"Архив"
Нийтлэлч Д.Өлзийсайхан
Монголчуудын сүүлийн 20 гаруй жилд хийсэн орон нутгаас төв рүү, нийслэлээсээ харийн орнуудыг чиглэсэн "Их нүүдэл" улс орондоо хөгжил, дэвшлийг авчирсан болов уу...? Өнгөрсөн зууны сүүлийн 10 жил, шинэ зууны эхний 10 жилийг дамнан үргэлжилсэн энэ "Их нүүдэл" монголчуудад эерэг, сөрөг олон ур дагаврыг авчирсан болохыг хүн бүхэн өөр өөрсдийн ахуй орчин, ажил, амьдралтай холбон дүгнэлт өгөх нь тодорхой. Хоёр зууныг дамнаж өнгөрсөн 20 жил хүн төрөлхтөнд чамгүй их хөгжлийг авчирч, нийгмийн болон техник, технологийн шинэ шинэ дэвшил, өөрчлөлтүүд гарсан билээ. Монгол Улсын хувьд ч дэлхий дахинд өөрийгөө таниулах, дэлхийн улс орнуудтай хөгжлийн төлөө, энхийн төлөө хамтран ажиллах таатай боломжууд гарч нийгэм, эдийн засгийн хамтын ажиллагаагаа өргөжүүлсэн он жилүүд байсан.
Өнөөдөр ч энэ харилцаа, хамтын ажиллагаа улам бүр хүрээгээ тэлсээр байна. Гурван сая хүрэхгүй хүн амтай, өргөн уудам нутагтай, арвин их эрдэс баялагтай Монгол Улсад үсрэнгүй хөгжлийг авчрах олон боломж байгаа ч монголчууд бидэнд үндэсний цогц бодлогоо тодорхойлж, иргэн бүхний хөгжлийн төлөө эрхэмлэн хэрэгжүүлэх нэгдмэл чин зорилго үгүйлэгдсээр байна... Өнөөдөр ямар ч нам, төр засаг байсан эн тэргүүн зэрэгт тавих асуудал нь Монгол хүний эрүүл мэнд, амьдралын баталгаа байх ёстой. Харин бид эрхэм чухал энэ асуудлаа орхигдуулсаар 2012 онтой золгоод байгаа нь нууц биш.
Хүн амын эрүүл мэнд, амьдралын баталгаа болсон эрүүл хоол, хүнс, үнэлэмж өндөртэй ажлын байр, цэвэр байгаль орчинг бүрдүүлэх бодлого, зорилтууд цаасан дээрээс бууж бодит амьдрал дээр хэрэгжихгүй л байна.
Гэрэлтэй сайхан ирээдүй харагдаж байна, удахгүй ажилтай, мөнгөтэй болно гэж төр нь амласаар, цаг хугацаа урсан одсоор л... Жирийн ард иргэдийн төр засгаасаа харах энэ их хүлээлт нь цөхрөл, ядуурлыг дагуулсаар л "Туулай жил"-ийг үдэж "Луу жил"-ийг угтах гэж байна. Уул уурхайгаас монголчууд асар их ашиг олж, Монголд үсрэнгүй хөгжлийг авчирна хэмээн Монгол орныхоо хөрсийг нь эргүүлж, ухаж төнхөн дэлхийн цөлжилтийн төв нь болчихоод байгааг яалтай. Төрсөн газар нутаг нь цөлжиж, хүн амьдрах нөхцөлгүй болсон нутгийн иргэд нутгаасаа дайжиж нийслэл Улаанбаатар хотын хүн амыг нэг сая 200 мянгад хүргээд байна. Өнөөдөр энэ байдал нь 5-6 аймгийн хүн амтай дүйцэх хүн амыг Монгол Улсын нийслэлд төвлөрүүлж, Улаанбаатарыг "Их нүүдэл"-д дарагдсан хуаран хот болгоод байна. Монгол Улсын хүн амын 40 гаруй хувь нь дөрвөн уулын дундах 470 хавтгай дөрвөлжин км нутаг дээр шавааралдан амьдрах болсон. Эсгий гэр, банзан хашаагаар хүрээлэгдсэн Улаанбаатар ХХI зууны өвөрмөц хот болж "Гиннесийн ном"-д бичигдэхээр содон дээд амжилтыг тогтоогоод байгаа. Бас дэлхийн хамгийн хамгийн утаат хот гэдгээрээ ч Гиннесийн дээд амжилтыг тогтоох нь тодорхой боллоо. Энэ бол "Их нүүдэл"-ийн бодит үр дүн. Нэг цэгт буюу нийслэлдээ төвлөрөөд байгаа "Их нүүдэл"-ийг саармагжуулахад тэргүүн ээлжинд Улаанбаатарын дагуул хотуудыг яаралтай байгуулах хэрэгтэй байна. Оюутны хот буюу их дээд сургуулийг цогцоор нь хот болгож нийслэлээс гадагш гаргах. Арьс шир боловсруулах, ноос ноолуур, зам, барилгын гэх мэтээр үйлдвэрлэл, үйлчилгээний салбар төрлөөр нь ангилж дагуул хотуудыг байгуулж ч болох юм.
