Тоймч Л.Баатархүү
Өнгөрсөн 2009 оноос хойш хэрэглээний үнийн индекс буюу инфляци анх удаа /хасах/ дефляцитай гарлаа. 2011 онд бодит инфляци 35 хувьч хүрч хүмүүсийн худалдан авах чадварыг үгүй хийж төгрөг үнэгүйдэж байсан бол өнөөдөр хасах руу унав. Дефляци ийнхүү үүсэхэд хүнсний ногооны үнэ 18.6 хувиар буурсан нь нөлөөлжээ. Жил бүрийн 7-9 дүгээр сард энэ төрлийн ногооны үнэ буурдаг ч энэ жилийнх өмнөхөөс илүү ихээр унасан талаар төв банкнаас мэдээллээ. Улсын хэрэглээний үнийн индекс -0.2 хувь, Улаанбаатар хотынх -0.6 хувьд хүрсэн нь ийн дефляцитай гарахад нөлөөлөв.
Дашрамд дурьдахад инфляци нь мөнгөний үнэ цэнэ алдагдах эдийн засгийн нэгэн төрлийн сөрөг үзэгдэл. Та өмнө нь нэг талхыг 1000 төгрөгөөр авдаг байсан бол одоо 1300 болж 300 төгрөгөөр өсөж, 300 төгрөг үнэгүйдэж байна. Эдийн засгийн өсөлт муудсан ийм үед хүмүүс худалдан авалт хийхгүй нийлүүлэлт ихдэх нь дефляци үүсгэдэг. Товчхондоо дефляци ингэж үүсэх нь зах зээл дээр худалдан авагчгүй бараанууд үлдэнэ гэнэ үг.
Өнгөрсөн 2009 онд дэлхийн эдийн засгийн хямралаар Японд дефляци, манайд инфляци үүсэж байв. Энэ үед тус улсын хэд хэдэн хөрөнгө оруулалтын болон бусад банк хаалгаа барьж байлаа. Иргэд нь ч худалдан авалтаас зайлсхийж орлогоороо зарлагадах биш цааш нь хийж байжээ. Тухайн үед Японы Засгийн газраас 25 тэрбум ам.доллартай тэнцэхүйц хэмжээний бэлэн мөнгийг иргэддээ тараах шийдвэр гаргасан байдаг. Эл арга хэрэгслийг иргэд нь эсэргүүцэж байсан ч хөгшчүүд ихээр суурьшдаг зарим суурин газрынхан эрс дэмжиж байсан юм. Гэвч нийт эдийн засгийнх нь дөнгөж 0.04 хувьд л хүрч байсан аж. Ийм хэмжээний мөнгө тараасан ч эрэлт /худалдан авалт/ олигтой өсөөгүй гэдэг. Учир нь иргэдийн ихэнх нь мөнгөө хадгалуулж багахан хэсгийг нь худалдан зарцуулсан байна.
Монгол Улсын хувьд өнөөдөр иргэд нь мөнгөний хомсдолд орчихсон хүндхэн байгаа. Манай улс Япон шиг бэлэн мөнгө тараахгүй юм аа гэхэд төв банкнаас бодлогын хүүгээ бууруулж зорилтод хэсэгт бага хүүтэй зээлийн бодлогоор дэмжих нь бизнест эерэг нөлөө үзүүлж цаашлаад эдийн засагт татварын эргэлтээр сайн дүр зураг үүсэх боломжтой юм.