Ардчилсан хувьсгалын дараа иргэн бүрт хувьцаа тарааж шар, ногоон картуудыг тараасан. Харамсалтай нь тухайн үеийн иргэд хувьцаа гэдэг зүйлийн талаар мэдээлэл байхгүйгээс болж тэдгээрийг бүгд үнэгүйдүйлж орхисон түүхтэй.
Тэгвэл Сү.Батболдын засгийн газрын үед иргэн бүрт 1072 ширхэг хувьцааг “Тавантолгойн” орд газраас хуваарилсан. Үүнийхээ дараа иргэдэд нээлттэй санал тавьж хувьцааг нь төр авсан. Тодруулбал, Засгийн газрын 2012 оны 201 дүгээр тогтоолоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшигч Монгол Улсын иргэд эзэмшиж буй хувьцаагаа Засгийн газарт нэрлэсэн үнээр нь худалдах хүсэлт гаргаж болох тухай шийдвэрийг гаргасан. Үүний дагуу Монгол Улсын 1503 984 иргэн 1583 628 456 ширхэг хувьцааг Засгийн газарт худалдах хүсэлтээ Нийгмийн халамж үйлчилгээний газарт гаргажээ. Эдгээр хүсэлт гаргасан иргэдийг тус компанийн хувьцаа эзэмшигчдийн бүртгэлээс хасах бичилт хийжээ.
Харамсалтай нь эдгээр иргэдэд одоог болтол мөнгийг нь өгөөгүй байгаа юм. Тиймээс иргэд УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд хувьцаагаа буцааж эзэмших хүсэлт гаргасан байна. Үүний дагуу хүсэлт гаргасан иргэдэд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг буцаан эзэмшүүлэн бүртгэхийг Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төвд даалгалсан.
Өчигдөр Засгийн газар Тавантолгойн гэрээний төслийг өргөн барих зөвшөөрөл хүсэхээр УИХ-ын Тамгын газар баримт бичгүүдээ явуулсан. Гэвч УИХ-ын Тамгын газраас уг бичиг баримтуудыг шалгаж үзээд Засгийн газарт буцаажээ. Гэрээний төслийг “Эрдэнэс Тавантолгойн” 1072 хувьцааг эзэмшиж буй 2.1 сая иргэний гарын үсэг байхгүй гэх шалтгаанаар буцаасан.
Харин Засгийн газар уг хувьцааны асуудал дээр өөр байр суурьтай байгаа. Тэд тайлбарлахдаа “Засгийн газрын 2012 оны дөрөвдүгээр сарын 11-ний 181 дүгээр тогтоолын 3-р заалтын дагуу хоёрдогч зах зээлийн арилжаа эхлэх хүртэл хугацаанд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааг саналын эрхгүй, худалдахгүй, бусдад шилжүүлэхгүй, өөрөөр хэлбэл, аливаа хэлбэрээр захиран зарцуулахгүй байх нөхцөлтэйгээр иргэдэд эзэмшүүлэхээр заасан байдаг. Тиймээс Засгийн газар дийлэнх хувьцаа эзэмшигчийнхээ хувьд их хэмжээний хэлцэл байгуулах эрхийг Гүйцэтгэх удирдлагад олгох бүрэн эрхтэй юм байна.
Энэ нь юу гэсэн үг вэ? гэвэл “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн зах зээлд арилжаалагдаагүй нөхцөлд Монголын хоёр сая хүний эзэмшиж байгаа “1072 ширхэг хувьцаа саналын эрхгүй гэж ойлгож болно. Тэгэхээр саналын эрхгүй хувьцаа эзэмшигчдийн зөвшөөрлийг авах ямар ч боломж байхгүй. Харин “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа олон улсын хөрөнгийн бирж дээр арилжаалагдсан тохиолдолд санал авах, бусдад шилжүүлэх, худалдах эрх нь нээгдэнэ" гэсэн юм.
Засгийн газрын хэлж буйгаар бидний өмнө эзэмшиж байсан хувьцаа ямар ч үнэгүй болох бололтой. Тэгвэл хамгийн энгийнээр бодоход бид 1072 хувьцаанаас 30-40 сая төгрөгийн ашиг олно. Энэ мөнгөн дүн нь нүүрсний зах зээлийн үнэ өсвөл дагаад өснө гэсэн үг.
Энэхүү тооцооллыг гаргасан аргачилал нь тун энгийн. Тавантолгойн орд газар 6.4 сая тэрбум нүүрсний нөөцтэй. Үүнийг 15 тэрбум хувьцаа болгож иргэдэд тараасан. Тиймээс нэг ширхэг хувьцаанд 420 кг нүүрс ноогдох болно. 1072 ширхэг хувьцаа эзэмшиж байгаа нэг иргэнд нийт 450 тонн нүүрс ноогдох болно. Нэг тонныг нь өнөөдрийн ханш 80-90 мянгаар тооцоход ийм дүн гарч байгаа юм.
Иргэдийн байр суурьнаас хандахад эдгээр хувьцааг дахин амь оруулах нь хамгийн зөв шийдэл юм. Тэгэхгүй бол 90-ээд оны эхэн үе шиг олон мянган иргэдийн эрх ашиг зөрчигдөх магадлалтай юм.
Эх сурвалж: www.zaluu.com, Г.Бат