Тоймч Л.Баатархүү
Нэг асуултыг хоёр оролцогч хариулсан энэхүү ярилцлагыг уншигч та бүхэндээ хүргэж байна. Эдийн засгийн өнөөгийн байдал, гарц, аймгуудын өрсөлдөх чадвар, шийдлийн талаар Британийн Элчин сайдын яамны дэд тэргүүн ноён Питер Викендэн болон Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвийн захирал Б.Лакшми нартай ярилцлаа.
-Та хоёрт энэ өдрийн мэнд хүргэе. Эдийн засгийн гарц, өнөөгийн байдал бусад асуудлаар ярилцах бидний урилгыг хүлээн авсан та нарт баярлалаа. Эдийн засгий бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс гаргасан дүнгээр Сүхбаатар аймаг засаглалын хувьд хамгийн сайн буюу 100 хувь гэсэн хариу гарчээ. Засаглал чухам ийм сайн байсны ач холбогдол юу вэ, мөн Монгол Улс засаглалын дутагдалд орсон гэдэгтэй та хоёр санал нийлэх үү. Бусад аймаг орон нутаг бүр төр засаг нь яавал Сүхбаатар аймаг шиг засаглалаа ийм “мундаг” болгож чадах вэ гэдгээс яриагаа эхэлье?
Питер Викендэн:
-Баярлалаа. Нийт уншигчиддаа энэ өдрийн мэнд хүргэе. Засаглалын асуудал залуу, хөгжиж буй оронд хамгийн чухал үзүүлэлт байдаг л даа. Засаглал нь ил тод байснаар эргээд иргэдийн амьдрал, эдийн засгийн өсөлтөд чухал нөлөө үзүүлдэг. Сүхбаатар аймгийн хувьд удирдлага, баг нь найман жил ажиллаж байгаа болохоор тодорхой эерэг үр дүнгүүд гарч байна. Төр засгийн хувьд байнга солигдож байх нь томоохон мега төслүүдийг гацаах, хөрөнгө оруулалтыг царцаах, эдийн засагтаа тээг болох олон сөрөг нөлөөтэй. Орон нутагт ингэж нам, удирдлага нь тогтвортой байснаар бүтээн байгуулалт, хөгжлийн хувьд эерэг өөрчлөлт гарч буй нь илт гэлтэй. Харин эсрэгээрээ муу баг, ашиг сонирхлын зөрчилтэй хүмүүс байвал байдал эргэлзээтэй болно. Зүүн бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чуулганд миний бие хоёр өдөр суулаа. Энэ үеэр ажиглагдсан нэг зүйл гэвэл Хэнтий, Сүхбаатар аймгуудын засаг дарга нар орон нутагтаа маш их ажил хийсэн, нэлээд эрч хүчтэй хүмүүс юм шиг санагдсан. Уг нь болдогсон бол аймаг орон нутагтаа энэ мэтчилэн ажил хийж чаддаг залуусаа нам төрийн түвшинд дэмжээд өшөө дээш Засгийн газар, УИХ-д ажиллуулдаг хөшүүрэгтэй болчихвол илүү үр дүн харагдах байх гэж бодож байна.
