богино мэдээ New

Тавантолгойн нүүрс ачих логистик төвд үүссэн асуудлыг шийдэж эхэлжээ

“Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-иудтай хамтран ТНАЛТ төслийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, компанийн үйл ажиллагааны бүтээмжид ахиц гаргах замаар Ерөнхий сайдаас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  .

      Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн салбар уурхайд 2025 оны 07 сарын 19-ний өдөр ажиллахдаа онцгойлон анхаарал хандуулсан Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв “ТНАЛТ”-д үүссэн асуудал дээр БЭТ-ийн баг шуурхай арга хэмжээ авч эхэлжээ. “Тавантолгойн нүүрс ачих логистикийн төв” /ТНАЛТ/-ийг “Эрдэнэс Тавантолгой” ХК санхүүжүүлж, захиалагчаар “Тавантолгой төмөр зам” ХХК, ерөнхий гүйцэтгэгчээр “Бодь интернэшнл” ХХК шалгарч 2021-2024 онд барьж ашиглалтад оруулахаар ажилласан. Тус төв нь галт тэргэнд нүүрсийг их хэмжээгээр  ачих зориулалттай төмөр замын тээврийн төв юм. Хэдийгээр 2024 оны сүүлээр барилга угсралтын ажил дуусаж, туршилт зүгшрүүлэлтийн ажил эхэлсэн ч хэд хэдэн эвдрэл гэмтэл гарсны улмаас бүрэн хүчин чадлаараа ажиллах боломжгүй болоод байсан.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас байгуулагдсан хоёр ажлын хэсэг  “Тавантолгой төмөр зам” ХХК, “Бодь Интернэшнл” ХХК-ийн инженер, техникийн ажилтнуудыг байлцуулан ТНАЛТ-д газар дээр нь ажиллаж дөрвөн удаагийн ажлын зураг авалт, туршилтуудыг  хийлээ. Хяналт шалгалтын багийн бүрэлдэхүүн газар дээр нь ажиллаж захиалагч болон гүйцэтгэгч талууд гэмтэлтэй, солих шаардлагатай тоноглолуудыг баталгаажуулж, зарим  хэсэгт технологийн сайжруулалт хийж, төвийн үйл ажиллагаанд гарч буй доголдлыг нэг мөр шийдвэрлэх замаар одоогийн ажлын гүйцэтгэлийг нэмэгдүүлэх, улмаар үйлдвэрлэлийн үндсэн хүчин чадалд хүргэхээр  тодорхой шийдлүүдийг гарган ажиллаж байна. Хяналт шалгалтын баг нь ТНАЛТ төсөлтэй холбоотой бүх баримт материалуудтай танилцаж, эцсийн дүгнэлтийг гаргаж, хуулийн байгууллагад шилжүүлэн шалгуулна.   

Онцгой дэглэмийн хугацаанд төслийг санхүүжүүлэгчийн хувьд “Эрдэнэс тавантолгой” ХК-ийн зүгээс захиалагчийн хяналтыг хийсэн “Тавантолгой төмөр зам” ХХК болон ерөнхий гүйцэтгэгч “Бодь интернэшнл” ХХК-иудтай хамтран ТНАЛТ төслийн асуудлыг нэг мөр шийдвэрлэж, компанийн үйл ажиллагааны бүтээмжид ахиц гаргах замаар Ерөнхий сайдаас экспортыг нэмэгдүүлэх чиглэлээр өгсөн үүргийг хэрэгжүүлэн ажиллаж байна.  

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0