богино мэдээ New

Ч.Энхбаяр: НӨАТ-ын хууль иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд том алхам болж байна

НӨАТ нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний үе шат бүрт нэмүү өртгийг бий болгож байдаг..

2016 оны 7 сарын 4

Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганаар батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын хуулийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлээд дөрөв хонож байна. Хуулийн заалт ёсоор  иргэд худалдан авсан бараа үйлчилгээнд төлж буй НӨАТ-ынхаа 20 хүртэлх хувийг буцаан авах юм. Ингэснээр Монгол Улсын татвар болон төсвийн орлого нэмэгдэх, макро эдийн засагт нөлөөлөх нөлөөлөл, тэр тусмаа далд эдийн засгийг ил болгох чухал ач холбогдолтой  гэж  хууль санаачлагчид тайлбарласан. МУИС-ийн харьяа Эдийн засгийн их сургуулийн багш,  эдийн засгийн ухааны доктор Ч.Энхбаяртай яг энэ сэдвээр  ярилцлаа.  

-Өнгөрөгч оны долдугаар сард батлагдсан Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн шинэчилсэн найруулга 2016 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хүчин төгөлдөр хэрэгжиж эхэллээ. Тиймээс ярилцлагаа НӨАТ-ыг тайлбарлахаас эхлэх үү? 

-Нэмэгдсэн өртгийн албан татварыг хамгийн энгийнээр тайлбарлахад хэрэглээний татвар гээд ойлгочих хэрэгтэй. Хэрэглээний татвар нь  бараа, ажил, үйлчилгээнд ногдуулж буй татварыг хэлж буй хэрэг. НӨАТ нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний үе шат бүрт нэмүү өртгийг бий болгож байдаг.

Тодруулбал, бий болж буй нэмүү өртөгт ногдуулж буй татвар. Эдийн засгийн агуулгаараа бол төсвийн орлогын бүрдэлтэд үр ашигтай байх зарчмын үндэс суурь болдгоороо давуу талтай.

НӨАТ нь бусад татварыг бодвол хожуу, ХХ зууны дунд үеэс л бий болсон гэж үздэг ч маш эрчимтэйгээр улс орнуудад нэвтэрсэн. Уг татварыг хамгийн эцсийн хэрэглэгч төлдөг.

НӨАТ нь тухайн үйлдвэрлэл, үйлчилгээний үе шат бүрт нэмүү өртгийг бий болгож байдаг.

 

 

 

Тухайн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгдэж, эцсийн хэрэглэгчийн гар дээр хүрэх хүртэлх зардлыг  өртөгт нь шингээж ногдуулж авдаг  татвар гэж ойлгох ёстой.

Энэ утгаараа шууд бус татварын нэг төрөл болдог.  Шууд бус  учраас л хэрэглэгчдэд тэр бүр мэдрэгддэггүй. Нөгөөтэйгүүр, татвар  шударга зарчмаар төлөгддөг. Тэгвэл “Нэмэгдсэн өртгийн албан татвар”-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нэмүү өртөг шингэсэн бараа бүтээгдэхүүн үйлчилгээнд татвар төлж байгаа учраас төлсөн татварынхаа хоёр хувийг буцааж авах тухай заалт  шинээр сууж өгсөн.

Иргэд төлсөн татварынхаа 20 хүртэлх хувийг буцааж авах нь буруу биш. НӨАТ төлсөн компаниуд татварын дарамт  ихтэй байна гэцгээж байгаа нь буруу. Үүнийг тодотгож тайлбарлая л даа.

Татварыг эцсийн хэрэглэгч л төлж байгаа болохоос биш дунд нь үйлчилгээ үзүүлж буй компани, аж ахуйн нэгжүүд шинээр нэмж татвар төлж буй хэрэг биш. Харин ч тэд зөвхөн бэлтгэн нийлүүлэгчээс бараа бүтээгдэхүүн авч, хэрэглэгчдийн гарт хүргээд, хэрэглэгчээс татвар хэлбэрээр буцаагаад авчихаж байгаа юм.

Ерөнхийдөө эцсийн хэрэглэгчийн төлсөн үнийн дүнг эдийн засгийн эргэлтэд оруулж ашиглаад, эргүүлээд төсөвт төлж байгаа  асуудал гээд ойлгочиход буруудахгүй. Үүнийг аж ахуйн нэгж, компанийн захирлууд ойлгохгүй “Бид л татвар төлөөд байна” гэх юм. Тэгэхээр захирлууд юу гэж ойлгох ёстой вэ гэвэл, татварыг төсөвт дамжуулж буй суутгагч гэж ойлгох ёстой.

