-Рио Тинто мөнгөө буцааж татна, шинээр мөнгө орж ирэхгүй-
тоймч Л.Баатархүү
-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Та /бие даагчдын бүлэгт байхад/ хэд хоногийн өмнө бие даагчидтайгаа хамтарч Сонгуулийн нэгдсэн хуулийн талаар олон нийтэд мэдээлэл хийсэн. Өөр хэлбэл, та хэд энэ хуульд нэлээд шүүмжлэлтэй хандаж байна билээ. Таны хувьд уг хуулийн яг ямар ямар заалтад санал нийлэхгүй, сэтгэл дундуур байна вэ?
-Баярлалаа. Сонгуулийн тухай хууль Монголын ард түмний төлөө ажиллахад дөхөмтэй байх ёстой. Түүнээс биш олон нийтийн эрх ашгийн эсрэг, хэдхэн бүлэг хүмүүсийн төлөө үйлчилдэг, хэсэг бүлэг нөхдүүд өөрсдийнхөө эрх мэдлийг хадгалан үлдэхийн төлөө зориулсан аминч, бэртгэчин хууль, тоглоомын дүрэм байж ерөөсөө болохгүй. Энэ бол миний хатуу байр суурь. Тэр дундаа бие даагчид, жижиг намуудад халгаатай хууль болсон гэдгийг олон хүн хэлж байна. Манай бие даагчдын зүгээс ч гэсэн Үндсэн хуулийн цэцэд өгснийг би дэмжиж байгаа.
-Та тухайн үеийн хэвлэлийн хурлын үеэр “Бид гурав Сонгуулийн тухай хууль хуучнаараа байсан бол шинэ нам байгуулах гэж байсан юм” гэж байлаа. Чухам нам байгуулах санаа та гуравт хэзээнээс эхэлж төрсөн юм бэ. Нууц биш бол ямар бодлоготой, ямар нэртэй нам байгуулах төлөвлөгөөтэй байв?
-Бид төлөвлөж байсан, төлөвлөж байгаа зүйлүүд өчнөөн бий. Гэхдээ төлөвлөгөөнийхөө талаар бусдаасаа урьтаж ярьмааргүй байна. Хууль нэгэнт өөрчлөгдсөн болохоор миний хувьд “Цаашдаа улс төрийн үйл ажиллагаагаа яаж үргэлжлүүлэхийг Дархан-Уул аймгийн сонгогчдоос асууна” гэсэн. Бидний эзэд бол иргэд. Манай сонгогчид Хөдөлмөрийн үндэсний намд /ХҮН/ элсэхийг үндсэндээ дэмжиж тус аймгийн ХҮН-д гишүүнчлэлээр элссэн. Тийм учраас өнөөх хоёр бие даагчдаа өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 29-өөс өмнө тус намд элсэх тухайгаа хэлж, тэд маань ч дэмжиж ажиллахаа илэрхийлсэн хэрэг.
-Өнгөрсөн 2014 оны сүүлээр байна уу даа, та УИХ-ын гишүүн Х.Баттулга, Г.Уянга нарын тэргүүтэй гишүүдийн хамт тусдаа нам байгуулах талаар шуум дэгдэж байсан. Гэтэл өнөөдөр ХҮН-д та элсээд, дарга нь болчихлоо. Магадгүй тэр шуумын үр дүн, илэрхийлэл нь ХҮН байв уу гэх хардлага байна л даа?
-Тухайн үед 11 гишүүн нэгдэж нам байгуулъя, болохгүй бол тусдаа идэвхитэй, хүчтэй бүлэг байгуулъя гэж би ч хувьдаа олон нийтэд мэдээлж байсан. Гэвч тэр үед МАНАН-ийнхан “ухаан алдатлаа айсан”. Сонин хэвлэлээр над руу маш том дайралт ирснийг та бүхэн мэдэж буй. Үүнээс үүдээд манай зарим нөхөд намайг нам байгуулахыг дэмжээгүй. Харин хамгийн их дэмжиж, санаа бодлоо хуваалцаж байсан О.Баасанхүү, Л.Цог, Ц.Оюунбаатар нарын гишүүд байсан юм. Товчхондоо тэр санаа бүтээгүй.
