-Сурын талбай холбооны мэдэлд байдаггүй учраас мэргэжлийн зохьцуулалтуудыг хийж чадахгүй байна-
Сэтгүүлч Л.Баатархүү
Монголын тулгар төр үүсэн байгуулагдсаны 2225, Их монгол улс байгуулагдсаны 810, Ардын хувьсгалын 95 жилийн түүхт тэгш ойн Үндэсний сур харваа амжилттай үргэлжилж байна. Энэ сарын 7-нд Урианхай сураар баяр наадмын харваа эхэлсэн бол өнөөдөр Үндэсний сурын хана харваагаар үргэлжилж байна. Энэ үеэр бид Үндэсний сурын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Хүрэлбаатартай цөөн хором ярилцлаа.
-Та сайхан наадаж байна уу. Нар хур тэгширсэн билэгтэй өдөр тохиож байна. Энэ жилийн харваанд сурчдыг шигшиж харвуулж байгаа гэсэн энэ талаар мэдээлэл өгнө үү. Хэдий шигшсэн гэсэн ч маш олон харваач иржээ.
-Баярлалаа. Та бүхэн минь сайхан наадаж байна уу. Монголынхоо нийт үзэгч, сонсогч, уншигч олондоо төрт улсынхаа 2225, Их Монгол улсын 810, Ардын хувьсгалын 95 жилийн ойн баярын мэндийг дэвшүүлье. Өнөөдөр Үндэсний сурын харваа маань нар, хур нь тэгширсэн сайхан өдөр үргэлжилж байна. Энэ жилийн баяр наадмын Урианхай, Буриад, өсвөр, Үндэс гээд бүх харваанд нийт 1100 гаруй харваач оролцож байгаа. Гол онцлог нь харваачдаа анх удаа амжилтаар нь шигшиж улсын баяр наадамд оролцуулж байна. Үндэсний сур харваанд хэдий шигшсэн ч гэсэн 540 харваач цэц мэргэнээ сорьж буй юм. 273 шинэ, залуу харваач баяр наадамдаа оролцож байна. Залуу харваачид улсын цолтой харваачидтай энэ тэнцүү өрсөлдөж байгаа нь тэднийг эл спортдоо ямар элэгтэй, бэлтгэл сургуулилтаа яаж базаасныг харууллаа.
-Харваачдаа хэрхэн, яаж шигшив?
-Үндэсний сурын холбооноос жилдээ 23 тэмцээн зохион байгуулдаг. Үүний том тэмцээнүүд нь наадмын өмнө болдгоороо онцлогтой. Тухайлбал, нээлтийн харваа, Улсын аварга шалгаруулах цуваа харваа, Залуучуудын аварга шалгаруулах харваа гээд чансаа тогтоох олон харваа бий. Эдгээр тэмцээнүүдэд 20-иос дээш оносон залуу харваач улсын баяр наадамдаа нумаа эвшээлгэх эрхтэй болсон юм. Өмнө нь манай холбооны дүрмээр 15 онож байж наадамдаа ордог байсан бол одоо 20-иос дээш онох босго тавьж өгсөн.
-Энэ сарын 7-оос эхэлсэн Урианхай, Буриад, өсвөрийн харваанд тус бүр хэчнээн харваач оролцсон бэ?
-Урианхай сурын хувьд эрчүүд харавдаг гэдгийг Монголын ард түмэн мэдэж байгаа. Уг харваанд нийт 175 харваач цэц мэргэнээ сорилоо. Улсын мэргэн цолтон төрсөн. Харин Буриад сурын харваанд 230, өсвөрийн харваанд 130 хүүхэд оролцов.
-Тантай ярилцаад зурхайгаа харж байхад энэ талбай багадах нь уу гэлтэй харагдаж байна. Төр засгийн зүгээс илүү том зурхайн талбай шийдэж өгөх боломж бий юу?