Өөр олон гарц байж л байгаа. Дэлхийн жишгээр, монголын шинэхэн тэрбумтан баячуудаараа үлгэр жишээ орчин үеийн хотыг өргөн уудам нутгийнхаа хаа нэгтээ! байгуулах ч боломж нь нэгэнт бий болсон. Ямартай ч төвлөрлийг сааруулахад тодорхой хөрөнгө гаргаж шийдвэрлэх цаг нь ирээд байна. Цөөхөн монголчууд бидэнд өргөн уудам газар нутгийнхаа хаана нь ч сайхан амьдрах хөрөнгийн эх үүсвэр нь бүрдээд байхад одоо л шийдвэр гаргагч эрх мэдэлтнүүд, эрдэмтэн, мэргэд нь оюун ухаанаа уралдуулан хамгийн оновчтой шийдлийг гаргаж Монгол Улсын иргэн бүрийн эрүүл мэнд, эрх ашгийг хамгаалж ажилтай, орлоготой, аз жаргалтай болгоё! Хөгжлийг хөтлөгч нь ийм байх гэж үү? Монгол Улсын хөгжлийн түүчээ, хөтлөгч болсон Улаанбаатар хот, улаанбаатарчуудын хөгжил, ахуй амьдрал нь өнөөдөр ямар байгаа билээ. Утаа, авто замын түгжрэл, бөглөө, хог новш, харанхуй гудамж танд хамгийн түрүүнд төсөөлөгдөх нь лавтай. Цэвэр, бохир усны ямар ч сүлжээ байхгүй ил задгай хөрсөндөө бохир бүхнээ шингээдэг нийслэлийн гэр хороолол нь уул толгод даван тэлсээр хотыг хот биш хуаран болгож орхисон. Тиймээ, гуу жалга, уул давааг дамнуулан үргэлжилсэн эсгий гэр, банзан хашаагаар хүрээлэгдсэн нийслэлчүүд халдварт болон халдварт бус өвчнөөр өвчилж, эндэх нь эрс нэмэгдсэн.
Энэ бол Улаанбаатарт нүүрлэсэн утаа, тоос, үнс, хог шорооны бохирдлоос л бий болсон гамшиг яах аргагүй мөн. Агаарын бохирдол нь хүн амын эрүүл мэндэд сөргөөр нөлөөлсөөр олон жил болж байна. Амьсгалын замын, зүрх судасны, төв мэдрэлийн системийн өвчлөл, харшлын өвчнүүд, удамшлын эмгэг, төрөлхийн гажиг, хавдар зэрэг өвчнүүдийн тархалт, тохиолдлыг ихэсгэх, улмаар нөхөн үржихүйн эрүүл мэндийг хордуулах, хүүхдийн дархлаа, өсөлт хөгжилтийг бууруулдаг нь олон улсын болон манай эрдэмтдийн хийсэн судалгаагаар нотлогдсон. Тухайлбал, Канадын Simon Fraser-ийн Их Сургуулийн Хүрээлэн буй орчин, эрүүл ахуйн зөвлөх профессор Райн Ален өөрийн хийсэн судалгааг танилцуулахад Улаанбаатарын утаанаас болж нийслэлийн хүн амын 10 хүний нэг нь нас барж магадгүй байна гэсэн сэтгэл эмзэглэмээр дүгнэлтийг хэлж байна. Манай улсад эрүүл мэндийн статистик үзүүлэлтээр амьсгалын замын эрхтэний өвчлөл нь хүн амын өвчлөлийн тэргүүлэх шалтгааны хоёрдугаарт орж байна. Улаанбаатарын утааг олон жил ярьж байгаа ч төр засаг, эрхэм төрийн түшээд, Улаанбаатар хотын удирдах албаны хүмүүс нүд, чихгүй мэт үл тоомсорлож ирсэн. Жилийн жилд утааг бууруулах ийм ч, тийм ч төсөл, хөтөлбөр хэрэгжүүлж байна хэмээн утаагаар хөлжсөн нөхөдтэй утааг хэрхэн бууруулсан, ямар үр дүнтэй ажил хэрэгжүүлсэн талаар эргэж хариуцлага тооцохгүй байдаг нь ч хачирхалтай.
