богино мэдээ New

Монгол хүн бусад Хятадын цөөн тоот үндэстэнтэй адилгүй

Гэвч 1972 онд монгол хэлний ангийг нь татан буулгав. Миний эгч уг ангийг хаагдахаас нь өмнө сурч амжсан бол харин би чадсангүй. Намайг сурагч болоход зөвхөн хятад хэлний анги л байсан юм. .
Кэмбрижийн Их Сургуулийн багш Урадын Э. Булагийн Бээжингийн Их Сургуульд уншсан лекцийг хүргэж байна.
 
Би 1964 оны 11 сард Ордосын Баруун отог хошуунд эгэл малчин гэр бүлд төрсөн. Найман нас хүрэхээсээ өмнө хөдөө амьдарч байв. Манай нутаг тал гэхээр зүйлгүй харин баян бүрд гэж хэлвэл болохоор газрын байцтай.
 
Ордос угаасаа их элсэрхэг, хүмүүс “балар” гэж хэлдэг юм. Манай нутгийн хүрээлэх орчин тийм ч сайнгүй. Гэвч би тийм нутагт төрж, надаас нэг насаар ахмад эгчтэйгээ хамт өсчээ. Бид багадаа хамтдаа хургаа хариулдаг байлаа. Манай хөршийнх манайхаас ойролцоогоор 3 км-т байдаг байв. Зүй ёсоороо бол тухайн цаг үе их уйтгартай байсан баймаар, гэтэл ердөө ч тийм ганцаардлын тухай мэдрэмж бага насанд минь байсангүй. Учир нь би гадаад ертөнц гэж чухам юу байдгийг мэдээгүй байсан болохоор тэр биз дээ. 8 настайдаа сургуульд оров оо. Тэр үед аав минь нэгдлийн эмч байсан юм. Ээж минь ч мөн тэнд ажил хийдэг байлаа. Би 1972 он буюу 8-н настай байхдаа л сая хятад хэл сурч эхэлсэн. Тэрнээс өмнө хятад хэлийг огт мэддэггүй байв. Манай нэгдлийг “60-ийнхан” гэж нэрлэж байсан.
 
Энэ нэрний эх нь XX зууны эхээр тухайн газарт болсон жаран баатар эрийн үүсгэсэн “дугуйлан”-гийн хөдөлгөөнтэй холбоотой юм. Нэгдэл зөвхөн нэг сургуультай, тэнд нь Монгол, Хятад холилдон сурдаг байлаа. Гэвч 1972 онд монгол хэлний ангийг нь татан буулгав. Миний эгч уг ангийг хаагдахаас нь өмнө сурч амжсан бол харин би чадсангүй. Намайг сурагч болоход зөвхөн хятад хэлний анги л байсан юм. Гэтэл 1973 онд монгол хэлний ангийг дахин сэргээдэг юм байна. Би одоо яагаад тэр жил монгол хэлний ангийг хаасанг нь тодорхой санадаггүй бас зориуд ажил болгож шалтгааныг эрж хайж ч байсангүй. Гэвч тэр үеэс л миний сэтгэлгээний арга бэлэг солигдсондоо хөөрхий. Би хятад хэл сурч эхэлсэн ч ярьж байгаа байдал минь монгол хэлбэрийн хятад хэл байв. Зарим нь одоо ч өөрчлөгдөөгүй. Тэр сургуульд гурван жил болсоны дараа 1975 онд аав минь тухайн үеийн Их зуу (одоогийн Ордос хот) аймгийн эмнэлэгт эрхлэгч, монгол эмчээр ажиллах болсон тул манайх төв рүү шилжив. Тухайн үеийн аймгийн захиргаа нь Дуншаанд байрладаг байсан бөгөөд нийтдээ 30 000 хүн ам байснаас 3000 орчим нь Монгол байсан байх.
 
Энэ үеэс л би хятад хэлний орчинд бүрэн оров. 1975 оны үеийн Хятадын үндэстний бодлого маш зүүний маягтай, дээр нь нэмээд үндэстний харилцаа их хурцадсан байдалтай байсан. Ийм орчинд би их хурдан алаг шоо үзэгдэх болсон юм. Хэдийгээр би малчны хотонд хятад хэл үзэж, бага сургуульдаа маш олон Хан сурагчтай хамт байсан ч тухайн Хан үндэстний олонхи нь Уйлин, Шэнмугаас зугатаж нүүж ирсэн нүүдлийн иргэд байв. Эдгээр хүмүүсийн зарим нь ч бас буцаад нүүгээд явчихдаг байсан юм. Нүүж ирсэн зарим Хан үндэстэн аль хэдийн монголжиж, олонхи нь Монголоор ярьж байсан. Зарим хүмүүс бүр эсрэгээрээ Хятад хэлийг муу ч гэж хэлэх болсон байв.
 
