Сэтгүүлч Т.Бэх
Гааль, Татварын ерөнхий газрын дарга С.Пүрэвтэй ярилцлаа.
-Жижиг аж ахуйн нэгжүүд ба баримт хэвлэх машинтай холбоотой тодорхойгүй мэдээллүүд их байна?
-Хэвлэх автомашиныг нийлүүлдэг 40 орчим аж ахуйн нэг Монголд үйл ажиллагаа явуулж байна. Дүнжингарав зах дээр энэ төрлийн төхөөрөмжийн үзсэгэлэн худалдаа ч боллоо. 35 мянгаас 2 сая төгрөг хүртэлх үнэтэй, хэвлэх машин, кассын машин тэнд байгаа. Тэгэхээр аж ахуйн нэгжүүд бол үүнээс өөрийн үйл ажиллагаанд тохируулж кассын машин сонгож авах ёстой юм л даа. Найман нэрийн дэлгүүр, хүнсний жижиг мухлагууд заавал тэр 2 сая төгрөгийн үнэтэй кассын машиныг авах шаардлагагүй. Энэ бол нарийн технологи бүхий ухаалаг кассын машин бөгөөд томоохон супермаркетуудад зориулагдсан гэж ойлгож болно. Харин жижиг аж ахуйн нэгжүүд 30-40, 100, 150 мянган төгрөгийн үнэтэй овор багатай кассын машин, хэвлэх тоног төхөөрөмжүүдийг ашиглах боломжтой.
Аж ахуйн нэгжүүдийг дотор нь хоёр ангилж байгааг бид ойлгох хэрэгтэй. Нэгдүгээрт НӨАТ-ыг суутган төлөгч, нөгөөх нь НӨАТ суутган төлөгч бус жижиг аж ахуйн нэгж гэж. НӨАТ суутган төлөгч бус гэдэгт нь 50 сая төгрөг хүртэлх борлуулалттай аж ахуйн нэгжүүд хамаарна. Ийм аж ахуйн нэгжүүд манай улсад салбарын хэмжээнд 70 шахам хувийг эзэлдэг. Тэгэхээр жижиг аж ахуйн нэгжүүдэд кассын машин, хэвлэх тоног төхөөрөмж тавих асуудал бол энэ аж ахуйн нэгжүүдийн өөрийн сонголтын асуудал. Гааль, Татварын ерөнхий газраас энэ хүмүүсийг заавал машин ав гэж албадан шахаагүй. Ер нь бол бид зах зээлийн нийгэмд амьдарч байна. Ийм болохоор иргэддээ сугалаатай баримт өгөх баримт хэвлэх шаардлага бол байгаа юм. Хэрвээ жижиг аж ахуйн нэгжүүд сугалааны баримт хэвлэж өгөхгүй бол иргэд өгдөг дэлгүүрт нь үйлчлүүлээд явах нь ойлгомжтой. Товчхондоо юу гэж ойлгох вэ гэхээр том дүнтэй буюу 50-аас дээш сая төгрөгийн борлуулалттай аж ахуйн нэгжүүд заавал кассын тоног төхөөрөмж авна. Үүнээс доошх борлуулалтын орлоготой жижиг аж ахуйн нэгжүүд бол заавал өндөр үнэтэй төхөөрөмж авах хэрэггүй. Хямдхан төхөөрөмж аваад ашиглаж болно.
-НӨАТ-ын хууль хэрэгжиж эхэлснээс хойш сугалаа гэдэг зүйл гарч ирсэн. Саяхан 400 сая төгрөгийн эзэн тодорсон боловч одоо болтол баримтаа баталгаажуулаагүй байгаа. Ер нь хэчнээн иргэн сугалаа хожоод байгаа вэ?
-Өнөөдрийн байдлаар манай системд нийтдээ 500 мянга орчим иргэн, өрх гэр холбогдчихоод байна. Үүнээс нийт 30 мянга гаруй сугалаа буюу худалдан авалтын баримт манай системд бүртгэгдсэн. 20 мянгаас 100 сая төгрөгийн шагналыг нийт 70 мянган хүний тохирол таараад байгаа. Үүнээс 20 мянга нь баримтаа баталгаажуулаад мөнгө хүлээн авах болзлоо хангачихсан. 50 мянган иргэн, өрх гэр баримтаа баталгаажуулаагүй байна. Энэ чиглэлээр манайх иргэддээ баримтаа баталгаажуулахыг уриалж, сурталчлах ажил хийж байна. Саяхан 400 сая төгрөг сугалааны ялагч тодорлоо. Харамсалтай нь сугалаа хожсон хүн маань баримтаа баталгаажуулаагүй байна. Тэр сугалаа гарсан тухай дэлгүүр нь бол манайхаас ийм худалдан авалт хийсэн гээд оруулчихсан байгаа. Гэтэл хүн маань олдохгүй байна. Энэ чиглэлээр бид олон нийтэд сурталчлах, таниулах ажил хийж байна.
-Энэ 50 мянган хүн одоо бүртгүүлбэл боломжтой юу?
