богино мэдээ New

Сая сая ам.доллар цацсан Эгийн голын УЦС-ын төсөл макет болж үлдэнэ

МОНГОЛЫН УЦС-Д ГАРСАН АВААР УЛААН-ҮДИЙГ ХАГАС ӨДРИЙН ДОТОР УГААНА.

Эх сурвалж: Д.ОТГОНЖАРГАЛ, ӨГЛӨӨНИЙ СОНИН

МОНГОЛЫН УЦС-Д ГАРСАН АВААР УЛААН-ҮДИЙГ ХАГАС ӨДРИЙН ДОТОР УГААНА 

Оросын хэвлэлүүд Монголын Засгийн газрын Сэлэнгэ мөрөн дээр барьж буй Шүрэнгийн усан цахилгаан станцын төслийг Дэлхийн банкны оролцоотойгоор зогсоож байгаа талаар мэдээлж эхэллээ. Хойд хөршийн хэвлэл мэдээллийн олон эх сурвалжийн дамжуулсан Монголын УЦС-тай холбоотой мэдээ нийтлэлээс зөвхөн нэгийг онцлон дурдая.

Plotina.net сайт тавдугаар сарын 14-нд Интернет- журнал “Республика” сэтгүүлээс “Монголын УЦС-д гарсан аваар Улаан-Үдэ хотыг хагас өдрийн дотор угаана” гарчигтай нийтлэлийг авч байршуулжээ. 

Үүнд, ОХУ-аас худалдаж авдаг эрчим хүч жил ирэх тусам үнэд орж байгаа тул Монгол өөрийн цахилгаан эрчим хүчтэй болох оролдлого хийж, Сэлэнгэ мөрөн дээр УЦС байгуулж байгаа.Хэвлэл мэдээллийнхэн өнөөдрийг хүртэл Монгол Улс цахилгаан, эрчим хүчний хөнгөлөлт олох зорилгоор ОХУ-ыг УЦС барина гэж дарамталдаг.

Гэхдээ олон улсын санхүүгийн байгууллагууд Байгаль нуурын экологийн аллагыг санхүүжүүлэхээс татгалзах байх хэмээн хардаж ирсэн.

Харин эрдэмтдийн үзэж байгаа зураг хэвлэлийнхнээс арай өөр байна. Тэд нэгдүгээрт, Сэлэнгэ мөрөнд барих УЦС-ууд бүс нутгийн цаг агаар, усны түвшинд өөрчлөлт авчирна.

Энэ бол Байгаль нуурыг экологийн аллага.Шүрэн болон Эгийн голын УЦС-ын төслүүд Сэлэнгэ мөрний доод бэлчир болон дэлхийн цэнгэг усны хамгийн том байгалийн усан сан Байгаль нуурын эко системийг доройтуулж, загасны нүүдлийн зам, голын усны голдрилыг өөрчилнө.

Төслүүд дотроос хамгийн аюултай нь Эгийн гол. Энд УЦС барьснаар асар их сүйрэл заналхийлэх болно. Энэ бүс нутаг Монгол Улсын газар хөдлөлтийн идэвхтэй хэсэгт байрладаг бөгөөд хэрвээ газар хөдлөлт явагдвал Шүрэн, Эгийн голын усны урсгалын хурд Улаан-Үдэ хотыг хагас өдрийн дотор “угаана”. Газар хөдлөлтийн үед үүсэх усны урсгалын хурдыг цунамитай зүйрлэж болно” гэж мэдээлжээ. 

ВАШИНГТОНЫ ЗАХИДАЛ УЦС ЦАРЦСАНЫГ НОТОЛСОН ГЭВ

Дээрх нийтлэлийн хамгийн их анхаарал татсан өгүүлбэрийн нэг нь ОХУ-ын Байгаль орчны яамны Олон улсын хамтын ажиллагааны газрын захирал Нуритдин Инамовын хэлсэн үг. Иманов “Байгалийн яам Дэлхийн банкны төлөөлөгчидтэй хэдэн долоо хоногийн өмнө уулзаж, төслийн цаашдын асуудлыг тодорхойлж ярилцсан.