Өнөөдрийг болтол бид тэднийг “иргэн” гэж нэрлэж заншсан нь дариу “нүүдэлчин иргэд” болохоос биш өнөөдрийн үндэстний нэршил “Хятад” (кидан хүн) бишийг анхаарах хэрэгтэй байх. Мэдээжийн хэрэг соёлын хувьсгалын үеэр “Шинэ Өвөрмонголын Ардын Хувьсгалт Нам”-д зарим хүмүүс нь адлагдаж, ёстой л гамшигт нэрвэгдэгсэд гэхээр бүлэг бий болсон гэж хэлж болно. Тухайн үед Монгол, Хятад хүүхдүүдийн хооронд зодоон их болдог байсан боловч бидний балчир хүүхдүүдийн хувьд тийм ч их үндэстний мэдрэмж, ухамсар байхгүй, том хүмүүстэй сэтгэлгээний хувьд адилгүй байх нь тодорхой. Гэвч хотод орсны дараагаар миний мэдрэмж өөрчлөгдлөө. Хотод нүүн ирснийхээ маргааш нь бид зах явсан юм. Тэр үед жаахан хүүхдүүд биднийг хөөж, чулуугаар цохив.
 
Мөн биднийг “Монгол татаар” гэж дооглож байв. Магадгүй тэр үед эмээ минь монгол тэрлэг өмссөн байсан нь тэдний анхаарлыг татсан ч байж мэднэ. Би 11, 12-той байх үеэс л миний үндэстний ухамсар төлөвшиж эхэлсэн мэт санагддаг. Учир нь тэр үеэс би Монгол хүн учраас хойноосоо хөөлгөж, цохиулж байна гэдгийг мэддэг болчихсон байв. Би бага сургуульд байх үеийнхээ тухай ихийг бас санадаггүй мөртлөө Хятад хүүхдүүдтэй зодолдож байснаа л санадаг нь хачирхалтай. Тэгсэн мөртлөө бас тэдэнтэй сайхан найзалдаг байсан эсэхээ ч санадаггүй юм. Тэр жил би сургуульд явж, эгч минь нэг ангиар улирч сурах болсон. Учир нь эгч маань өмнө нь Монгол хэлний ангид байсан, дээрээс нь хотод орсоны дараагаар Монгол сургууль байсангүй. Тиймээс надтай нэг сургуульд явахаас өөр замгүй болсон хэрэг. Түүнчлэн эгчийн Хятад хэл нь муу тул доош анги улирах болсон юм. Би тэр үеийн тухай нэг их зүйл санадаггүй, нэг л их дарамттай байсан мэт дурсамж үлдэж дээ. 
 
Би Их зуу аймгийн анхны дунд сургуульд сурсан. Энэ сургууль тухайн үеийн хамгийн сайн сургууль гэгддэг байлаа. Энд сурч байсан гурван жилийн тухай би бас л сайн санадаггүй юм. Би ахлах сургуульд 1980 онд ордог тэр жил анхны бүх аймгийн нэгдсэн шалгалт гэж болов. Би нэгдүгээр байранд орж, Их зуу аймгийн ахлах сургуулийн хамгийн сайн гол ангид орлоо. Тэр нь тухайн үедээ л бас хамгийн тэргүүний анги байсан. Сургуульд орсон тэр жилээ хоёр сар болоод би өвдчихөв. Миний нэг чих угаасаа сонсголгүй байсан бөгөөд дараа нь нөгөө чих нь мөн л сонсохгүй болчихсон юм. Тиймээс сурахаа азнахаас өөр замгүй болсон.
 
Ингээд ахлах ангид хоёр сар л сурсан юм. Гэртээ 1 жил болсоны дараа Их зуу аймгийн телевизид үүдний харуул хийж нэг жил болов. Энэ үед миний зөвхөн нэг чихний сонсгол л эргэж хэвийн байдалдаа орсон. Аав минь намайг “чи битгий ийм байдалтай бай. Дөнгөж 16, 17-хан настай байна. Чи хамгийн сайн сурагч байсаар ирсэн шүү дээ. Буцаад сургуульдаа сур” гэж гуйдаг байлаа. Гэвч би эргэж сурахыг хүсэхгүй байв. Учир нь маш олон хүн хамгийн сайн сурагч уруудан доройтохыг харж, амны зугаа хийж байсан учраас би үнэхээр буцаж очихыг хүсээгүй. Багш минь бас намайг буцаж очих хэмээн зөвлөж байв. Би үгүй гэхийн дээр өөрөө бие даагаад сайн сурч чадна гэдэгтэй итгэлтэй байсан юм. Би тэдэнтэй мөрий хүртэл тавьсан. 1982 онд их сургуульд орох шалгалт өглөө.
 
