-Амьдралын боломж муу айлын хүүхдүүдээр Туркууд шашны зэвсэг хийж байна-
Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ /www.tugeene.mn/
Манай улсад үйл ажиллагаа явуулж байгаа Лалын шашины сүмд ажилладаг имам /номлогч/ нарын боловсрол маш доогуур байдаг. Ардчилал анх гарч ирсэн үед 20-д жилийн өмнө имам нар Арабын улс орнуудад шашны чиглэлээр суралцаж холбогдох номлол, коран судрын талаар боловсрол авч байсан юм. Тухайн үед сурч байсан казах иргэдийн ихэнх нь хангалттай сайн сураагүй мөн тэр үед сурч асан имам нарын нас өнөөдөр харьцангуй өндөр болжээ. Нас болон бусад хэрэгцээгээ дагаад одоо ажиллаж буй имам нарын ажиллах ур чадвар хангалтгүй болсон талаар олон хүн өчих болов. Бүгд найрамдах Турк улсын шашны байгууллага өөрийн улсын ЭСЯ-аараа дамжин дээрх асуудлыг маш нарийн тооцоолж лалын шашны номлогч имам нарыг дахин шинэчлэх, тэдэнд коран судар болон бусад шашны зан үйлийн талаар зааж сургах тал дээр маш их ач холбогдол өгч тусламжийн нэрээр манай улсын казах иргэдийн толгойг эргүүлж эхэлжээ.
Өнөөдөр БНТУ “Исламын улс бүлэглэл”-ийн үйл ажиллагааг ил далд хэлбэрээр дэмжиж эдийн засгийн томоохон төсөл хөтөлбөрүүдээ тэдний тусламж дэмжлэгтэйгээр явуулж байгаа юм. Дэлхий нийтэд Ислам шашинтай ардчилсан улс гэсэн хуурамч нүүр царай нь ил болж дотооддоо томоохон асуудал, зөрчилтэй байгааг онцгой анхаарах хэрэгтэй. Манай улсад лалын шашны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг холбоо байгууллагууд /Монголын Мусульман нийгэмлэгийн холбоо/ дэлхий нийтийн анхааралд байгаа алан хядах бүлэглэлүүдийн зохион байгуулж буй үйл ажиллагаа болон тэдгээрийн нөхцөл байдалд ашиглуулах эрсдэлтэйг дашрамд дурьдах хэрэгтэй.
Туркийн Шашны байгууллага төлөөлөгчөөрөө дамжин манай улсын казах иргэдийг жил бүр Туркт шашны номлогчийн сургалтанд хамруулдаг байна. Казах иргэдээс турк хэлээр шалгалт аван шалгуурыг нь хангаж буй иргэдийн бүх зардлыг даан сар бүр тэтгэлэг өгпөг. Бас эх орондоо аваачиж лалын шашны коран судар, номлолын талаар зааж сургадаг аж. Бүтэн жилийн турш сургалтанд хамрагдаж ирсэн казах иргэд маань Монголдоо ирэхдээ гадны ямар сөрөг бодол санаа агуулж ирж байгааг таашгүй. Нутгийн уугуул казах өвгөчүүд хүртэл "Казахстан яваад ирсэн манай залуус сүүлийн үед их муу юм сурч ирж байна. Баян-Өлгийд бэлгийн замын өвчин ч үгүй байлаа. Атгаг санаа гэдэг бол өөрийн угсааг дорд үзэхийн хэлбэр" гэж хэлдэг.
Бас болоогүй энэ жил Туркийн шашны байгууллага 25 охин, бүсгүйчүүдийг сургалтанд хамруулах гэж байна. Сургалтанд хамрагдаж байгаа охидууд казах, хотон, тува угсаатан байгаа бөгөөд тэдний дунд лалын шашин шүтдэггүй 2-3 охин явж буй талаарх мэдээллийг бид авлаа.
Энэ бүх ажил маш нарийн зохион байгуулалттай явдаг бөгөөд сургалтанд хамрагдаж байгаа охид бүсгүйчүүд ихэвчлэн боломж бололцоо муу айлын хүүхдүүд явдаг байна. ЭСЯ-ны харьяа шашны төлөөлөгч Мустафа Фахри Угур энэ бүх ажлыг зохион байгуулдаг бөгөөд Баян-Өлгий аймагт Ибрахим Тиряки гэгч бас нэгэн төлөөлөгч давхар ажилдаг юм байна. Хэдхэн хоногийн өмнө Мустафа Фахритай холбоотой таагүй мэдээлэл цахим ертөнцөд гарч байсныг та бүхэн санаж буй байх.
Туркийн Элчин сайдын яамны нэр дээр бүртгэлтэй байдаг шашны төлөөлөгч нар дипломат эрх ямба эдэлж, дипломат ёс зүйг уландаа гишгэн тусдаа үйл ажиллагаа явуулан, төр шашин хоёрыг ялгаж салгалгүй хоёр орны харилцаанд сөргөөр нөлөөлөхүйц үйлдэл явуулж байгаа нь манай улсын Үндэсний аюулгүй байдал, цаашлаад үндэсний цөөнх гэгддэг казах ахан дүүсийн амьдрал, ирээдүйн аюулгүй байдалд хортойгоор нөлөөлөх хэлбэр үүсэж эхэлжээ.
Манай улсад суугаа Дипломат төлөөлөгчийн газруудад шашны төлөөлөгч гэсэн албан тушаал байдаггүй бөгөөд ганц Туркийн Элчин сайдын яаманд байдаг юм байна. Туркийн Элчинд ажиллаж байгаа дипломат эрх эдлэн, суурин ажилладаг лалын шашны төлөөлөгч гэдэг албан тушаалыг хасах арга хэмжээг холбогдох байгууллагын сонорт хүрч байгаа гэдэгт итгэлтэй байна.
Түүнээс гадна манай зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар Баян-Өлгий аймгийн Ногооннуур сумын Тавалдайн хавцалд Туркийн 248 сая ам.доллларын хөрөнгө оруулалттайгаар баруун гурван аймгийг хангах усан цахилгаан станц барих гэж байгаа. Нөгөөтэйгүүр тус улсын шашны томоохон төлөөлөл энэ сард Баян-Өлгийд зочлох юм. Энэ бүгд ямар нэгэн учир шалтгаан, асуудал агуулаад байна уу гэх хардлагыг олон нийтийн дунд төрүүлж эхэллээ.