Тиймээс НӨАТ-ын өөр нэг давуу тал нь хэрэглэгчийн төлсөн төлбөрийг дараа сарын 10-ныг хүртэл өөрийн үйлдвэрлэлдээ ашиглаж, мөнгөн эргэлт үүсгэж байгаад төсөвт төлдөг учраас эдийн засгийн агуулгаараа НӨАТ төлөгч компаниудыг  дэмжсэн бодлого явж байгаа гэсэн үг. Энэ өнцгөөс аваад үзвэл ерөөсөө компанид ачаалал болдог татвар биш байхгүй юу.

Тэгэхээр үүнийг зуучилж буй хүмүүс маш сайн ойлгох  хэрэгтэй. Харин ч энэ мөнгийг ашиглаад, дараа нь төсөвт төлөх боломж гэж харвал сайнсан. Яг татвар төлж байгаа гэдгээ ойлгох ёстой  бас нэг субьект бол эцсийн хэрэглэгч. Эдгээр субьектүүд эрх, үүргээ маш сайн ойлгосон цагт хуулийг хэрэгжүүлэхэд саад тотгор учрахгүй. Үнэн хэрэгтээ  НӨАТ-ын тухай хууль нь татварын үндсэн зарчмыг маш сайн хангасан хууль болсон. 

-Монголчууд санхүүгийн боловсрол, мэдлэгийн тухайд  тун тааруу. Тэгэхээр эцсийн хэрэглэгч, суутгагч гэдгийг энгийн үгээр тайлбарлахгүй юу?

-Энгийн үгээр тайлбарлахад суутгагч гэдэг нь тухайн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэгчээс аваад өөрийн нэрийн барааны дэлгүүрээр худалддаг борлуулагчийг хэлээд байгаа юм. Харин эцсийн хэрэглэгч нь тухайн бараа бүтээгдэхүүнийг худалдаж аваад цааш нь дамжуулахгүйгээр өөртөө хэрэглэх хүнийг хэлж байгаа юм. Өмсч зүүх, идэж хэрэглэхийн тулд бараа бүтээгдэхүүн авч буй тэр хүн л эцсийн хэрэглэгч шүү дээ. Тэр нь хувь хүн, аж ахуйн нэгжийн аль нь ч байж болно. 

-Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай шинэчилсэн хуулиар иргэн жилийн турш хийсэн гүйлгээнийхээ баримтыг цуглуулаад урамшуулал болгон хорь хүртэлх хувиа эргүүлж  авах юм байна гэж ойлгогдож буй. Иргэдэд олгох урамшууллыг  төр жилийн турш дундаас нь ашиглан хүүгүйгээр эдийн засгийн эргэлтэд оруулж байгаа хэрэг биш үү? 

-Эдийн засгийн эргэлтийн тухайд бол суутгагч компани эцсийн хэрэглэгчээс НӨАТ-ыг багтаагаад үнийн дүнгээ авчихаж байгаа шүү дээ. Суутгагч компани сар бүрийн 10-нд татварын албанд тайлан өгөх ёстой.

Тэгэхээр төр бус тухайн бүтээгдэхүүнийг борлуулагч компани НӨАТ шингээсэн мөнгийг тайлан өгөх хугацаанаас өмнө эдийн засгийн эргэлтэд оруулж, хугацаа нь болонгуут төсөвт төвлөрүүлэх ёстой юм. Татварууд ийм зам дамжиж төсөвт ордог. 

-Саяхныг хүртэл НӨАТ төлөгч мөн үү, биш үү гэж асуудаг байсан. Тэгвэл шинэ хууль хэрэгжиж эхэлснээр аж ахуйн нэгж бүр НӨАТ төлөгч  байж гэмээнэ санхүүгийн шударга зарчим үйлчлэх  юм биш үү?  

-Шинэ хуулиар НӨАТ-ын босгыг нэмэгдүүлж, 10 сая байсныг 50 сая болгосон. Тухайн компанийн борлуулалтынх нь орлого улирлын болоод жилийн эцсийн тайлангаар 50 сая хүрч байвал НӨАТ төлөгч болно. Тэгэхээр НӨАТ төлөгч мөн үү, биш үү гэж асуугаад байдаг нь НӨАТ төлөгч компани  НӨАТ төлөгчтэйгөө харьцах  аваас түүхий эдээ худалдан авч байгаа компани нь тухайн нөхцөл байдалд хэрэглэгч болж хувирдаг.