Тавдугаар сарын 20-доор Улаанбаатарт очиж Монгол түншүүдтэй уулзан энэ төслөөс татгалзах шаардлагатайг ойлгуулах уулзалт хийхээр төлөвлөсөн. Дэлхийн банкныхан биднийг сонсож, бид Вашингтоноос захидал хүлээн авсан. Захидалд УЦС-ын ажлыг зогсоож байгаа төдийгүй одоо тус банкны төлөөллийнхөн Буриад, Эрхүү мужид ирж, бүс нутгийн түвшинд газар дээр ажиллаж, иргэдийн санал бодлыг сонсоход бэлэн байна” гэж хэлжээ. Түүний үгээр Вашингтоны захидал УЦС царцсан болохыг нотолж буй юм. 

Ингэхэд монголчуудад УЦС үнэхээр хэрэгтэй юу?. Эрчим хүчний дутагдлаа нөхөхийн тулд УЦС байгуулах нь зөв мэт харагдах боловч жилийн дөрвөн улиралтай монголчууд УЦС-ын ашгийг өвлийн цагт хүртэж чадахгүй нь үндсэндээ тодорхой.

Бороо хур татарсан гантай жил УЦС-аас эрчим хүч горьдсоноос тэнгэрээс хур гуйсан нь хамаагүй дээр. Гэвч 2012 оны УИХ-ын сонгуулийн дараа байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар зөвхөн олон нийтэд таалагдахын тулд хоосон хийж байх магадлалтай, хэрэгжих найдвар муутай нэг төслүүдийг хэрэгжүүлэх болсон нь УЦС.

Тэр дундаас хэмжээ далайц, хөрөнгө оруулалт, анхаарал сонирхол татаж байгаа байдлаараа томхонд орох төсөл нь Эгийн гол. Засгийн газар Хөвсгөл нуурын өмнөд хэсгээс эх авч урсдаг цорын ганц гол Эг дээр УЦС байгуулах асуудлыг бүр 1991 оноос хойш ярьсан ч бүтээгүй. Энэ төсөл 1997, 2007 онд хоёр удаа хөдлөх гээд бүдэрсэн төдийгүй төслийг тойроод улс төрийн хүрээнд үе үе учир битүүлэг үйл явдал өрнөдөг байв.

Ардчиллын алтан хараацай, Дэд бүтцийн хөгжлийн сайд С.Зоригийн үхлийг улс төрийн хүрээнийхэн Эгийн голын УЦС-ын тендертэй ямар нэгэн байдлаар хамааралтай гэж үздэг бол 2007 онд Эрчим хүчний сайд Б.Эрдэнэбат мөн л энэ төслийн тендерээс болж албан тушаалаасаа огцорч байв.

Цаг хугацааны хувьд ямар үед Эгийн голд УЦС барих асуудлыг хөндөхөд таатай болдог, ямар үед татгалзах шалтгаан үүсдэг нь ойлгомжгүй. Үүнд хэн ч, ямар ч тайлбар хийж байгаагүй билээ.

ТЭРБУМ, ТЭРБУМЫН ҮНЭТЭЙ УЦС-ЫН МАКЕТ

Юутай ч Эгийн голын УЦС-ын гол зорилго нь төвийн эрчим хүчний системийн тохируулга хийх, зардал бууруулах, импортын эрчим хүчний хараат байдлаас гарах, найдвартай цахилгаан эрчим хүчээр хангах явдал гэж Засгийн газар тодорхойлоод байгаа. Тиймээс суурилагдах хүчин чадал 315 МВт, жилд дунджаар 606 сая кВт.ц цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтай, 5.7 тэрбум м3 эзлэхүүнтэй цэвэр усны сан бүхий УЦС барина аа л гээд байгаа.

Төслийн ТЭЗҮ-ийг Эрчим хүчний салбарын Шинжлэх ухаан, технологийн зөвлөлийн 2014 оны наймдугаар сарын 25-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн, төслийн нийт өртгийг 827 сая ам.доллар гэж тооцоолсон байгаа.

2007 онд 327.8 сая ам.доллараар босно хэмээн яригдаж байсан энэ төслийн өртөг өнөөдөр бараг тэрбум ам.долларт хүрчихээд байгаа юм.

Төсөл 2014 оны намар, цаасан дээр амилахаас өмнө 2013 оны нэгдүгээр сард Засгийн газар Эгийн голын УЦС-ын төсөлд Чингис бондын мөнгөнөөс 2.3 сая ам.доллар гаргаж өгсөн. Энэ мөнгөний нэг тэрбумаар Д.Одхүү даргатай Эгийн голын УЦС төслийнхөн археологийн судалгаа хийсэн гэдэг юм.