Боломжтой. Бид нэгдүгээр сарын 1-нээс хойшх бүх баримтыг хүчинтэй гэж сугалаанд оролцуулж байна.
НӨАТ-ын ач холбогдлыг таниулах чиглэлээр та бүхэн юу хийж байгаа вэ?
Бид иргэддээ “Та бүхэн худалдан авалтынхаа баримтыг заавал аваарай. Үүний чинь төлөө танд хоёр хувийг нь буцааж олгоно. Мөн дээр нь өндөр шагналтай сугалаанд оролцуулж урамшуулж байна. Энэ бүхний эцсийн зорилго бол эдийн засгийг эрүүлжүүлэх, борлуултыг бүгдийг нь бүртгэж авах ийм зорилготой” гэж хэлж байгаа.
Улсын хэмжээнд өнгөрсөн жил Ил тод байдлын тухай хууль хэрэгжээд дууслаа. Энэ дүнгээр бид 35 их наяд төгрөгийн орлого нууж байсан байна. Энэ бол манай ДНБ-ийг 1.8 дахин үржүүлсэнтэй тэнцэх хэмжээний мөнгө. Үүнд ногдох татвар нь хоёр Чингис бондын мөнгө шүү дээ. Ийм хэмжээний мөнгийг бид татварт авч чадсангүй. Тийм болохоор ийм далд эдийн засгийг хумих зорилгоор НӨАТ-ын хууль гарсан. Хэрэгжүүлэх гол арга нь бол иргэдийнхээ оролцоотойгоор, иргэдээрээ хянуулж байж энэ бүртгэл тооцоог сайжруулж байгаа хэрэг. Иргэд маань зөвхөн худалдан авалт хийсэн баримтаа л авах ёстой. Мөн бүртгэл тооцоо сайжирч байж эдийн засаг эрүүлжинэ гэдгийг ойлгох хэрэгтэй.
-Эхнээсээ үр дүн харагдаж байгаа байх?
-Анхны үр дүнгүүд гарч, бүртгэл тооцоо сайжирч байна. Иргэд маань идэвхтэй оролцож байгаа. Дэлгүүрүүдээс баримтаа нэхэж авч байна. Аж ахуйн нэгжүүд ч сайн оролцож байна. Энэ хүрээнд бүх аж ахуйн нэгж хоорондоо цахим баримтаар үйл ажиллагаагаа явуулж байгаа. Өмнө нь НӨАТ цаасан падаантай явдаг байсан. Энэ цаасан падааныг янз бүрийн байдллаар бусармаг аргаар өөртөө ашигтайгаар ашигласнаас болж олон бизнесмэн хууль, цагдаагийн байгууллагын хаалга татаад явж байсан. Одоо бол энэ байдал бүр арилна.
Хамгийн чухал нь иргэд баримтаа авснаар байгууллагаас аж ахуйн нэгж рүү хийж байгаа үйлчилгээг хянаж байгаа юм. Иргэд маань баримтаа авч байна. Баримтаа авснаар тухайн байгууллагын борлуулт тодорхой болж байна. Энэ нь төрд ч, аж ахуйн нэгжид ч, иргэнд ч ашигтай. Иргэд маань баримтаа авснаар, улс орныхоо эдийн засагт өөрийн хувь нэмэр оролцоог хангаж байна. Эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлэхэд аж ахуйн нэгж ч бас дотоод хяналтаа сайжруулж, татварын дарамтгүй цэвэр тунгалаг ажиллана. Улсад ч гэсэн улсын төсөв бүрдэлт сайжрах, эдийн засаг ил тод болох гээд олон үр дүнтэй.
Харамсалтай нь зарим аж ахуйн нэгж иргэдэд баримтыг нь хуурамчаар гаргаж өгөх, мэдээгээ явуулахгүй байх зөрчил гарч байна. Энэ бол иргэдийг хохироож байгаа хэрэг. Иргэд маань тэр баримтаар татвараас хоёр хувиа буцааж авах ёстой. Дээр нь өндөр хонжвортой сугалаанд оролцох бололцоогүй болж байна. Мөн зарим иргэд маань хувийн сахилга баттайгаар холбоотойгоор, зарим нь ойлгоогүй байгаатай холбоотойгоор, зарим нь нөхцөл бололцоогоо бүрдүүлж чадахгүй байгаатай холбоотойгоор баримтаа баталгаажуулж чадахгүй байна. Энэ чиглэлээр Гааль, Татварын ерөнхий газар дээр иргэдэд зөвлөгөө өгөх үйл ажиллагаа явуулж байна. Дээр нь бүх дүүрэг, аймгийн татварын байгууллагуудад чиглэл өгөөд ажиллаж байна. Аж ахуйн нэгж, иргэдэд энэ хуулийг тайлбарлах, зөвлөх заах, үйл ажиллагааг идэвхтэй явуул гэсэн чиглэл өгч ажиллаж байна. Нийгэмд гарч байгаа үр дүн бол байна. Нэгдүгээрт бүх аж ахуйн нэгжүүд цахим баримтаа бүртгүүлж байна. Хоёрдугаарт улсын төсвийн орлого НӨАТ-аас ордог орлогын ногдол үлэмж нэмэгдэж байна. Өмнөх оныхоос өндөр байна. Хэдийгээр эдийн засаг хүндрэлтэй, ДНБ-ий өсөлт уруудсан байгаа ч энэ хэсэг бол сайн байна.