Жишээ нь, аж ахуйн нэгж эрчим хүч хэрэглэдэг. Тэгвэл  эцсийн хэрэглэгч нь тухайн аж ахуйн нэгж. Тиймээс  эрчим хүч хэрэглэсэн төлбөртөө НӨАТ төлөх ёстой. Тэр төлсөн НӨАТ, бараа бүтээгдэхүүнд шингээсэн НӨАТ хоёрын зөрүүгээр төсөв бүрддэг. Энэ зарчмын дагуу НӨАТ төлөгчтэй харьцах нь тухайн компанид давуу талтай.

 Үйлдвэрийн үнээр гэдэг бол НӨАТ шингээгүй юм байна гэж ойлгох ёстой​ байх. 

 

 

 

НӨАТ төлөгч биш компанитай харьцахаар хасаг­дах зүйл байхгүй тул НӨАТ төлөгчтэй харьцахыг илүүд үзэх нь зүйн хэрэг.Нөгөөтэйгүүр, НӨАТ төлөгч биш байж байгаад борлуулалтын орлого нь 50 сая байх юм бол  тухайн аж ахуйн нэгж автоматаар НӨАТ төлөгч болно. Ийм тохиолдолд хуулиараа  зах зээлд  борлуулж буй барааны үнийн дүнд 10 хувь нэмэгдэх ёстой.

Харамсалтай нь манай улсад  НӨАТ төлөгч болон төлөгч биш компанийн борлуулж буй барааны үнэ бараг ижилхэн. Тийм болохоор НӨАТ-аа нэмж авна гэх асуудал үүсэхийг  үгүйсгэхгүй. Үүнийг цаг хугацаа  харуулна. Үйлдвэрийн үнээр гэдэг бол НӨАТ шингээгүй юм байна гэж ойлгох ёстойбайх. 

-Өнөөдөр иргэн бүр худалдан авсан барааныхаа биллийг заавал авах ёстой боллоо. Гэтэл ТҮЦ ажиллуулж байгаа хүн, гар дээрээс худалдаа хийж байгаа наймаачинд кассын машин байхгүй тул билл өгөхгүй. Энэ тохиолдолд яах ёстой вэ? 

-Тухайн хуулийн хэрэгжилтэд нь хяналт тавих үүрэг бүхий  хүмүүс байгаа шүү дээ. Тэдний ярьж буйгаар  асуудлыг зохицуулах боломж бий гэсэн. Ухаалаг гар утастай нь апп суулган үүнийгээ ашиглаад худалдан авалтаа баримтжуулаад явах боломжтой. Мэдээж хуулийг бүрэн хэрэгжүүлэхэд цаг хугацаа шаардана. Хууль хэрэгжиж эхлэхийн өмнө бэлтгэл ажил сайн хангагдсан байх гэж бодож байна. Одоогийн байдлаар учирч болзошгүй хүндрэлтэй зүйл нь жижиглэн худалдаа эрхэлж буй хүмүүсээс авч чадахгүй байж мэдэх баримт. Ялангуяа зах дээр хийгдэх жижиглэнгийн худалдаа.

Үнэндээ тэнд чинь албан бус үйл ажиллагаа явагдаж, худалдаа хийж буй хүний орлого тооцогдохгүй байна гэсэн үг. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж, иргэд худалдан авсан бараа үйлчилгээнийхээ үнийн дүнгийн хорь хүртэлх хувийг нь буцааж авна гэдэг нь иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэхэд том алхам болох байх гэж бодож байна.

Хүн бүхэн санхүүгийн тооцоогоо хийж чаддаг болох, өрхийн төсвөө хөтөлдөг, худалдан авалтаа тооцох, жилийн эцэст авах хувиа урьдчилж  тооцоолох зэргээр санхүүгийн боловсролоо дээшлүүлэх нөхцөл бүрдэх  юм. Мөн борлуулалт хийж байгаа хүмүүсийн хувьд орлогоо нуух боломжгүй болно  гэсэн үг. Энэ нь Монгол Улсын  эдийн засагт эерэг нөлөө үзүүлж, сүүдрийн эдийн засаг багасах сайн талтай.

Ер нь НӨАТ-ын тухай хуулийг хэрэгжүүлээд эдийн засгийн хямралаасаа гарсан сайн жишээ ч бий шүү дээ. Тэгэхээр манай улс уг хуулийг  хэрэгжүүлж эхэлсэн  нь цагаа олсон ажил боллоо гэж үзэж байна. Яг одоо улсын эдийн засаг хүндрэлтэй нөхцөл байдалд байгаа учраас хуулийг хэрэгжүүлэх тал дээр анхаарлаа хандуулан  ажиллах хэрэгтэй. 