-Магадгүй бие даагч байхад та гурав өөрсдийнхөөрөө үзэл бодлоо илэрхийлж хүчтэй харагдаж байсан. Гэхдээ хүчгүй. Олон хүн таныг аль хэдийн нэг намын харъяалалд орж илүү хүчтэй байгаасай гэж бодож байсан байх?
-Тийм ээ. Үнэхээр хүчгүйдэх үе гардаг.
-Та ер нь ХҮН-д яагаад элсэх болов. Энэ намын юу нь танд тэгтлээ таалагдсан юм бэ?
-Энэ намыг байгуулж, зүрх сэтгэлээрээ нийлж байгаа тэр хүмүүс өнгөрсөн 25 жилийн хүнд хэцүү нийгмийг даван туулж, шалгарч гарч ирсэн. Уг намыг ерөнхийдөө сэхээтнүүд байгуулсан гэж болно. Намыг байгуулсны дараа багш, эмч нар малчид гээд нийгмийн бүх бүлгээс гишүүнээр элссэн. Нөгөөтэйгүүр ХҮН дэргэдээ Судалгааны хүрээлэнтэй. Энэ нь ч таалагдсан. Яагаад гэвэл улс төржихөөс илүүтэйгээр аливаа асуудалд судалгаа, ул суурьтай хандах нь давуу санагдсан. Хоёрдугаарт “Гишүүд, дэмжигчид бидний эзэн юм” гэдэг үзэл, баримтлал нь маш их таалагдсан. Гуравдугаарт улс орон хөдөө аж ахуйг дэмжих, мөн уул уурхай байгалийн баялгийг улс төрийн хэдхэн гэр бүл хувьдаа ашиглах биш нийт ард иргэдийг ядуурлаас бууруулах, ажлын байрыг онцгой нэмнэ гэдэг бодлогыг нь дэмжиж би энэ намд элсэх шалтгаан болсон.
-Танд бусад намаас өчнөөн санал тавиа байлгүй. Гэхдээ та МАН, АН, МАХН-ны алинд ч элсээгүй. Намд элссэнгүй, хамтарч ажилласангүй гэж ямар нэгэн дарамт шахалт ирдэг байв уу?
-Үйлдвэрчний эвлэлийн ерөнхийлөгч байхад бас гишүүн болсноос ч хойш намд элсэх саналыг аль алинаас нь маш хүчтэй тавьж байсан. Харин би Дархан-Уул аймгийн дэмжигчдэд нэг зүйл хэлсэн. “Би та нарынхаа энэ сайхан хайр хүндэтгэл, дэмжлэгийг МАНАН-д худалдахгүй. Харин ард иргэдийнхээ төлөө чин сэтгэлээсээ сайн үр дүн гарган гээд шинээр би болж байгаа залууст өөрийнхөө туршлага, мэдлэгээсээ хуваалцаж, дэмжиж ажиллана” гэдгээ илэрхийлж байлаа. Энэ нь ч миний үүрэг.
ХҮН-д гишүүнээр элсэх санаачлагыг би өөрөө гаргасан
-ХҮН таныг гишүүнээр элсэх саналыг байгуулах гэж байхдаа юу аль эсвэл байгуулсныхаа дараа тавьсан юм уу?
-Санал бол тавиагүй. Харин УИХ-ын гишүүдэд “Манай намтай хамтран ажиллаач, биднийг дэмжээч” гэдэг санал бичгээр ирүүлсэн. Яг хэзээ гэдэг он сарыг нь арай хэлэх боломжгүй байна. Ойролцоогоор зургаагаас долоон сарын өмнө байх. Дараа нь тус намын “Хүн хөгжил” гэдэг эрдэм шинжилгээний хүрээлэн дээр очиж Оюу толгой мөн өөрийнхөө хийж байгаа тэмцлийн талаар таниулга хийсэн юм. Гишүүнээр элсэх санаачлагыг би өөрөө гаргасан.
Дарханчууддаа сэтгэлийн их өртэй гэж бодож явдаг
-Нөгөөтэйгүүр та “жагсагч Ганбаатар”, хууль батлалцдаг гишүүн Ганбаатар хоёрыг харьцуулахад ямар дүгнэлт, харьцуулалт гарч байна вэ?