Төсөл рүү урсах хөрөнгө үүгээр дуусаагүй. 2015 оны арваннэгдүгээр сарын 10-нд Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг БНХАУ-д айлчлах үед Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Засгийн газрыг төлөөлөн БНХАУ-ын Экспорт импорт банкнаас нэг тэрбум ам.долларын зээлийн гэрээнд гарын үсэг зурсан. Энэ мөнгө мөн л Эгийн голын УЦС-ын төсөлд шингэсэн. 

Түүх сөхвөл Монгол Улс 1959 оноос эхлэн дотооддоо УЦС барих оролдлогыг хийж эхэлсэн байдаг. Түүнээс хойш 13 УЦС баригдсан. Гэвч монголчууд энэ УЦС-уудаас ашиг олоогүй, харин зарснаасаа илүүг алдсан. Гурван аймгийг эрчим хүчээр хангана гэж байсан Тайширын УЦС гэхэд одоо гурван сумын хэрэгцээг ч хангаж чадахгүй байгаа.

Дампуурсан, балгас болсон УЦС-уудын эдийн засагт учруулсан хохирлын бурууг хэн ч хүлээгээгүй. Энэ сул тал нь эрчим хүчний дутагдлыг нөхнө гэх гоё үгээр хүмүүсийн тархийг угаах популистуудыг олноор нь төрүүлж, УЦС-ын төслөөс мөнгө угаах санааг цэцэглүүлээд байгаа. 2012 онд байгуулагдсан Н.Алтанхуягийн Засгийн газрын үед яригдаж, Чингис бондоос, Хятадын банкнаас ч мөнгө босгоод байгаа Эгийн голын УЦС-ын талаар төслийн удирдагч Д.Одхүү “Цаасны ажлуудыг бид жилийн дотор маш хурдтай, амжилттай хийгээд дуусгасан.

Дэлхийн нэр хүнд бүхий Франц улсын Трактвудд инженерийн компани зөвлөхөөр ажилласан. Бааз барих ажил эхэлсэн. Сэлэнгэ мөрний дээгүүр хамгийн урт гүүр барина. Замын ажил, мөн хоёр дэд станцын ажлыг эхлүүлнэ. Эдгээр ажлыг 2016 оны сүүлч гэхэд дуусгахаар гэрээлсэн” хэмээн ярьсан байдаг. Энэ бол түүний 2016 оны гуравдугаар сарын 1-нд өгсөн ярилцлага.

Яг үнэндээ төсөл 3.6 жил дамнан яригдсан ч өнөөдөр тэнд банз, хадаасны чимээ гараагүй л байна. Шулуухан хэлэхэд Эгийн голын УЦС-ын төсөл олныг алмайруулж байгаа Сайншанд аж үйлдвэрийн паркын асар үнэтэй макет төдийхөн, тэнд бүтээн байгуулалт хийгдэх биш ажил зөвхөн амаар яригдаж байгаа юм. Тэр макетын үнэ мөн л тэрбум тэрбумаар хэмжигдэж байгаа нь олны анхаарлыг татах нь гарцаагүй.


ЭГИЙН ГОЛЫН УЦС-ЫН ТҮҮХ 25 ЖИЛ

Яригдаж эхлээд 25 жил өнгөрч байгаа Эгийн голын усан цахилгаан станцыг тойроод ямар ямар үйл явдал өрнөсөн болохыг тоймлон хүргэж байна. Эндээс уншигч та өөр өөрийн дүгнэлтээ хийгээрэй

1991-05 сар: Азийн хөгжлийн банкны экспертүүд Монгол Улсад УЦС барих асуудлыг судалсан ба өмнө нь энэ чиглэлээр хийгдсэн судалгааны материалуудыг нэгтгээд Эгийн голын УЦС-ын төслийг эхлүүлэх нь зөв гэж үзэв. Тавдугаар сард Монголын Засгийн газарт төслийн ТЭЗҮ боловсруулахад хэрэгтэй буцалтгүй тусламж үзүүлж, нарийвчилсан зураг төсөл боловсруулахад хөнгөлттэй зээл олгох санал тавьсан байна. 

1991-08 сар: Засгийн газар АХБ-наас төслийн ТЭЗҮ-ийн судалгаа, нарийвчилсан судалгаа, тендерийн бичиг баримт боловсруулахад шаардагдах санхүүжилтийг авах тохиролцоонд хүрэв.

