богино мэдээ New

Монголын соёлын алдагдсан боломжууд-2

Хагас галзуу, хагас гэмт хэрэгтэн, хагас төрийн албан хаагч нарын хүчтэй эсэргүүцэл, заналхийлэл байгаа ч гэсэн СОЁЛ-ын алдагдсан боломжуудынхаа тухай үргэлжлүүлэн бичихээр шийдлээ. Та ч гэсэн уншихынхаа өмнө гүнзгий амьсгал авахад гэмгүй. Валидол давхарлаад уусан ч болно. Юмыг яаж мэдэхэв. .

Хагас галзуу, хагас гэмт хэрэгтэн, хагас төрийн албан хаагч нарын хүчтэй эсэргүүцэл, заналхийлэл байгаа ч гэсэн СОЁЛ-ын алдагдсан боломжуудынхаа тухай үргэлжлүүлэн бичихээр шийдлээ. Та ч гэсэн уншихынхаа өмнө гүнзгий амьсгал авахад гэмгүй. Валидол давхарлаад уусан ч болно. Юмыг яаж мэдэхэв. 





(17-р зууны үед бүтээгдсэн Чингис хаан 9 өрлөгтэй танка зураг)

 

 

 

Сэргээн засварлалт

Монгол Улс 2012-2013 онд хамгийн баян байв. ССАЖЯ байгуулагдав. Хөөрхий муу Ц.Оюунгэрэл үнэгүй лууны ясыг сайдын суудал болгож дөнгөсөн гайгүй PR-чин байлаа. Ерөнхий сайд нь хүртэл мөнгөө яаж үрэхээ мэдэхгүй Монгол хэлнээс дөрвөн үсэг хасаад, бичиг цаасны зардалд л гэхэд тэгийг нь тоолоод муурч унамаар тэгшитгэл бодож байсан цаг.

Энэ жилүүдэд 20 гаруй тэрбум төгрөгийг зөвхөн СЭРГЭЭН ЗАСВАРЛАЛТ-д зориулан олгов. Мундаг тоо шүү. Хоёрхон жилд өгсөн төсөв. Соёлын яамтай болсны гайхамшиг нь энэ байлаа. Нэгэн цагт Монгол Улсын төсөв ийм хэмжээнд байсан гээд л бод. Харамсалтай нь бид энэ боломжоо алдсан. ”СҮЛД-тэй-УУЛ” ч бил үү нэг компанид энэ мөнгөнийхөө 80 хувийг дангаар нь өгөөд зогсохгүй хийгээгүй ажлыг хийсэн мэтээр дүгнэх. Хийхдээ нураан хорлож устгах хэлбэрээр хийсэн болно. Энэ бол сэргээн засварлалт гэхээсээ илүү мөнгө угаалт, албан тушаалын гэмт хэрэг, тендэрийн луйвар байлаа. 100 айлын ”Би чадна”-уудаар Чойжин ламын сүм музейн хэрмийг нураалган, хөх тоосгыг нь улаан тоосгоор сольж, хөх тоосгоороо Зайсан, Гачууртын шинэ цагийн хауснуудад ханын зуух барьж, Чойжин ламын сүмийн хөх тоосгоор барьсан камен зуух тренд болж байлаа. МУИС-ийн түүхийн багш Д.Дашдулам бид очоод, тэмцээд ч бараагүй. Тендерт шалгарсан компаниудад нэг ч мэргэжлийн барилгачин сэргээн засварлагч байхгүй шдээ. Үүнээс илүү гайхамшигтай гажуудал дурдаад яах билээ. УИХ нь ч, сайд нь ч уг нь ажлаа хийсэн. Мөнгө төсөвлөсөн. Өгөөгүй биш өгсөн. Өгсөн мөнгөөр нь дунд шатны бэртэгчингүүд ингэж гараа угаав. Одоо ”хууль” яриад, ”төрийн албан хаагч”-ийн төмөр өлгийнд хоргодоод, хүн заналхийлж сууна. Энэ сайд нь нүдээ аниад өнгөрөөх үү? таслан зогсоогоод явах уу? Ёстой Балхаа ч таашгүй.

