-“Нью тур сафарис” компани нэг м.кв-ыг төрөөс 6000 төгрөгөөг түрээсэлж бусдад 1.50 метр квадрат талбайг 200.000 төгрөгөөр түрээсэлж байна-
Одоогоос хоёр, гурван жилийн өмнө Өргөө-2 кинотеатрын байр буюу Мэдээлэл технологийн үндэсний паркын зүүн хойд хэсэг үзэсгэлэнгийн танхим байсан талбайг “Сод монгол групп” компани хууль бусаар авсан” гэх мэдээлэл хэвлэлээр нэлээд гарсан. Гэвч тухайн үед яг яаж авсан гэх баримттай мэдээлэл тун хомс байсан юм. Тодруулбал, энэ хэсэгт одоо “Өргөө-2” кинотеатр үйл ажиллагаа явуулж буй. Тэгвэл бид “Нью тур сафарис” буюу тус группын охин компани төрийн өмчийн энэхүү талбайг хэдэн төгрөгөөр түрээслэж байгаа вэ, түрээслэсэн талбайн хэмжээ нь үнэн зөв үү, ямар үнэгүйдэл бий болов гэдгийг баримттайгаар хүргэх болно.
Өнгөрсөн 2012 оны нэгдүгээр сарын 1-ний өдөр 54/43 тоот гэрээний толгойд Төрийн өмчийн хорооны Тамгын газрын Хангамж, үйлчилгээний хэлтсийн дарга Я.Цогтбаатарын гарын үсэгтэйгээр тус хэлтсийн мэргэжилтэн Б.Өнөрмаа, Д.Одмаа, Өмч эзэмшигч Мэдээлэл технологийн үндэсний паркын захирал Ё.Сүхбаатар, “Нью тур сафарис” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Алтантөгс нарын гарын үсэгтэйгээр байгуулсан байдаг.
Ийм олон хүний нэр дурьдагдсан энэ гэрээнд үндэслэлгүй, харьцуулалт, судалгаагүй мөн төрөөс бага хэмжээгээр түрээслээд хэд нугалж бусдад түрээслэдэг, ашиглахыг заагаагүй талбайг одоо ашиглаж буй гээд өчнөөн асуудал нуугдсаныг онцолмоор байна.
2448 метр квадрат талбайг нуун дарагдуулжээ
Тус паркын үзэсгэлэнгийн танхимын нэг давхрын 1-18 тоот, хоёр давхрын 1-15 тоот 33 өрөө бүхий нийт 1500 метр квадрат талбайг кинотеатрын үйлчилгээний зориулалтаар ашиглахаар гэрээнд заажээ. Гэтэл талуудын тохирсон эл хэмжээний цаана 2448 метр квадрат талбайг гэрээнд огт тусгаагүй байна. Ийн тусгаагүй овжин ашиглаж буй талбай нь зоорийн болон бусад өрөө, сул талбай байв. Одоо зоорийнхд гэхэд дартс, автомат буу, машин, хийн буу гээд тоглоомын хэсэг бусад дайвар зүйл ажиллуулж байгаа юм. Гэрээнд хонгилын өрөөг хэрхэн, яаж, ямар байдлаар ашиглах тухай нэг ч заалт байхгүй. Мөн нэг, хоёрдугаар давхрын талбайн хэмжээ ч бодит байдлаар тусгагдаагүй аж. Тодруулбал, зоорийн хэсгийн талбай 1386 метр.кв, нэг давхрынх 1428 метр.кв, хоёр давхрынх 1134 метр нийт 3948 метр квадрат. Тэгэхээр түрээслэгч талд 2448 метр квадрат талбай цэвэр ашиг авчрах том түлхүүр болон хувирчээ.
528,768,000 сая төгрөгийг улсын төсвөөс бултуулав
Уг гэрээнд заасан талбайн нэг метр квадратыг “Нью тур сафарис” компани ердөө зургаахан мянгантөгрөгөөр түрээслэхээр тохирчээ. Өөрөөр хэлбэл, нийт 1500 метр квадрат талбайд эднийх сард есөн сая төгрөгийн төлбөр төлнө. Метр квадрат нь 6000 төгрөгийн үнэлгээтэй төрийн энэ объектыг Төрийн өмчийн хорооны зөвшөөрөлгүйгээр гуравдагч этгээдэд давхар түрээслэжээ. Өргөө-2 кинотеатрын ашиглаж буй тус байранд Мобиком, Юнител, Броадвэй салбар, Милк хаус кафе, гар утасны хэрэгслийн худалдаа, дөрвөн банкны бэлэн мөнгөний машин, хийн буудлага, хүнсний худалдаа гээд олон түрээслэгч бий.
