богино мэдээ New

Монголын эдийн засаг “бактертай” болчихож

Харамсалтай нь эл их өсөлт, үр шим цөөн хэдэн баячууд гэх хүмүүсийн өвөр рүү урсаад орчихож байна. Эдийн засагчид “Нийгэмд баян, ядуугийн ялгаа их гараад ирвэл эдийн засгийн өсөлт хоосон тоо болж хувирдаг” хэмээн хэлж байв..

Тоймч Л.Баатархүү

    Сангийн яамнаас хийсэн тооцоогоор 2013 оны жилийн эцэст нийт НӨАТ төлөгчдийн дийлэнх нь 50 саяас 1,5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой байна. Сүүлийн 10 гаруй жилд Монгол Улсын эдийн засаг хэд дахин тэлж, бараа бүтээгдэхүүний үнэ, бизнес эрхлэгчдийн борлуулалтын орлого ч тухайн үеэс ихээхэн өссөн.

2000 онд ДНБ-ий хэмжээ 1.2 их наяд, татварын орлого 222 тэрбум төгрөг байсан бол 2013 онд ДНБ-ий хэмжээ мөн үеэс 14 дахин, татварын орлого 23 дахин өссөн байна.

Гэтэл яагаад вэ. Ийм их өсөлттэй эдийн засгийн үр нөлөөгөөр ард түмний амьдрал шууд “ок” болох учиртай. Дээрх өгүүлбэрийн хамгийн сүүлчийн таван үг гэхэд гайхалтай тоон үзүүлэлтийг илтгэжээ.

Харамсалтай нь эл их өсөлт, үр шим цөөн хэдэн баячууд гэх хүмүүсийн өвөр рүү урсаад орчихож байна. Эдийн засагчид “Нийгэмд баян, ядуугийн ялгаа их гараад ирвэл эдийн засгийн өсөлт хоосон тоо болж хувирдаг” хэмээн хэлж байв. Үнэндээ ч тийм байх. Тансаг хэрэглэгчид мөнгөө дотоодод үлдээхээсээ илүүтэй гадагшаа гаргах нь элбэг. 

Өөрөөр хэлбэл, учир мэдэхийнх нь хэлдгээр “Ийм өндөр өсөлттэй эдийн засагтай орны иргэдийнх нь амьдрал мэдэгдэхүйцээр дээшлэхгүй байгаагийн цаана үр ашгийг тооцдоггүй буруу бодлогын бактери бугшчихсан” гэж байна. Яахав дээ “Бүү баяж, хөрөнгөтэй болох нь буруу” гэж байгаа юм биш л дээ.

Мэдээж хэрэг зах зээлийн нийгэмд хөдөлмөрлөж, толгой нь ажиллаж чадсан, овсгоотой нь амжилтанд хүрч, хөрөнгөждөг хууль үйлчилнэ. Хамгийн гол нь эл хуулийн үйлчлэлд нөлөөлөх төрийн бодлогыг сударласан өмнөх үе үеийн парламент, шийдвэр гаргах түвшнийхэн гол буруутан нь байж ч мэднэ.

 

Хөрөнгөтэй хүмүүсээ ашиглаж тэдний оюун ухаанаар бүтсэн үр өгөөж, бүтээмжийг Монголдоо хэрхэн үлдээх вэ, эдийн засгаа яаж тамиржуулах вэ гэдэг урт хугацааны бодлогогүйгээс болж бид ядмаг бодолтой, ядуу амьдралтай гэж дуудуулахад хүрэв. 

2011, 2010 онуудын эдийн засгийн өсөлт түүхэндээ байгаагүй хамгийн өндөр тоо гэдэг. Товчхондоо Монголын хэтэвч ам.доллараар хахаж байсан үе.

Тухайн үед уул уурхайн салбарын өсөлт эдийн засагт маш хүчтэй нөлөөлснийг тоон үзүүлэлтээр харуулсан байдаг. Дотоодын нийт бүтээгдэхүүн (ДНБ) 2011 онд нэрлэсэн дүнгээр 10.8 их наяд төгрөгт (7.8 тэрбум ам.доллар) хүрч өмнөх оноосоо 28.7 хувиар өссөн. Харин бодит эдийн засгийн өсөлт түүхэндээ хамгийн өндөр буюу 17.3 хувьд хүрсэн байна.

Энэхүү өсөлтийн 42 хувь нь үйлчилгээний салбарын өсөлтөөр, 41.4 хувь нь бүтээгдэхүүний цэвэр татварын өсөлтөөр, 16.3 хувь нь аж үйлдвэр, барилгын салбарын өсөлтөөр тус тус тайлбарлагдаж байв. Өмнөх жилүүдэд улсын нийт хөрөнгө оруулалт ДНБ-ий 30-40 хувийг эзэлдэг байсан бол 2011 онд огцом нэмэгдэж 58 хувьд хүрсэн аж.

Гэвч орлогын шударга бус хуваарилалтаас болж эдийн засгийн бактерид шимүүлчихсэн. Харамсалтай нь нянгаар дүүрчихсэн эдийн засаг өнөөдрийг хүртэл олигтой дархлаа сууж чадахгүй, байн байн өвчинд нэрвэгдэх болсон нь энэ.