Сэтгүүлч Б.Мөнхсайхан
Жил жилийн “Болор цом” наадмаар “Л.Ганзул түрүүлнэ” гэж утга зохиолын хүрээнийхэн, үзэгчид олон болон хэвлэл мэдээллийнхэн ч таамагладаг. Харамсалтай нь тэрбээр байнд ч үгүй банзанд ч үгүй хоцордог нь бараг л бичигдээгүй хууль болсон. Л.Ганзул, В.Нэргүй, Б.Баттулга нарыг эхний тавд эсвэл аман хүзүүнд үлдээвэл өрсөлдөгчөөсөө илт давуу байх нь тодорхой тул тэднийг эрт “нясалчихдаг” илт. Энэ нь сүүлийн хэдэн жилийн “Болор цом”-ын эзний нэрийг дугтуйнд хийгээд шүүгчдэд өгдөг болсонтой холбоотой болов уу. Бодлогын хүн “Болор цом”-ын эзнээр тодордог гэх яриа энэ салбарынхны болон олны дунд бий. Гэхдээ яахав түрүүлсэн нь бас ч гэж тийм муу хүмүүс биш л дээ.
Л.Ганзулыг хасагдахад үзэгчид “эмоцио” гарган, хашгичиж эсэргүүцлээ илэрхийлж сүйд болдог ч тэгсхийгээд л мартчихдаг. Дараагийн жил мөн л Л.Ганзул түрүүлнэ хэмээн ярина. Бас л байнд ч үгүй хоцорно. “Болор цом”-ын өмнөх эздийг харъя л даа. Д.Цоодол, Б.Лхагвасүрэн, Б.Ичинхорлоо, Ц.Хулан талийгч Д.Пүрэвдорж гээд дурдаад байвал чанар ханхалсан жинхэнэ уран бүтээлчид байгаа. Тэд тиймдээ ч зарим нь гурав, зарим нь хоёр удаа түрүүлсэн.
Харин сүүлийн үеийнхэн бол бодлогын хүн учраас тэд “Болор цом”-ын эзэн гэсэн нэр хүндийг хүртсэн л бол “болоо” гэсэн шиг таг чиг. Ямар юмных нь дахиж түрүүлэх бүр айргийн тавд шалгарах хэмжээнд өрсөлдөхгүй болсон. Зүгээр л бэлгэ тэмдэг “Болор цом”-ын эзэн бол түрүүлсэн морь, түрүүлсэн бөх шиг л ард түмний их хүндэтгэлийг хүлээдэг. Үндэсний бөхөөр барилдаад түрүүлсэн бөх дараагийн наадамдаа бас л шуугиулдаг шүү дээ. Харин Болор цомын бодлогын хүн дараагийн наадамд гарч ирж дэвчихээд л ордог болсон.
“Болор цом” бодлогын хүнээ тодруулах зарчмаар яваад байх юм бол эцэстээ бригадын өдөрлөгөөс ч дор болно. Энэ жилийн “Болор цом”-ын бодлогын эзний талаархи жиг жуг яриа ч мөн гараад эхэлж. Тэгэхээр жинхэн сайн шүлэгтэй В.Нэргүй, Б.Баттулга, Л.Ганзул, мэтийн найрагчид бодлогын хүнд саад болж мэдэх тул эхний даваанд хасагдах магадлал өндөртэй гэдгийг ажиглагчид хэлж байна.