богино мэдээ New

Бодлогын хүүгээс хамааралтай Монголын бизнес

чир нь төв банкины бодлогын хүү инфляцитай уялддаг, ирээдүйг харж гаргадаг том бодлогын суваг. Нэг ёсондоо санхүүгийн зах зээлд суурь хүүгийн хэмжээ болдог..

Бодлогын хүү гэж юу вэ?

Тоймч Л.Баатархүү

     Бид www.tugeene.mn мэдээллийн сайтаараа дамжуулан уншигчиддаа эдийн засгийн болон санхүүгийн мэдлэг олгох үүднээс тодорхой сэдвийн хүрээнд тайлбар, улс орны болон бизнес эрхлэгч, хувь хүний эдийн засагт нөлөөлөх байдал, тоон утгын харьцуулал зэргийг сэтгүүлзүйн өгүүлэл, тайлбарламж хэлбэрээр олон нийтэд хүргэх юм.

Энэ удаад бид “Бодлогын хүү” гэж чухам юу вэ, уншигч, бизнес эрхлэгч танд эл хүүний нөлөөлөл хэрхэн тусдаг, ямар эерэг, сөрөг ач холбогдолтой болон дэлхийн бусад улс орнуудын төв банкны бодлогын хүүгийн талаарх мэдээллийг хүргэж байна.

Бодлогын хүү нь арилжааны банкууд мөнгөн хөрөнгөө төв банкинд хадгалуулсныхаа хариуд авдаг хүүгийн хэмжээ юм. Өөрөөр хэлбэл, арилжааны банкууд Монголбанкинд мөнгө хадгалуулсныхаа төлөө хүртдэг хүү гэсэн үг. Тус банкнаас уг хүүгийн хувийг нэмэхэд арилжааны банкуудын хэрэглээний болон бусад зээл гаргах сонирхол нь буурна. Учир нь төв банкины бодлогын хүү инфляцитай уялддаг, ирээдүйг харж гаргадаг том бодлогын суваг. Нэг ёсондоо санхүүгийн зах зээлд суурь хүүгийн хэмжээ болдог.

Бодлогын хүүгийн эдийн засаг, бизнест үзүүлэх нөлөөлөл

     Дээр дурьдснаар Монголбанк бодлогын хүүгээ нэмэх нь арилжааны банкуудад хамгийн ашигтай хувилбар болж хувирна. Мэдээж хэрэг амьдрал дээр хэн ч гэсэн найдвартай, баталгаатай бас өндөр хүүтэй ашиг олох газарт мөнгөө хадгалуулахыг хүсдэг. Хүү нэмэгдэх хэмжээгээр санхүүгийн зах зээл /эдийн засаг/ рүү арилжааны банкуудаас орох мөнгөн урсгал буюу зээл багасаж эхэлнэ. Товчхондоо иргэд, бизнес эрхлэгчдэд зээл олгож хүүнээс нь ашиг олдог банкууд харилцагчаа өөрчилж нэг, баталгаатай харилцагчаас буюу Монголбанкинаас хүүний төлбөр аваад “сууна” гэсэн үг.

Эдийн засаг, санхүүгийн зах зээлийг Монголын хувьд гол тэтгэдэг суваг нь арилжааны банкууд байдаг. Энэ төрлийн банкууд зээлээ хумихаар зэрэг иргэдийн гар дээрх бэлэн мөнгө багасаж эхэлнэ. Уг нь иргэдийн түрийвч зузаан байх нь эерэг талтай ч өнөөх инфляци /барааны үнэ/ гэдгийг хөөрөгдчихдөг аюултай. Иргэн Бат ганцаараа мөнгөтэй байсан бол одоо олон Бат түүнтэй адил хэмжээний их мөнгөтэй болж ямар ч тооцоогүйгээр бараа, бүтээгдэхүүн худалдаж авах нь эрэлтийг нэмэгдүүлж эргээд эдийн засагт сөрөг нөлөө үзүүлдэг байна. Энэ бол Монголын хувьд хамгийн таагүй үзэгдэл. Учир нь нэгэнт нэмэгдсэн барааны үнэ эргээд буух нь бараг “үлгэр” гэхэд хилсдэхгүй.

Төв банк бодлогын хүүгээ нэмэх нь эерэг, сөрөг хоёр талтай. Эерэг нь эрэлтийг сааруулж барааны үнэ буурахад нөлөөлнө. Товчхондоо Монголбанк хүү нэмэх замаар зах зээл дахь мөнгийг татаж байна гэсэн үг. Сөрөг нь бизнес эрхлэгчид эргэлтийн хөрөнгөгүйтэхэд хүргэх эрсдэлтэй. Аливаа улс орны эдийн засаг бизнес, татвар дээр оршин тогтноно. Ялангуяа жижиг, дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүд банкнаас зээл авч үйл ажиллагаагаа өргөжүүлж, явуулдаг манайх шиг оронд ийм хатуухан нөхцөл олон айл өрхөд гацалт үүсгэдэг. Нөгөөтэйгүүр хэрэглээний зээлийг хумчихвал орлого нь хүрэлцдэггүй Монгол Улсын иргэдийн хувьд бүр л том дарамт болно. Наанадаж оюутныхаа сургалтын төлбөр, орлого нь хүрэлцдэггүй бусад зардлаа зээлээр нөхдөг өрхүүдэд таагүй байдал үүсэх нь тодорхой.

