богино мэдээ New

#1: Мөнгөний бодлогоо СҮЙРҮҮЛСЭН төсөв батлах нь

ирэх онд Самурай бондын 30 тэрбум иень, өмнөд хөрштэй сфоп хэлцлийн хүрээнд хийсэн 2,5 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 570 сая ам.доллар гэх мат бонд болон бусад өрийг төлнө. Харамсалтай нь бидэнд шууд май гээд төлчих валют, хөрөнгө оруулалт одоохондоо тун муу байгаа..

Алдагдалтай төсөв батламааргүй байна ГИШҮҮД ээ

Тоймч Л.Баатархүү

  Дэлхий дахинаа ойлгомжгүй, эрсдэлтэй, хэзээ ч яаж ч хувирч болох цаг өрнөөд байна. Улс орнууд ч энэ ойлгомжгүй, гэнэтийн өөрчлөлт, хүлээлтэд үл нийцсэн байдалтай уялдуулж төсөв, мөнгөний бодлогодоо онцгой анхаарах болжээ.

Өөрөөр хэлбэл, бизнес, иргэдийнхээ амжиргааг хангахад чиглэсэн мөн “хөнжлийнхөө хэрээр хөлөө жийх”, “рамандаа жаажигнах” мөнгөний бодлого, төсөв батлахгүй бол горьгүй нь.

Эдийн засаг, хөгжлийн яамнаас энэ онд манай улсын ДНБ 2,6 хувиар өсөх тооцоо гаргаснаа салбарын сайд нь мэдэгдсэн. Гэхдээ энэ тоонд найдах хэрэггүй. 2,6 гэдэг бол мэдэгдэхүйц өсөлтийг илэрхийлэх, найдвартай тоо огтоос биш. Үүнээс гадна валютын нөөц, төгрөгийн үнэгүйдэл ирэх оны төсөв, мөнгөний бодлогын толгойн өвчин байх болно.

Ч.Хүрэлбаатар сайдын мэдэгдсэнээр оны эхэнд валютын нөөц 4,4 тэрбум ам.доллараас 2,7 болтлоо буурчээ. Нэг ёсондоо валютын орлого тун тааруу болчихсон учраас нөөц ийн шавхагдаж буй хэрэг. Валютын орлого тасалдаж, нөөц дундарч байгаа гол шалтгаан нь Орос-Украйны дайн, цар тахлаас үүдэлтэй нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, өмнөд хөршийн “Тэг ковид” бодлого, тээвэрлэлтийн дэд бүтцийн гацаа зэрэг гадаад хүчин зүйлийн сөрөг нөлөө биднийг туйлдуулж байна.

Мөн дэлхий нийтэд сүүлийн 40 жилд байгаагүйгээр инфляц хөөрөгдлөө. Турк зэрэг зарим улс оронд бүр 70-80 хувиар инфляц өссөн бол манай улсад зорилтод +-8 -аас хоёр дахин өссөн нь бусад орнуудтай харьцуулахад бас ч гэж “арай гайгүй юу” гэх бодол төрнө.

Өнөөдрийн байдлаар инфляци Улаанбаатар хотод 14 хувь, улсын хэмжээнд 13.8 хувь байна. Өмнө таны 100.000₮-өөр худалдаж авдаг байсан бараа 114.000₮ болж 14.000₮ үнэгүйдээд салхинд хийсчихэж байгаа хэрэг.

Инфляцын 47 хувийг импортын барааны үнийн өсөлтийн шууд нөлөө, дам нөлөөг нь оруулж тооцвол 66 хувь буюу инфляцын 2/3 хэсэг нь импортын барааны өсөлт, түүнтэй холбоотой тээвэр логистикийн зардлаас хамаарч байна.

“Нийлүүлэлтийн шалтгаантайгаар ийн өссөн инфляцад мөнгөний бодлогоор хүчтэй хариу үйлдэл үзүүлэх нь эдийн засагт сөрөг нөлөөтөй, инфляцыг дордуулах эрсдэлтэй” гэдгийг нэртэй эдийн засагчид (тухайлбал Нобелийн шагналт эдийн засагч Ж.Стиглиц) анхааруулсаар байна.