1994 он: Эгийн голын УЦС-ын ТЭЗҮ, нарийвчилсан зураг төслийн судалгаа, тендерийн бичиг баримтыг боловсруулжээ. 

1994-04 сар: Хоёр тал Эгийн голын УЦС-ын зээл, тусламжийн гэрээнд гарын үсэг зурав. 

1995 он: Эгийн голын УЦС барих тендер зарлагдав. Тендерт Малайзын Засгийн газрын оролцоотой компани ялсан. Гэтэл 1997 онд Малайзын Төрийн тэргүүн Махатир Монголд албан ёсны айлчлал хийхээс хэдхэн хоногийн өмнө энэ тендерийг Ерөнхий сайд М.Энхсайханы Засгийн газар цуцалж, Чехийн “Техно арт” гэж хэн ч үл мэдэх компаниар бариулахаар болжээ. 

1996-1997 он: Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах хөрөнгийн асуудал шийдэгдээгүйгээс барилгын ажлыг хойшлуулсан байна.

1998-10-02 өдөр: Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зориг энэ өдөр бусдад хорлогдов. Хэвлэлүүд түүнийг Ерөнхий сайд болгох гэж байсан учраас хөнөөсөн гэж бичихээс гадна С.Зориг Эгийн голын УЦС-ын тендерийг Малайзын компаниас авч, Чехийн “Техно арт” компанид өгөхийг эсэргүүцэж байсан. Чехэд ийм нэртэй компани байдаггүйг удаа дараа нотолж байсан гэж мэдээлж байв.

1999 он: УИХ-ын гишүүн асан Ша.Батбаяр “Нөгөөдөр” сонинд “талийгаач С.Зоригийг үхэл казино, Эгийн голын УЦС, Ерөнхий сайд болох гэж байсантай холбоотой гэж ярив. 

2003 он: БНХАУ-ын дарга Ху Жин Тао манай улсад айлчлахдаа Хятадын Засгийн газар 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох болсноо дуулгав.

2005-11-28 өдөр: Манай Түлш, эрчим хүчний яам, БНХАУ-ын Улсын хөгжил, шинэчлэлийн хороо хамтран Бээжинд нүүрс, цахилгаан эрчим хүчний салбарт хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурав. 

2006-11-07 өдөр: “Зууны мэдээ” сонин БНХАУ-ын дарга Ху Жинтао 2003 онд Монгол Улсад айлчлахдаа 300 сая юанийн хөнгөлөлттэй зээл амласан. Энэ зээлээр Эгийн голд УЦС бариулах саналыг Түлш эрчим хүчний яам гаргасныг Засгийн газраас дэмжив хэмээн мэдээлэв. 

2006-11-22-27 өдөр: Монгол Улсын Ерөнхий сайд М.Энхболд БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябаогийн урилгаар Хятадад албан ёсны айлчлал хийв. Энэ үеэр Хятадын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгохоор болсон 50 сая юанийн буцалтгүй тусламж болон 300 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг Эгийн голын УЦС-ыг барьж байгуулахад ашиглах тухай гэрээнд гарын үсэг зурав.
2007-02-27 өдөр: Түлш Эрчим Хүчний сайд Б.Эрдэнэбат 11 тоот тушаал гаргаж Эгийн голын УЦС-ын төслийн удирдагчийг томилон ажиллуулсан. Ажлын хэсэг төслийн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үүрэг хүлээв.

2007-04-19 өдөр: Түлш, эрчим хүчний яам Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлав. Оролцогч компаниуд төслийг 398-466 сая ам.доллараар хэрэгжүүлэх санал ирүүлэв. Санал болгосон үнэ төслийн анхны төсөвт өртгөөс 98-166 сая ам.доллараар давсан тул тендер хүчингүй болов.

Иймд төслийн цахилгаан дамжуулах шугам, авто замыг барих 45 сая ам.долларын ажлыг Монголын тал өөрсдөө гүйцэтгэх боломжтой гэж үзээд нийт ажлын хэмжээнээс уг зардлыг хасаж, дахин хязгаарлагдмал тендер зарласан. Тендерт гурван компани оролцож 313-366 сая ам.доллараар төслийг хэрэгж үүлэх санал ирүүлсэн. Үүнээс 313 сая ам.долларын санал ирүүлсэн “Синомач-Камке” консерциумтай хэлэлцээр хийжээ. Гэвч талууд тохиролцоонд хүрч чадаагүй.

