-Бизнес сэтгэлийн хөөрлөөр шийддэг төрийн тоглоом биш-
сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Сүүлийн хэдэн өдөр авто худалдаа эрхлэгчид, нийслэлийн Мэргэжлийн хяналт, Үүл баатрын дунд ширүүхэн маргаан дэгдээд байна. Эцэст нь тэд шүүхдэлцэхэд хүрэв. Шүүх хурал нь маргааш болно. Тэдний эл маргааны цаана чимээгүй суугаа ард түмний эрх ашиг зайлшгүй хөндөгдөж эхэллээ. Нийслэлийн тэргүүлэгчдийн 2014 оны хоёрдугаар сарын 20-ны өдөр болсон хуралдааны шийдвэрээр Авто худалдааны цогцолбор барих шийдвэр эцэслэн гарч, уг шийдвэрийн мэдээлэл дунд тал талдаа ногоон байгууламжтай, “үнэхээр”-ийн өвөрмөц шийдэл бүхий ерөнхий зургийн хамт олон нийтэд тарж байлаа. Мэдээж хэрэг тийм сайхан олон улсын жишигт нийцсэн цогцолборын зураг тухайн үедээ том “очков” авч байсан. Харамсалтай нь өнөөдөр 20 тэрбумын гэх үнэлгээтэй хатуу замаас өөр зүйл тэнд үгүй.
Манай төрийн түшээд, шийдвэр гаргачдын сэтгэлийн хөөрлөөр, тооцоогүй шийдддэг дулдуйтал адаг сүүлдээ том эрсдэл, эсэргүүцэлд тулгарах гайг авчирэв.
Хотын баруун бүсийн иргэд замдаа хонох нь
Анхнаасаа гарах үр дагавруудын талаар сайтар тооцоогүй, үйлчлүүлэгчид, худалдаа эрхлэгчдээс санал аваагүйн шалтгаан шүүхийн тавцанд хүргэж байгаа нь энэ. Нийслэлийн удирдлагуудын үзснээр хотын замын түгжрэлийг сааруулах үндсэн зорилготойгоор техникийн захуудыг Улаанбаатар хотын баруун тал, 22-ын товчооны хажууханд аваачих торгон шийдэл. Гэвч энэ шийдэл тийм ч оновчтой байгаагүй гэдгийг олон нийт шүүмжлээд эхэллээ.
Учир нь техникийн захуудыг цогцолбор хэлбэрээр нэгтгэх нь сайн талтай ч саар нь төв замыг бүр нам гацаанд оруулах хулгайн мад юм. Тодруулбал, одоо байгаа есөн зах нэг дор биш тал талд буй болохоор үйлчлүүлэгчид жишээ нь Таван шар, Шар хад, Нарантуул захын гээд гурван чиглэлд явах учраас замыг тийм ч их түгжрүүлээд, гацаагаад байдаггүй. Харин шинэ Авто худалдааны цогцолбор буюу хотын баруун тийш нэг цэгт төвлөрөл бий болвол 10 дугаар хороолол, Саппорогийн тойргоос Таван шар хүртэл төв замын ачаалал одоо байгаагаасаа дөрвөөс тав дахин нэмэгдэж хөдөлгөөн гацах эрсдэл хүлээж байна. Цаашлаад хотын баруун чиглэл буюу Цамбагараваас 21 дүгээр хороолол, Ханын материал, Их, бага Наран, Толгойт, Баянхошуу, Зүүн салаа, Орбит, Тахилтын иргэд байдаг цагаа замын түгжрээнд өнгөрүүлж, хэтрүүлбэл замдаа хоноглох эрсдэл хүлээж буй нь тодорхой болно.
Өөрөөр хэлбэл, төв замын түгжрэл, замын хөдөлгөөний эрчмийг багасгах биш хот баруун талдаа хамаг автомашинаа өрчихнө гэсэн үг.
Нарантуул зах, МУБИС-аас Зүүн салаа чиглэлд зорчдог иргэд төв замаар автобусаар явахад дундаж нь 1:50 цагийг зарцуулна. Ажил, сургууль эхлэх тарах цагуудад буюу тодруулбал орой 18 цагт нийтийн унаанд суухад 21 цагт гэртээ очих нь түгээмэл үзэгдэл болдог. Мөн өглөө, орой, өдрийн 11-14 цагийн орчим буюу замын хөдөлгөөний ид ачаалалтай үед дундаж цаг 2-3 цаг болж нэмэгдэнэ. Тэгвэл техникийн захуудын төвлөрөл хотын баруун талд ирэхэд миний гэртээ очих дундаж хугацаа дор хаяж нэг цагаар нэмэгдэнэ гэсэн үг. Үүний цаана миний гэр бүлтэйгээ өнгөрүүлэх нэг өдрийн цаг ажлынхтайгаа нийлээд 14-15 цагаар хорогдож амьд харилцаа төдий хэмжээгээр үгүй болно. Нөгөөтэйгүүр 21 цагаас хойш идсэн хоол, боловсруулах эрхтэн системийн тогтолцоонд ямар их сөрөг үзүүлэх, эдийн засгийн зарлага гаргахыг таашгүй.