Монгол Улсын Ерөнхийлөгч, нийслэл Улаанбаатарын утаа гамшгийн хэмжээнд байна гэж анхааруулсны дараа л нийгэм тэр аяараа сэрсэн гэж болно. Олон жил утаан дунд хахаж, цацаж яваа нийслэлчүүд энэ өвлөөс Улаанбаатарын утааг гамшгийн байдлаас нь бүрмөсөн биш юм гэхэд дор хаяж 10-30 хувь бууруулна хэмээн төр засаг, НЗДТГ-аас тооцоолж өнгөрсөн хавраас эхлэж олон зорилт дэвшүүлж, чамгүй хөрөнгө гаргасан. Идэр гурван ес эхлээд байгаа энэ өдрүүдэд хотын утаан хөшиг өмнөх жилээс буурчихлаа гэж хэлэх аргагүй л байна. Харин хайран мөнгө гэж халаглах хүн, айл өрхүүд цөөнгүй байгаа нь нууц биш. Харин чимээгүй утаан тахал нь нийслэлчүүдийн эрүүл мэнд, амь насанд шууд нөлөөлж, утаанаас үүдэлтэй амьсгалын замын өвчлөл энэ жил ч буурахгүй байна. Олон жил утаа зооглосон нийслэлчүүдээс цөөнгүй хүн хавдраар өвчилж байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байгаа нь бодит үнэн. Утаа бол олон жилийн угшилтай асуудал төдийгүй өнөөдөр "Хотын утаа"гамшигт аюул болж нийслэл хотыг минь нөмөрдөг уламжлалыг энэ өвөл бага боловч бууруулсан хэмээн Ерөнхий сайд УИХ-ын индэрээс хэлсэн. Хэрэгжүүлсэн ажлынхаа талаар тоо баримт ч дурдсан. Ямартай ч утааг бууруулах талаар тодорхой дэвшил гарч байгаа нь сайшаалтай. "Өргөс" авсан мэт хотын утаа нэг мөсөн арилахгүй нь лавтай. Харин эхлүүлсэн энэ ажлаа үргэлжлүүлээд бодит амьдрал дээр хэрэгжүүлэх нь чухал. Утаанаас хурдтай гамшиг бол цөлжилт... Өнөөдөр улс оронд минь утаатай адилхан гамшгийн хэмжээнд хүрсэн олон асуудал байна. Зөвхөн олны анхааралд өртөөд байгаа нь л утаа. Тухайлбал, утаанаас хурдтай тархаж байгаа гамшиг бол байгаль орчин болон хөрс, усны бохирдол, цөлжилт гэдгийг монгол хүн бүхэн мэднэ.
Өнгөрсөн 10 гаруйхан жилд бидний зөвхөн өнөөдрийнхөө ашгаа харж, ямар ч бодлогогүйгээр уул ус, гол мөрөн, газар нутгаа ухаж төнхсөн эрсдэлт алхам бүрийн цаана "Монгол хүн" хохирч, хэлмэгдсээр л байна. Өвөг дээдсээс үлдээсэн Монголын минь атар ариун хөрс шороо, газар нутгаа эзгүй цөл болгох эрхийг бидэнд олгосон мэт улайрах нь ирээдүйгээ, үндэсний эрх ашгаа огтхон ч бодохгүй байгааг нотлоод байна бус уу.... Ардчилсан Монгол Улсад олон нам, олон ургальч үзэл санаа бүхий улс төрийн хүчнүүд үзэл бодлоо уралдуулж, хөгжилд хүргэх их үйл хэргийг хэрэгжүүлж ирсэн. Харин гарч байгаа үр дүн, ач холбогдол төдийлөн бодит амьдрал дээр биелэгдэхгүй л байна. Монгол Улсын, монгол хүний үндэсний эрх ашгийн төлөө бид нэг зүг харж, нэг зорилготой байх учиртай. Монгол Улсын иргэн бүрийн эрхэм дээд үнэт зүйл нь үндэсний эрх ашиг, монгол хүн бүхний эрх ашиг, эрүүл мэнд байх ёстой. Монгол Улсын иргэн танд улс, эх орныхоо өмнө хүлээсэн эрх, үүрэг хариуцлага гэж байдаг. Уул уурхайгаас ашиг орлогоо нэмэгдүүлэх өргөн боломж бүрдсэн түүхэн хариуцлагатай шинэ хөгжлийн гарааг өнөө үеийн монголчууд эхлүүлж байгааг дэлхийн улс орнууд ч хүлээн зөвшөөрч байна. Бидний хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь хэн нэгний эсвэл бүлэг хүмүүсийн ашиг сонирхлын төлөө байх учиргүй. Харин бүхнээс түрүүнд Монгол Улсын иргэн бүхний эрх ашигт нийцсэн, Монголын газар нутаг, байгаль орчинд сөргөөр нөлөөлөхгүй тийм уул уурхайг амьдралд хэрэгжүүлэх нь өнөөгийн төр засгийн эрхэм үүрэг байх ёстой.