Шалгалт өгөхөд яасан ч үгүй. Учир нь би бүх уншдаг юмнуудыг нь уншаагүй байв. Би шалгалт өгөхийн өмнөх 3 сар чөлөө авч тусгайлан давтав. Одоо санахад тухайн жил би бүх аймагт 4 дүгээр байрт орсон. Учир нь тэр жил ахлах анги 2 жил байснаа 3 жил болсон бөгөөд манай ангийнхан бүгд 1983 онд их сургуульд шалгалт өгсөн юм даг. Гэвч энэ байдал нь надад тийм ч амар хялбар үр дүн болсонгүй. Учир нь би Өвөр Монголын Багшийн их сургуулийн Гадаад хэлний Сургуулийн англи хэлний мэргэжлийн ангид л орж чадсан юм. Гэтэл миний хамт сурч байсан нөхөд зарим нь Бээжингийн Их сургууль, Чинхуа Их сургуульд орсон. ӨМӨЗО-ны төв Хөх хотын Багшийн Их сургууль бол Монгол, Хятад хавсарсан сургууль төдийгүй Монгол, Хятад оюутнууд тэнцүүхэн байдаг байлаа. Х
 
арин Өвөрмонголын Их сургууль бол ӨМ-ын хамгийн сайн их сургууль төдийгүй монгол оюутнууд гуравны нэг хувийг нь эзэлдэг. Үлдсэн хоёр хувь нь Хан оюутанууд эзлэнэ. Харин манай сургуульд бол монгол оюутанууд арай их байдаг. Учир нь багшийн сургууль бол багшийг бэлтгэж гаргадаг. Тиймээс малчны хүүхэд ирж сурах нь элбэг байв.
 
1982-1986 он хүртэл Хятадын байдал нь үндэстний ялгааг арилгах, хөрөнгөтний үзлийг эсэргүүцэх түүнчлэн их сургуулийн дотор олон төрлийн соёлын хөдөлгөөнүүд гарч ирсэн тийм нэг үе байсан юм. Жишээлбэл, олон жижиг дугуйлангууд. Хэдийгээр бидний бие хязгаар нутагт байсан ч энэ мэтийн соёлын уур амьсгалаас ангид байх боломжгүй нь дээр идвэхтэй оролцдог байсан юм. Энэ бүхэнд хэр сайн оролцдог байсан нь нэг их хамаатай биш ч 20 гаруй жилийн дараа тухайн үеийн байдлыг санахад бас сэтгэлийг их хөдөлдөг.
 
Би ямар учраас антропологи сурах хэрэгтэй болсон бэ?
 
1980-аад оны эхэн үеийн Хятадын нөхцөл байдал ямар байсан бэ? гэвэл Бээжин, Шанхайн соёл, улс төрийн хөгжил зах, хязгаарын үндэстний харилцаанд хүчтэй нөлөөлсөн, зугатааж үл гарам онолын зөрчил байсан юм. Өвөрмонгол бол зах хязгаарын үндэстний нутаг. Манай сургуульд Монгол, Хятад оюутан эн тэнцүүхэн байхын зэрэгцээ оюутнуудын дунд үндэстний харилцааны асуудал оршиж байсан юм.
 
Их сургуульд Хятад оюутнууд өөрийгөө давуу гэж үзэх боловч Монгол оюутнууд бууж өгөхгүй. Монгол хүн бусад Хятадын цөөн тоот үндэстэнтэй адилгүй .Бид багаасаа их гутранги сэтгэлтэй өссөн, учир нь бидэнд нэгэн төрлийн түүхэн мэдрэмж, сэтгэл байдаг гэж хэлж болмоор. Өнөөдөр энэ тухай ярихад их сонирхолтой санагдаж байна. Зарим үед “сайн эр гэж баатрыг хэлэхгүй” байхтай ижил төрлийн гэх юмуу даа. Цөөн тоот үндэстэн гадуурхагдах үедээ бусадтай зөрчилдөж, тэмцэлдэх хэрэгтэй болдог. Гэвч энэ төрлийн зөрчил тэмцэлд илт биеийн хүч ашиглаад нэмэргүй, харин үзэг хэрэглэн тэмцэж болно. Тиймээс эрдэм шинжилгээний, мэдлэгийн хүчний зөрчил үүсэн бий болсон юм. Тухайн үед бидний хэдэн Монгол оюутнууд өөрийн соёлыг маш их сонирхож байв. Хан үндэстэн нь ч мөн өөрийн соёлоо сонирхож эхэлсэн. Бид тухайн үедээ бусад цөөн тоот үндэстнийг бодвол Хан үндэстний соёлыг арай илүү сонирхож байсан. Энэ нь хамтын алхамыг хийж байснаас биш тэр соёлын дайвар болж байсан юм бол биш.
 
 
Энд үзэл баримталын асуудал гарч ирсэн юм. Хан оюутнууд болон мэдлэгийн хил нь өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйг эрж сүвэгчилж байхдаа эдгээр зүйлдээ ямар нэгэн бэрхшээлийг мэдэрч, хүнд байдалд орж байсан. Тэр үед нь бид бас өөрийн өнгөрсөн, одоо, ирээдүйд будилахад хүрч нэгэн төрлийн энэ хүндхэн нөхцөлөөс салах арга замыг хайх болсон. Хан үндэстний мэдлэгийн хүрээ хийгээд тухайн үеийн өөрийн соёлоо шүүмжлэх, гадагшаа харах хандлага нь усан цэнхэр огторгуй болон гүн цэнхэр далайн уснаас эхлээд барууны иргэншил рүү хандаж байв.
 
