богино мэдээ New

А.Баярсайхан: Киног үзээд “Би амьдралд бэлэн үү” хэмээн өөрсдөөсөө асуугаасай гэж хүсэж байна

Ер нь бүх насныханд зориулсан инэдмийн төрлийн энэ уран бүтээлийг Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар хамтран бүтээсэн гэдгээрээ онцлогтой..

“Эхнэрийн эзгүй”-д эрчүүд та нар юу хийх вэ. Үүнд залуус бүр л өөр өөр хариултыг хэлэх байх. Тэгвэл “Крон” энтертайнмент, “Ногоон фильм” продакшны залуус “Эхнэрийн эзгүйд юу хийв” гэдгээ хоёрдугаар сарын 19-өөс эхлэн үзэгчиддээ “тайлагнаад” эхэлжээ.

“Эхнэрийн эзгүйд” инээдмийн уран сайхны кино олны үзэгчдийн хүртээл болсон цагаасаа эхлэн үзэгчдийг байлдан дагуулаад байна.  Гэр бүл, хайр дурлал, нөхөрлөлийн үнэ цэнийг өгүүлэх тус киноны үйл явдал мэдээж, “Эхнэрийн эзгүйд” өрнөнө. Харин өрнөл ямар үйл явдлаар үргэлжлэх бол гэдэг сонин.

Ингээд “Эхнэрийн эзгүйд” киноны зохиолч А.Баярсайхантай кино хэрхэн бүтсэн болон бусад асуудлаар ярилцсанаа хүргэе.

-Таныг энэ киноны зохиолч гэдгийг эчнээ мэднэ. Манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?

-Миний хувьд 2005 онд Соёл урлагийн их сургуульд элсэн орж, 2009 онд Жүжигчин мэргэжлээр төгссөн. Манай багш бол Ардын жүжигчин, Соёлын гавьяат жүжигчин Бирвээгийн Мөнхдорж гэдэг мундг хүн бий. Түүний гарын шавь ньболж төрсөндөө баяртай явдаг. Манай ангийг шижигнэсэн 14 залуу төгсөж байлаа. Их сургуулиа төгсөөд Дорновийн “Саран хөхөө” театрт зургаан жил ажилласан. Харин одоо чөлөөт уран бүтээлч. Ангийн андуудтайгаа хамтраад уран бүтээлээ хийгээд явж байна.

-“Эхнэрийн эзгүйд” уран сайхны кино нээлтээ хийгээд 10 хонож байна. Энэ хугацаанд үзэгчдийг байлдан дагуулж ,сэтгэлийг нь хөдөлгөсөн нь  олон нийтийн сүлжээгээр “тархах” иргэдийн санал сэтгэгдлээс илхэн. Ингээд кино бүтсэн түүхээс хуваалцаач. Кино зохиолыг нь яагаад бичихээр болов?

- Нэгэнт сургуульд нь сураад жүжигчин гэх мэргэжлийг өвлөсөн болохоор дэлгэцийн уран бүтээл хийе гэдэг санаа байсан.Ингээд ангийнхаа залуустай санаа нэгдээд энэ салбарт хүч үзэхээр шийдэж, 2015 оны долдугаар сард киноны зохиолоо бичиж эхэлсэн. Харин киноны зураг авалтаа өнгөрөгч оны 11 дүгээр сарын 28-нд албан ёсоор эхлүүлж, нэгдүгээр сард дуусгасан байгаа. Киноны зураг авалт  идэр ес тачигнаж байсан яг тэр үеүдэд хийгдсэн. Залуустаа гэр бүлийн үнэ цэнийг ойлгуулахыг зорьж, энэхүү киног бүтээсэн.

-Нэг ангийн залуусын уран бүтээл юм байна. Киноныхоо уран бүтээлчдийн талаар танилцуулбал?

-Киноны найруулагчаар Г.Содбилэг ажиллаж, гол дүрүүдэд жүжигчин Д.Хосбаяр, С.Баасанжаргал, Д.Энхбат нар тоглосон. Ер нь бүх насныханд зориулсан инэдмийн төрлийн энэ уран бүтээлийг Монгол Улсын Ардын жүжигчин Б.Мөнхдорж багшийн үе үеийн шавь нар хамтран бүтээсэн гэдгээрээ онцлогтой.