-Дарханчууддаа сэтгэлийн их өртэй гэж бодож явдаг. Тэмцэгч С.Ганбаатар тухайн үед дахиад дөрвөн жил гадаа, гудамжинд халуунд халж, хүйтэнд хөрч жагссаж явсан бол миний бие дийлэхүү гэдэг асуулт надад гарч ирж байгаа. Хоёрдугаарт гишүүн болсноосоо хойш би зүрх сэтгэлээрээ өөрчлөгдөөгүй. Өнөөх ярьж, тэмцдэг байсан Оюу толгой болон бусад зүйл, ард түмнийхээ сайн сайхны төлөөх тэмцэл маань Төрийн ордон дотроос үргэлжилж байна. Би гишүүнийхээ үүргийг давгүй биелүүлж яваа гэж боддог. Дархан-Уул аймагт улсын төсвийн хөрөнгө оруулалтыг хамгийн сайн хийлгэж жил бүр улсдаа эхний гуравт ордгийг та бүхэн мэдэж буй. Нөгөөтэйгүүр Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль, Компанийн тухай хуулийг батлуулж, 13 хуулийн төслийг өнгөрсөн хугацаанд санаачилсан байна.
Би удахгүй Монголын парламентад бүр олуулаа орж ирнэ
Үнэндээ эртхэн шиг УИХ-ын гишүүн болж тэмцэх минь яав даа гэж бодох юм. Эртхэн гишүүн болсон бол өшөө илүү зүйл хийх байсан болов уу. Өөрийнхөө хүсэл мөрөөдөл, ард түмнийхээ төлөөх тэмцлийн тэр найман жил би хатсан борц шиг болсон гэж боддог. Монголын парламент муу хүмүүсийн газар гэдэг ойлголт, дархлаа олон нийтэд төрчихөж. Нэг жишээ хэлье л дээ. Манай найзууд намайг УИХ-д өрсөлдөх гэж байхад “Чи тийм муухай газар орж яах гэж байгаа юм” хэмээдэг байсныг нуугаад яах вэ. Уг нь олон нийтийнхээ төлөө зүтгэдэг, сэтгэлтэй хүн энэ парламентад хэрэгтэй байна. Нэг зүйл хэлэхэд би удахгүй Монголын парламентад бүр олуулаа орж ирнэ. 25 жил зовоосон муухай зүйлсийг арилгаж ирэх 25 жил сайхан үе байхын суурийг би тавих болно.
-Энэ парламент жагсагчидтай, багштай, хуульч, эдийн засагчтай гээд юм юм л бүрдсэн супер парламент юм шиг санагддаг. Харин таны бодлоор өмнөх парламентуудаас тийм супер парламент байж чадсан болов уу?
-Ямартай ч өмнөх парламентуудтай харьцуулахад Оюу толгойн үнэн мөн чанарыг ярьдаг хүмүүс орж ирснээрээ нэг онцлог. Монголчууд уул уурхайгаас юу ч хүртэхгүй, ядуурлаас ангижирч чадахгүй байна гэдгийг нүүр бардам хэлдэг хүмүүс орж ирсэн, нөгөөтэйгүүр парламентад буй Рио тинтогийн улаан хамгаалагч нарт маш хүнд парламент болсон гэмээр байна. Энэ утгаар нь бол супер парламент байж болно. Гэхдээ АН-ын тэргүүлсэн, Эвслийн Засгийн газрын буянаар ард иргэдийн амьдрал үнэхээр хэцүүхэн болсон. Тэр утгаараа хүнд парламент юм.
“Дубайн гэрээ” Монголын ард түмний газрыг дэлхийн 15 банкны барьцаанд тавьлаа
-Оюу толгойн гүний уурхай ашиглах гэрээнд гарын үсэг зурагдчихлаа. Тамирдсан эдийн засагт хэдэн валют оруулж ирэх сураг байна. Ер нь таны хувьд энэ бүх эерэг дүр зургаас үүдээд бодол санаа, байр суурь тань зөөлөрсөн үү?
-Оюу толгойн байр суурь дээр бүр хатуураад алмаз шиг болж байна.
-Яагаад?
