Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан сүүлийн үед үүсээд буй улс төрийн нөхцөл байдал болон УИХ-ын баримтлах зарим шийдлийн талаар олон нийтэд мэдээлэл хийлээ.
Тэрбээр "Энэ жил шинэ хуулиар есдүгээр сарын 15-аас эхэлж УИХ-ын Намрын чуулган хуралдана. Ингэж 15 хоногоор нааш татсан шалтгаан нь төсвийг өргөн хүрээгээр хэлэлцэх үүднээс ийм зохицуулалт хийсэн. Үүнээс гадна өдгөөгийн парламент олон намын оролцоотой ийм болсон. Миний бие 2022 онд Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг анх МАН-ын Нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа санаачилж байлаа. Миний гол зорилго бол их том улсын дунд орших ардчилсан Монгол Улсын парламентын засаглалын дархлааг улам бүр нэмэгдүүлэх чиглэлийг барьж ажилласан юм аа.
МАН хоёр сонгууль дараалж үнэмлэхүй ялалт байгуулж, дангаар засгийн эрхийг барьж ирсэн хэдий ч нэг намын дарангуйлал тогтох эрсдлээс урьдчилан сэргийлж олон намын оролцоотой ийм парламент бүрдүүлэх зорилгоо өвөртөлснийг та бүхэнд дуулгая.
Бид парламентын шинэ стратегийг боловсруулсан. Монгол Улсын хууль, журмууд социалист систем, философиосоо салж чадаагүй ийм байдлыг халахыг чухалчилж баталсан.
Нөгөөтэйгүүр бид иргэд, сонгогчидтойгоо явж олантаа уулзлаа. Гэтэл Монголын асуудал бол Монголын төр болжээ гэдэг дүгнэлтэд хүрсэн. Төр өөрөө ард иргэдийн зовлон болж байгаа ийм байдлыг даруй өөрчлөх хэрэгтэй. Ялангуяа парламентад суудалтай таван нам зөвшилцөл, дутагдаж, буруу явж байгаа олон зүйлийг засаж сайжруулах ёстой.
Ирэх долоо хоногт би өөрийн бодлогоо зарлана. Нэгдүгээрт бид, социализмын үеийн төрийн данхайсан бүтцийг цөөлөх хэрэгтэй. Олон яам, агентлаг, шаардлагагүй мөртлөө төрийн болон орон нутгийн өмчит компаниудтай. Нэн яаралтай төрийн институци, процессийн дахин инженерчлэл хийхгүй бол болохгүй.
Би татварын хуулийн өөрчлөлтийг харсан. Зөвхөн косметик тавих төдий л байна. Яг үнэндээ иргэдийн хүсэж байгаа хэмжээний том өөрчлөлтийг хийж чадахгүй.
Ирэх чуулганаар татварын багц биш татварын хуулийн бүтэн реформыг хийх ийм санаачлагыг УИХ-аар гаргана.
Үүнээс гадна улс төрийн нам өөрчлөлт, орчны нөхцөлөө мэдэрч өөрчлөгддөг байх ёстой. Тэгж явж байж залуу үе, иргэдийнхээ дэмжлэгийг авч чаддаг юм. Миний бие албан ёсоор нэг мэдэгдлийг хийе гэж бодож байна.
Монгол Улс хувь хүн бус хууль засагладаг төртэй байх ёстой. Хоёр том орны дунд байгаа ардчилсан Монгол Улс ардчилсан парламентынхаа дархлааг баталгаажуулж байх учиртай. Энэ утгаараа би 100 жилийн түүхтэй МАН-ыг хувь хүний бус хамтын удирдлагын төвтэй байхыг хадгалахын төлөө, иргэд сонгогчдынхоо эрх ашгийг хангахын төлөө намын даргын сонгуульд нэр дэвшинэ ээ гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.
Нийт сэтгэгдэл 0