Охины маань гэдэс байнга өвдөж саяхан Монголын урдаа барьдаг хүүхдийн эмч нарын нэгт үзүүллээ. Нэрийг нь, эмнэлгийг нь хэлээд яахав, гэхдээ нэг үзэхдээ 40 мянган төгрөг авдаг юм байна. Тэр эмчийн хэлснээр, агаарын бохирдол, хоол хүнснээс шалтгаалаад 2010 оноос хойш хүүхдүүд нарийн гэдэсний суналттай төрөх нь элбэгшиж байгаа аж.
Ийм хүүхдүүдээс ерөнхийдөө өтгөн хатах, олон хоногоор хүндрэхгүй байх, нарийн гэдэсний суналттай /нарийн гэдэсний илүү нугаламтай гэх нь бий/ хэсэг орчмоор мушгирч зангирч өвдөх, амархан гулгидаг зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэ бол агаарын бохирдол, усны бохирдол, хөрсний бохирдол зэрэг орчны бохирдол болоод нэгэн эмчийн хэлснээр, хоол биш хор идэж буй манайханд аюулын харанга дэлдэж буй зөвхөн нэг жишээ. Эмч мэргэжилтнүүд орчны бохирдол гамшгийн хэмжээнд хүрч, 5 жирэмслэлт тутмын 1 нь өсөлтгүй болж, эхийн хэвлийгээс гажигтай ургууд ихээр мэндэлж байгааг хэлж, тун удахгүй хүн битгий хэл ургамал, амьтан ч тэсэхээргүй болж байгааг сануулдаг ч жирийн ард иргэд бид эрүүл мэндээ төдийлөн анхаарал хандуулж чаддаггүй.
Харин нийгмийн нэг хэсэг хотын утаанаас хол, модны захад, усны дэргэд амьдарч, гадаадаас хоол хүнсээ захиалан авчруулдаг нь нууц биш. УИХ-ын гишүүн асан нэгэн эрхэм Японоос жимс, ногоогоо захиалан авчруулдгаа хэлж байсан удаатай. Гаднын орнуудаас ч манай орчны бохирдолд санаа зовж буйгаа илэрхийлж, дээд хязгаарыг хэдийнэ давсан агаарын бохирдлыг бууруулахад дэмжиж ажиллахаар их хэмжээний зээл, буцалтгүй тусламж олгосон. Харамсалтай нь, хамгийн их идэж уусан ажил нь агаарын бохирдлыг бууруулах ажил болсон.
300 тэрбум гаруй төгрөг зарцуулаад буй агаарын бохирдлыг бууруулах ажилд 1 ч хувийн дэвшил гараагүй гэхэд нэг их хилсдэхгүй. Тиймдээ, дэвшил гардаггүй, дээрээс нь хамгийн их идэж уудаг салбар болох агаарын бохирдлыг бууруулах ажилд энэ жил нэг ч төгрөг төсөвлөөгүй. Хүн төрөлхтөн үүсэн бий болсон цагаас хойш олж чадахгүй байгаа утаагүй гал түлэх аргыг Монголд нээж, “утаагүй зуух” гэгчид 200-аад тэрбум төгрөгийг зарцуулж хэн нэгний бизнесийг дэмжив.
Үлдсэн 100 тэрбум төгрөг нь албан тушаалтнуудын халаасанд орж, албан байгууллагуудын хаалганы бариулын дотор, гадна талд “Цэвэр агаарыг тат”, “Бохир агаарыг түлх” гэсэн халтардаж урагдсан цааснаас өөр зүйл үлдээгүй. Үүнээс гадна нийслэл хотын өтгөн, шингэнийг ялгаж байдаг Төв цэвэрлэх байгууламжийн хүхэрт үнэр, цөлжилтөөс шалтгаалсан нарийн тоосонцрон хуй зэрэг хүний эрүүл мэндэд маш хортой бодисууд нийслэл хотыг нөмөрсөн. Нэлээд хэдэн жилийн өмнө Японы эрдэмтэд Япон болон Өмнөд Солонгост үе үе ирдэг шар элсэн хуйг Манай говь хээрийн бүсээс гаралтай болохыг тогтоож, үүнд ихэд санаа зовж буйгаа илэрхийлсэн.
Тэр үеэс нөхцөл байдал улам хүндэрсэн. Учир нь, шар элсэн хуй босдог Монголын өмнө зүг уул уурхайн бүс нутаг болж, цөлжилт улам нэмэгдсэн. Ямартай ч, эндээс боссон шороо Хятадын газар нутгаар дамжин, далай тэнгисийг туулж нарийн ширхэгтэй хөнгөн тоосонцрон хуй нь Япон, Өмнөд Солонгост хүрдэг аж. Үүнээс гадна нийслэл хотын ундны цэвэр усны асуудал аюулын харанга дэлдэж байна. Дэлхийн зарим оронд төвийн цэвэр усны хоолойг зэсээр хийж, иргэдийнхээ эрүүл мэндийг боддог байх юм. Манайх шиг маш их зэстэй орноос ялгаатай нь дээрх орнуудад ямар ч зэс байхгүй. Гэсэн ч цул зэсэн хоолойгоор цэвэр усаа эрдэсжүүлэн түгээж буй нь яалт ч үгүй дэвшил. Харин манайхан төө хэрийн бүдүүн ч зэвэндээ битүүрсэн хоолойгоор цэвэр усаа ууж байна. Учир мэдэх хүнээс лавлахад, “Аалзны тор шиг зохион байгуулалт муутай төвийн цэвэр, бохирын хоолойнуудыг эмх цэгцэнд нь оруулж, зэс хоолойгоор солих ямар ч боломж байхгүй” гэсэн юм. Тэгвэл крантны ус цэвэршүүлэгч тоног төхөөрөмж худалдаалагч Монголын нэгэн компанийн туршилтаар бид шал арчсан уснаас бохир ус ууж байгаагаа мэдсэн юм. Тус компанийн төхөөрөмжөөр цэвэршүүлсэн усыг хуурай салфетканд шингээж аваад шалныхаа нэлээд бохирдсон хэсгийг сайтар арчсаны дараа аяганд базаж энэ усаа шинжлэхэд крантнаас гоожиж байгаа уснаас илүү бохирдол багатай байв.
эх сурвалж: shuurhai.mn