2016 оны 10 сарын 12
НИТХ-ын төлөөлөгч Д.Баттулгатай ярилцлаа.
-Сонгуулиар олонхи болж, хотыг удирдах мандат авсан Су.Батболдын тэргүүлсэн удирдлагууд ажилдаа ороод 100 хоножээ. Энэ хугацаанд хийсэн ажлыг та хэрхэн дүгнэж байна вэ?
Сонгуульд ялсан намын, эрх баригчдын 100 хоног гэдэг ойлголт байдаг. Энэ хугацаанд заавал хийх ёстой, магадгүй тэр нь олон түмэнд таалагдах албагүй ч асуудлыг шийдэхийн тулд хийх ёстой арга хэмжээнүүдийг энэ 100 хоногт хийдэг. Энэ 100 хоногт сөрөг хүчин эрх баригчдыг шүүмжлээд, ажлыг нь гацаагаад байдаггүй. Тэр утгаараа гарааны 100 хоног гэсэн үг.
-Одоо бол 100 хоног өнгөрчихлөө. Э.Бат-Үүл, Су.Батболд нарын ажлыг харьцуулж, жиших боломжтой болсон байх?
АН-ын буюу Э.Бат-Үүл даргын 100 хоног, Су.Батболдын 100 хоногийг харьцуулах боломж бүрдсэн байна. 2012 онд бид нийслэлд олонхи болоод олон арга хэмжээ авч хэрэгжүүлсэн.
Тэр нь хөдөлмөрчдийн эрх ашгийг хөндсөн, шүүмжлэл дагуулж байсан. 2012 оны долдугаар сарын 9-нд анхны хурлаа хийсэн. Түүнээс хойш 20-хон хоногийн дараа зөвшөөрөлгүй барилгуудын ажлыг нь зогсоосон.
Тэр үед зөвшөөрөлгүй 160 гаруй барилга баригдаж байв. 2016 онд энэ асуудал бүрэн шийдэгдсэн. Дарга нартай ойр дотно хүмүүс дур зоргоороо авирладаг байлаа. Үүнийг зогсооход тухайн барилгын компанид мэдээж маш хүнд туссан байх. Гэсэн ч хууль бүгдэд тэгш үйлчлэх ёстой.
-Э.Бат-Үүл иргэдийн эрх ашгийг зөрчиж байна, хувийн өмчид халдаж байна гэдэг шүүмжлэл автомашиныг дугаарын хязгаарлалтаар явуулж эхэлснээс хойш гарч байсан санагддаг юм. Гэвч төд удалгүй хүмүүс үүнд дассан?
Наймдугаар сарын сүүлээр замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зарим арга хэмжээ авах тогтоолыг ИТХ-аас гаргаж байсан юм. Тэр үед одоогийн хэрэгжиж байгаа дугаарын хязгаарлалт, автобусыг нэгдүгээр эгнээгээр зорчуулах, сургуулийн хүүхдийн автобус, байгууллагын гаднах зогсоолын 70 хувийг чөлөөлж, иргэдийн машиныг зогсоодог болгох, ажилчдын автобус гээд цогц арга хэмжээг авах тогтоолыг баталсан.
Ингээд есдүгээр сарын 1-ээс хэрэгжүүлж байв. Иргэд үүнийг мэдээж дуртай хүлээж аваагүй. Хүн өөрийнхөө машинаар хаашаа явах нь миний дур, хувийн өмчид халдлаа гээд биднийг шүүхэд хүртэл өгч байсан юм. Өнөөдөр эргээд иргэдээс асуухад замын хөдөлгөөний ачааллыг бууруулах тус арга хэмжээг хотоос хэрэгжүүлсэн хамгийн сайн ажил байсан гэдэг юм. Ингэж л хүмүүсийн хандлага, үнэлгээ өөрчлөгдсөн байх жишээтэй.
-Хотоос авч хэрэгжүүлсэн бас нэг арга хэмжээ бол яах аргагүй нийтийн эзэмшлийн талбайд барилга барьдаг байсныг хазаарлаж чадсан байх. Тэр үеэс хойш нийтийн эзэмшлийн талбай дээр хаяг пайз зоосон санагддаг юм?