-Ер нь Хүй долоон худагт эрийн гурван наадмыг цогц хэлбэрээр зохион байгуулах бодлого барьж байгаа. Өнөөдрийн энэ талбай Улаанбаатар хотод буй цорын ганц зориулалтын газар. Бид талбайдаа багтахгүй байна гээд өөр газар хайх биш сурын холбооныхоо мэдэлд уг талбайгаа авч чадах юм бол өчнөөн олон тэмцээн, уралдаан зохион байгуулах, мэргэжлийн зохьцуулалтуудыг хийх боломж гарна. Уг талбай сурын холбооны мэдэлд байдаггүй учраас хөрөнгө оруулалт хийх, мэргэжлийн түвшинд засаж, янзлах боломж муу байгаа. Тиймээс энэ алтан шар зурхайгаа өөрсдийнхөө мэдэлд авчих юм бол цаашид бүх үйл ажиллагаагаа зохион байгуулж, гадна орчноо хүртэл мэргэжлийн түвшинд тохижуулмаар байна. Одоогоор сурын талбай орчим төв цэнгэлдэхийн мэдэлд байдаг. Таны харж байгаа үзэгчдийн суудлыг сурын төлөө сэтгэл зүрхээ зориулсан хувь хүмүүсийн тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьсан юм.
Үндэсний сурын холбооны хувьд дэлхийн Уламжлалт холбооны гишүүн. Үүнд 56 холбоо байдаг. Бид талбайгаа өөрсдийн мэдэлд авчихбал дэлхийн тэр холбооноос хүртэл дэмжлэг авах боломжтой. Манай талбайд үзэгчид нь хоёр талаараа зогсоож харж байна. Уг нь зогсох биш тухтай орчинд сууж харваачдынхаа цэцийг үзэх учиртай. Төр засаг ч үүнийг ч бодолцох хэрэгтэй. Орчин нөхцөлөө сайжруулахын тулд бүх холбоод хамтарна.
"Тесо" корпораци 406 сая төгрөгийн урамшуулал олгохоор боллоо
-Түүнчлэн үндэсний энэ өв соёлыг тээж яваа харваачдыг дэмждэг байгууллагууд сүүлийн үед олон болжээ. Үүнээс та ямар байгууллагыг онцлох вэ?
-Өнөөдрийн байдлаар 20-иод компанийн харваачид бий. “Жем интернэйшнел” компани гэхэд багаа дэмжихийн хажуугаар сурын холбоогоо дэмжинэ. Таны харж буй шүүгчдийн сүүдрэвчээс авахуулаад уг компанийн дэмжлэг олон байгаа. Төр засгаас засварын хэдэн төгрөг өгдөг. Гэтэл энэ нь хаанаа ч хүрдэггүй. Наадмын үеэр тодорхой хэмжээгээр хөрөнгө босгох ажилд эрчим хүчний компаниуд үнэхээр сайн тусалж байна. Түүнчлэн энэ дашрамд нэг мэдээ дуулгахад “Тесо” корпорацийн хамт олон түрүүлсэн харваачдад найман сая төгрөгийн байрны урамшуулал олгоно гэдэг таатай мэдээ дуулгаад явлаа. Ганц Улаанбаатарт ч биш 21 аймгийн баяр наадмын сурын харваанд түрүүлсэн цэц мэргэчүүдээ ингэж урамшуулахаар болсон. Үндэсний компаниудаас анх удаа тэднийх нийт 406 сая төгрөгийн үнэ бүхий урамшуулал олгохоор боллоо. Өөрөөр хэлбэл, түрүүлсэн харваачид Содон хороололд байр авахаар бол найман сая төгрөгийн хөнгөлөлт эдлэхээр болж байгаа юм. Нийт харваачдынхаа өмнөөс тус корпорацийн хамт олонд баярласан, талархснаа илэрхийлье.
Манай сур харваа хүний нүдэн дээр болдог шударга спорт. Эрийн гурван наадмыг сургүйгээр төсөөлөх боломжгүй. Монгол түмний маш том өв соёл. Сур харваад зогсож байгаа хүн ёс заншил, биет болон биет бусын өвийн онцгой тээгч. Өнөөдөр хамгийн залуу харваач хоёр нас зургаан настай хүүхэд байхад хамгийн ахмад нь 80 настай буурай байна.
Цаг зав гарган бидэнд мэдээлэл өгсөн танд баярлалаа. Та бүхний оноо мэргэн, уухай цээл байх болтугай. Сайхан наадаарай.