-Бид гадаадад явж байх үедээ  ямар нэг зүйл худалдан аваад кассанд бичүүлэхэд  үндсэн үнэ дээр 10 хувь нэмэгддэг. Хууль хэрэгжиж эхэлсэн тул компаниуд үнээ нэмэх үү? 

-Энэ бол тухайн аж ахуйн нэгжийн дотоод асуудал. 

-Энэ оны нэгдүгээр сарын 01-ээс иргэн бүр авсан барааныхаа тасалбарыг хаяхгүй цуглуулна гэсэн ойлголттой болсон. Үүнээс өөр мэдээлэл  алга. Таван настай хүүхдэд худалдаж авсан чихрийнхээ тасалбарыг ээждээ аваачиж өгнө гэдэг сэтгэхүйг суулгахын тулд яах ёстой вэ?

-Иргэдийнхээ санхүүгийн боловс­ролыг л дээшлүүлэхэд төр анхаарах хэрэгтэй. Мөн татварын алба сайн ажиллах ёстой. Мэргэжилтнүүд, татварын чиглэлээр мэргэшсэн боловсон хүчин, зөвлөгөө өгдөг компани, ТББ-ууд хүчээ нэгтгэх явдал. Иргэдийн тухайд хуулиа сайн ойлгож байж л биелүүлнэ шүү дээ. Одоо бол ерөнхий ойлголт өгөхүйц сурталчилгаа л явж байна.

Ерөнхий ойлголт авах нэг хэрэг, өөрийн биеэр хэрэгжүүлж үзэх бас нэг хэрэг. Мэдээж хэрэгжилтийн явцад  асуудал гарах л  байх. Тэдгээрийг тухай бүрт цаг алдалгүй засаад явах нь чухал. Хуулийн зарчим, бодлого нь буруу биш болохоор аль болох зөв тал руугаа л явах байх гэж бодож байна. 

-Хууль хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан  иргэдэд мэдээллийг хангалтттай өгөх, бэлтгэл хангах  хугацаа хэрэгтэй байсан юм  шиг санагдах юм. Эсвэл шууд алдаа оноогоо дэнслээд л засаад явах нь зөв юм уу? 

-Бэлтгэл гэж хугацаа алдаж байхаар алдаа оноогоо дэнслээд л засаад явах нь зөв. Анхнаасаа хуулиа тодорхой гаргачихсан юм чинь алдаа гарсан үед засаад явах нь чухал. Хууль хүн бүхний өдөр тутмын амьдралтай холбоотой  тул  хэрэгжүүлэхэд нэг их бэрхшээл тулгарахгүй байх. Тиймээс хүн бүр хуулийг хэрэгжүүлэхийн тулд Татварын албанаас зөвлөгөө зөвлөмж авах, аль болох боломжоо ашиглахын тулд идэвхтэй байх хэрэгтэй.

Манайхан боломжийг ашиглах тал дээр идэвх муутай. Тэгэхээр хүн бүр худалдан авсан барааныхаа тасалбарыг нэхдэг, тасалбар өгч буй газраар үйлчлүүлээд эхэлбэл бусад газрууд ч миний бараа бүтээгдэхүүн зарагдахгүй нь байна шүү гээд  арга хэмжээ авах нь мэдээж. Энэ мэтчилэн хүн бүхэн дор бүрнээ хичээвэл эдийн засагт сайнаар нөлөөлнө. 

-Монгол Улсын татварын орчин бодит амьдрал дээр зөөлөн үү, эсвэл? 

-Манайх бол татварын өндөр ачаалалтай улс биш шүү дээ. Татварын хуулиуд нь энгийн, их ойлгомжтой. Гагцхүү хуулийн хэрэгжилтийг хангахад нөлөөлдөг гол хүчин зүйл нь тухайн иргэн  өөрөө  хуулиа  маш сайн ойлгосон байх ёстой. Би хичээл заагаад дуусахад оюутнууд “Татварыг төлөхгүй байх ёсгүй, төлмөөргүй байна гэх асуудал гарахгүй юм байна шүү дээ” гэдэг. Тийм учраас татварын мөн чанарыг  энгийнээр, маш сайн ойлгуулах ёстой байгаа биз.  

Татвар яагаад байх ёстой юм, татварыг яагаад төлөх ёстой юм, яаж төлдөг юм гэсэн  гурван ойлголтыг сууриар нь маш сайн хэлээд өгөхөд татварыг төлөх ёстой юм байна хэмээн ээж аавдаа очоод хэлнэ, хуулийн дагуу өөрийгөө эрсдэлээс хамгаалаад боломжит хэлбэрээр төлөх боломж байдаг гэдгийг татварын хичээлд суугаад гарсан хүүхдүүд ойлгоод гардаг.

