богино мэдээ New

"Оюу толгой" ХХК татварын актын 648.9 тэрбум төгрөгийг өнөөдөр бүрэн төллөө

Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна..

Сэтгүүлч С.Мандахжаргал

 Монгол Улсын Татварын алба “Оюутолгой” ХХК-ийн 2016 оноос 2018 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, нөхөн ногдуулалтын актаар 649.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг ногдуулаад байсан.

“Оюутолгой” ХХК 2021 оны 2 дугаар сарын 25-ны өдөр 229.8 тэрбум төгрөгийн татварын орлогыг төрийн сангийн дансанд байршуулсан бол 2021 оны 3 дугаар сарын 4-ний өдөр үлдэгдэл 419.2 тэрбум төгрөгийг төрийн сангийн дансанд шилжүүлсэн байна. 2020 оны татварын актаар илэрсэн зөрчлүүдээс дурдвал:

  • “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 549.0 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 164.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 1,953.5 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 382.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж, худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 46.7 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 395.2 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;
  • Монгол Улсад байрладаггүй гадаадын компаниудад төлсөн 134.5 тэрбум төгрөгийн угсралт, суурилуулалт, техник, мэдээлэл технологийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 34.4 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 800,000 төгрөг.

“Оюутолгой” ХХК-ийн 2013 оноос 2015 оныг дуустал хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд татварын хяналт шалгалт хийж, шийтгэлийн хуудсаар 377.1 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алдангийг мөн 2018 оны 1 дүгээр сард ногдуулсан. Энэхүү шийтгэлийн хуудсаас 359.7 тэрбум төгрөгийг “Оюутолгой” ХХК эс зөвшөөрч Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд маргаан нэхэмжлэл, Лондоны олон улсын арбитрын шүүхэд нэхэмжлэл тус тус гаргасан. 2018 оны татварын актаар илэрсэн зөрчлөөс дурдвал:

  • “Оюутолгой” ХХК-иас Рио Тинто компанид шилжүүлсэн нийт 589.4 тэрбум төгрөгийн менежментийн үйлчилгээний төлбөрөөс суутган татвар авч ногдуулж төлөөгүй зөрчилд 176.8 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • “Оюутолгой” ХХК-иас Туркойс Хилл Ресурс, Рио Тинто компанийн харилцан хамааралтай этгээдүүдэд төлсөн хувь нийлүүлэгчдийн зээлийн хүү 522.1 тэрбум төгрөгөөс татварыг бүрэн суутган авч, ногдуулж төлөөгүй зөрчилд 156.6 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • “Оюутолгой” ХХК-ийн экспортод гаргаж худалдсан бүтээгдэхүүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрийг тооцож төлөхдөө Ашигт малтмалын тухай хууль, Хөрөнгө оруулалтын гэрээний холбогдох заалтыг дагаж мөрдөөгүй зөрчилд 24.3 тэрбум төгрөгийн нөхөн татвар, торгууль, алданги;
  • Бодит бус ханшийн зөрүүгээр ирээдүйд шилжүүлэх алдагдлын дүнг 402.6 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлсэн;
  • Агаарын бохирдлын төлбөр төлөөгүй зөрчилд 2.2 сая төгрөг.

Татварын хяналт шалгалтын дагуу гарсан дээрх татварын актуудыг Монгол Улсын татварын хууль тогтоомжийг үндэслэн ногдуулсан ба “Оюутолгой” ХХК, Рио Тинто болон Туркойс Хилл Ресурс компаниуд нь Монгол Улсад төлөх татварыг үнэн зөв, шударгаар, бүрэн төлөх үүрэгтэй.

Монгол Улсын Засгийн газар Монгол Улсын татварын хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангуулахад шаардлагатай бүх арга хэмжээг авч ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсад олсон орлогод татвараа үнэн зөв ногдуулж, шударгаар төлөх шаардлагыг “Оюутолгой” ХХК, түүний менежментийг хэрэгжүүлж буй Рио Тинто, хувьцаа эзэмшигч болох Туркойс Хилл компаниудад тууштай тавьж, яриа хэлэлцээ үргэлжилж байна.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0