Эдгээр талбайг давхар ашиглаж буй байгууллага, хувь хүмүүст “Нью тур сафарис” компани хамгийн доод тал нь 200.000/1,5 метр талбай/, дээд тал нь 5,2 сая төгрөг /Мобиком, Юнител/ хүртэлх үнээр түрээслэж байгаа юм. Тэгвэл “Сод монгол групп”-ын энэ охин компани давхар түрээслэгчдээс гэхэд сард 18 орчим сая төгрөг халаасладаг нь тодорхой. Товчхондоо төрийн данс руу сар тутам хийдэг гэрээнд заасан есөн сая төгрөгөө хоёр нугалж олдог гэсэн үг. Харин жинхэнэ бодит үнэлгээгээр тооцвол тэд 3948 метр квадрат талбайн түрээсийн төлбөр болох 23,688,000 сая төгрөгийг зөвхөн нэг сард төлнө. Нэг жилээр авч үзвэл 284,256,000 сая төгрөгийг улсад төлөх учиртай. Харамсалтай нь өнөөх бодит бус 1500 метр квадратын 108,000,000 сая төгрөг л төлж байна. Энэ тоонуудаас харахад “Нью тур сафарис” компани жилдээ 176,256,000 сая гурван жилийн 528,768,000 сая төгрөгийг улсын төсвөөс бултуулж, сэргэлэндэв.
Нөгөөтэйгүүр хотын А зэрэглэлийн бүсэд байрлах объектийн метр квадратыг 6000 мянган төгрөгөөр түрээслэдэг газар хаана ч байхгүй. Өнөөдөр энэ хавийн оффисуудын талбайн метр квадратын зах зээлийн дундаж ханш нь 35000-аас дээш төгрөгийн үнэтэй байна. Үнэндээ бурхан л эс тусалвал 6000 төгрөгөөр талбай түрээслэдэг объект эрээд ч олдохгүй биз.
Түүнчлэн бид эдгээр гэрээ, түрээсийн холбогдолтойгоор “Нью тур сафарис” компанийн гүйцэтгэх захирал н.Пүрэвренчинтэй тодруулга авах талаар утсаар холбогдтол “Та нар хаанахын, ямар наамын захиалгаар бичиж байна. Би тэр гэрээний талаар мэдэхгүй. Хуулийн хэлтсийнхнээс асуу. Хэнээс энэ мэдээлэл авсан” зэргээр сэтгүүлчийн мэдээлэх эрхэнд халдсан байдлаар өндөр өнгөөр хариулт өгөв. Сэтгүүлч мэдээллийг тодруулах гэснийхээ төлөө н.Пүрэвренчин захиралд адлуулан, гүтгүүлэх байдалд орсон нь бидний хэвлэн нийтлэх, мэдээлэл түгээх эрх, ажлаа хийж байхад минь халдсан хариуцлагагүй хариулт гэмээр байна.
Уг захирлын дугаар руу хэдэн хэдэн удаа тайлбар авах тухай залгаж, месеж бичсэн боловч утсаа дахин авсангүй. Мөн “Сод монгол групп”-ын төв байран дахь Хуулийн хэлтэст нь очиж, нарийн бичгийнх нь хүсэлтийн дагуу и-мэйл хаяг руу нь тодруулах асуултаа илгээсэн авч бидэнд ямар нэгэн хариулт ирээгүй, холбоо бариагүй учраас байдлыг баримтад тулгуурлан шууд нийтлэх боломжийн үндсэн дээр олон нийтэд хүргэж буй нь энэ.
“Сод монгол групп”-ын ерөнхийлөгч Ц.Анандбазар хэмээх эрхмийн нэр олон удаа хэл ам, хэрэгт холбогдож байсныг уншигчид мэднэ. Д.Чинзориг гэх “нөхөр” өнгөрсөн жилийн тавдугаар сар хүртэл “Би Ц.Анандбазарт хулхидуулчихлаа. 12 жил заргалдаж байна” гэж хэвлэлээр баахан сенсиаци болж байснаа чимээ нь намжив. Тус группын харъяанд 10 орчим охин компани багтдаг. Тодруулбал, газрын тосны барилга байгууламж барих бүтээн байгуулалтын үйл ажиллагаа эрхэлдэг “Алхана Трейд” ХХК, газрын тосны бүтээгдэхүүн импортолж, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Сод Монгол Групп” ХХК, хүнд машин, механизмын тос, тосолгооны үйлдвэрлэл эрхэлдэг “Эрдэнэт Ойл” ХХК, ТС-1 онгоцны шатахуун импортолж, борлуулах үйл ажиллагаа эрхэлдэг “Мэргэ Ван” ХХК, шингэрүүлсэн нефтийн бүтээгдэхүүний худалдаа, газрын тосны хайгуул эрхэлдэг “Эс Эм Жи Ойл энд Газ” ХХК, кино театрын үйл ажиллагаа эрхэлдэг “Нью Тур Сафарис”, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлдэг “Нью Тур” ХХК, тохижилт үйлчилгээ эрхэлдэг СХД-ийн ТҮК зэрэг компаниуд бий.
“Уг нь ийм олон компани удирддаг “мундаг” бизнесмен залуу Ц.Анандбазарыг төрийн өмчийг ингэж үнэгүйдүүлэх хэмжээний хөрөнгө чинээгүй хүн гэж даан ч санасангүй” гэх бодол уншигч танд ч төрөх биз.
Бид энэ мэтчилэн хууль бус, шударга ёсонд үл нийцсэн үйлдэл, төрийн өмчийг дураараа үнэгүйдүүлэгчдийг үргэлжлүүлэн сурвалжлах болно.