-Яагаад гэвэл, луйвар хэзээ ч засагдахааргүй байдлаар улам гүнзгийрч байна. Үүний нэг жишээ дурьдъя. Өнгөрсөн 2010 оны дөрөвдүгээр сарын 1-нд С.Баярцогт нэг ярилцлага өгсөн байдаг. Уг ярилцлагадаа “Оюу толгойн төслөөс маш их юм хожсон, 2009 оны арванхоёрдугаар сарын 30-нд ам.долларын төгрөгтэй харьцах ханш нь 1410 төг байсан. Гэтэл өнөөдөр 1390 болчихлоо. Цаашид төгрөг үргэлж чангарна. Энэ бол бид хожсоны баталгаа. Үүгээрээ дөрвөн жил явахад бидний цэвэр ашиг 80-90 ам.доллар” гэж хэлж байлаа. Харамсалтай нь өнөөдөр яав. Нэг долларыг 2008 /01.23-ны өдргийн ханшаар/ төгрөгөөр авч байна.
“Дубайн гэрээ”-ний дараа Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ гэрээг байгуулчихлаа. Ам.доллар 50 төгрөгөөр суларлаа. Үүнээс цааш бүр суларнаа. Бид хожлоо” гэж байв. Өнгөрсөн 2009 онд бид өргүй байсан. Тус оны аравдугаар сарын 6-ны өдөр Оюу толгойн гэрээ байгуулах үед “Дотоодын нийт бүтээгдэхүүний гуравны нэгийг энэ ордоос олж, 10000 ажлын байр эхний жилдээ бий болгож, өдөр бүр нэг сая ам.доллар эдийн засагт оруулна” гэж байсан юм. Би яг энэ мөчид улстөржөөгүй, баримттайгаар ярьж байна.
Гэвч өнөөдөр 21 тэрбум ам.долларын өрөнд орчихсон тууж явна. Улсын төсвийн 20 хувийг гадаадын зээлд өгдөг болчихлоо. Энэ бол С.Ганбаатарыг улам их хатууруулж байгаа том шалтгаан.
Нөгөөтэйгүүр УИХ-ын индэр дээр Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “2037 он хүртэл Монгол Улс ногдол ашиг авахгүй” гэж мэдэгдэл маягийн юм хэлсэн. Хамгийн хачирхалтай зүйл нь Оюу толгойн гэрээ 2039 онд дуусна. “Дубайн гэрээ” Монголын ард түмний газрыг дэлхийн 15 банкны барьцаанд тавьлаа. Үүнийг сонсоод би зөөлөрөх үү. Мөн Ерөнхий сайд хамийн сүүлд “Мега” гэдэг улс төрийн эрсдэлд баталгаа өгдөг байгууллагатай гэрээ хийлээ. Харамсалтай нь энэ гэрээ өнөөдрийг хүртэл нууц явагдаж байна. Африкийн зарим орнуудад “Мега” хэмээх эл агентлагтай улс төрийн эрсдлийн гэрээ хийхэд нэг аюултай зүйл нь оруулсан хөрөнгө оруулалт эрсдэлт орсон тохиолдолд цэрэг оруулж болохыг заасан байдаг.
Би Ерөнхий сайдаас уг гэрээг үзье гэхэд өнгөрсөн арванхоёрдугаар сарын 30-ны байдлаар С.Баярцогтын гарын үсэгтэйгээр “Тус гэрээг байгуулъя” гэж 15 банкнаас хүсэлтээ ирүүлсэн. Харин Ерөнхий сайд “болно” гэж хэлсэн хэмээн хүн доромжилж байгаа юм шиг захидал ирүүллээ. Харин миний харах гээд мэдэхийг хүсээд буй зүйл нь ямар утгатай, юуг дурьдсан гэрээн дээр гарын үсэг зурав гэдгийг нь харахыг зорьсон хэрэг. Даан ч болсонгүй.
Рио Тинто мөнгөө буцааж татна
-Оюу толгой ер нь гацсан юм болов уу?
