Алтан тариа ХХК-ийн Гүйцэтгэх захирал П. Цэнгүүн
Эдийн засгийн хямралын шалтгаан буюу бизнес мөчлөгийн онолыг Австрийн сургууль хэмээн алдаршсан эдийн засагчид хамгийн зөв оновчтой тайлбарласан байдаг. Чөлөөт зах зээлийн барааны эрэлт нийлүүлэлт, үнийг зах зээл өөрөө зохицуулах боломжгүй гэдэгт итгэлтэй болсон улс төрчид зах зээлд төр идэвхитэй оролцох үүрэгтэйг байнга учирладаг болжээ. Бизнесийн бүхий л салбарын үйл ажиллагаанд өнгөрсөн жилүүдэд төр засаг хэр их оролцож ирснийг зарим салбар дээр жишиж үзье.
Хувийн хэвшлийнхэн зах зээл дээр бараа, үйлчилгээний эрэлтийг хоорондоо чанар, үнээрээ өрсөлдөн нийлүүлж байнаа гэж бодъё. Зарим барааны нийлүүлэлт буурснаас үүдэн үнэ нь өсөх эсхүл эсрэгээрээ буурах явдал гардаг. Сонгогчдод буюу хэрэглэгчдэд үнэ өсөх нь бухимдал төрүүлдэг тул эрх баригчдаас үүнийг зохицуулахыг шаардана. Эндээс засгийн газар барааны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх үүднээс зах зээлийг зохицуулах гэж төрийн оролцоогоо эхлүүлэх шалтаг нь гарч ирдэг. Бизнес эрхлэгчдийг салбар салбараар нь дуудан цуглуулж "Төр та нарт яаж туслах уу, ямар дэмжлэг хүсэж байна?,, гэдэг алдарт асуултаа тавихад нь бизнес эрхлэгчид бүгд нэгэн дуу хоолойгоор банкны зээлийн хүүг багасгах эсвэл бүр хүүгүй зээл шаардах, импортын хязгаарлалт, гаалийн татвар болон барааны квот тавих, урамшуулал, татаас олгох хэрэгтэй гэж хариулна.
Ингээд бизнесийн элдэв танхимууд, мэргэжлийн болон салбарын холбоод, үйлдвэрчний эвлэлүүд зэрэг хамтын хүчээ нэгтгэсэн ашиг сонирхлын бүлэглэлүүдийн нөлөөнд төр засаг автагдаж бүтээн байгуулалтынхаа төлөвлөгөө боловсруулан гаргаж хэрэгжүүлэх ажилдаа шаргуу орно. Нэн тэргүүнд засгийн газар түүний сиамын ихэр болох дангаараа монополь эрхтэй хэвлэх газар буюу төв банкаараа дамжуулан их хэмжээний цаасан тэмдэгт хэвлэн гаргаж үйлдвэрлэл, үйлчилгээний ямар ч туршлагагүй ч бай, шинэ ч бай хамаагүй үй олон иргэд, бизнес эрхлэгчдэд арилжааны банкуудаас зах зээлд санал болгож буй хүүгээс хамаагүй бага хүүтэй зээл санал болгоно. Иргэд, бизнесмэнүүд хямд болон хөнгөлөлттэй зээлийн хүүнд бүгд хошууран шуурч хувийн болон компанийхаа бизнес төлөвлөгөөнүүдийг гаргаж ээлж дараалан уг зээлээс авч эхэлнэ. Мэдээж зээл олголтыг зах зээлд юу, хаанаас, яаж, хэрхэн, хэдийг ямар үнээр гээд бизнес плануудын бүх тооцооллыг төр ба түүний төв банк нь нэгдсэн нэг төвлөрсөн төлөвлөгөөнд оруулж шийдэх нь гарцаагүй.