Тухайлбал, эрх чөлөө, ардчилал эдгээр ойлголтын тухайд бол тэдний загвар нь Америк, Япон болдог. Тэгвэл Өвөрмонголд бидний загвар юу болох вэ? Бидний хүрэх “газрын диваажин (Шангрила)” заавал Бээжингээр дайрч явах уу ёстой юу? Аль эсвэл өөрсдийн маршрутаар явах уу? Монгол хүний ухамсар давтмал төмрийн нэг хэсэг биш. Бид өөрийн ухамсар, танин мэдэлтээрээ Хятадыг таних, мэдэх бөгөөд ижилсэлт нь адилгүй. Ихэнхи хүмүүс Хятадыг танин мэдэж, хамт нэг замаараа явсан. Мөн зарим нэг хэсэг нь тэр сэтгэлгээг нь эсэргүүцсэн. Бидний хувьд бид ямар учраас өнөөгийн энэ алхамд хүрсэн вэ?, бидний өнөөдрийн үндэстний харилцаа гэж юу вэ?, Монгол хүн ямар учраас гурван улсад хуваагдсан бэ? гэдгийг асуудаг. Бид бол Өвөрмонгол. Хойт талд БНМАУ өмнө нь гадаад монгол гэгдэж байсан.
 
Түүний хойт талд Буриад монгол байх ба дахиад цаашилбал Халимаг монгол байна. Эдгээр бодитой бүс нутгийн улс төр дээр хэсэг монгол залуучууд, сэхээтэн эдгээр асуудлыг бодож санахад хүрсэн. Ялангуяа тэдгээрт нь үндэсний ухамсар, монгол түүхийн мэдрэмж хийгээд Хан үндэстэнтэй дайтах найрамдах зам нь бодитой байна. Түүнчлэн мөн эдгээр гадаад хэрэг учрыг мэднэх хэрэгтэй. Бид гадаад хэл сурч байгаа учир ийм байдлыг илүү хүчтэй мэдэрч байлаа.
 
Тэр үед ӨМ Багшийн Их Сургуулийн Гадаад хэлний сургуульд нэгэн гадаад багш англи хэл заадаг байсан юм. Тэрбээр Хавайн их сургуулийн антропологийн докторант байв. Тэрхүү багш маань оюутан бидэнтэй хийгээд багш нартай их дотно харилцаатай, англи хэлээр ярилцдаг нэг дугуйлантай байсан бөгөөд бид эдгээр асуудлыг мөн тэнд хэлэлцдэг байлаа. Тухайн үед Хятадад өөрийн соёлыг шүүмжлэх, цагаан хэрмийг шүүмжлэх, өөрийн шар царай, шар мөрөн, шар шороог үзэн ядах, түүхийг шүүмжлэх хийгээд Хойт газрын үндэстнийг ялан дийлэхийг шүүмжилж байх тэр нэг үед бид ямар хариу үзүүлэх ёстой вэ?
 
Тухайн үед “Дундадын үндэстэн”(中华民族) хэмээх энэ ойлголт байхгүй харин Хан үндэстэн гэх ухамсар хүчтэй байсан юм. Хятадууд өөрсдийн эх үндсээ хайх хэрэгтэй байв. Тэдний бодлоор Монгол болоод Манж Хятадад хоцрогдолт авч ирсэн юм. Тиймээс Монгол, Манжуудын талаар дахин бодол үзэх хэрэгтэй. Иймээс Өвөрмонголд ч энэ мэт асуудлыг дахин тунгааж үзэх хэрэгтэй болов. Жишээлбэл, Өвөрмонголын соёлын хувьсгал, Шинэ Өвөрмонголын Ардын Хувьсгалт Намын асуудлыг дахин тунгаах гэх мэт. Өвөрмонгол бол бүх улсын байгалийн хүнд нөхцөлтэй хэсэг.
 
Олонхи монгол хүн байгалийн бэрхшээлтэй тулгарч байдаг. Ийм орчин дунд ямар сэтгэлгээтэй, ямар ухамсартай хүн байх нь ойлгомжтой бөгөөд мангардуухан амьдрах боломжгүй шүү дээ. Тиймээс миний өсөж бойжсон сэтгэлийн орчин болох Хойт газар бол бодит орчны хувьд ч бүс нутгийн хувьд ч улс төрийн асуудал ихтэй газар. Иймээс над шиг хүний хувьд асуудлыг олж харах өнцөг аль хэдийн тодорхой болсон байхын зэрэгцээ үзэл баримтлал нь бусад Хан үндэстний сэхээтнээс өөр байх нь дамжиггүй. Адилхан байх боломж угаасаа байхгүй. Тиймээс би антропологиор сурах болсон. Бидний хүн судлалыг сурсан нь дотор газрын хүн мөн хүн судлал сурсантай адилхан ч мэдээжийн хэрэг бидний орчин тийм ч сайнгүй нь нуултгүй.
 
