богино мэдээ New

Хэн, юу хэлэв: Ерөнхийлөгчийн сонгууль Үндсэн хууль зөрчсөн үү

Та нар одоо Н.Энхбаяртай ноцолдохоо боль. 3 сая иргэний дундаас намыг биш ард түмнийг төлөөлөх хүнийг гаргаж ирэх хэрэгтэй. .

Сэтгүүлч Т.Энхээлээ

УИХ-ын чуулганы өчигдрийн хуралдаанаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг хийж анхны хэлэлцүүлэгт бэлдүүлэхээр боллоо. Өмнөх парламент Ерөнхийлөгч, УИХ болон орон нутгийн сонгуулийг нэгдсэн нэг хуулиар зохион байгуулахаар хуульчилсан. Тиймээс УИХ болон аймаг, нийслэлийн 2016 оны сонгуулийг нэг хуулиар явуулсан бөгөөд СЕХ нэгдсэн хуулиар зохион байгуулах нь учир дутагдалтай хэмээн дүгнэсэн байдаг. Иймд УИХ-ын гишүүн Н.Энхболд нарын 5 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулийг бие даасан хуулиар явуулахаар хуулийн төсөл өргөн барьсныг хэлэлцсэн юм. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн төсөлд сурталчилгааны хугацааг 22 хоног болгоод буй.  Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг дэлгэцээр дамжуулах юм байна. Цөөн нэр дэвшигч байх учир намын нэр, нэр дэвшигчийг тод харуулна гэдгийг СЕХ-ны дарга Ч.Содномдорж онцолсон. 

Ингээд уг хуулиар УИХ-ын гишүүд хэрхэн байр, суурь илэрхийлснийг хүргэе. 

УИХ-ын гишүүн С.Жавхлан: Хоёр хөгшин азарга л уралдах юм байна 

Сүүлийн 5-аас доошгүй жил эх орондоо байнга суусан байх гэдэгт гэж “сонгуулийн санал авах өдрөөс тоолоход  6 сарын хугацаан гадаадад байнга суугаагүй байх” гэж онцолжээ. Үүнийг Монгол Улсын 3 дахь Ерөнхийлөгч Н.Энхбаярт зориулсан байх. Надад зориулсан хууль бас байна.  Нам, эвслээс УИХ-ын сонгуульд нэр дэвшин сонгогдсон гишүүнийг УИХ-ын гишүүнтэй намыг УИХ-д суудалтай нам гэж хэлнэ гэсэн байна. Намайг Ерөнхийлөгчийн сонгуулиас хассан байна. Үүнийг би түмэн олонтойгоо хамт эсэргүүцнэ. Одоо гадаа 45 нас хүрсэн хүнийг ажилд авахаа больчихоод байгаа. Гэтэл төрийн тэргүүн 45 наснаас эхэлж дэвшүүлж байна. Хоёр хөгшин азарга л уралдах нь ээ. Төрийн тэргүүн өөрөө нам бус байдаг. Намайг сонгосон олон мянган сонгогчийн итгэлийг яах гэж байгаа юм бэ. 

УИХ-ын гишүүн Ц.Нямдорж: Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулахын тулд улсын төсвөөс асар их зардал гаргахаар байна 

Ноднин жил сонгууль тулгаж байгаад хууль батлахад би оролцоогүй, эсэргүүцэл илэрхийлэх хэлбэрээр. Өнөөдөр Үндсэн хуулийн хүрээнд Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийг оруулж ирж байгааг дэмжиж байна. Ерөнхийлөгч, УИХ, орон нутгийн сонгуулийг гурван тусдаа хуулиар зохицуулах ёстой юм. Яагаад гэвэл журам нь өөр, өөр байдаг. Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд хандив гэдэг юм байдаг. Гэтэл энэ сонгуулийг зохион байгуулахын тулд улсын төсвөөс асар их зардал гаргахаар тусгаж байгаа. Та бүхнээсээ би төрийн тэргүүнийг мөнгөнөөс хол байлгаад өгөөч гэж хүсээд, хандив авдагийг болиулчихаач гэж хүсэж байна. УИХ-ын гишүүн О.Баасанхүү, С.Жавхлан нарын яриад байгаа асуудлын тухайд УИХ-д суудалтай нам л Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэх эрхтэй. Энийг өөрчилье гэвэл Үндсэн хуульд гарч хүрч таарна. Үндсэн хуульд гар хүрэхгүйгээр ганц шийдэх боломж бол нэр дэвших сонирхолтой хүн нь Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэх боломжтой намд л элсэх боломж бий.

Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Н.Энхболд: Ерөнхийлөгчийн сонгуулийн хуульд Үндсэн хууль зөрчсөн нэг ч заалт байхгүй 

-Үндсэн хуулинд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 45 настай, сүүлийн 5 жил эх орондоо суусан хүн гэж заасан байдаг. Бид үүнийг нь тодотгож өгөөд сүүлийн 6 жил гадаадад амьдраагүй байх гэж зааж өгсөн. Мөн өмнөх хуулиудад УИХ-д суудал бүхий нам гэдгийг тодорхойлоогүй байсан. УИХ-д сонгогдсоны дараа сонгогчдын итгэлийг алдсан тохиолдол гарч байлаа. Тиймээс тухайн нам, эвслээс сонгогдсон гишүүнтэй намыг УИХ-д суудалтай нам гэж хэлнэ гэж тодотгосон. УИХ-ын гишүүн С.Жавхлангийн хувьд бие даагч учраас сонгогдсон. Аль нэг нам эвсэлд орохгүй юм байна гэж сонгогчид ойлгож, саналаа өгсөн байж таараа. Наад зах нь Монгол Улсын Ерөнхийлөгчид нэр дэвшихгүй юм байна гэж үзэн саналаа өгсөн гэж ойлгож байгаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуульд Үндсэн хууль зөрчсөн заалт байхгүй. УИХ-д суудалтай нам Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ дэвшүүлнэ гэж заасан байдаг. УИХ-д суудалтай нам гэж хэнийг хэлэх вэ гэдгийг тодорхойлсон байдаг. УИХ-д суудалтай нам нь дангаараа нэг, нэг хүн дэвшүүлнэ үү, хамтраад дэвшүүлнэ үү чөлөөтэй. Энэ бүх эрх нь нээлттэй. Нам бус хүнийг ч гэсэн, зөвшөөрлийг нь авсан бол Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж болно гээд байж байгаа.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Н.Энхбаяртай ноцолдохоо боль 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь гадаад улсад зургаан сараас дээш хугацаагаар амьдарч болохгүй гэдэг заалт оруулчихсан байна, энийг Үндсэн хуульд заагаагүй шүү.Парламентад суудал бүхий намууд хамтаръя гэхээр хоёрхон нэр дэвшигч гарах гээд байна. Би аль болох олон хүн өрсөлдөөсэй л гэж бодож байна. Би энэ хуулийн төслийг дэмжихгүй байна. Энэ бол МАН-д зориулсан хууль. 6 сар гадаадад оршин суугаагүй байх гэсэн заалтыг Д.Тэрбишдагва гишүүн санал гарган оруулсан юм билээ. Та нар Н.Энхбаярыг нэр дэвших вий гэж бодоод заалтаа оруулсан. Та нар одоо Н.Энхбаяртай ноцолдохоо боль. 3 сая иргэний дундаас намыг биш ард түмнийг төлөөлөх хүнийг гаргаж ирэх хэрэгтэй. Парламентад суудалгүй нам зөвхөн аль нэг намыг дэмжих юм билээ. Ажлын хэсэгт намайг орсон гэж байна. Эсвэл тэгш харьцаатай болго. Суудалгүй намтай хамтраад нэр дэвшүүүлсэн ч хорьсон юм байхгүй. Цаад нам нь дэмжээд л оролцоно биз. Хоёр нам нийлэхэд нэг л хүн нэр дэвшүүлнэ. Энэ хуульд Ерөнхийлөгчид нэр дэвшигч нь 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэж, зургаан сараас дээш хугацаагаар гадаадад оршин суугаагүй гэж бичсэн нь, өмнөх парламентад олонхи байх үед баталсан хуульд заасан заалт юм. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг сүүлийн 5 жил эх орондоо байнга оршин суусан гэдэгт 6 сарын хугацаанд гадаадад амьдраагүй байх гэж яагаад оруулсан юм бэ. Өмнөх Ерөнхийлөгчийн сонгуулийн хуулийн агуулгыг өөрчилсөн байна. Ерөнхийлөгчийн сонгуульд олон нам нэр дэвшигчээ өрсөлдүүлэх боломжийг олгохгүй байна.

www.chuhal.mn