Дашрамд дурьдахад тус цогболбор юу байхаар анх тусгаж байсан шийдвэр, зарим тоон мэдээллийг дурьдъя. Одоогийн байдлаар Улаанбаатар хотын 25 га талбайд автомашин, техник, сэлбэгийн худалдаа эрхэлдэг Да хүрээ, Өгөөмөр, Техник импортын зах, Дизель хүрээ, Цахлай, Дако, Буян хурах, Сутай буянт ХХК гэсэн есөн зах ажиллаж байгаа. Ойролцоогоор 8000 орчим түрээслэгчтэй эдгээр захаар өдөрт хамгийн багадаа 6000-10000 хүн үйлчлүүлдэг гэх.
Нийслэлийн Засаг даргын 2013 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн А/936 тоот захирамж болон Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн дугаар 6/6 тогтоолыг үндэслэн СХД-ийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт 130 га газарт “Авто худалдааны цогцолбор” байгуулахаар шийдвэрлэж хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг гаргасан байдаг. Уг “Авто худалдааны цогцолбор”-т сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байхаар зурагт тусгасан байв. Түүнчлэн авто эскпо явах цогцолборын нэг барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн байлаа. Гэвч одоо ямар ч офисс, үйлчилгээний төлөвлөгөөнд дурьдсан томоохон барилга байгууламж байхгүй. Зөвхөн асфалтн зам, сендвичн хэдэн “амбар” бий.
Энэ бүхний цаана замын түгжрэл, худалдаа, үйлчилгээ эрхлэгч, түрээслэгч, үйлчлүүлэгчид, олон нийтийн эрх ашиг давхар хөндөгдөж байна. Одоогоор техникийн захуудын түрээслэгчид ч гэсэн нүүхгүй гэдгээ илэрхийлж тас гүрийгээд байгаа. Тэдний ийн гүрийдэг нь ч зөв гэлтэй. Учир нь бизнес тоглоом биш учраас шинэ байршилд орлого муу байхаас авахуулаад олон эрсдэл бий болно. Ядаж дулааны улирал бус өвлийн тэсгэм хүйтнээр тус захуудыг хөөх, албадан нүүлгэх шийдвэрийг нийслэлийн удирдлагууд, холбогдох газруудаас гаргаж буй нь мулгуу, бодлогогүй нүүдэл, гаргалгаа гэхээс өөр аргагүй.
“Да хүрээ” захын түрээслэгч Б.Сүхбаатар ийн ярьж байлаа. “Миний хувьд нүүвэл сэлбэгийн худалдаатайгаа хамт нүүсэн нь дээр гэж бодож байгаа. Учир нь зөвхөн машиныг нь явуулаад дараа нь сэлбэгийг нь явуулбал нэг хэсэгтээ зүгшрэхгүй, ашиггүй ажиллана гэсэн үг. Худалдан авагчдад ч гэсэн машин авах гэж тийшээ оччихоод дахиад сэлбэгээ авах гэж хотын нөгөө зах руу явна гэдэг хүндрэлтэй шүү дээ. Ядаж зун цаг байсан бол өөр шүү дээ. Одоо хүйтэрч байхад нүү гээд байгаа болохоор худалдаачид их дургүй байгаа. Миний хувьд нүүвэл сэлбэгийн худалдаатайгаа хамт нүүсэн нь дээр гэж бодож байна. Учир нь зөвхөн машиныг нь явуулаад дараа нь сэлбэгийг нь явуулбал нэг хэсэгтэй зүгшрэхгүй, ашиггүй ажиллах нь тодорхой. Худалдан авагчдад ч гэсэн машин авах гэж тийшээ оччихоод дахиад сэлбэгээ авах гэж хотын нөгөө зах руу явна гэдэг хүндрэлтэй” гэсэн юм.
Эцэст нь дурьдахад олон жижиг саванд хийсэн сүүг нэг том саванд баримжаагаар авч хийдэгтэй адил зүйл болох вий гэх эргэлзээ төрж байна. Хэрэв сүү нь том савныхаа амнаас халих юм бол хайран цагаан идээ болно. Мэдээж мөнгөөр аваад хоёр литр нь халиад асгарчихсан бол эмээ 3000 төгрөгийн алдагдалд орж уурлана. Тэр сүү газар асгарах, савны гадна талаар хальж хатах гээд сүү савандаа багтаагүйн улмаас олон сөрөг үр дагавар учрахыг манай шийдвэр гаргадаг хүмүүс сайтар тооцоогүй нь харамсалтай. Ийн төрийн дутуу, буруутай, тооцоогүй шийдвэрээс болж олон мянган хүний эрүүл мэнд, эд хөрөнгө гарздаж, төдий хэмжээний айл өрх ажлын байр, амьдралаасаа салах эрсдэл бий гэдгийг та нар минь нэг сайн ухаарсангүй бололтой.