Яагаад гэвэл тэр америк хүн монголын хил хязгаарт антропологийн үр цацсан гэж хэлмээр тэр үеэс буюу 83, 84 оноос бид эхлэн хүн судлалтай гар барив. Бид түүний ярихыг анхааралтай сонсдог байлаа. Би өөрөө Бээжингийн гадаад номын дэлгүүрээс Тайваны хэдэн ном худалдаж авсаны дотор агуу их Леви Строссын ном байж билээ. Тухайн үед хүн судлалын талаар их балархай бүдэг ойлголт авч байсан ч бид тухайн үед аль хэдийн хүчтэй ухамсартай болж байсаны сацуу хүн судлалын арга зарчмаар асуудлыг эрэлхийлэх, ойлгох, бусад үндэстний соёлыг энэ тэнцүү түвшинд хардаг болж байсан.
 
Тэрхүү гадаад багшийн шууд нөлөөний дор Өвөрмонголын их сургууль болон Өвөрмонголын багшийн их сургууль 1986-1989 оны хооронд байсан 4 монгол хүн антропологиор явах болж, 3 хүн нь доктор болов. 1 хүн магистр болсон билээ. Тэр дундаа гурван хүн нь Америк явсан. Би Англи явсан юм. Би 1989 оны 1-р сард Англид очив. Би тийш очсон маань тийм ч амар юм бас биш байсан. Их сургууль төгсөх үед зарим хүн намайг магистрт сурахыг зөвлөж байв. Гэвч би магистрт шалгалт өгөөгүй. Шалтгаан нь Өвөрмонголын их сургуулийн монголын түүхийн нэгэн профессор миний англи хэл болон монгол хэлний чадварыг харсан байв. Хэдийгээр би Монгол Судлалын сургууль дээр хичээлд сууж байгаагүй ч би тухайн үед монгол үсэг сурчихсан байсан юм. Тэр багш намайг маш сайн ойлгож байсан. Над мэтийн гурван хэлтэй лут хүнийг тухайн үед Өвөрмонголоос хайх болвол ихдээ 5-аас хэтрэхгүй байсан байх.
 
Гэвч яг оноох үед хөгшин өөрөө яг байхгүй байж таардаг байгаа. Би өөр танил талгүй тул тухайн үеийн хуваарилах дүрмийн дагуу хааш оч гэж хэлнэ. Түүгээр нь л явна. Би нутагтаа харив. Гэсэн хэдий ч сэтгэл нэг л энэ байдалтай эвлэрсэнгүй. Би балгасаны дунд сургуульд англи хэлний багш хийлээ. Их хазайсан даа. Хотод соёлын хөдөлгөөнүүд их болж байгаа нь сонсогдоно. Миний сэтгэл их хөдөлж, хотын орчноо санан дурсана. Яая даа байз. Зүгээр суухаа болихоор шийдэв. Би ажлынхаа чөлөөт цагаар хүн судлалын судалгаагаа хийлээ. Оролцон ажиглалт, орчуулах хийгээд монгол хэл дээрх эрдэм шинжилгээний өгүүлэлийг англи хэлрүү орчуулж байв. Тэгтэл 1987 онд Кэмбрижийн их сургуулийн нэгэн антропологич ирж хээрийн судалгаа хийдэг юм байна. Би түүнд хийж байгаа юмнуудаа үзүүллээ. 1 жилийн дараа тэрхүүү антропологич намайг Кэмбрижид ирэхийг хүссэн юм. Үүний яг өмнө би ажлаа солив. Ордосын төвд орчуулагч, худалдааны менежерийн ажилд орсон байсан. Намайг ажилд авсан газар ч гэсэн анх удаагаа орчуулагч авсан байлаа.
 
Би 1989 оны 1-р сард Английн Кэмбрижийн их сургуульд явсан. Тухайн үед Нийгмийн хүн судлалын тэнхмийн дэргэдэх “Монгол, дотоод ази судлалын төв”-д айлчлахаар явсан юм. Ерөнхий монголын тухай л судалгаа гэж бас хэлж болно. Тэнд гурван сарыг өнгөрөөлөө. Дараа нь тэдний сэтгэгдэл ч муугүй байсан. Тиймээс дахиад миний тэнд байхыг гурван сараар сунгасан. Энэ үед Хятадын нөхцөл байдалд маш том өөрчлөлт бий боллоо. Би тэр үед үүнийг бас нэг их анхаарч байгаагүй. Уг нь би өдөр бүр зурагтаар харж л байсан. Нэг талдаа миний мэдрэмжээс их холдсон байсан шиг байдаг.
 
Яагаад гэвэл би 1986 оноос хойш хөдөө яваад дахин хотын амьдрал, соёлын хөдөлгөөнөөс тэр чигтээ хол байсан билээ. Тухайн үед Кэмбрижийн багш надаас тэнд үлдэж доктор үзэхийг зөвшөөрч байгаа эсэхийг минь асуусан. Ингэж л би гэдэг хүн Кэмбрижийн их сургуульд тэтгэлэг хүртсэн юм. Бас антропологийн зам минь эхэлсэн дээ. Би 1989 оны 10-р сард уг сургуулийн хүн судлалын тэнхимд ороод нэг жил магистрт сурсаны дараагаар докторт орсон юм. Тэр үед би 25 настай байлаа. Тухайн үеийн хүсэл зорилго бол буцаж нутагтаа ирээд Чингис хааны тахилгыг судлах байсан боловч Хятадын орчин ямар билээ дээ.
 
