Алтанцөгц сум нэгэн бахархалт хүүгээ 100 жилийнхээ босгон дээр тэнгэрт дэвшүүллээ. Эрт дээр цагаас хүний алтан амийг хамгаалах их үйлстнүүдээр арвин манай сумын нэгэн бахархалт хөвүүн Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Төрийн соёрхолт, Ардын эмч, Хүний гавьяат эмч, АШУ-ны академийн гишүүн, академич, АШУ-ны доктор, профессор, Мэдрэлийн мэс заслын зөвлөх эмч Ануар овогтой Нота зуурдаар таалал төгсөж, нутаг орон, гэр бүл, Монгол Улсынхаа эрүүл мэндийн салбарт нөхөж баршгүй гарз тохиолгон тэнгэрт дэвшлээ.
Тэрбээр өндөр алтай, өргөн хөндий, гол ус, ой модоор хүрээлүүлсэн сайхан нутгийн Цагаан дэрст 1945 онд мэндэлсэн байдаг. 1968 онд Анагаах ухааны дээд сургуулийг хүний их эмч мэргэжлээр, 1970 онд мэс заслын эмч, 1975 онд мэдрэлийн мэс заслын эмч, 1982, 1996, 1998 онуудад ОХУ, Казахстан, Япон улсуудад тус тус мэдрэлийн мэс заслын эмчийн мэргэжил дээшлүүлжээ.
Дээд сургуулиа 1968 онд төгсөж Баян-Өлгий аймгийн Улаанхус сумаас ажил, амьдралын гараагаа эхлүүлсэн байна. Улмаар 1969-1975 онд аймгийн Нэгдсэн эмнэлэгт мэс заслын тасгийн эрхлэгч, 1975-1990 онд Улсын нэгдсэн III эмнэлэгт мэс заслын эмч, 1990-1993 онд АУ-ны хүрээлэнд эрдэм шинжилгээний ажилтан, 1993-2007 онд Улсын нэгдсэн III эмнэлгийн мэдрэлийн мэс заслын тасагт тасгийн эрхлэгч, 2007-2024 Ачтан клиникийн эмнэлэгт “Мэдрэлийн мэс засал”-ын тасаг нээж, зохион байгуулан, биечлэн ажиллаж, тасгийн эрхлэгч, зөвлөх эмчээр тасралтгүй 54 жил хүн ардынхаа эрүүл мэндийг хамгаалах ариун үйлсийн тэргүүн эгнээнд манлайлан Монгол Улсын мэдрэлийн мэс заслын салбарын хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан ховор авьяас чадвартай эмч байв.
Монгол Улсад нарийн мэргэжлийн, эмчийн өндөр ур чадвар шаардсан мэс ажилбаруудыг анхлан хийхээс гадна салбарын шинжлэх ухааны түвшинд судалгаа шинжилгээ, практик төсөлт ажлуудыг амжилттай хийж эх орныхоо эрүүлийг хамгаалах салбарт нөр их үйлс бүтээжээ. Тухайлбал,
- Ерөнхий мэс заслын ба гавал яс, тархи, нуруу нугас захын мэдрэлийн нийт 30,000 гаруй хүнд мэс засал хийсэн
- 1982 оноос Монгол Улсад бичил мэс заслын арга,
- 1998 оноос тархины дурангийн мэс заслыг анх нэвтрүүлсэн
- ММЗ-ын чиглэлээр 4 төсөлт ажил: ”Инсульт”, “Тархины тараагуур судасны цүлхэн – аневризмын бичил мэс засал”, “Тархины тараагуур-хураагуур судасны сүлжээрэл–мальформацын бичил мэс засал”, “Эндоваскуляр мэс засал” төсөлт ажлуудыг тус тус удирдан ШУТ-ийн санд хүлээлгэн өгч, практикт нэвтрүүлсэн
- “Тархины гүн ба суурь хэсгийн эзлэхүүнт ба судасны эмгэгийн бичил мэс засал” төсөлт ажил удирдан, Монголын ММЗ-ын практикт “Minimally invaziv surgery ” аргыг нэвтрүүлэн ажиллаж байжээ.
Түүний хөдөлмөр, зүтгэл, эрдэм мэдлэгийг төр засгаас өндрөөр үнэлж “Монгол Улсын Хөдөлмөрийн баатар”, “Төрийн соёрхол”, “Монгол Улсын Ардын эмч”, “Монгол Улсын Хүний гавьяат эмч” цол хүртээсэн байна.
Хийсэн өндөр их үйлстэй, бүтээсэн амжилт ололт арвинтай, мянга мянган шавь нартай, нутаг усныхаа нэрийг цаг үргэлж өндөрт гаргаж явсан нутгийн эрхэм хүү та тэнгэрийн орондоон амгалан нойрсох болтугай.
Талийгаачийн гэр бүл, үр хүүхэд, ах дүүс, ажлын хамт олон, шавь нар, нутгийн зонд гүн эмгэнэл илэрхийлье.
БАЯН-БЛГИЙ АЙМГИЙН АЛТАНЦӨГЦ СУМЫН УЛААНБААТАР ХОТ ДАХЬ
НУТГИЙН ЗӨВЛӨЛ
Нийт сэтгэгдэл 0