Н.Ганболд: Бид өөрсдийнхөө хөрөнгөөр өргөтгөсөн талбайгаа түрээслэж байгаа
“Сод монгол групп” ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Ганболд эдгээр асуудалтай холбоотойгоор дараах тодруулгыг өглөө.
-Одоогийн Мэдээлэл технологийн фаркийн барилга 1974 оны үед ашиглалтад орсон байдаг. Барилгын хойд хэсэг нь баримтад киноны заал байсан. Уг барилгад хааяадаа бараа, бүтээгдэхүүний үзэсгэлэн гаргадаг байсныг олон нийт мэдэж байгаа. Түрээс, мэтийн зарим төрлийн үйлчилгээ явуулдаг байсан үед фаркийн захиргаа энэ хэсгээс сард 3-6 сая төгрөгийн орлого олдог байсан юм билээ. Өнгөрсөн 2010 онд “Дархан Өэлүн эх” компани түрээслэж байв. Гэвч тэд зардал их байсан болохоор бүрэн засвар, өөрчлөлт хийж чадаагүй. Энэ компанийн залууст хөрөнгө мөнгө, инженер, техникийн ажилчид дутагдсан учраас манайтай хамтрах санал тавьсан юм. Ингээд бид урьдчилсан байдлаар ТЭЗҮ гаргаж, Францын компанид хандсан. Техник эдийн засгийн үндэслэлд нь 4,3 тэрбум төгрөг зарцуулах тооцоо гарсан хэрэг. Ийм хэмжээний өртөг шаардагдах тооцоо гарахад “Дархан Өэлүн эх” компанийн залуус “үнэхээр боломжгүй гэдгээ” манай талд хэлсэн. Учир нь тэд түрээсийн төлбөр, цахилгааны нэмэлт эх үүсвэр татах гээд нэлээд зардал гаргасан байсан. Дээр дурьдсан 4,3 тэрбум төгрөгийг 50:50 хувиар гаргаад хамтаръя гэсэн саналыг бид ч тавьсан юм. Гэвч энэ залуус хоёр тэрбум төгрөг гаргахад “хүнд” гэдгээ дахин уламжилсан. Бүр түрээсээ хүртэл төлж чадахгүй байхаар нь бид түрээсний төлбөрийг хамтран төлөлцснийг дуулгах хэрэгтэй байх. Манай компанийн зүгээс Төрийн өмчийн хороонд шалтгаануудыг дурьдаад бие даан түрээслэх хүсэлтээ хүргүүлсэн.
Тус хороо болон холбогдох бүх байгууллагаас кинотеатр-үйлчилгээний чиглэлээр ажиллах зөвшөөрөл авсан юм. “Дархан Өэлүн эх” компанийн хувьд анх талбайн метр квадратыг 5000 төгрөгөөр түрээслэж байсан. Харин манай компанийн хувьд 6000 төгрөгөөр түрээслэсэн. Энэ үнэ бол Төрийн өөрийн өмчийн эд хөрөнгийн түрээсийн төлбөрийн доод үнээр зохьцуулагдсан албан ёсны тоо гэдгийг хэлье.
Гэтэл бид одоо гуравдагч түрээслэгчид яагаад өндөр үнэтэй түрээслэж байгаа юм бэ гэхээр Мэдээлэл технологийн үндэсний фаркийн түрээслэж буй хэсгийнхээ дулаан, цахилгааныг нэмэлтээр татсан. Мөн харуулт хамгаалалт, цэвэрлэгээ, үйлчилгээ гээд бүх зүйлийг өөрсдөө хариуцаж, засвар хийсэн нэг ёсондоо 4,3 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн учраас түрээсийн үнийг өөрсдөө тогтоосон.
Нөгөөтэйгүүр нийтлэлд дурьдснаар гэрээнд талбайн метр квадратыг нуун дарагдуулсан талаар бичсэн байна. Үүний учир нь доод зоорьны хэсэг хүн босоод зогсох боломжгүй намхан, доороо шороогоороо байсан. Үүнийг инженерүүд үзэж байгаад нэг метр гаруй доош ухаж, 40 см бетон цутгасан юм. Манай компани Төрийн өмчийн хорооноос 1500 метр квадрат талбайг л хүлээж авсан. Бидний хөрөнгө оруулалтаар нийт 1260 метр квадрат талбай нэмэгдсэн байгаа. Энэ талбайг тодруулбал, зоорын хэсэг мөн Мобиком, Юнител зэрэг байгууллагуудын түрээсэлж буй хэсэг, үзэсгэлэнгийн талбайг хоёр давхар болгож агаарт бас нэг ангилал хийсэн зэрэг нь бидний өөрийн хөрөнгөөр өргөтгөсөн талбай юм. Үүнийг зохих журмын дагуу зөвшөөрөл авч өргөтгөсөн. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн талбайг бус бид өөрсдийнхөө өргөтгөсөн, агаарт нэмэлтээр барьсан, барилгын зүүн талыг өргөтсөн, зоорийг ухаж тохьжуулсан талбайгаа түрээслэж байгаа гэж болно.