Буцаж ирж судалгаа хийх нөхцөл үнэхээр байхгүй байсан. 1988 онд Горбачев Хятадад ирж, түүхэн айлчлал хийсэн нь Зөвлөлт, Хятадын хурцадмал харилцааг намжаалаа. Үүнийг дагаад Монгол, Хятадын харилцаа ч эерэв. Хилийг ч нээлттэй болгов. Хоёр улс визгүй зорчих боломжтой болов. Энэ бол надад ямар их түүхэн боломж байсан гэхэв дээ. 1990 оны зун БНМАУ “Монголын нууц товчоо”-ны 750 жилийн ойн хурлыг зохион байгуулж, би Улаанбаатар явж хуралд оролцов. Энэ нь над шиг хүнд түүхэн шинжтэй хэрэг учир байлаа даа. Би хээрийн судалгаа хийхийг хүсэж байлаа. Тухайн үед Монгол улс дөнгөж ардчилсан улс болсон байсан. Энэ нь надад маш сонирхолтой байв. Би тухайн үед Монголын ардчиллын үйл явцыг судалж байв. Төв Азийн энэхүү бүс нутагт түрүү нийгмийн үзэлт төр болон Монгол мэтийн ийм үндэстэн ардчиллыг яаж ойлгож, таниж байна вэ? Монголын ардчилсан хувьсгал ямар учраас ялалтанд хүрсэн бэ? Хятад бас л ардчилал, эрх чөлөөг хайж байна. Монголчууд амжилтанд хүрлээ. Тиймээс л би түүнийг судалж байсан юм.
 
Би 1991 оны 4 сараас 1992 оны 4 сар хүртэл Монгол улсад хээрийн судалгаа хийв. Намайг хамаарч байсан байгуулага бол Олон улсын монгол судлалын холбоо байсан бөгөөд би тэнд хянан туслагч хийж байлаа. Энэ үед би ардчиллыг бас сайн ойлгохгүй байв. Харин Монгол улсын үндэстний харилцааг л шинээр таниж эхэлсэн юм. Хил нээлттэй болсоны дараагаар маш олон Өвөрмонголчууд Монгол улсад нүүж очихыг хүсэж байсан. Тухайн үед нэг мэдрэмж их хүчтэй болсон нь 50-иад оны сүүлээс эхэлсэн бөгөөд хоёр монгол 30 илүү жил харилцан холбоогүй байсны дараа сая хил нээлттэй болж, бид харилцан биенээ тэврэн уйлж байсан ч би их хурдан энэ төрлийн сэтгэл хөдлөл алга болж байгаагаа олж мэдэв. 
 
Сэтгэл хөдлөлийн дараагаар нэгэн төрлийн хүйтэн бас гайхсан ажиглалт надад төрж эхлэв. Өвөрмонгол хүн Монгол улсын монгол хүнийг нэг л хараад энэ бол бидний төсөөлсөн Монгол хүн биш гэх ба нөгөө талд Монгол улсын хүн Өвөрмонголчуудыг харангуут бид бас тэдний төсөөлсөн монгол хүн биш болсон байв. 30 жилийн тусгаарлалт, салалт нэгэн ижил үндэстний хоёр хэсгийн хооронд соёлын ямар том заагийг бий болгох нь тэр вэ? Соёлын ялгаа зөрөөний хамгийн чухал нь Монгол улсын Оросжилт хийгээд Өвөрмонголын Хятаджилт байв. Өвөрмонголчуудад Монгол улсын талаар нэгэн төрлийн хүлээлт, төсөөлөл байв.
 
Мөн Монгол улсынханд ч гэсэн Өвөрмонголчуудын талаар нэгэн төрлийн хүлээлт, төсөөлөл байсан бөгөөд энэхүү хоёр хүлээлт, төсөөллийн хооронд нэгэн төрлийн мөргөлдөөн үүсэж байсан юм. Мөргөлдөөний шалтгаан нь үйл явц хийгээд үр дүн бөгөөд энэ нь яг миний судалгааны сэдэв болов. Өвөрмонголчуудын хүлээлт, төсөөлөл нь эцэстээ урам хугаралт болон уур хилэн болж хувирав. Харин Монгол улсынханы төсөөлөл эцэстээ Өвөрмонголчуудыг хөсөр хаях байлаа. Мөн сэтгэлийн гүн дэхь ижилсэлтээсээ зайлуулах гэж хэлж болно. Өвөрмонгол хүн хэдийгээр тэдэнд уурлах ч тэдэнтэй л ижилсэх бөгөөд тэд харин Өвөрмонголыг бол хаалганы гадна гаргадаг. Энэ нь мэдээжийн хэрэг зөвхөн ерөнхий байдал ч гэсэн дотроо зарим нь бас адилгүй л дээ.
 