Уг зээлээс авсан үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлж ашиг орлого нь нэмэгдэж амжилттай явах хувийн хэвшил, эсхүл ипотекийн зээл авч цалин орлогоосоо графикийнхаа дагуу зээлээ төлөөд асуудалд орохгүй яваа нь цөөнгүй байхыг үгүйсгэхгүй. Гэвч бодит байдал дээр дутуу болон буруу тооцоо хийж алдаа гаргах иргэд болон бизнесмэнүүд цөөнгүй байдаг. Тухайн барааны эрэлт нийлүүлэлтийн бүхий л тооцоо, бизнес план, төлөвлөлтүүдийг нэгтгэж нэгдсэн нэг төлөвлөгөө зохиосон төр засаг тэднээс ч илүү их алдаа гаргах нь нэгэнт тодорхой. Чухам эдгээр алдаатай тооцоолол буюу калкуляцуудын нийлбэр нь эдийн засгийн хямралын эх үүсвэр болох гол шалтгаан нь болдог байна.
Тодорхой цаг хугацааны дараа буруу тооцоо, алдаа, эндүүрлүүд нь зах зээлд барааны хэт үйлдвэрлэл, таваарын илүүдэл үүсгэж үнийн уналт эхэлнэ. Төр засаг хямдхан, хүү багатай зээл л олгочихвол бид босчихно гээд байсан бизнесийнхэн маань зээлээ эргэн төлөх чадваргүй болж эхнээсээ хаалгаа барьж эхэлснээр бүтээн байгуулалтаар шинээр бий болсон ажлын байрууд үгүй болж ажилгүйдлийн түвшин эрс өснө. Энэ нь цаашлаад зах зээлд худалдан авах чадварт муугаар нөлөөлснөөр олон зуун иргэд ипотекийн зээлээ төлөх чадваргүй болсноор бизнес эрхлэгчдийн найдваргүй зээл дээр нэмэгдэж улмаар банкны салбарын хямралыг эхлүүлнэ. Үхлүүд хөрөнгө болсон хөрөнгө оруулалт, барааны илүүдэл, үнийн уналтаас эдийн засаг бүхэлдээ дифляцид орж хямрал улам гүнзгийрнэ. Дифляци нь инфляциасаа илүү хор уршигтай, учир нь түүний дараа хиперинфляцитай тулгардаг. Эдийн засагт төв банк мөнгөний нийлүүлэлтийг эрс нэмэгдүүлж, мөнгөний хүүг хүчээр буулгаж, засгийн газраас бизнест оролцож зээл олголтыг идэвхижүүлж хөөс үүсгэснээс болж эдийн засаг бүхэлдээ хямардаг гэж Австричууд тайлбарласан байдаг.
Одоо тэгвэл уг онолыг сүүлийн хэдэн жилд өрнөсөн Монголын үйл явдлуудтай харьцуулж үзье. Монгол банк их хэмжээний мөнгөн тэмдэгт хэвлэж хэрэгжүүлсэн Үнэ тогтворжуулах хөтөлбөр, Чингис болон Самурай зэрэг бондоор Хөгжлийн банкаар дамжуулж санхүүжүүлсэн Үйлдвэржүүлэлтийн хөтөлбөр, иргэдэд 8 хувийн хүүтэй ипотекийн зээлийн хөтөлбөр гэх мэт бүхий л арга хэмжээнүүд нь эрх баригчдын зүгээс зах зээлд эрчимтэй интервенци хийж эдийн засаг дахь төрийн оролцоог эрс нэмэгдүүлсэн билээ.
Сайхан уриа лоозон нэр бүхий хөтөлбөрүүд эхэн үедээ богино хугацаанд эдийн засгийн өсөлтийг хангаж, шинээр ажлын байрууд нэмэгдсэнийг үгүйсгэхгүй. Харин дунд болон урт хугацаандаа эдгээр бүтээн байгуулалтууд, үр ашиггүй, алдаатай тооцоо эсхүл эхнээсээ мөнгө завших зорилго агуулж барьсан үйлдвэрийн хөрөнгө оруулалтууд ямар гамшиг, үр дагавар дагуулсныг бид одоо харж сууна. Хаалгаа барьж ажилчидаа тараахад хүрсэн дээрх үйлдвэрүүд болон бизнес эрхлэгчид ингээд зогсохгүй төрөөс дахин дараагийн дэмжлэг үзүүлэхийг лоббидож борлогдохгүй бүтээгдэхүүндээ протекционист бодлогыг шаардаж улмаар ижил төстэй бараандаа импортын гаалийн татвар, хориг, квот тавиулж авсан билээ.