Хамгийн сүүлчийн жишээ:

2015 оны 12 дугаар сард идэр 9-ийн хүйтэнд  Богд хааны ордон музейд 179 сая төгрөг төсөвлөн Өвлийн ордныг засан сэлбэх зориулалтаар өгсөн атал гүйцэтгэгч компани нь хашааг нь будчихаад ДАШИЙН ШОГ. Одоо будаг нь хуурч унаад л сайхан байна. Хэн ч тэр 12 сард хашаагаа байя гэхэд ядаж жорлонгоо будахгүй. Энэ бол алдагдсан боломж гэхээсээ илүү ТОХУУРХАЛ гэж үзвэл зохилтой.

Музейн тооллого

Музейд нэг алтан дүрэм тогтоод удаж байгаа. ”Судлаачдыг ойртуулж болохгүй” гэдэг. Тэгсэн хэр нь Мэрэгжлийн зөвлөлийн гишүүн гэж гоё малгай өмсгөснөө цалин хөлсгүй ажиллуулах гэж үзнэ. Мэрэгжлийн судалгааны ямар ч чиг баримжаа байхгүй байж сайн дураараа ХОСГҮЙ ҮНЭТ гэдэг англилалд нэр дэвшүүлнэ. Ингэсээр байгаад музей ”цус ойртжээ”. Хэн ч очдоггүй. Үздэггүй. Судлаачид ч очдоггүй. Хойт Солонгос шиг болчихов. Хувийн өмч, хувийн цуглуулга гэж байх ёсгүй. Хувийн музей галерей бол бөөн дараас. Цонжин болдогийн доор байдаг Хүрлийн музейг улсад хурааж авна гээд бурхан болооч цуглуулагчийн эхнэрийг нус нулмистай нь холиод явж л байлаа. Үр дүнд нь юу болсон бэ?

Монголын соёлын өв гадагшилж эхэлсэн. Хэдхэн хоногийн өмнө Нью-Йоркийн Азийн 7 хоногийн дуудлага худалдаагаар Өндөр гэгээний хийцийн 1000 мутарт Жанрайсиг 55 сая америк доллараар зарагдлаа. Цаадуул нь Монголчууд дандаа Хойт Солонгос шиг коммунист эсэргүүцэл нот явуулдаг учраас Төвдийн энэ тэр гээд дүйвүүлээд чимээ шуугиан гаргалгүй л наймааллаа. За энэ байг. Тэгвэл улсын сан хөмрөгт байгаа үзмэр гайхамшигууддаа бид эзэн үү? гэвэл эзэн биш. Тооллогынх нь дүнг будлиантуулж, тэр тооллогоороо түрий бариад, барьцаалаад өнөөх ”төрийн албан хаагчийн төмөр өлгий”-нд хаацайлуулж байгаа улсаа яах вэ? Хариуцлага тооцож чадах уу? ССАЖЯ татан буугдаад БШУЯ-тай нэгдсэн цагаас хойш түүх, соёлын дурсгалын үнэлгээний мэрэгжлийн комисс яам тамгын түшмэл голдуу шинэ бүрэлдхүүнтэй болж, бүтэн жилийн хугацаанд 1 л удаа хуралджээ. Өөрөөр хэлбэл соёлын амьдрал бүтэн жил зогссон байна. 1 удаа амьсгалжээ. Судалгаа хийе гэхээр ”тооллого” гэдэг ганцхан коммунист үеийн ганцхан үгээр ам тагладаг энэ тогтолцоо яаж өөрчлөгдөх ёстой юм бэ? Монгол хүн үздэггүй, монгол судлаач судалдаггүй, монгол төгрөгөөр үнэлэгддэггүй, хэд хичнээн юу байгаа нь тодорхой болдоггүй яацарцан ХОРЛОН СҮЙТГЭЛ вэ? энэ чинь. Нууж хадгалахаа больё. Нийтийн анхаарлын төвд судалж, үнэлж, шагшиж, бахархаж хадгалъя гээд л байгаа шдээ уг нь. 

Дахиад л СОЁЛЫН АКЦ...