1990-ээд оны эхээр Хятад, Орос аль аль нь Монгол болон Өвөрмонголд их сонор сэрэмжтэй хандаж байсан. Би Өвөрмонголд “Гадаад монгол” гэж ярихгүй. Тэд гадаад монгол биш. Учир нь тэд тусдаа бие даасан Монгол улс байхад хэзээ ч ингэж бид ярьж болохгүй. Хэрвээ Гадаад монгол гэж ярихад хүрвэл тэр Хятадын нэг хэсэг гэсэн үг. Тэрчлэн Хятад төвт үзлийн хэрэглээ болно. Орос болон Монгол энэ хоёр улс ялангуяа Хятад ихэнхдээ нэг үндэстний хоёр хэсэгт хамт гэж үзэхийн зэрэгцээ Пан-монголизмын үзлийг дахин өөрөөр сэдрээж, дахин тогоонд чанаж байдаг. Уг гурван Монголын нэгдэл гэдэг бол Оросын Буриад Монголын хамт дахин байгуулах эзэнт гүрний тухай юм. Энэ нь Хятад Оросод заналхийлэл болдог.
 
Тиймээс энэ хоёр улс Монголчуудыг маш сэжиглэнгүй харах бөгөөд эцэст нь гурван Монголыг салангид болгон бутаргасан. Аль эсвэл хоёр Монголыг ч гэж хэлж болно. Яагаад гэвэл Оросын Буриад тийм ч идвэхтэй биш. Нөлөөлөх хүч нь ч том биш. Хүн ам нь мөн их биш. Би тухайн үед энэ асуудлыг судалж байхад Хятад энэ талын асуудал дээр нэгэн төрлийн төсөөлөлтэй байсан. Тэрхүү төсөөлөл хийгээд түүний хүлээлт нь монгол хүнтэй хамт нэгдсэн гэж таамагласан. Хятад хүн, Монгол хүн, Өвөрмонгол хүнтэй харилцан холбоо тогтоохыг хараад хоёр тал сүлбэлдэж байна гэж үзнэ. Аль эсвэл монголын нэгдсэн улс байгуулах гэж байна хэмээн бодохын зэрэгцээ дараа нь биднийг дарлах гэж байна хэмээн ихэнхидээ боддог. Гэвч миний судалгаагаар хоёр Монгол богинохон хугацааны сэтгэл хөдлөлийн дараа хүйтэн харилцаатай болсон. Харилцан зэрэг дэсийг бий болгосныг олж мэдлээ. Миний докторын ажил энэ тухай л өгүүлсэн байгаа даа.
 
Миний судалгааны хамгийн том асуудал бол ямар учраас Монгол улсын ихэнхи хүн Өвөрмонголыг ижилсэлтдээ багтаадаггүй вэ? Ямар хүн Монгол хүн гэдгийн нөхцөлийг өөрчлөн бүтээсэн юм бэ? Бидний эдгээр Өвөрмонголчууд Хятадын Монгол бөгөөд тэгсэн ч тэд өөрийгөө Монгол л гэнэ. Хятад бас тэднийг Монгол гэж боддог. Түүнчлэн Өвөрмонголчууд маш хүчтэй ухамсар бүхий Монгол хүн. Иймээс зүй ёсоороо бол Монгол улсынхан хамгийн их хүлээн зөвшөөрөх ёстой баймаар. Хятадын Монгол бол тэдний үндэстний орхигдсон нэг хэсэг. Ах дүүгээ хаяж байгаа боловч тэд ингэж бас хүсээгүй. Зүгээр ингэж санагдсан.
 
Тэд Хятадтай адилгүй. Хятадууд далайн гаднах ах дүүсээ бүгдийг нь нэгтгээд авч ирэх хэрэгтэй гэдэг. Хятадын далайн гаднах элэг нэгтгэн, Хуа хүн бүгд эргэж нэгтгэлд ордог. Тэдэнд ийм нэгэн том Дундадын үндэстний ойлголт байна. Энэ бол Хан үндэстний сэтгэлгээний хэлбэр. Үүнтэй эсрэгцүүлвэл миний судалгаа бол ямар учраас Монгол хүнд ийм сэтгэлгээний хэлбэр байхгүй байна вэ? Өвөрмонгол хийгээд Монгол улсын ижилсэлт ямар нэг түвшинд Хятадын сэтгэлгээний энэ хэлбэр нөлөөлсөн үү үгүй юу? Яагаад гэвэл Хятад бол нэгэн төрлийн Пан-Дундад үзэлтэй боловч тэр нь алдаатай зүйл. Тиймээс би ямар учраас Өвөрмонголд энэ үзэл хүчтэй байгааг эрж хайж байсан. Мөн бас Монголд яагаад байхгүй байгааг ч эрж байлаа.
 
            1911 оны 12 сарын 29-ны өдөр Монгол улсын шинэ төр тусгаар тогтнолоо тунхагласан өдөр. Тэр нь Манж Чингээс салсаныг хэлж байгаа билээ. Монгол хүний өнцгөөс авч хэлвэл түүнийг Чинг эсэргүүцэх гэж хэлдэг. Энэ үед Хятадын хувьсгал ч бас үүсэн бий болсон. Чингийн уналт маш олон зүйлийг бүтээлээ. Тэр нь Хан үндэстэн тусгаар тогтнов. Энэ нь ямар учраас Монгол улс тусгаар улс байгуулсанг ойлгоход ашигтай юм. Бид тэр үеийн өнцгөөр асуудлыг харах ёстой юм. Өнөөдрийн Хан үндэстэн бол тэр үеийн улсын гол хүн биш. Тэр үед төрийн гол хүн бол Манж бөгөөд туслах нь монгол байв. Тиймээс өнөөдрийн Хятадын маш олон өгүүлэл судалгаанд маш олон түүхчид дэвсгэр түүхийн асуудлыг андуурч байгаа нь харамсалтай.
 