-Оюу толгойг хэн ч гацаагаагүй. Өнгөрсөн 2014 онд Оюу толгой хоёр тэрбум ам.долларын орлогыг оллоо. Улсаасаа баян компанитай. 2015 онд өмнөх оноосоо бүр илүү орлого олж байна. Ард түмэнд яагаад олигтой юм наалдахгүй байгаа юм бэ. Эдийн засгийн өсөлтөөрөө Монгол Улс дэлхийд гуравдугаар байранд орж байна. Гэтэл дэлхийн хамгийн ядуу, дорой орны 129 дүгээр байр, хамгийн өртэй орнуудын наймдугаар байранд ордог. Үүнд С.Ганбаатар зөөлөрч болох юм уу. Рио Тинтод биеэ үнэлээгүй, тэнд бараа шахдаггүй юм бол хэн ч зөөлрөхгүй. Үнэхээр сайхан Монголд амьдрахыг хүсэж байгаа юм бол хэн ч зөөлрөх эрхгүй. 4.2 тэрбум ам.долларын 15 банкны барьцаанд биднийг тавьчихлаа. Тэгэхээр уг мөнгөнөөс нэг доллар ч Монголд орж ирэхгүй.
-Яагаад тэр вэ?
-Рио Тинтогийн хувьцаа эзэмшигчиддээ өгсөн албан ёсны мэдээлэлд “Туркис Хилл тэр 6.8 ам.долларыг авна”. Гэтэл дээр дурьдсан 4.2 тэрбум ам.долларыг Туркис Хилл Оюу толгойгоос аваад Рио Тинтод өгнө. Уг доллар буцаан татах ажлыг энэ нэг, хоёрдугаар улиралд хийнэ. Мөнгөө буцааж татах ажиллагаа буюу бидэнд юу ч наалдахгүй шалтгаан нь энэ. Нэг тодорхой зүйл нь 15 банкинд Монголын Засгийн газрын нэрийг барьж хийсэн гэрээнийхээ мөнгийг Рио Тинто Африкт байгаа уурхайнуудынхаа үйл ажиллагаанд зарцуулна. Ч.Сайханбилэг надад “Битгий популизм хий” гэж хэлэх байх.
Та энэ баримтын зургийг авч болно. Чаддаг юм бол миний ярьж байгаа зүйлүүдийг няцаагаад өгөөч. Үнэн үгний амыг үдээрээр уясан ч олны дунд маш хүчтэй тардаг юм шүү. Олон түмэн “Одоо өнгөрлөө” гэж өнөөдөр Оюу толгойгоос няцах байдалтай болсон байна. Харамсалтай. Амьдралынхаа 11 жилийг үүний төлөөх тэмцэлд зарцуулсан С.Ганбаатар няцаж, шантраагүй байхад зүгээр харж суусан хүмүүс яагаад сэтгэлээр унаад, няцаад байна вэ. Тэгвэл бид юу хийх ёстой юм бэ гэвэл, монголчууд нэгдсэн бодол, санаатай байх нь чухал. Бид Рио Тинтог үг дуугүй дагадаг болтол нь нэгдэх хэрэгтэй.
-Монголчууд оюун санаагаа нэгтгэчихлээ гэж бодъё. Тэгвэл бид жагсаад Оюу толгойн үүдэнд очиж хэвтээд эсвэл зэвсэг бариад дайрах ёстой юм уу. Эсвэл өлсгөлөн зарлах ёстой юу?
-Тэгвэл С.Ганбаатартай адилхан уул уурхайн баялгаас тэгш хүртээнэ гэсэн үзэл бодолтой 76 хүнийг сонгоод өг л дөө.
МАНАН-ийн сайхан цаг 2015 оноор эцэс болсныг хэлчихье
-Та ирэх сонгуулиар ялна гэдэгтээ хэр итгэлтэй байна вэ?
-Би ирэх сонгуульд ялахаас өөр арга зам байхгүй. Өнөөдөр Монголын ард иргэдийн эрх ашгийн төлөө өдий хүртэл дугарч янз бүрээрээ дуудуулж яваагийн хувьд би дахиад илүү хүчтэй тэмцмээр байна. Улс орныг дампуурлаас урьдчилан сэргийлмээр байна. Хамгийн гол нь бид зөв сэтгэлтэй хүнийг сонгох юм бол энэ улс орон сайхан болно.
МАНАН-ийн сайхан цаг 2015 оноор эцэс болж байгааг дашрамд дайчихъя. Ирэх 2016 он монголчуудын сайхан цагийн эхлэл байх болно.
-Та итгэлтэй байна уу?