-Дэлгүүрүүд зарим баримтыг танайд бүртгүүлээгүй, явуулаагүй байна гэдэг эргээд далд эдийн засаг руугаа явж байгаа хэрэг мөн үү?
Тэгэлгүй яахав. Энэ бол бид буцаад л намаг балчиг руугаа явж байгаа хэрэг. Буцаад л мөнгөө нуугаад байна гэсэн үг. Буцаад л түрүүний хэлсэн 35 их наяд төгрөг, түүнээс ихийг нууна гэсэн үг. Энэ хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүс бол өмнө нь татвар төлдөггүй байсан, татвараа нуун дарагдуулъя гэсэн, хуучин байдалтайгаа зууралдъя гэсэн эдийн засгийг эрүүлжүүлэхгүй гэсэн хүмүүс. Ийм нэг цөөхөн хэсэг бүлэг хүмүүс байгаа юм.
-Зөрчил гаргаж байгаа газруудад шалгалт оруулах уу?
НӨАТ-ын суутган төлөгч мөртлөө баримт өгөхгүй байгаа ийм газрууд руу бид эрсдлийн шалгалт хийж түүвэр маягаар оруулж байгаа. Программ хангамжаа аваагүй, кассын машинаа бүрэн авч тавиагүй гээд шалтгаан хэлж байна л даа. Гэхдээ энэ бол шалтгаан биш. Дургүйдээ л тэгж байгаа юм.
-Орлого нуухыг оролдож байгаа аж ахуйн нэгжүүдэд хэзээнээс хариуцлага тооцох вэ. Ямар хариуцлага хуульд байдаг вэ?
-Орлого нууж байгаа бол Татварын хуульд заасан тодорхой хэдэн заалт байдаг. Баримтаа өгөхгүй байна гэдэг чинь орлогоо нууж байгаа хэлбэр. Үүнд холбогдох тодорхой торгууль шийтгэл бий. Кассын машин хэрэглэхгүй бол бас торгууль төлнө. Гэхдээ энэ бол 50-аас доош төгрөгийн борлуулалтын орлоготой жижиг аж ахуйн нэгжүүдэд бол хамаагүй. Учир нь бид тэднийг кассын машин авахыг албадахгүй байгаа шүү дээ. Энэ газрууд НӨАТ төлдөггүй ч гэсэн сугалаатай баримтыг бол иргэддээ хэвлэж өгөх бололцоотой. Өнөөдөр бид зах зээлийн нийгэмд амьдарч байгаа учраас хэн худалдан авагчдаа сайн үйлчилж байна тэр байгууллагын орлого нь нэмэгдэх нь ойлгомжтой. Тийм учраас жижиг аж ахуйн нэгжүүд иргэддээ сугалаатай баримт хэвлэж өгөөд тэр мухлагаас, дэлгүүрээс азтан тодорвол худалдан авагчдаа ч худалдагч талдаа ч сайхан үйл явдал. Тэгэхээр өмнө хэлснээр төхөөрөмж маань 35 мянгаас эхэлж байгаа янз бүрийн үнэтэй. Тэр дундаас сонгож аваад л ашиглах боломжтой.
-Баримт бүртгүүлэхэд идэвхжихгүй байгаа тохиолдол гардаг. Энэ ямар учиртай вэ?
-Энэ хэд хэдэн шалтгаантай. Ийм зүйл болвол манай нэг цэгийн үйлчилгээ рүү хандаад, утсаар бас лавлаж болно. Гэхдээ энэ дотор бас нэг асуудал байгаа нь иргэд маань баримтаа бүртгүүлчихлээ гэхэд нөгөө талд дэлгүүр нь баримтаа илгээгээгүй бол нэг талын баримтаар идэвхжихгүй. Заавал хоёр талын баримт байж гэмээнэ идэвхжинэ. Тэгэхээр нөгөө талын байгууллага буюу дэлгүүр маань хуулиар бол гурав хоногийн дотор иргэнд өгсөн баримтынхаа мэдээллийг манай сан руу явуулах ёстой. Үүнийгээ явуулахгүй байгаагаас болж баримт идэвхжихгүй, иргэд хохироод байгаа юм. Хоёрдугаарт, үнийн дүн зөрүүтэйгээс болж идэвхжихгүй байх талтай. Гэхдээ бид сүүлийн үед идэвхтэй ажилласны үр дүнд баталгаажихгүй байгаа баримтын асуудал эрс багассан. Одоо бол нийт баримтын 90 гаруй хувь нь асуудалгүй баталгаажиж байна.