2007-04-19 өдөр: Эгийн голын УЦС-ыг барьж байгуулах гүйцэтгэгч компанийг шалгаруулах тендерийг зарлах, төслийн бэлтгэл ажлыг хангах үүрэгтэй ажиллаж байсан Сангийн дэд сайд Ч.Ганзориг ахлагчтай ажлын хэсгийг Үнэлгээний хороо болгон шинэчлэн зохион байгуулав.

Төслийн зөвлөхөөр Швейцарийн “Пойри” компани шалгарчээ. УЦС-ын байгаль орчинд нөлөөлөх нарийвчилсан үнэлгээнд тодотгол хийж, боловсруулах компанийг сонгон шалгаруулж, Гүйцэтгэгч “Енко” компани тодорсон. УЦС-ын төсөвт өртгийг “Пойри” зөвлөх инженерийн компани 2007 онд шинэчлэн хийсэн. Энэ тооцоогоор төслийн өнөөгийн өртгийг 327.8 сая ам.доллар гэж тооцсон. 

2007-06-19 өдөр: Энэ өдөр Эгийн голын УЦС-ын барилгын ажлыг барьж байгуулах тендерийн саналыг нээсэн. Энэ тендерт станцын далан, барилга, гидротехникийн тоног төхөөрөмж, цахилгаан механик тоног төхөөрөмж, шинээр барих зам, дэд өртөө, цахилгаан дамжуулах шугам гэсэн дөрвөн ажлыг иж бүрнээр хийж гүйцэтгэхээр заагдсан. 

2007 он: Эгийн голын усан цахилгаан станцыг байгуулахаар Хятадын компанитай гэрээ хийсэн.Барилга барих гарын үсэг нь дутуу байхад Засгийн газраас зогсоов. 

2008-01-18 өдөр: УИХ-аар баталж, ҮАБЗ-өөр дэмжигдэн, Ерөнхий сайд Хятадад очиж гэрээ байгуулсан Эгийн голын УЦС-ын төсөл зогссон талаар “Монголын мэдээ” сонин мэдээлэв. 

2008-04-15 өдөр: Түлш, эрчим хүчний сайд Ч.Хүрэлбаатар Эгийн голын усан цахилгаан станцын төслөөс татгалзах болсон шалтгааныг УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанд “Энд усан станц барьснаас нийслэлд цахилгаан станц барих нь эдийн засгийн хувьд үр ашигтай. Байгаль орчин талаас үзэхэд УЦС-ын далан загасны нүүдэлд сөргөөр нөлөөлөх нь тогтоогдсон. Мөн Эгийн голын урсац улам бүр муудсаар байна” гэж тайлбарлав.

2009-12-07 өдөр: БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Юй Хун Яог “Өнөөдөр” сонинд өгсөн ярилцлагадаа “300 сая долларын хөнгөлөлттэй зээлийг анх Эгийн голд УЦС байгуулах төсөлд зарцуулахыг манай тал зөвшөөрсөн. 2008 оны эхээр буюу төсөл эхлүүлэх шатанд танай Засгийн газар зээлийн зориулалтыг өөрчилж, өөр таван төсөлд зарцуулах санал гаргасан. Үүнээс болж Эгийн голын төсөлд оролцох бэлтгэл хангасан Хятадын аж ахуйн нэгжүүд нэлээд их хохирол амссан” гэж ярив. 

2012 он: Шинэчлэлийн Засгийн газар 2012-2016 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөртөө үйлдвэржүүлэх бодлогыг хэрэгжүүлэх чиглэлээр авах арга хэмжээний хүрээнд “Сэлэнгэ мөрний сав газар том чадлын УЦС барина” гэж тусгав. 

2013-01 сар: Засгийн газрын 2013 оны нэгдүгээр сарын үйл ажиллагааны товч мэдээлэлд Эгийн голын УЦС-ын асуудал тулгамдаж байгаа асуудлын нэгд тооцогдсон бөгөөд Эрчим хүчний яам тус УЦС-ыг барьж байгуулах бодлогын шийдвэрийг Засгийн газрын хуралдаанд хэлэлцүүлж гаргуулах үүрэг хүлээсэн байна.