохгүй байгааг юу гэх вэ? Монгол улсын иргэдийг улс орондоо боловсрол эзэмшээд, ажиллаж, амьдрах нөхцөлийг хэн бүрдүүлж өгөх ёстой юм. Дөрвөн жилд улс орныг минь хөгжүүл, ард түмний амьдралыг өөд нь татаж, ажилтай, орлоготой нийгмийг бүтээ гэж УИХ-д төлөөлөл илгээдэг. Гэвч тэд юу хийдэг вэ? Өнөөдөр Монголын залуу үе чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэд байна вэ? Тийм нөхцөл байна уу? Алга... Нийслэлд, орон нутагт баар, цэнгээний газар дэндүү олон байдаг. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад зөвшөөрлийг хайр найргүй өгч байна.
Өнөөдөр амар хялбар аргаар мөнгө олохыг хүссэн хүн болгон баар, цэнгээний газар ажиллуулж, хөлжиж, хөл дээрээ зогсож байна. Гэвч тэр хүмүүс бусдын ирээдүйг баллаж, өөрөө хөлжиж байна гэдгээ ойлгодоггүй. Өөрсдөдөө ажлын байр бий болгож, бусдыг ч ажлын байртай болгож байгаа сайн тал эдгээр хүмүүст байгаа ч гэлээ нийгэмд үзүүлж буй сөрөг нөлөө нь арай л дэндүү байна. Тиймээс бодлогоор спиртээр үйлчилдэг газруудыг цөөлж, спорт цогцолбор, спорт клубуудыг олноор нь бий болгох хэрэгтэй байна. Өнөөдөр зарим нэгэн иргэд спорт зааланд нэг цаг тоглоход л 70-80 мянган төгрөг хэрэг болдог. Ийм их үнэтэй байхад хэн спорт заал руу явах юм бэ. Тэнгэрт тулсан үнэтэй спорт заалуудыг цагийн 8000 болгочхож яагаад болохгүй гэж. Хэрвээ ийм үнэтэй болгочихвол залуус спиртийг биш, харин спортыг нь сонгох нь мэдээж. Энэ мэт жижиг ч нийгэмд асар их ач холбогдолтой зүйлсийг төр засаг хэрэгжүүлээд эхэлбэл гэмт хэргийн гаралт, аймшигт хэргүүд үйлдэгдэх нь арай л багасах ч юм билүү!
Эх сурвалж: www.NEW.mn мэдээллийн цахим хуудас
Ц.Амундарь