Монголбанк бодлогын хүүгээ бууруулахад зах зээл рүү бэлэн мөнгө нэлээд гарч эхэлдэг. Өөрөөр хэлбэл, мөнгөний зөөлөн бодлого үйлчилж байна гэсэн үг. Банкууд өөрсдийн чадавхиас хамаарч хэрэглээний болон бизнесийн мөн бусад зээлийг олгох байдал нь ихсэх юм. Тэр хэмжээгээр эдийн засагт дутагдаад байсан мөнгийг нөхөж иргэдийн бизнесийн үйл ажиллагаа эргэлтийн хөрөнгөөр тэтгэндэн харьцангуй тогтворжих эерэг талтай. Манай улсын төв банк өнгөрсөн 2013 оноос бодлогын хүүг бууруулах мөнгөний зөөлөн бодлогын буюу эдийн засгийн мөчлөг сөрсөн арга хэрэглэж зорилтод салбарт нь хөнгөлөлттэй хүүтэй зээл өгч байсан. Үүний ачаар эдийн засгийн хүндрэлийг хэсэг хугацаанд ч гэсэн барьж чадсан юм. Гэвч энэ оны нэгдүгээр сарын 14-нд 12-13 хувьд хүргэх шийдвэрийг Төв банкины Мөнгөний бодлогын зөвлөлөөс гаргасан байдаг. Өнөөдрийг хүртэл уг тоонд ямар нэгэн өөрчлөлт ороогүй байгаа. “Уг нь онолоороо зөөлөн бодлогоо үргэлжлүүлж мөнгө дутагдаж буй сектортоо зээл олгох аргаа хэрэглээд байсан бол одоогийн “муудлаа” гэх эдийн засаг тийм ч доройтохгүй байлаа” гэдгийг судлаачид хэлдэг.

Арилжааны банкууд одоогоор бүх төрлийн зээлээ хумьж буй талаар бидэнд иргэдээс олон мэдээлэл ирсэн. Магадгүй төв банкины бодлогын хүүгийн нэмэгдлээс болж тэд зээлээ хумихад нөлөөлсөн гэхэд нэг их хол зөрөхгүй байх. Доор дурьдсан үзүүлэлтээс бодлогын хүү хэрхэн нэмэгдэж, буурч байсныг үзнэ үү.

Гадны улс орнуудад тухайлбал, БНСУ-д хоёр хувь, Өмнөд хөршийнх 5.4, Казахстан 5.5 хувьтай байх жишээтэй. Гэтэл Монгол Улсынх 13 хувь байна гэдэг нь тэдгээр улсуудаас бараг гурав дахин өндөр буй юм. Ийм өндөр бодлогын хүүтэй улс оронд хувийн салбар, ялангуяа жижиг, дунд бизнес эрхлэгчид хөл дээрээ босоход тун хол замыг туулах болно.

Дараах үзүүлэлтэд зарим улс орны төв банкины бодлогын хүүгийн хэмжээг дурьдсан байна.

Бодлогын хүүг бууруулах-Мөнгөнийй зөөлөн/тэлэх бодлого

  • Эдийн засгийн уналтын үед ажилгүйдлийг бууруулж, эдийн засгийн өсөлтийг эрчимжүүлэх зорилгоор мөнгөний нийлүүлэлтийг өсгөн,  мөнгөний зөөлөн бодлогыг авч хэрэгжүүлэх нь  оновчтой байдаг.
  • Бодлогын хүүг бууруулах нь мөнгөний зөөлөн бодлогын нэг хэлбэр бөгөөд эдийн засгийг хөрсөн үед зах зээл дахь мөнгөний нийлүүлэлтийг ихэсгэх байдлаар эдийн засгийн үйл ажиллагааг эрчимжүүлдэг мөнгөний бодлогын хэрэгсэл юм.
  • Бодлогын хүүг бууруулснаар иргэд болон ААН-үүдэд зээл авах нь хямд болж, банкинд мөнгөө хадгалуулснаас хөрөнгө оруулалт хийж мөнгөө эргэлтэд оруулах нь илүү өгөөжтэй болдог тул  эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлдэг.
  • Эдийн засгийн хямралтай үед бодлогын хүүг барих/өсгөх нь сөрөг нөлөөтэй.
  • Бодлогын хүүг бууруулснаар хөрөнгө оруулалт хийх нь илүү хямдхан болдог. Ингэснээр зах зээлд капиталын хөрөнгө оруулалт ихсэж эдийн засгийг идэвхижүүлдэг.
  • Бодлогын хүүг бууруулахад төгрөгийн өгөөж буурна. Ингэснээр төгрөгийн ханшид унагах нөлөөтэй байж болно. Нөгөөтэйгүүр, экспортыг нэмэгдүүлэн төлбөрийн тэнцэлд эерэгээр нөлөөлнө.

Бодлогын хүүг өсгөх-Мөнгөний хатуу/хумих бодлого

 

  • Эдийн засгийн мөчлөгийн сэргэлтийн болон оргил үед үнийн ерөнхий түвшний өсөлтийг бууруулах, урьдчилан сэргийлэх, мөнгөний нийлүүлэлтийг бууруулах зорилгоор авч хэрэгжүүлдэг
  • Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх, валютын урсгалыг нэмэгдүүлэх  төгрөгийн өгөөжийг өсгөхийн тулд бодлогын хүүг нэмж болно.
  • Бодлогын хүүг ихэсгэхэд иргэд болон ААН-үүдэд зээл авах нь үнэтэй болж, банкинд мөнгөө хадгалуулах нь хөрөнгө оруулалт хийж мөнгөө эргэлтэд оруулахаас илүү өгөөжтэй болдог тул  эдийн засгийн үйл ажиллагааг удаашруулдаг.
  • Бодлогын хүүг өсгөхөд төгрөгийн өгөөж ихэсдэг. Ингэснээр төгрөгийн ханшийг өсгөх нөлөөтэй байж болно. Нөгөөтэйгүүр, экспортыг бууруулж төлбөрийн тэнцэлд сөргөөр нөлөөлдөг /Төв банкины Олон нийт, боловсрол мэдээллийн төв/.