богино мэдээ New

Монголбанк бодлогын хүүгээ түүхэн доод түвшинд буурууллаа

Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг ирэх долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулах, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх зэрэг багц шийдвэр гаргасныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов..

Сэтгүүлч Л.Баатархүү

  Монголбанкны Мөнгөний бодлогын хороо хуралдаж бодлогын хүүгээ хоёр нэгжээр бууруулж зургаан хувь болголоо. Ингэснээр төв банк түүхэнд анх удаа жил хүрэхгүй хугацаанд 5 нэгжээр буулгаж зургаан хувьд хүргэж байгаа нь энэ юм. Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 13-нд гэхэд 10 хувиас 9 болгож байв.

Түүнчлэн зээлийн эргэн төлөлтийг ирэх долоодугаар сарын 1 хүртэл хойшлуулах, жижиг дунд үйлдвэрлэл, уул уурхайн бус экспортыг дэмжихэд зориулсан урт хугацаат санхүүжилтийн эх үүсвэрийг шийдэх зэрэг багц шийдвэр гаргасныг Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн онцлов.

Эдийн засгийн өсөлт, нөхцөл байдлын талаарх төсөөллөө ч өөрчилснөө төв банкны удирдлагууд дуулгасан. Тодруулбал, -2.4 хувь байхаар тооцоолж байсан ч үүнээс дор төсөөлөл буюу -5.4 хувьд хүрч буурах эрсдэл бий юм байна. Цар тахалтай холбоотойгоор хөл хорионы нөхцөл байдлын энэ үед богино хугацаандаа эдийн засаг тун таагүй байх нь. Харин дунд хугацаандаа эерэг нөлөөтэй аж. Одоогийн байдлаар 125 мянган харилцагч 5.3 их наяд төгрөгийн зээлийг хойшлуулах хүсэлтийг банкуудад гаргажээ. 

Эдийн засаг агшсан, мөнгөний эргэлт саарсан энэ үед төв банкнаас ийнхүү макро түвшинд томоохон шийдвэрүүдээр нөлөөлөх нь. Мэдээж хэрэг энэ бүгд иргэдийн худалдан авах чадварыг сайжруулах арга хэмжээ. Эдийн засагт тодорхой мөнгөний нийлүүлэлт орсноор инфляци өснө. Гэхдээ зорилтод түвшин буюу зургаан хувиас хэтрэхгүйг мэргэжилтнүүд онцолсон. 

 

Сэтгэгдэл бичих

Нийт сэтгэгдэл 0