-Итгэлтэй байна. Тийм учраас ХҮН-д байгаа залуучуудад би өөрийнхөө туршлага, мэдлэг чадвараасаа хуваалцах гэж энэ намд элссэн юм.
-Хамт жагсаж байсан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, О.Магнай нарт ХҮН-д элсэх санал тавьсан уу?
-Би хэнд нь ч санал тавиагүй.
-Та ер нь тойрогтоо юу хийв ээ. Таниас амлалтаа хэр биелүүлэв гэж асуумаар байна. Магадгүй бусад 75-тайгаа харьцуулаад жагсаавал та хийсэн зүйл, хөрөнгө оруулалт тойрог руугаа татсанаараа хэдэд орох вэ?
-Би нэгдүгээр байранд орох байхаа гэж бодож байна. Учир нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар өнгөрсөн гурван жилийн хугацаанд нэгдүгээр байранд эхний гурван байранд орж байлаа. 38 тэрбум төгрөгийн дэд бүтэц болон бусад хөрөнгө оруулалтыг Дархан-Уул аймагт хийнэ гэдэг бол өнгөрсөн 25 жилийн хугацаанд огт хийгдээгүй байсан зүйл. Аймгийн эрүүл мэндийн салбарт гэхэд 3.4 тэрбум төгрөг. Найман цэцэрлэг шинээр бариуллаа. Намайг анх гишүүн болж байхад аймгийн хэмжээнд цэцэрлэгийн хүртээмж 74 хувь байсан. Харин одоо 92 хувь болов.
-Намын гишүүн байсан бол та үүнээс илүү ихийг хийж чадах байв уу?
-Достоевский нэг үг хэлсэн байдаг юм. “Гар нь хүлээтэй байсан ч хүн түмний төлөө зөв сэтгэлтэй байгаад юм хийх сэтгэл зүрхтэй бол ихийг хийж болно оо” гэдэг. Мөн “Эрх чөлөө бол тайван налгар, аясаараа байхыг хэлдэггүй юм шүү. Хяналттай байхыг хэлнэ” гэсэн байдаг.
-Та УИХ-ын эмэгтэй гишүүдтэй нэлээд хамтарч ажилладаг. Тэд Оюу толгой дээр тантай яагаад хамтарч үзэл бодлоо илэрхийлж, тэмцдэггүй юм болов гэх бодол байдаг?
-Тэд маань магадгүй МАНАН-ийн дарамтанд байдаг учраас Оюу толгой дээр даруу байдаг юм болов уу гэж боддог. Ер нь эмэгтэй хүн бол эрчүүдийг бодоход элдэв сөрөг зүйл хийж, өртөөд байх нь бага. Тийм ч учраас Монголын парламентад эмэгтэйчүүдийн тоог нэмэх дээр би үргэлж дэмжсээр ирсэн. Дашрамд бас нэг зүйл дайчихъя. Баян, ядуугийн ялгаа тэнгэр газар шиг байгаа манай оронд нийгэм оршин тогтноход тун хэцүү болж буй юм.
-Таныг популист гэж байнга хаягладаг. Та тийм хүн мөн үү?
-Энэ бараг муу үг байж таараа даа гэж хүмүүс боддог болчихож. Та яг одоо интернэтээс хайгаад үзээрэй. Популист гэдэг үг тайлбар тольд улс төрийн элит цөөхөн хэсгийнхний эсрэг, нийт олонх ард иргэдийн эр ашгийг тунхаглаж тэмцдэг арга барилыг популизм гэдэг байна. Энэ аргыг гүйцэтгэгчийг популист гэнэ. Харин популистын эсрэг хүмүүсийг юу гэдгийг би хэлье. Элитизм гэдэг. Дээд зиндааныхан, ард түмний цусыг сордог хүмүүсийг хэлнэ. Элит хэсгийнхний “дуут шувуухай” болсон Баабар үүнийг уран тодоор хэлсэн.
-Тэгвэл өнөөгийн парламентийн хэдэн хувь нь популист юм болов оо?
-Хувийг нарийвчилж хэлж чадахгүй нь. Тэмцдэг хүн нэг биш нэлээд байгаа.
Цаг зав гарган ярилцсанд баярлалаа. Танд ажлын өндөр амжилт хүсье.