богино мэдээ New

О.Баянмөнх: Э.Сумъяа зөвшөөрөгдсөн хэмжээнд мельдониум хэрэглэсэн

ДБНХ-ноос бидэнд хамгийн анх дөрөвдүгээр сарын 12-нд “Маш нууц” гэсэн тодотголтой захидал ирсэн. Эл захидалд “Монгол Улсын тамирчин Э.Сумъяагаас допингийн төрлийн бэлдмэл илэрлээ. Тавдугаар сарын 2 хүртэл үүнтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийж болохгүй. Маш нууц. Э.Сумъяагийн нэр хүндтэй холбоотой” гэж бичсэн байсан..

Эх сурвалж: www.eagle.mn

Эмэгтэйчүүдийн шигшээ багийн тамирчин, ДАШТ-ий мөнгөн медальт Э.Сумъяагаас мельдониум илэрч, олимпийн эрхээ хураалгасан талаар бид өмнө нь мэдээлсэн. Харин энэ талаар дөнгөж сая холбогдох байгууллагууд хэвлэлийн хурал хийж, сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Эл хуралд ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан, БТСХТ-ийн дарга Д.Жаргалсайхан, Үндэсний шигшээ багийн хэлтсийн дарга Эрдэнэтуяа, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнх, Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат тэргүүтэй хүмүүс оролцов.

О.Баянмөнх “Э.Сумъяагийн олимпийн эрхийг түдгэлзүүлсэн талаарх албан бичгийг ДБНХ-ноос 2016 оны тавдугаар сарын 12-нд бидэнд илгээлээ. ДБНХ-ноос бидэнд хамгийн анх дөрөвдүгээр сарын 12-нд “Маш нууц” гэсэн тодотголтой захидал ирсэн. Эл захидалд “Монгол Улсын тамирчин Э.Сумъяагаас допингийн төрлийн бэлдмэл илэрлээ. Тавдугаар сарын 2 хүртэл үүнтэй холбоотой ямар нэгэн мэдэгдэл хийж болохгүй. Маш нууц. Э.Сумъяагийн нэр хүндтэй холбоотой” гэж бичсэн байсан. Маргааш нь буюу дөрөвдүгээр сарын 13-нд Дэлхийн допингийн эсрэг үндэсний төв “2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш 1-1.5 микрограмм хэрэглэсэн тамирчинг цагаатгана” хэмээн сайтдаа албан ёсоор мэдээлсэн. ДБНХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын гарын үсэгтэй албан бичиг бидэнд тавдугаар сарын 26-нд ирсэн.

Тэр захидалд “Э.Сумъяагаас 0.7 микрограмм мельдониум хэрэглэсэн нь тогтоогдлоо. Тиймээс 2016 дөрөвдүгээр сарын 12-нд гаргасан шийдвэрээ цуцаллаа. Энэ цаг үеэс хойш олон улсын тэмцээнд оролцох эрхтэй болж буйг мэдэгдье. Гэхдээ цаашид нарийн шинжилгээгээр тухайн бодисыг 2016 оны нэгдүгээр сарын 1-ээс хойш хэрэглэсэн нь тогтоогдвол дахиж түтгэлзүүлнэ” хэмээн бичсэн юм. Нэг ёсондоо Э.Сумъяаг цагаатгасан гэсэн үг. Гэтэл гэнэт ийм шийдвэр гаргачихлаа” хэмээв.

Харин Спортын анагаах ухааны албаны дарга Ч.Насанбат “Манай тамирчид мельдониумыг 2013, 2014, 2015 онд хэрэглэдэг байсныг нуугаад яах вэ. Харин энэ он гарснаас хойш буюу хориглосноос нь хойш огт хэрэглээгүйг албан ёсоор мэдэгдье. Эмэгтэйчүүдийн шигшээ багийг Саранцацралт эмч хариуцдаг. Бид тамирчдадаа допингийн төрлийн бодис хэрэглүүлэхгүй байх тал дээр маш сайн анхаарч байна. Манай тамирчид ч тодорхой мэдээлэлтэй болсон” гэлээ.

Харин энэ үеэр “Eagle” телевизийн сэтгүүлч Б.Онон “Хэдхэн сарын дараа олимп эхэлнэ. Манай тамирчдаас дахиад мельдониум илрэхгүй гэх баталгаа бий юу” хэмээн асуухад тэрээр “Хэнээс нь ч дахиж илрэхгүй. Үүнийг би нүүр бардам хэлж чадна” гэв.

 

Мөн ЭМСЯ-ны Нийтийн биеийн тамир, спортын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Бахытжан “Тамирчны нэр хүндтэй холбоотой учраас додингтой холбоотой асуудалд маш болгоомжтой хандах хэрэгтэй. Тиймээс допингийн эсрэг дүрмийг сайтар судалж, тэнцвэртэй мэдээлэл хүргэхийг сэтгүүлчдэдээ уриалъя” хэмээв.

Энэ үеэр МЧБХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга О.Баянмөнхөөс зарим зүйлийг тодрууллаа.

 

-Түрүүн та Э.Сумъяа зөвшөөрөгдсөн хэмжээнд буюу 0,7 микрограмм хэрэглэсэн байхад нь олимпийн эрхийг нь цуцалчихлаа гэсэн. ДБНХ-ноос яагаад тийм шийдвэр гаргасан юм бол?

-WADA-гаас 1-1.5 микрограмм мельдониум хэрэглэхийг албан ёсоор зөвшөөрсөн. Гэтэл ийм юм болчихлоо.Э.Сумъяа тунг нь хэтрүүлээгүйг түрүүн тодотгож хэлсэн. ДБНХ-ны удирдлагуудад өнөөдөр даруй албан бичиг илгээнэ.

-Зөвшөөрсөн хэмжээнд хэрэглэсэн болохоор олимпийн эрхээ сэргээх боломж бий юү?

-Э.Сумъяагийн эрхийг түтгэлзүүлсэн талаар МҮОХ, БТСХТ, МЧБХ зэрэг томоохон байгууллагад албан бичиг ирсэн. Тэгэхээр бараг боломжгүй байх.

-Олимпийн эрх олгох тэмцээн дахиж болохгүй. Тэгэхээр 53 кг-д манай улсаас олимпод оролцох боломжгүй болчихлоо...

-Мэдээж их харамсаж байна. Ганцхан чөлөөт бөхийн холбоо бус Монгол Улсын хувьд их харамсалтай зүйл болчихлоо.

-Э.Сумъяа болон шигшээ багийн эмч нарт ямар хариуцлага тооцох вэ?

-Энэ талаар тодорхой хэлэхэд хараахан эрт байна. Манай улсад энэ талаар тодорхой дүрэм байхгүй. Өмнө нь олимпийн эрх авсан тамирчнаас допинг илэрсэн тохиолдол болж байгаагүй.