Б.Лакшми:
-Миний хувьд засаглал маш чухал гэж боддог. Учир нь улс орны түвшинд харвал манай улсад ардчилсан засаглал тогтсон 25 жилийн хугацаанд 17 засаг, 14 ерөнхий сайд суудлаа сольсон байна. Өөрөөр хэлбэл, нэг ерөнхий сайд дунджаар 1.5 жил л уг албан тушаалд суусан гэсэн үг. Тэгвэл энэ хугацаа хэр зэрэг хангалттай вэ гэдгийг бодож үзэх хэрэгтэй. Харамсалтай нь 1.5 жил бараг үзүүр нь цухуйсан ногоотой адилхан бодлогоо ч хэрэгжүүлж амжаагүй байхад огцроод явчихна. Ийм үед яаж засаглалын үр шим гарах вэ дээ. Өнгөрсөн хугацаанд засгийн эрх гарсан ихэнх он жилүүдийг хуучнаар МАХН /МАН/ барьжээ. Хөндлөнгийн хүний бас иргэн хүний нүдээр харахад 12 жилийн хугацаанд энэ нам маань илүү дорвитой, үр өгөөж, бүтээмжтэй зүйл юу хийв гээд үзэхээр арай дутмаг санагддаг. Ардчилсан нам одоогоор дотроо хагарал, бутралтай байгаа ч 2012 оноос өдийг хүртэл бас ч гэж юм хийчихсэн гэмээр. Хүртээмжтэй талаас нь авч үзвэл урьд өмнө нь барьж байгаагүй хатуу хучилттай зам тавьж, нийслэл, аймгуудад тодорхой өөрчлөлт, бүтээн байгуулалт хийсэн нь эдийн засгийн өгөөжийн хувьд боломжийн юм. Тухайлбал, хатуу хучилттай зам тавьснаар өмнө нь Сүхбаатар аймаг руу 10-15 цаг явдаг байсан бол одоо 5-6 цаг явж, жолооч цаг хугацаа, гарах зардлаа хэмнэж байна. Түүнчлэн авлигын сүлжээ ч зохих хэмжээгээр таслагдсан гэж боддог.
Аймгууд нэгнийгээ дуурайдаг биш нөхдөг баймаар байна
-Баярлалаа. Ноён Питер таны хариултаас нэг асуулт ургаж байна л даа. Монгол Улс баруун, хангайн, төвийн, говийн, зүүн гээд бүсчлээд хуваачихсан. Энэ нь угтаа хөгжилд хүрэх томоохон дөт зам гэдэг. Гэтэл өнөөдөр тэр бүсчлэлийн үр дүн гарч байна уу гэвэл нэлээд эргэлзээтэй дүр зураг харагдана. Хэнтий, Сүхбаатар аймгийн хоёр Засаг дарга “Бид өрсөлдөгч биш, хамтдаа зүтгэгч” гэдэг утгыг илэрхийлж байсан. Өөрөөр хэлбэл, энэ хавьд бусад бүсээс арай илүү нь хамтын хөдөлмөр, нэг шийдэл, зүтгэл гараад буй мэт. Уг нь болдогсон бол бүсчилж хөгжихийг илүү үр дүнтэй болгохын тулд тухайн бүсийнхэн нэг удирдлагатай, томоохон хөтөлбөртэй, тэр нь хяналттай байвал зүгээр юм шиг санагддаг?
Питер Викендэн:
-Уг нь таны хэлдгээр тухайн бүсийн аймгууд бие биетэйгээ өрсөлдөхөөс илүүтэй хоорондоо зөвлөлддөж, байхгүй орон зайгаа нөхдөг байвал хөгжих нэг хөшүүрэг болно.
Б.Лакшми:
-Аймгийн түвшинд Засаг дарга, Иргэдийн хурлын дарга ч юм уу орон нутагтаа дуу хоолой болдог байх нь нэг өөр. Харин зүүн бүсийн гурван аймаг эсвэл аль нэг бүсийнхэн эдийн засгийн хувьд орон зайгаа нөхөх, нэгнийгээ дуурайж хийх биш нэгэнд нь байхгүйг нөхөж хийдэг байвал энэ оновчтой бөгөөд бүсчлэлийн зөв шийдэл болно. Тухайлбал, ойролцоох гурван аймагт бүгдэнд нь мах боловсруулах үйлдвэр байгаад ямар ч хэрэггүй. Яагаад гэвэл тэд нэгнийхээ зах зээлийг шахаж сүүлдээ хэн нэг нь дампуурах эрсдэл хүлээнэ. Түүний оронд нэг нь махаа авдаг, нөгөөх нь арьс шир боловсруулдаг, лаазалсан бүтээгдэхүүн хийдэг ч юм уу ингэж өрсөлдөх биш нөхөх замаар явбал хөгжих, бодлого нь уялдах, дотооддоо нэмүү өртгийн сүлжээ бий болоход хамгийн дөт гүүр болно. Ганц мах ч биш бусад ямар хийж, бүтээж болох зүйл байна түүнийн бүс нутаг, төрийн бодлогын түвшинд уялдааг нь сайтар авч үзэх ёстой.