Тэгэлгүй яах вэ. Бид НИТХ-ыг сар болгон хуралдуулж, байнгын ажиллагаатай болгож байсан үе. Есдүгээр сард барилгажилтын талаар арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлсэн. Зөвшөөрөлгүй барилгууд, хүүхдийн тоглоомын талбай, ахмадын нарлах талбай, сургуулийн спортын талбайд дураараа байшин барьдаг байсныг цэгцэлж байсан.
Мөн энэ үед газрын наймааг цэгцэлсэн. 2012 онд газрын мафи бий боллоо гэж ярьж байсан бол өнөөдөр алга болсон. Иргэд ямар байсныг хурдан мартдаг юм шиг байна. Бид 2012 оны есдүгээр сард Засаг даргын газар олгох эрхийг зогсоогоод, хэрэв газар олгох бол зөвхөн ИТХ-аар шийднэ гэдэг шийдвэрийг гаргаж байж, газрын наймааны асуудлыг зогсоосон.
Жилийн дараа Засаг даргад эрхийг нь өгч, цахим газар олголт, ил тод газрыг олгох асуудлыг төсөвт хөтөлбөрийн талаар олгоё, газар хувьчлалыг ил тод болгоё гэж газар олгох асуудлыг хуулийн дагуу болгосон юм. Энэ бол бас л иргэдийн дургүйцлийг хүргэсэн. Олон хүн дэмжсэн, олон хүн биднийг шүүхэд өгсөн дөө.
Төв шуудангийн урд талын явган хүний зам, хотын номын сангийн ногоон байгууламж 40 мянгатын байрны дундах тоглоомын талбайг өгсөн байсныг хүчингүй болгосон. Бизнесмэнүүдэд хохирол учирсан л байх. Энэ бол бидний хийх ёстой арга хэмжээнүүдийн нэг гэж хийж байсан юм.
-Ардчилсан намынхан хотыг удирдахаас өмнө НИТХ хэрхэн хуралддаг, ямар шийдвэр гаргаж байгааг иргэд мэддэггүй байж. Харин та бүхний нэг сайн зүйл бол хуралдааныг телевизээр дамжуулдаг, гарсан шийдвэрүүдийг олон нийтэд байнга мэдээлдэг болсон байх?
Тэгэлгүй яахав. Та бүхэн санаж байгаа байх. ИТХ-ыг телевизээр шууд дамжуулдаг болсон. Засаг даргын захирамж, шийдвэр 48 цагийн дотор иргэдэд www.ulaanbaatar.mn гэдэг сайтаар хүрдэг, ил тод болсон юм. Ингэж л эхний 100 хоногийг үдэж байсан.
Миний ярьсан зүйлүүд бол зөвхөн гол гол зүйл. Үүнээс цааш иргэдээ сонсдог болсон, баар цэнгээний газрыг 04 цаг хүртэл ажиллуулдаг болсон гээд олон арга хэмжээ авсан. Харин Су.Батболд Засаг даргын ажлыг би ярихаар Д.Баттулга харлуулж байна гэх байх л даа. Гэхдээ байгаа зүйлийг байгаагаар нь л хэлэх ёстой.
Есдүгээр сарын сүүлээр ИТХ хуралдаж Засаг даргын мөрийн хөтөлбөрийг авч хэлэлцлээ. Энэ үед би Су.Батболд даргаас, “Та эхний 100 хоногтоо хийсэн томоохон ажлаа нэрлээч” гэж асуусан. Тэгэхэд “Би АСЕМ-ийг мэргэжлийн өндөр түвшинд хийж чадсан” гэж хариулж байна билээ. Энэ бол хамгийн том ажил нь.
АСЕМ-ийн бэлтгэл ажлыг хоёр жилийн өмнөөс Засгийн газар, хотын захиргаа хамтарч хийсэн юм шүү дээ. Тууз хайчилсан хүн тэр ажлыг өөртөө наадаг юм бол Су.Батболдын зөв байх л даа. Өөр томоохон ажлыг нэрлэж үнэхээр чадаагүй. Тэр хурлыг зурагтаар шууд дамжуулсан. Иргэд сонссон байлгүй дээ.
