Монголын кино урлагийн салбарт мэндлээд буй шинэхэн уран бүтээл болох “Анхны харц” киноны ерөнхий найруулагч Б.Батзоригтой тус киноны талаар ярилцлаа.
-“Анхны харц” хэмээх шинэхэн уран бүтээлээ өлгийдөн авсанд тань баяр хүрге. Киногоо хэзээ албан ёсоор нээх вэ?
-Баярлалаа. 9 дүгээр сарын 15-нд албан ёсоор нээх гэж байна. Энэхүү уран бүтээлтийг “Pro entertainment”, “Line entertainment”-ын залуустайгаа гар нийлэн ажиллаж хамтран хийлээ. Мөн МУСТА Ц.Төмөрхуяг, МУСТА Э.Мөнхтөр, жүжигчин Б.Хишигжаргал, Н.Баярсайхан, Б.Сайханбилэг, Ц.Цэлмэг гэх мэт олон чадварлаг залуу уран бүтээлчид киноны маань гол дүрүүдэд тоглосон. Олон хоног нойроо хугаслан ажилласан манай кино багийн 500-гаад хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл тун удахгүй нээлтээ хийх гэж байгаад маш их баяртай байна.
-Сүүлийн үед Монголын кино урлагийн салбарт олон бүтээл шинээр төрөн гарч байна. Эдгээр бүтээлүүдээс “Анхны харц” кино юугаараа онцлог болсон бэ?
-1990-ээд оны үед Монголын кино урлагийн салбар нэлээд уналтад орсон. Харин 2000 оноос хойш хийх, бүтээх чин хүсэлтэй залуус энэ салбарт сэтгэл зүрхээ зориулан ажилласны дүнд өнөөг хүртэл тасралтгүй хөгжиж ирсэн гэж боддог. Гэхдээ хүүхэд залуус тэр дундаа өсвөр насныхан руу чиглэсэн уран бүтээлүүд цөөхөн байна гэж харсан. Тиймээс манай кино багийнхан ярилцсаны үндсэн дээр “Анхны харц” киног хийхээр зорьсон юм. Бидний багад зуны амралтаараа хүүхдийн зусланд амарна гэдэг бол тэр чигээрээ аз жаргалтай өдрүүд байдаг байлаа. Зусланд явах өдрөө догдлон хүлээдэг, очсон хойноо олон найз нөхөдтэй болж, цагийг хөгжилтэй өнгөрүүлдэг, биеэ дааж сурдаг гээд хүүхэд насны гэгээлэг сайхан бүх л дурсамжууд зусланд өнгөрүүлсэн тэр хэдхэн хоногтой салшгүй холбоотой байдаг. Харин сүүлийн үед жил ирэх тусам зусланг зорих хүүхдийн тоо цөөрч байна. Нэлээд тооны зуслан татан буугдсан байна лээ. Тиймээс хүүхэд хүмүүжих, биеэ даах, цагийг хөгжилтэй өнгөрөөх, найз нөхөдтэй болох гэгээлэг орчин болсон хүүхдийн зусланд чухам ямар үйл явдал өрнөж байдгийг энэхүү киногоороо харуулахыг хичээлээ. Тодруулбал, өсвөр насныхны хайр дурлал, цагаахан атаархал, эргээд биенээ уучлах нөхөрлөлийн үнэ цэнийн талаар кинонд маань өгүүлэх юм.
-Киноны зураг авалт хаана, хэр хугацаанд хийгдсэн бэ?
-“Мөрөөдөл” зусланд киноныхоо зураг авалтыг хийсэн. Зохиол маань нэлээд эрт бичигдсэн байсан. МУСТА зохиолч Таванбаяр гэдэг залуу “Анхны харц” киноны зохиолыг бичсэн. Кино гэдэг бэлтгэл ажил ихтэй, хамтын бүтээл байдаг. Бид киноныхоо зураг авалтыг 5 дугаар сард эхлэхээр төлөвлөсөн байсан ч бэлтгэл ажил маш их байсан учраас хойшлогдож, наадмын үеэр буюу 7 дугаар сарыг дуустал зураг авалтын ажил үргэлжилсэн.
-Та дээр хэлсэн кино багт 500-гаад хүн багтсан гэж. Үүний ихэнх нь хүүхдүүд үү?
-Тийм ээ. 400-аад хүүхэд кинонд маань оролцон тоглосон. Энэ хүүхдүүд бүгд л өөр өөр газраас ирсэн. Кино зураг авалт дундаа ороход бүгд хоорондоо найзалж нөхөрлөөд их дотно болсон байсан. Зураг авалт дуусахад гунигтайхан гэр гэртээ харьцгаасан. Одоо цахим орчин хөгжчихсөн болохоор байнга л холбоотой байдаг сурагтай. ӨМӨЗО-оос ч мөн хүүхдүүд ирж кинонд маань тоголлоо. Зусланд амарч үзээгүй хүүхэд ч олон байсан. Тэд бүгд л зусланд амрахын сайханыг мэдэрч, “Ирэх зун хурдан болоосой” гэсээр харьсан даа.
-Ярилцлагынхаа төгсгөлд та үзэгчдэдээ хандан юу хэлэх вэ?
-Киног маань хүрэлцэн ирж үзэхийг урьж байна. “Анхны харц” киног үзсэн хүүхэд залуус зусланд амрахыг чин сэтгэлээсээ хүсэх болно. Мөн хүүхэд насандаа зусланд амарч байсан эцэг, эхчүүдийн сайхан дурсамжуудыг эргэн нэг бодогдуулах болов уу гэж итгэж байна.
Н.АРИУНБИЛЭГ