Нөгөөтэйгүүр давхцаж болох нэг боломж нь аймаг бүрт аялал жуулчлалыг хөгжүүлэх, онцлогийг нь гаргаж ирэх асуудал юм. Энэ салбар нөхөн сэргээгддэг, валютын орох урсгалыг маш сайн татах баталгаатай суваг. Зүүн бүсийн эдийн засгийн өрсөлдөх чадварын чуулганд тавьсан илтгэл, судалгааны дүнд гадаадаас нэг жуулчин ирэхэд 8-11 хүн ажлын байраар хангагддаг гэж байна.
Дашрамд нэг зүйл хэлэхэд манай улсын өнөөгийн бүсчлэл аль социализмын үед хийсэн загварчлал. Тиймээс дахин шинээр арай өөрөөр сэтгэж эдийн засгийн бүсчлэл хийхийг цаг хугацаа шаардаад эхэллээ. Зарим бүсэд бараг тав, зургаан аймаг багтаж байна. Энэ бол ихэдсэн тоо.
Аялал жуулчлалын салбар харилцаа, үйлчилгээгээ сайжруулмаар байна
-Аялал жуулчлалын салбарын хувьд манай улсад хөгжөөд байгаа ч юм шиг, үгүй ч юм шиг болчихлоо. Аль нэг амралт, жуулчны баазад очиход нэг хэвээр цутгачихсан юм шиг бие биенийгээ дуурайсан хэдэн гэр, жижиг дүнзэн байшингууд угтана. Товчхондоо ингэж нэгнийгээ дуурайх шаардлага бий юу. Гадны зочны нүдээр Питер та амралтын газруудад гэр баазаас өөр ямар байгууламж байвал илүү зохилтой гэж бодож байна вэ?
-Энэ бол үйлчилгээний салбар. Үйлчилгээгээ сайжруулахад нэн түрүүнд анхаарах ёстой юм шиг санагддаг. Адаглаад зочид буудал, амралтын газрын ажилтнууд англиар ярьдаг байх хэрэгтэй. Нэг амралтын газарт очиж өрөө асуухад надтай бүдүүлгээр харилцсан тохиолдол гарч байсан юм.
Б.Лакшми:
-Аялал жуулчлалын салбар ялангуяа хамгийн ойрхон Улаанбаатарт ямарваа ресторанд ороход зөөгч нь хүнтэй аятайхан харилцаж чаддагүй, дуудаж байж захиалгаа өгдөг ийм бүдүүлэг тогтолцоо бий. Тэр ресторанд бид мөнгөө төлж, бидний мөнгөөр тэд цалинждаг. Ингэж мөнгө төлснийхөө төлөө зочид нь сайхан үйлчлүүлээд гарах ёстой биз дээ. Хэрэв зочиндоо сэтгэл дүүрэн сайхан үйлчилгээ үзүүлчихвэл гадныхан гэхэд улс орондоо очиж эсвэл хамт жуулчилж яваа хүмүүстээ тэр газар тийм, ок гэж эергээр сурталчилна. Эсрэгээр нь муу үйлчилвэл “тэнд бүү оч” гэж л хэлнэ. Манай улсын хувьд жуулчдад үзүүлэх үйлчилгээ, бараа бүтээгдэхүүн нь харьцангуй үнэтэйд ордог. Мэдээж ийм өндөг үнэтэй үйлчилгээтэй оронд ирж буй жуулчид боломжийн хүмүүс байх нь тодорхой.
