богино мэдээ New

Эмгэнэл: Гондонгийн ПҮРЭВЭЭ (1955-2023 он)

Зон олондоо “Польш Пүрэвээ” хэмээн алдаршсан эгэл даруу, оюунлаг, бусдад энэрэнгүй эрхэм багш маань төрсөн нутгийнхаа алтан хөрсөнд ийн шингэлээ..

   Монголын шилдэг сэхээтэн, ардчиллын алтан хараацайнуудын нэг Гондонгийн ПҮРЭВЭЭ 2023 оны тавдугаар сарын 03-нд өвчний улмаас таалал төгсөж, хань ижил, үр хүүхэд, төрөл төрөгсөд, мянга мянган шавь, журмын нөхөд, алтан нутгийн зон олонд нь нөхөж баршгүй гарз тохиолоо.

Тэрээр тэртээх 1955 оны хоёрдугаар сарын 10-нд баруун алтайн урианхайн нутаг буюу Баян-Өлгий аймгийн Алтанцөгц суманд Гондонгийн отгон хүү болон мэндэлжээ.  Зон олондоо “Польш Пүрэвээ” хэмээн алдаршсан эгэл даруу, оюунлаг, бусдад энэрэнгүй эрхэм багш маань төрсөн нутгийнхаа алтан хөрсөнд ийн шингэлээ.

Түүний хувьд аймгийн төвийн 2-р сургуульд 10 жилээ алтан медальтай төгссөн “Таван онц”-ын эзэн. Улмаар 1975-1981 онд Польш улсын Краков хотын Хөдөө аж ахуйн академид суралцан төгсөж Хөдөө аж ахуйн Эдийн засагч мэргэжлээр мөн 1990 онд “Ховд” багшийн дээд сургуулийг Физик-Математикийн багш мэргэжлээр дүүргэсэн орос, польш хэлтэй өндөр боловсролтой нэгэн байв.

Шинэ нийгмийг үүсгэн байгуулах, улс орны хөгжил дэвшлийг ардчилсан зарчмаар хөгжүүлэхийг тууштай дэмждэг, ардчиллыг бэхжүүлэхэд өөрийн оюун ухаан, сэтгэл зүрхээ зориулж асан гавъяатнуудын нэг юм. Тодруулбал, ардчиллын салхи Ховд нутгаас эхэлж төв талбайд Ховд сургуулийн оюутнууд жагсахад тэрбээр ангийн дарга, 1-р дотуур байрны Зөвлөлийн дарга байсан бөгөөд зохион байгуулах, манлайлах чадвартай нь учир оройлон оролцсоныг түүхнээ тод бичин тэмдэглэжээ. Нөгөөтэйгүүр тэрээр гадаадад суралцахдаа өөрийн судалж мэдсэн, үзэж харсан зүйлсээс хуваалцаж, хязгааргүй эрх мэдэлт, нийгмийн давхраа болсон даргыг шүтэх ёсыг халах, зан заншил өв соёлоо дээдлэх, уламжлах, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хувийн өмчтэй болох, хүн бүр тэгш эрхтэй байхын ач холбогдлыг оюутан залууст ойлгуулж байжээ.

Г.Пүрэвээ 1990 онд “Ховд” багшийн сургуулийг төгссөнөөсөө хойш ард түмний хүүхдийг эрдэм мэдлэг, боловсролтой болгож улс орны хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулахад өөрийн оюун ухаан, ур чадвараа шингээж мянга мянган шавь нарыг бэлдсэн боловсролын салбарт тасралтгүй 30 жилийг зориулсан гавъяатан юм. 1990-1991 онд Баян-Өлгий аймгийн Бугат сумын дунд сургууль улмаар 1991 оноос хойш төрсөн нутаг Алтанцөгцийн сургуульд физик-математикийн багшаар тасралтгүй ажиллаж 2015 онд гавъяаныхаа амралтад гарчээ.

Тэрээр багшлахынхаа зэрэгцээ сум орон нутагтаа “Ардчиллын долоо”-ийн нэг болж энэ нийгмийг ард түмэнд ойлгуулах, хувийн өмчтэй болоход оройлон оролцсон байна. Мөн нийгмийн идэвхи санаачлагын хүрээнд Алтанцөгц сумын “Урианхай, Дөрвөд, Тува иргэдийн нийгмийн хөгжлийг дэмжих холбоо”-ны дарга (2002-2015 он) Алтанцөгц сумын АН-ын дэд дарга (2000-2008 он), тус сумын Засаг даргын Тамгын газрын дарга (2013-2014 он), сумын ИТХ-ын төлөөлөгч, тэргүүлэгч, дарга зэрэг сонгуульт ажлуудыг ч хашиж байлаа.

“Полш Пүрэвээ” “Пүрэвээ багш” хэмээн ихэд хүндлэгддэг энэ эрхэм тасралтгүй 30 жил ажиллахдаа өөрийн эзэмшсэн мэргэжлийн олимпиадууд жил бүр эхний таван байрыг эзэлдэг, шавь нар нь ч өндөр амжилттайгаар оролцдог, эх орныхоо хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан физик, математикийн чадварлаг мэргэжилтнүүд болцгоожээ.

Түүний нөр их хөдөлмөр, зүтгэлийг төр засгаас өндрөөр үнэлж “Алтан гадас”, “Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одон”, “Ардчиллын од” тэмдэг, “Багшийн алдар”, “Шударга ёс”, “Эрх чөлөөний одон, Ардын боловсролын тэргүүний ажилтан, “Чингис хаан” дурсгалын тэмдэг, “Тусгаар тогтнол” одон, Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн медаль зэргээр шагнасан байна.

Эрхэм их багш, сайхан сэтгэлт, энэрэнгүй эрдмийн өглөгч, бахархалт хүмүүн та алтан нутгийнхаа хөрс шороонд амгалан нойрсож, эх нутаг, элгэн садандаа эргэн төрөхийн ерөөл тальбъя.

Үр хүүхэд, хань ижил, ах дүү, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлж байна.

 

Алтанцөгц сумын
Улаанбаатар хот дахь Нутгийн зөвлөл

2023.05.05

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0