Харамсалтай нь өөр олон зүйл дээр ухралт гарлаа, нийслэлд. Шилэн дансыг зогсоолоо. Энэ бол санхүүгийн нээлттэй байдал байсан. Засаг даргын удирдлагын зөвлөл гэж байдаг. ИТХ-ын тэргүүлэгчдийн хурал бүгд хаалттай явдаг болсон. Юу ярьж байгаа нь бүү мэд, ямар шийдвэр гарч байгаа нь бүгд хаалттай болсон.
Нээлттэй засаглал хаалттай болчихлоо. Энэ бол хамгийн том ухралт. Хэн засаг барих нь хамаагүй, гол нь ямар ажил хийж байгаа нь нээлттэй л байх ёстой. Нөгөөтэйгүүр хотоос хийж хэрэгжүүлсэн бүх ажлууд зогсонги болчихлоо.
-Нийтийн тээврийн шинэчлэлийг хийсэн нь бас нэгэн том дэвшил байсан. Гэвч өнөөдөр үүнийг үргэлжлүүлэх эсэх нь эргэлзээтэй болчихлоо шүү дээ. Автобуснууд эргээд мөнгө хураагчтай явдаг болсон гэх мэдээлэл гарах боллоо?
Энэ ажил үргэлжлэх ёстой. Асуудал нь хэцүү байсан. Гэхдээ үүнийг цаашид яах нь тодорхойгүй, зогсчихлоо. Хогны асуудал ч хүнд байдалд орчихлоо.
Э.Бат-Үүл та хоёр яагаад ажлаа хийхгүй байна гээд иргэд хэлж байна л даа. “Нам ялагдсан учир бид ажлаа өгчихсөн” гэхээр ойлгохгүй байна. Хогны машин цагтаа ирдэг байсан, ирэхээ байлаа гээд гомдоллож байна билээ.
Миний хувьд ч тэр хотын өнгө үзэмж нэг л гундуу болчихлоо гэж харагдаад байгаа. Магадгүй би тэгж хараад байж болох юм. Иргэдээс асуувал бас нэг юм хэлэх биз. Засаг дарга Су.Батболдын хийсэн хамгийн том ажил бол 2016-2020 он хүртэл мөрдөх мөрийн хөтөлбөрөө батлууллаа.
Энэ бол том ажил мөн. Зургаан сард өгч байсан хотын МАН-ын мөрийн хөтөлбөрөөс 25 зүйл заалт орхигдсон уу яасан ямар ч байсан алга болсон, утга нь өөрчлөгдсөн. Энэ бол иргэдийг хуурч байгаа хэрэг. Бид 2012 онд 5А хөтөлбөрийг батлуулж байсан, дээр нь нэмээд ажилласан.
-Тэгэхээр эрх баригчдын 100 хоног, та бүхний засаглаж байсан үеийн 100 хоногийг харьцуулахад алд дэлэм зөрүүтэй байх шиг байна. Иргэд ч гэсэн тэгж дүгнэж байна?
Энэ хотын иргэн хүний хувьд би тэднээс сайн ажиллаасай гэж хүсч байна. Гэвч гараагаа муу хийлээ. Ардчилсан нам жишиг стандарт тогтоож байсан. Ардын намынхан бидний тогтоосон жишиг, стандартыг давж чадсангүй. Өнөөдөр дүүргийн сонгууль явж байна. Буруу жишгийг бид дүүргийн түвшинд зогсоох ёстой.
Тиймээс дүүргийн түвшинд Ардчилсан нам олонхи болоосой. Ардын намынхан дүүрэгт Ардчилсан нам ялбал ажиллах боломжгүй гэж хэлж байгаа. Үгүй ээ, ажиллах боломж 100 хувь. Засаглал хуулийн дагуу л явдаг шүү дээ. Нэг талаас засаглалыг тэнцвэржүүлэх цаг болж, хяналтын тогтолцоо бий болгох ёстой. Тэгж байж бид хотыг цаашид хотын дайтай хот байлгах болно.