Үүнээс гадна 10 сартай А.Энэрлэн,  4 сартай С.Оргилсаран гээд хүүхдүүд тоглуулсан.

-Нялх хүүхдүүд юм байна шүү дээ?

-Тиймээ. Жаахан хүүхдийн зураг авна гэдэг хүнд л дээ. Манай зургийн багийнхан жаахан хүүхдүүдийнхээ ая талыг харж байж л зургаа авч байсан. Энэ кинонд А.Энэрлэн маань үхсэн дүр үзүүлдэг. Тэр хэсгийн зургийг авахын тулд хүүхдээ бүхэл шөнөжин унтахыг хүлээж байлаа. Уул нь ганцхан минутын зургийг авах ёстой ч оройн 20 цагаас эхлэн бүтэн 12 цагийн турш хүүхдийг дээшээ хараад унтахыг хүлээсэн. Дандаа хажуу тийшээ, эвсэл доошоо хараад унтчихаад үхсэн мэт дүр ерөөсөө гарч ирэхгүй байсан л даа. Хүчээр дээш нь харуулах гэхээр сэрчихнэ. Ингэж шөнөжин хүлээж байж үүрийн таван цагт зургаа авах жишээний.  Хүүхдийн зураг авна гэдэг ер нь хүнд юм билээ.

-Киноны үйл явдал нууц байх л даа. Гэхдээ кинонд яг ямар үйл явдал өрнөдөг юм бол?

-Товчхон хэлэхэд, багаасаа нөхөрлөсөн гурван найзыг өглөө сэрэхэд нь хачирхалтай гэмээр бас аймшигтай ч байж болох нэгэн бэлэг угтаж буйгаар киноны үйл явдал өрнөх юм. Мэдээж, ямар бэлэг байв, тэрхүү бэлэг тэдний амьдралыг хэрхэн өөрчилж, киноны нэртэйгээ хэрхэн дүйж байгааг киногоо үзсэнээр мэдэх боломжтой.  Юутай ч адал явдалтай хөгжилтэй хөгжөөнтэй басхүү ухаарал хайрласан кино байгаа.

 

-Тэгэхээр үзэгчдэд киногоороо, зохиолоороо дамжуулж юу "өгөх"-ийг хүссэн юм бэ ?

-Киногоороо дамжуулж залуустаа ганцхан зүйлийг л ойлгуулахыг хүссэн. Гэр бүл, хайр дурлал, үр хүүхэд гэдэг ямар үнэ цэнэтэй, нандин зүйл вэ гэдгийг. Өнөөдөр залуус маань төлөвлөлтгүй гэрлэснээс болж салэ сарних, гэр бүлийн үнэ цэнийг алдагдуулж, түүнийгээ ч өөрсдөө ойлгохоо байсан юм шиг санагддаг.  

Иймээс кино зохиолчийн хувьд энэ киног үзсэн хүн бүхэн өөрсдөөсөө “Би амьдралд бэлэн үү” хэмээн асуугаасай хэмээн хүсэж байна.

-Үзэгчид киногоо үзээд энэ талаар өөрсдөө дүгнэлтээ хийх биз ээ. Харин дэлгэцийн бүтээлд кино шүүмжлэл чухал мэргэжил шиг санагддаг. Энэ киног шүүмжлэгчид хэрхэн хүлээж авсан бэ?

-Яг мэргэжлийн кино шүүмжлэгчдийг олох хэцүү л дээ. Гэхдээ кино театруудад киногоо өгөхийн тулд шалгуулдаг. Кино театруудын менежерүүд тухайн гаргах гэж байгаа киногоо шалгаж, тав хүртэлх оноогоор үнэлдэг юм билээ. Нэг үгээр бол зочид буудлуудыг таван одтой, хоёр одтой гэж үнэлдэг шүү дээ. Яг түүн шиг. Киног бол дүрс, дуу, зохиол, орчин үеийн тоног төхөөрөмж, жүжиглэлт нь хэр байна гээд үнэлгээ өгдөг.  Тэрхүү үнэлгээгээр “Эхнэрийн эзгүйд” кино 4,8 гэсэн оноог авсан. Энэ тоо бол монгол кинонууд дундаа өндөр үнэлгээ гэдгийн театрын менежер хэлж байсан.Ер нь сайн үнэлгээ авсан гэсэн үг.

