Сэтгүүлч Л.Баатархүү
Монгол Улсын хэмжээнд корона вирус цар тахлын халдвараар өнөөдрийн байдлаар 22884 хүн өвчилж, 49 /өнөөдрийн мэдээллээр 5/ нь энэ халдварын улмаас хүн гэр бүлээ орхин хорвоогийн мөнх бусыг үзлээ.
Ердөө энэ сарын 15, 16-нд онош нь батлагдаж эмчлүүлж байсан 30 хэдхэн настай хийж бүтээх, оргил үедээ яваа залуус, үр ачынхаа сайн сайхныг харан суухаар гавъяаныхаа амралтад гарсан 50, 60 настнууд маань эндлээ.
Корона вирусыг олон нийтийн сүлжээнд улс төрийн нөлөөгөөр ч юм уу бүү мэд үл итгэх, тоомжиргүй хандах, “худлаа тоо хэлж байна” гэх маягаар олон нийтийн анхаарлыг сулруулах ажил олон хийж байна.
Өөрийнх нь ойр тойрны эсвэл, өөрөө нүдээрээ хараагүй л бол итгэдэггүй монгол зангийн гай аюулын бүр тод улаан түвшинд аваачиж байгаа нь нууц биш.
ХӨСҮТ-ын тархвар судлалын багийнхан халдвар авсан иргэддээ хүрч чадахгүй, ачааллаа дийлэхгүйд хүрч өвчнийг нэн хүндрүүлэх, амь насаа алдах эрсдлүүдэд хүргэж эхлэв. Нэг сайн мэдээ нь нийслэлийн дүүрэг бүрт тархвар судлалын баг гарсан нь халдвар авсан иргэддээ арай хурдан хүрэх боломж үүслээ. Гэхдээ тэд, хүрч дийлэхгүй байгаагаа нуусангүй.
Эрүүл мэндийн яамны өнөөдрийн мэдээллээр Улаанбаатар хотод 767, орон нутагт 118 тохиолдолд бүртгэгдлээ. Дэлхий нийтэд эл өвчнөөс болж өчигдрийн байдлаар 3.003.794 хүн амь насаа алдав.
Манай улсад хатуу хөл хорио тогтоосон ч халдварын тохиодол маш өндөр хэвээр байна. Нийслэлд одоогийн байдлаар 10 гаруй эмнэлэгт 4000 орчим ор бэлтгэсэн байсан бол дахиад 1000-ыг нэмэхээр болжээ.
Нийгэмд “Ороо хурдан олон болгоо ч” гэсэн мэдээлэл их явж буй. Харамсалтай нь дэлгэх ор, талбай нь байв ч мэргэшсэн нарийн мэргэжлийн эрчимт эмчилгээний эмч, сувилагч нар хүрэлцэхгүй, хүний нөөцийн дутагдалд орж эхэлсэн нь бүр ч том айдас төрүүлж байна.
Чихэнд таатай нэг мэдээ нь галын шугамд ажиллаж буй тэд нарт хоёрдахь тунгийн дархлаажуулалтыг хийгээд явж байгаа аж. Мөн маргааш Астразенака 50000 тун ирэх юм.
Өнгөрсөн жил манай улсад халдвар бүртгэгдсэн цагаас эхэлж улсын хэмжээнд 1, 2, 3, 4-р зэргийн багийг эмнэлгүүдэд бэлтгэж одоогоор 2, 3-р зэргийн бэлтгэгдсэн баг нь ажлаад эхэлчихсэн байгаа аж.
Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудын зөвлөмжид “Уг халдвар хүн хоорондын харилцаагаар дамжиж байгаа учраас дорвитойхон шиг хатуу хөл хорио тогтоож, хөдөлгөөнийг бүрэн хорьж байж халдварыг нам дарж чадна. Бид энэ хугацаанд 28 хоногийн хатуу хөл хорио тогтоож байж ирэх долоо, наймдугаар сард өдөрт 10-с доош, есдүгээр сард хэвийн амьдралдаа шилжин очих боломж байгаа” гэдгийг тогтмол хэлж байна.
Гэвч Засгийн газар, Улсын онцгой комисс тоомжиргүй хандсан хэвээр. “Амьд хүн аргатай” гэдэг дээ. Өнгөрсөн саруудад одоогийн тархалтын түвшин гарахыг эрдэмтэд анхааруулсаар байсан.
Манай улс бусад хөгжингүй орнууд шиг эрүүл мэндийн салбар, эдийн засгийн чадамж тийм сайн бил үү?
"Галуу хэрээ дуурайж хөлөө хөлдөөнө" гэдгийн үлгэрээр АНУ-ыг дуурайж үл болно. Манай өмнөд хөрш 40-72 хоногийн хатуу хөл хорио тогтоож байж одоо ногоон бүс болсон.
Улстөрчид өөртөө ашигтай оноо авахыг л бодохоос ард түмний амьдрал, эрүүл мэнд, эмч, сувилагч, эрүүл мэндийн ажилтнууд, эмнэлгийн хүчин чадлыг тооцож харах сэтгэл зүрх байхгүй.