2016 оны 03 сарын 31
Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Гааль, татварын ерөнхий газарт ажиллаж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн хэрэгжилттэй танилцлаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем төслийн нэгжийн захирал Р.Отгонтулга цахим төлбөрийн баримтын систем болон төслийн явцын талаар мэдээлэл хийсэн юм. НӨАТ-ын тухай хууль хэрэгжиж эхэлсэн энэ 3 сарын хугацаанд цахим төлбөрийн системд бүртгэлтэй аж ахуйн нэгжийн тоо 30 гаруй мянгад хүрчээ. НӨАТ-ын сугалаатай 35 сая баримт 34 156 цэгээр хэвлэгдсэн байна. Мөн 549 сая төгрөгийн шагналын сан бүрдүүлсэн бөгөөд цахим төлбөрийн баримтын системд 411 мянган хэрэглэгч, гэр бүл хамрагдаж, сугалаанаас 14470 азтан тодорчээ.
НӨАТ-ын тухай хууль богино хугацаанд бодитоор хэрэгжиж эхэлж байна гэдгийг Ерөнхий сайд онцлоод хуулийн хэрэгжилттэй холбоотойгоор зарим бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, татварын байцаагч нар аж ахуйн нэгжүүдийг дарамталж, өндөр үнэтэй кассын машин ав гэсэн шахалт үзүүлж байгаа тухай мэдээлэл ирсэн. Энд тайлбар хийхийг албаны хүмүүсээс хүслээ.
Гааль, татварын ерөнхий газрын дарга С.Пүрэв "Барааны үнэд НӨАТ багтсан учраас үнэ нэмэгдэх ёсгүй. Хэрэв аж ахуйн нэгжүүд барааны үнийн дүн дээр 10 хувийг нэмж тооцож байгаа бол буруу" гэлээ. Аж ахуйн нэгжүүд үнээ нэмлээ гэхэд торгож, хариуцлага тооцох эрх ГТЕГ-т байхгүй гэдгийг тэр хэлээд НӨАТ-ын тухай хууль болон Татварын ерөнхий хуульд Монгол Улсын нутаг дэвсгэрт ажил, үйлчилгээ үзүүлж байгаа татвар төлөгчид стандартын шаардлага хангасан касс, хэвлэх машинтай байна гэж заасан. НӨАТ-аас гадна нийслэлийн татвар авч байгаа учраас кассын машинтай байх ёстой. НӨАТ төлөгч аж ахуйн нэгжүүдэд энэ шаардлагыг тавьж байгаа, харин НӨАТ төлөгч биш аж ахуйн нэгжүүдэд хуулийн ач холбогдлыг таниулж, сурталчлах чиглэлээр ажиллаж байна гэлээ.
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системд 5 мянгаас эхлээд 500 мянган төгрөгийн үнэтэй техникийн сонголтууд байна. Энэ чиглэлээр сурталчилгаа хийж, иргэдэд хуулийн хэрэгжилтийг таниулах шаардлагатайг Ерөнхий сайд анхаарууллаа.
Эдийн засгийн мөнгөн урсгалаа бүртгэдэг энэ тогтолцоонд одоо л орохгүй бол тодорхой хугацааны дараа татварын, өршөөлийн болон ил тодын хууль дахин дахин баталж, улсын төсвөөс хэд дахин их нууцлагдсан орлогыг ил болгох тухай асуудлуудыг дахин ярьж байдаг болно. Өөрөөр хэлбэл, үргэлж далд эдийн засагтай байна. Иймээс аж ахуйн нэгжүүд, иргэдэд энэ хуулийн ач холбогдлыг маш сайн ойлгуулан сурталчлах хэрэгтэй гэж Ерөнхий сайд хэллээ.
НӨАТ-ын тухай хуулийг одоо хэрэгжүүлэхгүй бол Монгол Улсын эдийн засаг ил тод, зөв зарчимд шилжиж чадахгүй. Энэ хуулийн хэрэгжилт бол сугалаа, урамшууллын тухай биш замбараатай, бүртгэлтэй, хяналттай эдийн засгийн тогтолцооны тухай юм. Хууль иргэдэд тустай байх үүднээс татварын урамшуулал өгч байгаа. НӨАТ-ын буцаан олголтоо хамгийн хялбар, ил тод, энгийнээр буцаан авдаг системийг бий болгох ёстой гээд хуулийн хэрэгжилттэй холбоотой эргэж буцах зүйл байхгүй гэдгийг анхаарууллаа.
Хуулийн хэрэгжилтийн үр дүн эхнээсээ гарч НӨАТ-ын бүрдүүлэлт сайжирч байна. Хүмүүст илүү энгийн, ойлгомжтой болгоход анхаарч ажиллах, нэг цэгийн үйлчилгээ рүү оруулах шаардлагатай байна. Эхний ээлжинд буцаан олголт хийх техник, технологийн шийдлийг гаргах, системд бүртгүүлсэн 411 мянган иргэний төлсөн НӨАТ-ын хоёр хувийг энэ оны дөрөвдүгээр сард багтаан буцаан олгох ажлыг зохион байгуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг үүрэг болголоо.
Мөн энэ үеэр программ хангамжийн компаниуд Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийн хялбар, хямд шийдлүүдийн талаар танилцуулсан юм гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.