Нөгөөтэйгүүр бид дотоодын аялал жуулчлалд анхаарах ёстой. Зам харгуй хөгжөөд хүмүүс гэр бүлээрээ, найз нөхдөөрөө эх орныхоо сайхныг үзэх гэж аялдаг болсон. Гэтэл жишээлэхэд, Хөвсгөл рүү гэр бүлээрээ явахад замд хүүхдүүд тоглочихмоор, аятайхан амарчих газар байдаггүй. Өөрөөр хэлбэл, зам дагуух үйлчилгээг сайжруулах нь чухал байна. Үнэндээ Хэнтий рүү явахад замд хоол идэхээс өөр олигтой газар алга. Амралтын газруудад хүртэл өнөөх ааруул, цагаан идээ гээд хөдөөний, тухайн нутгийн брэндийг хүртэл өөрсөддөө төвлөрүүлчих. Ингэснээр мэдээж үйлчлүүлэгчийнхээ тав тухыг илүү хангана. Үнэндээ тухайн амарч байгаа газраасаа ааруул, идээ асуухаар “Төв газар, малчдаас очиж ав” гэх хариулт сонсдог. Хөдөөний айл өрхүүд ч гэсэн эдийн засгийн сэтгэлгээтэй байх нь зөв. Жуулчдад сайхан бүтээгдэхүүн, идээ, ундаа хийж авч ирээд санал болгох хэрэгтэй биз дээ. Хойд хөршид гэхэд эмээ нар нь зам дагуу онцлог бүтээгдэхүүнүүд зарж байх жишээтэй.
-Питер та Монголын нэг сайхан газар тухайлбал, Дуган хадад ч юм уу аялж, амрахаар очлоо гэж бодъё. Харин таны очсон газарт гэр, байшин гэсэн амрах хоёр төлийн сонголт байна. Та алиныг нь сонгох вэ?
-Сонирхолтой асуулт байна. Уг нь миний хувьд мөн европын жуулчид Монгол орны онцлог буюу гэрт байрлахыг бодно. Гэвч нэг асуудал бий. Тодруулбал, тухайн гэрт усанд орох ч юм уу, тухтай, цэвэрхэн орчинд бие засах газрын тохьжилт бараг үгүй. Юу хэлэх гээд байна вэ гэвэл гэрт амрангаа, тухтай орчныг мэдэрдэг байвал гадны жуулчдыг татах том хөшүүрэг болно.
Б.Лакшми:
-Манайхан гадна, дотны гэж ялгамааргүй байна. Гадны жуулчдыг таксины жолооч хүртэл “монжчих” гээд байдгаа больмоор юм. Нисэхээс хотын төв рүү ороход монголчууд нь 15000 төгрөг төлдөг атал гадаадаас ирсэн хүмүүсээс 40, 50000 мянган төгрөг авдаг нь ямар учиртай юм. Хэдэн төгрөг илүү авлаа гээд тэр таксины жолоочын амьдрал өөрчдлөгдөхгүй шүү дээ. Музейд хүртэл адилхан байдаг. Гадаад хүнд 5000 төгрөг, монгол хүнд 500 төгрөг гэх үнэлгээ байдаг нь нэг талаараа ичгэвтэр зүйл.
-Аялал жуулчлалын талаар дахин нэг асуулт асуумаар санагдлаа. Гадаадын жуулчин Монголын яг юуг үзэх гэж ирдэг юм бэ. Магадгүй онгон байгаль гэдгийг юм уу, аль эсвэл Өвөрмонголын Ордосын Чингисийн Онгон, Чонжин болдог гэх мэтийн түүх, дурсгалын холбогдолтой сүүлийн үеийн бүтээн байгуулалтыг юм уу?
Питер Викендэн:
-Хятад жуулчид Монголд ирэх юм бол илүү түүх, дурсгалыг үзэх сонирхолтой байна. Харин европ, Америкийн жуулчид Монголын унаган байгаль, түүгээр амьдарч буй нүүдлийн соёл иргэншилт малчид, тэдний амьдралын онцлогийг харах гэж ирдэг. Нөгөөтэйгүүр гадны жуулчдыг сэтгэл гонсойлгодог нэг зүйл нь хогны асуудал. Хөдөөгүүр явж байхад хаа сайгүй хог хаячихсан, хөглөрсөн байдаг нь харамсалтай. Тэрэлж гэхэд сайхан байгалийн тогтоцтой өвөрмөц газар. Гэтэл тэнд мөнөөх л хог энд тэндгүй цоохортож үзэгдэнэ.
