богино мэдээ New

Монгол Улсын гол нэрийн 16 хүнс импортоос 42%-ийн хамааралтай байна

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо болон төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд гүйцэтгэлийн аудит хийснээс гол үр дүнгүүдийг танилцуулж байна..

Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг хянах тогтолцоо болон төсвөөс зарцуулсан хөрөнгийн үр дүнд гүйцэтгэлийн аудит хийснээс гол үр дүнгүүдийг танилцуулж байна. 

Монгол Улс энэ чиглэлээр 2010 оноос хойш богино, дунд, урт хугацааны 4-5 бодлогын баримт бичиг баталсан ч хэрэгжилтийн явцыг тогтмол хугацаанд үнэлж дүгнэдэггүй, залгамж чанар, уялдаа байхгүй байгаа нь салбарын хөгжилд сөргөөр нөлөөлж байна гэж дүгнэжээ.

Манай хүн амынхнаа хүнсний хэрэгцээг ямар байдлаар хангаж байгааг доорх зургаас харна уу.

зураг

 

Хүнсний хангамжийн 2020 оны түвшнийг өмнөх онтой нь харьцуулахад мах, төмс хүнсний ногоо, сүү, төрөл бүрийн будаа зэргийн хангамж өмнөх оноосоо өссөн бол өндөг, жимс, буурцагт ургамлын хангамж буурсан байна. 

Дээрх зургаас харвал мах махан бүтээгдэхүүнээс бусад хүнсний хангамж сул байна. Махны хангамжийн хүрээнд нөөцийн мах нийлүүлдэг ч иргэдийн 65 хувь нь уг мах чанаргүй байдаг гэж үнэлжээ. 

Хүнсний хангамжийн эх үүсвэрийн тухайд Монгол Улсын гол нэрийн 16 хүнсний бүтээгдэхүүний хэрэглээг 2020 онд дотоодын үйлдвэрлэлээр 57.9 хувийг, импортоор 42.1 хувийг тус тус хангасан нь өмнөх оноос 0.6 нэгж хувиар буурсан байна. 

Гол нэрийн 6 төрлийн хүнсний бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэлээр бүрэн хангаж байгаа боловч импортын хамаарал 42.1 хувь буюу хүнсний бие даасан байдал алдагдсан хэвээрээ байгаагийн илрэл юм. 

Олон улсын практикт хүнсний хангамжийн баталгаат байдлыг “хүнсний бие даасан байдал”-ын итгэлцүүрээр, өөрөөр хэлбэл хэрэглэсэн нийт гол нэрийн бүтээгдэхүүний хэмжээнд импортын эзлэх хувийн жингээр дараах 3 түвшинд үнэлдэг байна.. Тухайлбал:

  •  Импорт 10-20 хувь “хүнсний бие даасан байдал” хангагдсан;
  •  Импорт 25-30 хувь бол “хүнсний бие даасан байдал” эрсдэлтэй;
  •  Импорт 40-хувиас илүү бол “хүнсний бие даасан байдал” алдагдсан гэж үнэлдэг.

Импортоор төрөл бүрийн будаа, ургамлын тос, загасыг 100.0, шувууны махны 96.5, жимс, жимсгэнийн 96.4, цөцгийн тосны 51.4, өндөгний 49, сүүн бүтээгдэхүүний 39.1, хүнсний ногооны 39.3, гурилан бүтээгдэхүүний 35.2, сахар, чихрийн зүйлсийн 34.4 хувийг тус тус хангаснаас үзэхэд манай улсын гол нэрийн 16 бүтээгдэхүүний импортын хамаарлын түвшин 42.1 хувь буюу “хүнсний бие даасан байдал” алдагдсан ангилалд байна.

зураг

 

Үндэсний статистикийн хорооны даргын 2015 оны А/12 дугаар тушаалаар баталсан “Хүнсний аюулгүй байдлын статистикийн үзүүлэлтийг тооцох аргачлал”-ын дагуу 2014 оноос хойш хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг гаргаж байгаа нь хүн амын хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдалд дүн шинжилгээ хийх, төрийн бодлого боловсруулахад ач холбогдолтой боловч зарим үзүүлэлтийг хэт ерөнхий, бодит байдлаас зөрүүтэй тооцоолж байна. Тухайлбал:

  • Статистик мэдээнд улсын бүх малын дэлэн дэх сүүний нөөц хэмжээг тооцож, 1.0 сая тонн сүү гэж оруулснаас шингэн сүүний хэрэглээ 6.5 дахин их;
  • Жишсэн нэг хүний жилийн хэрэгцээний малын махыг шулснаар 157 килограмм гэж тооцсон бол, статистик мэдээнд ястай махаар тооцож оруулснаас малын махны хэрэглээ 5.4 дахин их.

Энэ нь хүн амыг чанар, аюулгүй байдлын шаардлага хангасан хүнсний бүтээгдэхүүнээр жигд тогтвортой хангахад хүндрэл үүсэх, гэнэтийн хүчин зүйлсийн нөлөөнд өртөх, төрөөс баримтлах бодлого, зорилт хэрэгжихгүй байх зэрэг эрсдэлтэй тул цаашид хүнсний хангамж, хүртээмж, шим тэжээл, хүнсний аюулгүй байдлын статистик мэдээг олон улсын түвшинд нийцсэн аргачлалаар, үнэн зөв, бодитой тооцох нь чухал байна.

Хүнсний сүлжээний бүх үе шатны нэгдсэн бүртгэл, хяналт мэдээллийн нэгдсэн тогтолцоо байхгүй байна.

Хүн амын хоол, тэжээлийн үндэсний 5 дугаар судалгаагаар 5 хүртэлх насны хүүхэдтэй өрхийн 64.9 хувьд нь хүнсний баталгаат байдал ямар нэг хэмжээгээр алдагдсан байна гэж дүгнэжээ.

Эх сурвалж: ҮАГ

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0