Орчин үед хурдацтай явагдаж байгаа дэлхийн уур амьсгалын өөрчлөлт нь хүний хүчин зүйлээс шууд хамааралтай гэдгийг эрдэмтэн судлаачдын гаргасан судалгаанаас тодорхой байна. Тэд өнөөгийн уур амьсгалын өөрчлөлтийн 90 хувь нь, хүмүүсийн үйл ажиллагааны нөлөөгөөр бий болсон гэж үздэг, баталадаг. Тухайлбал, эрчим хүчний өргөн хүрээтэй үйл ажиллагаа, тээвэр, уул уурхайгаас агаар мандалд ялгаруулдаг олон хийн хольц найрлага нэмэгдсэн. Харин хүний үйл ажиллагаанаас хамааралтай энэ уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах боломж бий. Хүн төрөлхтөн энэ өөрчлөлтийг сааруулахад чиглэсэн үйл ажиллагааг хэрэгжүүлэх талаар чамгүй хүчин чармайлт гаргаж байгаа. Гэсэн хэдий ч ойрын 50-100 жилийн дотор дэлхийн уур амьсгалын өөрчлөлт үргэлжилнэ гэж эрдэмтэд дүгнэж байна. Хүлэмжийн хийн гаралтыг багасгахын тулд эрчим хүч, уул уурхай, тээвэр зэргээс их хэмжээгээр гарч буй хүлэмжийн хийн гаралтыг багасгах шаардлагатай. Үүнээс гадна ой мод, ногоон байгууламжийг сайжруулах. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах үйлсэд бүх орон өөрийн хувь нэмрээ оролцуулах ёстой. Монгол Улсын хувьд хөгжиж байгаа, эдийн засаг нь бэхжиж амжаагүй, дөнгөж уул уурхай, дэд бүтцийг хөгжүүлж эхлээд байгаа гэдгээрээ уур амьсгалын өөрчлөлтөд илүү их өртөх нь тодорхой. Тийм ч учраас ашиг орлого олохоосоо илүүтэй цөлжилт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулахад тодорхой хөрөнгө гаргах нь эн тэргүүний шийдвэрлэх асуудал байх учиртай.
"Манай улсын хувьд ойрын 30-40 жилийн хугацаанд уур амьсгалын өөрчлөлт эрчимтэй явагдана. Мөн тунадасны хэмжээний хувьд улирал нь өөрчлөгдөхөөр байгаа. Өөрөөр хэлбэл, зун хаврын улиралд ордог тунадасны хэмжээ багасч өвлийн улиралд ордог тунадасны хэмжээ нэмэгдэх магадлалтай байна. Тиймээс ч өвөлдөө зуд болж, зундаа ган болох магадлал өндөр. Дулааны улиралд хэт халалт болсноор хүний биед таагүй хортон шавжаас үүдэлтэй халдварт өвчин гарах магадлал улам нэмэгдэнэ. Түүнчлэн халуун оронд гардаг зарим өвчин манайд илэрч байгаа талаар ДЭМБ-аас мэдээлж байсан" хэмээн БОАЖЯ-ны Уур амьсгалын өөрчлөлтийн асуудал хариуцсан тусгай элч Д.Дагвадорж онцлон хэлж байна. Монгол орны нутаг дэвсгэр дээр цөлжилт маш эрчимтэй явагдаж байгааг анхаарахгүй байх аргагүй болчихоод байгааг яалтай билээ! Өнөөдөр байсан булаг шанд, нуур цөөрөм, гол мөрөн, ой мод хэдхэн сар, жилийн дараа алга болж хоосон цөл болчихсоныг тухайн нутаг орны уугуул иргэд ярьж халаглаж сууна. Хэчнээн алт, зэс, нүүрс, мөнгө, валют байгаад бидэнд, бидний хойч үеийнхэнд цэвэр агаар, цэнгэг ус, атар онгон байгаль, газар нутаг олдохгүй гэдгийг санах ёстой.