Б.Лакшми:
-Бид орон орны жуулчдад зориулсан онцлогтой бүтээгдэхүүнийг гаргах нь чухал байна. Манайхан өнөө экспортлох бүтээгдэхүүн л гээд байх юм. Хэний ямар хэрэгцээнд зориулж, хаашаа тэр бүтээгдэхүүнээ гаргах гээд байна вэ гэдгээ бодож байгаа юм уу бүү мэд. Товчхондоо аялал жуулчлалд нь ч гэсэн тэр мэдрэмжтэй, судалгаатай хандмаар байна. Ядаж Хятадын жуулчид Монголын юуг, ямар бүтээгдэхүүнийг сонирхдог гэдгийг мэдчихээд түүндээ тохируулсан үйлчилгээ үзүүлбэл тэр бизнес эрхлэгчийн үйл ажиллагаа амжилттай болно. Амандаа багтаж ядсан том том зүйл ярихаа болимоор юм.
Питер Викендэн: Монгол Улсын төрийн түшээдийн өөрсдийнх нь шийдэх асуудал
-Бидний асуулт уул уурхайн салбар руу хэлбийж байна. Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан “Манайх шиг орон дэлхийн том акулудтай /туршлагатай компаниуд/ энэ зэрэгцэж чадахгүй нь ээ. Их сургуулийн профессор нэгдүгээр курсын оюутантай харьцаж буй юм шиг үнэндээ тэр компаниудтай хамтран ажиллахад жижигдэж байна” гэсэн. Та хоёр үүнтэй санал нийлэх үү. Өөрөөр хэлбэл, хэтэрхий том бус дунд зэргийн компаниудтай харьцвал илүү дээр байх гэсэн санаа байсан?
Питер Викендэн:
-Ямар компанитай ажиллах нь Монгол Улсын төрийн түшээдийн өөрсдийнх нь л шийдэх асуудал. Нөгөөтэйгүүр олон улсад ажилладаг туршлагатай том компаниудтай ажиллахад ямар эерэг нөлөөтэй вэ гэвэл тэд илүү хариуцлагатай байдаг. Ядаж байгаль экологио хүртэл нөхөн сэргээх гэх мэт.
Б.Лакшми:
-Томоохон компаниудтай ажиллах нь олон сайн талтай. Хамгийн гол нь гэрээгээ маш сайн судалгаатай, мэргэжлийн хүмүүсийн байр суурь сонсож байж, яаралгүй хийх юм бол нэг их алдахгүй. Энэ талаар П.Цагаан дарга ч хэлж байсан. Сайн гэрээ асуудал дагуулах нь бага байдаг.
-Өнөөдөр дээр, дооргүй “эдийн засаг хямарчихлаа” гээд байх юм. Гэхдээ Монгол Улсад учирч буй эдийн засгийн энэ байдлыг та хоёр хямрал гэж үзэх үү, хүндрэл гэх үү?
Питер Викендэн:
-Хямрал гэж хэлэхэд арай биш юм. Монгол Улс төр засгийн түвшинд оновчтой шийдэл гаргасан тохиолдолд хүндрэлийг амархан даван туулна. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ олон улсад уначихсан байна. Танай улстай адил хөгжиж буй, хөгжингүй гээд олон орны эдийн засаг хүндхэн байгаа. Гэхдээ Монгол Улс хөгжлийнхөө зөв зам руу орсон гэж боддог. Энэхүү хүндрэлээс гарахын тулд мөнгө олох олон сувгийг ажиллуулах арга замыг сонгоод эхэлчихсэн нь сайн хэрэг.
Б.Лакшми:
-Миний хувьд ч мөн адил байр суурьтай байна. Энэ бол хямрал биш хүндрэл. Гагцхүү бид нэг зүйлээс хараат биш, байгаа зөв онилсон сувгаар мөнгө олох арга замаа хайх хэрэгтэй. Судалгаатай, мэдрэмжтэй хандах нь зөв юм.
Цаг зав гарган ярилцсан та бүхэнд баярлалаа, ажлын өндөр амжилт хүсье.