богино мэдээ New

Орхон: Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг баталлаа

Өнөөг хүртэл мөрдөж буй 2003 онд батлагдсан Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд Их залуу багийг сургуулийн бүс байна гэж тусгасан байдаг. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 1000 гаруй өрхтэй, 4500 орчим хүн амтай гэр хорооллын баг өргөжин тэлсэн.  Тус багийн хүн амыг 2032 онд 9300,   өрхийг 2500, 2042 онд 10 гаруй мянган хүн амтай  болно гэж төсөөлж буй. .

Аймгийн ИТХ-ын ээлжит бус I хуралдаанаар Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төсөл батлах тухай асуудлыг хэлэлцэж, төлөөлөгчдийн  82  хувийн саналаар баталлаа. 
Хуралдаанд аймгийн ЗДТГ-ын хэлтэс, албадын дарга, мэргэжилтнүүд болон холбогдох агентлагийн удирдлагууд оролцож төлөөлөгчдийн асуусан асуултад хариулав. 
Хэлэлцэж буй  асуудалтай холбоотойгоор 20 төлөөлөгч 140 минутын турш  63 асуулт асууж, 17 төлөөлөгч санал хэллээ. 

Хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөө гэдэг нь хот, тосгоны хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний дагуу тухайн дүүрэг, орон сууцны болон гэр хорооллын газар зохион байгуулалт, барилгажилт, тохижилтын төлөвлөлт, инженерийн шугам сүлжээний хангамжийг нарийвчлан тодотгож төлөвлөсөн хот байгуулалтын үйл ажиллагааны баримт бичиг юм. 

Орхон аймаг 2022 онд Хот  төлөвлөлтийн баримт бичгээ аймгийн ИТХ-ын хуралдаанаар  батлуулсан. Үүгээр  шинэ суурьшлийн бүс байгуулах талбай, шинээр дахин төлөвлөлт хийх  гэр хорооллын байршил мөн  ашиглалтын шаардлага хангахгүй барилгуудыг буулгаж  дахин төлөвлөх байршлаа тогтоосон. 

Энэхүү баримт бичгийн хүрээнд хот төлөвлөлтийн шаардлага хангахгүй барилгажсан хэсгийг дахин төлөвлөн барилгажуулах хүрээнд Уурхайчин, Найрамдал, Говил багт дахин төлөвлөлт хийгээд байна.  Мөн гэр хорооллын  иргэдийг орон сууцжуулах “Орлогод нийцсэн орон сууц” төслийг хэрэгжүүлэхээр  хэд хэдэн  байршилд хот байгуулалтын норм дүрмийн дагуу хэсэгчилсэн төлөвлөлт хийж байгаа нь Их залуу багийн 40,8 га,  Найрамдал багийн 11,9 га талбай юм. 

Өнөөг хүртэл мөрдөж буй 2003 онд батлагдсан Эрдэнэт хотын хөгжлийн ерөнхий төлөвлөлтөд Их залуу багийг сургуулийн бүс байна гэж тусгасан байдаг. Гэсэн ч өнөөдрийн байдлаар 1000 гаруй өрхтэй, 4500 орчим хүн амтай гэр хорооллын баг өргөжин тэлсэн.  Тус багийн хүн амыг 2032 онд 9300,   өрхийг 2500, 2042 онд 10 гаруй мянган хүн амтай  болно гэж төсөөлж буй. 

20 жилийн хугацаатай хэрэгжих тус төлөвлөлтийн хүрээнд 3200 айлын  орон сууц, 1200 хүүхдийн суудалтай сургууль, 600 хүүхдийн ортой цэцэрлэг, үзвэр, худалдаа үйлчилгээ болон төрийн үйлчилгээний байгууллагыг  цогцоор нь бүтээн байгуулахаар төлөвлөжээ.  244 нэгж талбарын 40, 8 га талбайд хийж буй төлөвлөлтөөр орон сууцны бүс 15,2 га талбайд, сургууль, цэцэрлэг 5 га талбайд худалдаа үйлчилгээний бүс 5,3 га талбайд,  засаг захиргааны бүсийг  0,93 га талбай, цахилгаан, дулаан инженерийн шугам сүлжээг цогцоор нь  тусгасан байна. 

Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний зураг төслийг “Инженер геодези”  ХХК боловсруулсан. Ингэхдээ...

  • Барилга хот байгуулалтын яамны дэргэдэх Архитектурын зөвлөлийн хурлаар оруулж хэлэлцүүлсэн.
  • Барилга хот байгуулалтын сайдын тушаалаар  зөвлөх инженерүүд  томилогдон хянан баталгаажуулсан. 

Үүний дараа  Барилгын хөгжлийн төвөөс магадлан итгэмжлэгдсэн дүгнэлт гарсан. Энэхүү дүгнэлт гарснаар Их залуу багийн хэсэгчилсэн ерөнхий төлөвлөлт  Монгол Улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн хот байгуулалтын бодлогын баримт бичиг болон баталгаажсан гэдгийг албаныхан хэллээ. 

Мэдээллийн төв