Сэтгүүлч Б.Урансолонго
Эгийн голд усан цахилгаан станц барих ажлыг Оросын тал эсэргүүцэж байсан. Тэгвэл энэ сарын 23,24-ны өдрүүдэд Төрийн ордноо хойд хөршийн академчид болон тус улсаас ирсэн ажлын хэсэг мөн "Эгийн голын усан цахилгаан станц" төслийн багийнхан, холбогдох яамд, шинжлэх ухааны байгууллагуудын хамтарсан зөвшилцөх уулзалт боллоо.
Тус төслийн захирал Д.Одхүү уулзалтын талаар “Эгийн голын УЦС-ын асуудал яригдаж эхэлснээс хойш буюу сүүлийн 25 жилийн хугацаанд манай улс ОХУ-ын зүгээс ганц ч нааштай үг сонсож байгаагүй. Харин энэ удаагийн уулзалтаар Оросын тал энэ бол танай дотоод асуудал, тиймээс та нар дотооддоо шийдвэрээ гарга хэмээн хүлээн зөвшөөрлөө гэж ойлгож болно. Эгийн голын УЦС-ыг барих асуудал дээр оросууд өөрсөдтэй нь бидэнтэй зөвшилцөх ёстой гэсэн байр суурьтай байсан бол үүнийг Монгол Улс дангаараа шийдэх эрхтэй гэдгийг хүлээн зөвшөөрч байна” гэлээ.
Оросын талын энэ урт хугацаанд эсэргүүцэж байсан гол шалтгаан нь "Байгаль нуурт сөргөөр нөлөөлнө" гэх үндэслэл байлаа. Харин үүнийг олон улсын байгаль орчны үнэлгээний байгууллагуудаас уг нуурт "0.025 хувийн буюу сөрөг нөлөө бараг байхгүй" гэжээ. Оросын тал нэгэнт "танай дотоодын асуудал" гэсэн учраас одоо хөрөнгө оруулагч өмнөд хөрштэй санхүүжилт татах асуудлаарх хэлэлцээр үргэлжлэх юм. БНХАУ-ын хувьд нэг тэрбум орчим ам.долларын хөрөнгө оруулах боломжтой гэдгээ урьдчилсан байдлаар илэрхийлсэн байдаг.
Энэ цахилгаан станц баригдснаар Булган, Орхоны бүс нутагт цэнгэг нуур үүсэж мөн цахилгаан эрчим хүчээр бусад орон нутгийг хангах том боломж бүрдэх юм.