-Киноны үеэр болж байсан хөгжилтэй явдлаасаа хуваалцвал?

-Киноны үеэр нэг харамсмаар, бас инээдтэй зүйл болсон Манай н.Даваахүү гээд найз маань Дорноговиос цагдаагийн дүрд тоглохоор Улаанбаатарт ирсэн байсан. Тэрбээр энэ киноны зураг авалт эхлэхээс дуусах хүртэл  туслах ажилтнаар ажилласан. Ингээд яг түүний зураг авалт хийгдэх болсон чинь киноны үйл явдал хугацаанаасааа хэтэрсэн тул дүрдээ тоглож чадаагүй буцсан. Жаахан харамсалтай.

-“Эхнэрийн эзгүйд” киноны зохиол таны хувьд дэлгэцийн хэддэх бүтээл вэ?

-Энэ уран бүтээл бол миний дэлгэцийн бүтээлээс анхных нь. Өмнө нь “Нарыг хэн хулгайлсан бэ”, “Хичээлийн дараа” гэсэн хоёр хүүхдийн жүжиг бичиж байсан.

Эхнэрийн эзгүйд инээдмийн уран сайхны кино бүх КИНО ТЕАТРУУДАД

-Танд дахин дэлгэцийн бүтээл хийх сонирхол байна уу?

-Байлгүй яахав. Дахин ангиараа дэлгэцийн бүтээл хийе гэсэн бодол байгаа. Уран бүтээлч хүмүүс бол нийгэмд байгаа бүхнийг  уран бүтээлдээ тусгаж, үзэгчдэд ухаарал хайрлах шүү дээ.

Бид маш том мөрөөдөлтэй. Жүжигчин бүр уран сайхны дүр бүтээх мөрөөдөлтэй бөгөөд тухайн дүрээ амилуулж, үзэгчдийн сэтгэлд хоногшуулах байдаг. Дараагийн уран бүтээлээрээ дахин инээдмийн кино хийнэ, мөн эйкшн болон домог, түүхэн кино хийх төлөвлөгөөтэй байгаа.

Үүнээс гадна гадаадад ажиллаж, амьдрах сонирхолтой залуус олон болсон. Тэд нарт зориулан “Харьтугай” хэмээх дэлгэцийн уран бүтээл хийхээр шулууд байна.

-Та хэдэн жилийн өмнө “Гэгээн муза” наадмаас шагнал хүртэж байсан байх аа?

-Би их сургуулиа төгсөөд Дорноговийн “Саран хөхөө” театрт зургаан жил ажилласан. Энэ хугацаандаа Монголын театрын урлагийн шилдүүдийг тодруулдаг “Гэгээн муза” наадамд гурван удаа өрсөлдсөн. Ингээд 2013 оны наадмаас “Шилдэг эрэгтэй гол дүрийн жүжигчин” шагналыг хүртсэн. Энэ миний хамгийн том амжилт.

-Киног бүтээхэд тусалж дэмжсэн хүмүүстээ та талархлаа илэрхийлж болно шүү?

-Тусалж дэмжиж байсан хүн олон байна. “Налгар түшиг” компани, “Мана баганат” констракшн, Б.Мөнхдөржийн багшийн шавь нар болон 2012 оны төгсөлтийнхөн гээд тусалж дэмжсэн маш олон хүн байгаа. Тэдгээр хүмүүст болон бусад бүх дэмжиж тусалж байсан найз нөхөд, ах эгч нартаа баярснаа илэрхийлмээр байна.

Ярилцсанд баярлалаа.

М.Уянга

Buzznews.mn