Бүх хүнд татварын хичээл заах боломжгүй учраас хүүхдээр нь дамжуулаад эцэг эх, ойр тойрных нь хүмүүст ойлгуулж болно. Ер нь сайн  ойлгуулах явдал. Түүнээс хуулиараа татварыг төлөх ёстой шүү хэмээгээд  хууль уншихыг шаардсанаар  татвар төлдөг болно гэж байхгүй. Тиймээс татварын ойлголтыг маш сайн өгөх нь чухал. 

-Ер нь яагаад заавал татвар төлөх ёстой юм гэх хүн байдаг л юм билээ?  

-“Төр оршихуй дор татвар буй, татвар оршихуй дор төр буй” гэдэгчлэн төр татвар хоёр салшгүй холбоотой. Ард түмнийг зангидан удирдахын тулд төр байх ёстой. Тэнд нийтийн эрх ашигт нийцсэн үйлчилгээ явагдах  тул санхүүжилт хэрэгтэй. Тэр санхүүжилтийн эх үүсвэр нь татвар.  

Иргэн төрөөс үйлчилгээ авч байгаа учраас татвар төлж, тэр төлсөн татвараар нь төр иргэдээ тайван амгалан амьдрах, ажил үйлчилгээгээ явуулах боломжоор хангаж өгч байгаа юм. Мөн би дээр хэлсэн. Хуулийг хэрэгжүүлэхэд олон хүчин зүйл нөлөөлдөг гэж. Тэгвэл иргэн миний төлсөн татварыг ямар зүйлд зарцуулж байна вэ гэдгийг мэдэж, хянаж чадаж байвал тэр хууль сайн хэрэгждэг. Тэгэхээр  энэ нь  дээд төвшиндөө төсвийн хуваарилалт, зарцуулалтыг анхаарах ёстой гэдгийг л хэлээд байгаа  хэрэг.  

Үр ашиггүй зүйлд миний өгсөн мөнгийг явуулах ёсгүй, миний өгсөн мөнгийг бэлнээр тараах ёсгүйшүү дээ. Бэлэн мөнгө тарааснаар эдийн засгийг хямраагаад байгаа юм шүү дээ. Энэ бол татвар төлөгчдийн төрд итгэх итгэлийг бууруулж байгаа явдал юм. Ийм зүйл сүүлийн жилүүдэд нэлээд ажиглагдаж байна.

Үнэхээр төлсөн татвар маань зөв зүйлд зарцуулагдаад, өөрт минь ач тусаа өгч байвал татварыг төлөхгүй гэх учиргүй  биз дээ. Иргэд  бодит байдлаар буюу мөнгө хэлбэрээр нь ашиг хүртэхгүй ч нийтлэг үйлчилгээгээр ашгаа хүртэж байдаг. Мөнгөө төлж байж л үйлчилгээ авна. Тухайлбал, улс орны хилийг хэн хамгаалах юм, иргэдийн татварт төлсөн мөнгөөр хамгаалдаг байхгүй юу. 

-Монгол Улсын иргэн төрснөөс үхэх хүртлээ хэчнээн төрлийн татвар төлдөг юм бэ. Мөн эргүүлээд хэчнээн төрлийн халамж хүртдэг юм бол? 

-Яг тоогоор хэлэх нь хаашаа юм бэ. Ерөнхийдөө манайх иргэний хуульд 20 гаруй төрлийн татвар төлнө гэж  заасан байгаа. Тэгэхдээ иргэн хүний тухайд зайлшгүй амьдрахын тулд ажил хөдөлмөр эрхэлнэ. Орлого олж л байвал татвар төлөх нь тодорхой. Тэр бол хувь Хүний орлогын албан татвар. Иргэд  айхтар олон татвар төлөөд  байдаггүй.

Хувь хүний орлогын албан татвар төлнө. НД-ын шимтгэл, ЭМД-ын шимтгэл зэргийг тодорхой хугацаанд эргүүлээд авдаг учраас энэ бол зөвхөн өөртөө зориулж төлдөг. Тийм болохоор татвараас арай өөр ойлголт юм. НӨАТ байна, үүнийг  худалдан авалт хийх бүртээ төлж байгаа. Одоо харин буцаагаад  авах боломжтой болчихлоо. Энэ мэтчилэн татварын систем нэлээд эрчимтэй хөгжиж байна. Гэхдээ хаана ч төгс төгөлдөр болчихсон татварын систем байдаггүй.