богино мэдээ New

НД-ын шимтгэлийг нөхөн төлүүлэх хуулийг дэмжлээ

Монгол Улсад эхчүүдийн нийгмийн баталгааг хангахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль гол үүрэг гүйцэтгэж байгаа. .

Сэтгүүлч Х.Мөнгөнцэцэг

Монгол Улсад эхчүүдийн нийгмийн баталгааг хангахад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль гол үүрэг гүйцэтгэж байгаа. 

Уг хуулийн дагуу  нийгмийн даатгалын шимтгэлийг 20-иос доошгүй жил төлсөн эмэгтэй 55 нас хүрээд, хэрэв дөрөвөөс дээш хүүхэдтэй бол 50 нас хүрээд өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсдэг.

Эмэгтэйчүүдийн тэтгэвэр эрт тогтоолгох эрх нь тэднийг нас ахисан үедээ ажилгүй болох нөхцөлд орлогогүй болохоос хамгаалах сайн талтай ч хүүхдээ асрах хугацааны шимтгэл төлөгдөхгүй үлдсэнээс тэтгэвэр нь харьцангуй бага тогтоогдож нийгмийн баталгаа нь алдагдах, хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөр нь үнэлэгдэхгүй үлдэх сөрөг талтай байна. 

Ялангуяа  эдийн засгийн өсөлт бага, хямралтай үед эмэгтэйчүүд тэтгэвэр эрт тогтоолгох явдал түгээмэл  ажиглагдах боллоо. Мөн эхчүүдийн жирэмсний болон амаржсаны тэтгэмжийг нийгмийн даатгалд даатгуулсан хэлбэрээс нь хамааруулан ялгаатай олгож байгаа нь ижил тохиолдлоор орлого олох боломжгүй болсон нөхцөлд сайн дураар даатгуулсан эхчүүд бага тэтгэмж авч эрх ашиг нь зөрчигдөж  байна. 

Эрхэлж буй хөдөлмөрийн онцлогоос хамааран хөдөлмөрийн чадвар нь эрт буурах, хүнд өвчин тусах эрсдэл, эрт нас барах тохиолдол малчдын дунд түгээмэл байна. Үүнээс шалтгаалан залуучуудын мал аж ахуй эрхлэх сонирхол буурч, хот суурин луу шилжих болсноор хөдөө орон нутаг эзгүйрэх хандлагатай боллоо. 

Иймээс эхчүүдийн хүүхэд төрүүлж өсгөсөн хөдөлмөрийг бодитой үнэлж нийгмийн баталгааг нь сайжруулах, малчдад хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломж олгохын тулд Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шаардлагатай байна гэж үзжээ.

Энэхүү хуулийн төсөл батлагдан хэрэгжвэл Тэтгэмжийн даатгалын сан болон улсын төсвөөс тодорхой хэмжээний хөрөнгө гаргах шаардлагатай бөгөөд жилд 37962.0  сая төгрөг шаардагдана. Үүний дийлэнх буюу 81.9 хувийг нийгмийн даатгалын сангаас, үлдсэнийг ажил олгогч, улсын төсвөөс гаргах боломжтой. Хуулийг 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж  мөрдөнө хэмээн танилцуулгадаа дурьджээ.