Би Монголын тусгаар тогтнол, түүний үйл явц хийгээд үндэстний үйл явц, социалист Монгол, ардчилал бий болох үйл явцыг нарийн дэлгэрүүлэн судалсан. Миний олж мэдсэнээр энэ улс бол Халх хэмээх нэгэн угсаатны бүлгээр голлосон улс. Энэ улс Халх дээр төвлөн байгуулалт хийсэн нь Амеркийн туг дотор харуудынх нь байдаггүй түүхийг давтаж байгаа хэрэг юм. Өвөрмонгол хүн мөн санаа алдаж хоцорсон бөгөөд тэдний хүсэн хүлээдэг улсад тэдний хувь, байр суурь байхгүй. Энэ улс эхнээсээ л тэр нэг угсаатны бүлэг дээр төвлөж байгуулалт хийснээс биш бүх Монгол дээр төвлөөгүй юм. Энэ асуудал нь олон хүний сэтгэлд хутга дүрэв. Өвөрмонголын Монгол бол тэдний хилийн чанад дахь үндэстэн биш.
 
Ямар учраас ийм нөхцөл үүсэн гарч ирж байна вэ? Энэ бол Монголын өөрийн нийгмийн бүтэцтэй хамаатай зүйл. Бид бол төвийн нэг хэсэг үндэстэн. Нэг мөчир салаатай адилхан. Нэг салбар нь захирах эрхтэй бусад нь тийм юм байхгүй. Монгол хамгийн гол нь нэг үндэстний байгуулсан улс. Харь үндэстний бүхий л овог аймгууд хоорондоо эрх тэгш байдгийн ижил. Монголын бүхий л угсаатны бүлгүүд бүгд эрх тэгш. Бид тэдний угсаатны бүлгийн дунд орж чадахгүй боловч энэ нь Монголын тусгаар тогтнолд бусад Монгол угсаатны бүлгийн хувь нэмэр байгаагүй гэсэн үг биш билээ.
 
            Монгол улсын үүсэн бүрэлдсэн хөгжлийг ойлгохын тулд 1945 оны 8-р сарын 15-ныг эргэн санах хэрэгтэй бөгөөд үүний дараа Өвөрмонгол хувь заяагаа шийдсэн юм. Найман замын цэрэг Шаньси, Шаньшигийн замаар хөдөлсөн бөгөөд Гоминдан нам Сичуанд байсан юм. Уулнаасаа буугаагүй байх үед Монгол болон Зөвлөлт, Манжуур болон Өвөрмонголын зүүн хэсгийг чөлөөлсөн юм. Энэ үеийг ярих үед бид заавал тухайн үеийн хил хязгаарыг ярих хэрэгтэй болно. Түүнчлэн энэ бол нэгэн социализмийн лагерь байсныг харах болно. Өнөөдрийн төрийн үзлээр гол болгож таамаглах хэрэггүй. Зөвлөлт болон Монгол хоёр орж ирснээс хойш тухайн үеийн хоёр Монголын нэгдсэн хөдөлгөөн байсан. Өвөрмонгол Японы эзэнт гүрний захиргаанаас чөлөөлөгдөв.
 
Яаж болно вэ? Хэнд тушааж өгөх вэ? Хятадад өгөх юмуу? Хятад тэр үед нэг улс биш байсан. Төсөөлөлийн маягын засаг байсан уу? Хэн очиж Өвөрмонголыг захирах эрх мэдэлтэй байсан юм бэ? Коммунист үзэл нь хүн төрөлхтөнг чөлөөлөв. Коммунист үзэлтэн ямар учраас хүнд бэлэглэж байгаа тэр газраа чөлөөлсөн юм бэ? Гэвч эдгээр сонирхолтой зөрчил нь цааш томорсон юм бол байхгүй.
 
Өвөрмонголын хувь заяа бол Монгол хүн өөрөө шийдвэрлэсэн зүйл биш. Харин дэлхийн том улс шийдсэн зүйл. Ялтын бага хурал Өвөрмонголыг Хятад өгөхийг зөвшөөрсөн тул Хятадын Гоминданы засгийн газар Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөшөөрсөн билээ. Чан Кайши бүх монгол хүмүүсийн албан учир хэргийг бүгдийн зөвшөөрсөн бөгөөд 100% монгол хүний өөрийн улсаа эзэн мэдэхийг 1946 оны 1-р сард зөвшөөрсөн юм. Дундадын Гоминдан, БНМАУ-ын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн боловч Өвөрмонгол бол тэдний нэг хэсэг болж үлдсэн билээ.
 
Өвөрмонголын хувь заяа бол энэ үед л шийдэгдсэн.