Өөрөөр хэлбэл, төв банкнаас бодлогын хүүгээ нэмээд байх нь тийм ч оновтой, зөв хувилбар биш гэдгийг дээрх эдийн засагчийн үгийн утганаас харж болно. Товчхондоо эдийн засгаас мөнгө татаж байна л гэсэн үг. Банкууд зээл гаргах сонирхолгүй болж тэр хэрээр бизнесийн эргэлтийн хөрөнгө саарч, эдийн засгийн эргэлт удааширах эрсдэлтэй. Азийн хөгжлийн банкны ахлах эдийн засагч С.Болд төв банкны бодлогын хүүг сүүлд 12 хувь болгоход “хүсээгүй нэмэлт” гэж товчхон тодорхойлж байлаа.

төв банкуудын бодлогын хүү

Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их төсөв батлах гэж байна

  Эдийн засагчид, төв банкныхны зүгээс ч наашаа харж инээгээд цаашаа харж уйлж буй ганц шалтгаан бий. Тодруулбал, Монгол Улс түүхэндээ анх удаа хамгийн их төсөв батлах гэж байна.

Гадаад хүчин зүйл таагүй байгаа үед ийм их тэлэлттэй, өөдрөг, хөрөнгө оруулалт татарчихсан зардал ихтэй төсөв батлах нь мөнгөний бодлогоо “баллах” бас “сүйрүүлэх” маш том сөрөг эрсдэл гарах нөхцөл байдал үүсэв. Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн ч “Улсын санхүүгийн нөөц чадавхийг хамгаалахад онцгойлон анхаарсан хатуу төсөв, мөнгөний бодлогыг хэрэгжүүлж, хөгжлийн бодлогыг гадаад эх үүсвэрт тулгуурлан дотоод санхүүгийн чадавхитай нийцүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байна” гэж УИХ-ын ендэр дээрээс хэлсэн.

Монгол Улсын төв банк мөнгөний бодлогоороо дамжуулж үндэсний мөнгөн тэмдэгтийнхээ үнэ цэнийг хадгалах, тогтвортой байдлыг хангах үүргийг хуулиар хүлээсэн юм. Харин валют олж ирэх үүрэггүй. Олон нийтийн дунд “Монголбанкийг валют олж ирсэнгүй, төгрөг суларч дууслаа” гэж шүүмжлээд байдаг.

Засгийн газраас оруулж ирсэн ирэх оны төсвийн орлогын төсөөлөл 18,9 их наяд төгрөг, харин зарлага нь 20,4 их наяд үүнээс алдагдал нь 1,5 их наяд төгрөг байхаар буюу ДНБ-ний 2,8 хувьтай тэнцэхээр тусгажээ.

Монголбанк, эдийн засагчид бүгд дуу нэгтэйгээр ирэх оны төсвийг “алдагдалгүй” батлах ёстойг хэлж байна. Гэхдээ ил гарч ганц дуугарсан нь УИХ-ын гишүүн Т.Доржханд. Тэрбээр “Төсөв нь тэлээд байхад мөнгөний бодлогын хүүг нэмээд ямар ч үр дүн гарахгүй. Алдагдалтай төсвийн үр дүнд дундаж болон орлого багатай иргэд маш их дарамтыг авна. Иргэдийн бодит орлого буурч байгаа учраас алдагдалгүй төсөв батлах нь хамгийн оновчтой хувилбар” гэдгийг онцолсон.

Монголбанк түүний мэргэжлийн судлаач, эдийн засагч нар бүгд алдагдалтай төсөв батлахын эсрэг байгаа. Гэвч ил гарч, хэлж зүрхлэхгүй байна.

Дээр дурьдсан цаг үеийн сөрөг үзэгдэл, муу дүр зургууд ирэх онд ч үргэлжлэх учраас алдагдалгүй төсөв батлах нь байж болох хамгийн зөв гарц, иргэдийн нуруун дээр очих дарамтаас салгах боломж аж.

Төсвийг балансжуулж алдагдалгүй батлахгүй л бол бидний айдастай хүлээж буй өнөөх дефолт гэгчийг зарлах эрсдэл рүү нэг алхаад орно гэсэн үг.

Нөгөөтэйгүүр ирэх онд Самурай бондын 30 тэрбум иень, өмнөд хөрштэй сфоп хэлцлийн хүрээнд хийсэн 2,5 тэрбум ам.доллар, Гэрэгэ бондын 570 сая ам.доллар гэх мат бонд болон бусад өрийг төлнө. Харамсалтай нь бидэнд шууд май гээд төлчих валют, хөрөнгө оруулалт одоохондоо тун муу байгаа.

Энэ мэт таагүй өдрүүд ирэх онд үргэлжлэх учраас мөнгөний бодлогоо нураасан алдагдалтай төсөв баталмааргүй байна гишүүд ээ,

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 6