Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ
Орхон аймгийн ИТХ өнгөрсөн есдүгээр сарын 11-нд хуралдан 18-р хуралдаанаараа төсөвт тодотгол хийсэн. Уг тодотголоор зарим төрийн байгууллагын төрийн үйлчилгээний албан хаагчдад орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 20 хувиар олгоход шаардлагатай 2,3 тэрбум төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн байдаг.
Ингэснээр энэ сарын 1-нээс босоо удирдлагатай боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын 61 байгууллагын төрийн үйлчилгээний 2683 албан хаагчдад орон нутгийн нэмэгдэл авч эхлэв.
Аймгийн Засаг дарга М.Түмэнжаргал "Энэ оны дөрөвдүгээр сард Засгийн газрын шийдвэрээр орон нутгийн нэмэгдэлд хамрагдалгүй үлдсэн төрийн үйлчилгээний албан хаагчид суурь нэмэгдэл авах эрх зүйн орчныг бүрдүүлсэн. Энэ хүрээнд уг асуудлыг аймгийн ИТХ-ын ээлжит бус 18 дугаар хуралдаанаар шийдвэрлүүллээ" хэмээсэн юм.
Эх сурвалж: Орхон аймгийн Мэдээллийн төв