Соёлын акцийг бид нар өөрсдөө судалж олохоос гадна далай их Монгол Улсын дагшин уул хайрханаас бишгүй юм олдож байна. Хамгийн сүүлчийн жишээ гэхэд Ховд аймгийн Мөнххайрхан сумаас олдсон хадны оршуулга. Маш чухал энэ дурсгал руу бид яагаад мэрэгжлийн археологич нарыг оруулсангүй вэ? Юун орон нутгийг судлах музейн бүртгэл мэдээллийн санч, юу яагаад олчлоо юу вэ? Тэгээд яах ёстой юм бэ? Газар гэсээгүй уулын ян сарьдагаас олчихоод ухсан ч гэх шиг. Уучлаарай. Энэ улсын соёл ШУ-нд ер нь эзэн байна уу? Тэнэг юм шиг хоорондоо ”хамтран ажиллах гэрээ байгууллаа” гээд зургаа авхуулаад сүржигнээд байх уу? Яагаад ер нь ШУА нь шинжлэх ухаан нь соёлтойгоо холбоогүй байдаг юм. Судлаачид нь музей рүүгээ ордоггүй юм бэ? Хэнд зориулж, юу хадгалаад байгаа юм. Яахаараа хорьж цагддаг юм. Архивийн дарга байсан Л.Өлзийбаатар, Түүхийн хүрээлэнгийн захирал С.Чулуун 2-ыг манж архив дижиталд шилжүүлснийх нь төлөө шүү. Яллах дүгнэлт мэрэгжлийн зөвлөлөөр гаргуулахыг Соёлын газрын дарга нь завдаж байлаа. Дижитал хувилбар дээр шүү. Ингээд байвал музейг хэн судлах юм бэ?  Энийг их гайхах юм. Дээр болсон дуудлага худалдаатай холбоотой энд нэг зураг хавсаргая. Монгол цуглуулагчдын гарт хадгалагдаж байгаа хосгүй нандин шүтээн урлагийн бүтээлийг бид ер нь яагаад ХОСГҮЙ ҮНЭТ ангилалдаа бүртгэж, баталгаажуулж болдоггүй юм бэ? Яагаад хүн өөрийнхөө хэдэн үеэрээ хадгалж ирсэн бурхан шүтээн ном судраа үнэлүүлж цэгнүүлж, бүртгүүлж, хадгалуулж, хамгаалуулж, сэргээн засварлуулж болдоггүй юм бэ? 

Үүнийг тэгээд одоо хийхгүй бол хэзээ хийх юм бэ? 
Хэн хийх юм бэ?
Хүлээж байгаа Соёлын акциуд бол олон л байна. 

1.    Нэйшнэл жеографик журнал сэтгүүлийг монгол хэлээр гаргахаар 700 сая төгрөг зарцуулсан. Амь нь тасарчихав уу? яав. 
2.    Жүжигчин Оргил ч бил үү нэг хурган дарга байв? VIII Богдын тухай бараг тэрбум төгрөгөөр кино хийж зураг авсан байх ёстой. ТАГ
3.    Эзэнт гүрний тухай судалгаа хийх гэхээсээ илүүлтэй жуулчлан явдаг, Лалын шашны сүм хийдийг л магтахаас Эзэнт гүрний үеийн Бурхны шашны 1 ч болов сүм хийдээр орохоосоо айдаг Тасам гэдэг хөтөлбөрт 500 орчим саяыг өгсөн байх жишээтэй.

Ц.Оюунгэрэл сайдын байгуулаад нураасан ССАЖЯ-ны үр дүнгийн гэрээ шилэн данс, тайлан тооцоо байдаг бол узчихмээр л байх юм. 
Соёлын салбарыг судлаачид, мэрэгжлийнхэн биш улстөрчид өөрсдөө эрх мэдэл албан тушаалаа ашиглан хүчирхийлж байна. 2015 оны 12-р сард МАХН-аас БСШУЯ-ы дэд сайд хийж байсан Тугалга ч бил үү нэг нөхөр байна. Албан тушаалаасаа буухаасаа өмнө Чойжин ламын музейд хадгалагдаж байдаг хосгүй үнэтийн зэрэглэлтэй Өндөр гэгээний хийцийн Доржсэмбэ бурхнаас 1:1 хэв авч, түүнийгээ 100 ш үйлдвэрлээд, сонгуульд ашиглахаар зэхэж байна. Энэ бол гэмт хэрэг. МАХН-тайгаа ч арчигдаж болох эрүүгийн хэргийн хууль заалттай гэдгийг хэлээд өгчих хуульч алга уу? Шалгуулчих эр зориг ч байхгүй л байх. Тэгээд хийсэн урлаачаа ичихгүй урдаа барьчихаад зугтаад л явна.  

Энэ мэтээр олныг өгүүлж болох ч  энэ удаад үүгээр өндөрлөе. Бас таныг харвачихаагүй гэж найдъя. Ний нуугүй хэлэхэд өнөөдрийн Монголыг Соёлын бодлогогүй байлгая гэсэн нь өөрөө БОДЛОГО юм биш биз гэж хардахаас аргагүй болоод байна. 

 эх сурвалж: www.tsag.mn