Зах зээл дэх төрийн оролцоо хамгийн бага байсан үе болох 90-ээд оны хүнд хэцүү жилүүдэд шинээр гарч ирсэн засгийн газар чухам гаалийн татварыг тэглэж гадаад худалдааг чөлөөтэй болгосноор худалдаачид, наймаачид, ганзагачид, ченжүүдийн ашиг олох хөшүүргийг бий болгож өгсөнөөр зах зээлд бараа таваарын төрөл болон нийлүүлэлт эрс сайжирч эдийн засгийг зах зээл рүү амжилттай шилжүүлж байсан түүхээ бид мартжээ. Чухам чөлөөт худалдаа, үйлдвэрлэлийн хэрэгслийн чөлөөт хөдөлгөөн болон чөлөөт зах зээлтэй эдийн засгийн бодлого л улс оронд эдийн засгийн өсөлт, хөгжил дэвшил авчирч увайгүй ядуу орныг баян чинээлэг болгодог түүх бий.
Энэхүү нийтлэлийн эхэнд дурдсанчлан бараа таваарын үнийн өсөлт, бухимдалаас үүдэж барааны үнийг бууруулахад чиглэсэн үнэ тогтворжуулах болон түүний дараах импортыг орлох хөтөлбөрүүд нь эсрэгээрээ бараа таваарын үнийг улам нэмэгдүүлж сонгогч-хэрэглэгчдийнхээ нуруун дээрхи ачааг улам хүндрүүлсэн нь аливаа төрийн оролцоо нь жам ёсоороо бүтэлгүйтдэгийг дахин харууллаа.
Дээрх бизнес мөчлөгийн онолыг цэвэр, шударга өрсөлдөөнтэй зах зээлтэй гэсэн нөхцөлд тайлбарласан болно. Өөрөөр хэлбэл улс төрчид бизнес эрхлэгч нарын хооронд манайд өргөн цар хүрээгээр тахал мэт тархсан клайнтелизм буюу авилга, хээл, хахууль, жалга довны үзэл, зээл бүтээгчдийн хүртдэг 10 хувь зэрэг хууль бус үйлдлүүд уг онолд хамарч ороогүй болно. Эдгээр хуулийн хүрээнээс гадуур зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй үйлдлүүд нь сайхан уриа лоозонтой элдэв хөтөлбөрүүдийн зардлыг л улам нэмэгдүүлж эдийн засгийн үр ашгийг бууруулах нь гарцаагүй. Мөн төрийн ивээл дор бусдаас давуу эрх эдэлж зах зээл дэх өрсөлдөөнд давамгай байр суурь тогтоосон хувийн хэвшлийн бүлэглэлүүд нь төрөөс огт дэмжлэггүйгээр шударгаар өрсөлдөж ирсэн бизнесүүдийг зах зээлээс шахан зайлуулж шударга бус өрсөлдөөнийг тогтоодог. Цаашлаад алдагдалтай ажилладаг хэдэн зуун төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, стратегийн гэх буюу монополь байдал ноёрхсон уул уурхай дахь төрийн оролцоо мөн төгрөгийн девальваци зэрэг хямралыг гүнзгийрүүлэхэд нөлөөлдөг үзэгдэлүүд байдаг.
Ийм энгийнээр аливаа эдийн засгийн хямралын гарал үүсэл хийгээд шалтгааныг Л. Фон Мизэс, Ф. Хаек тэргүүтэй Австричуудаас өөр бусад онолын (маркист, кэйнист, монитарист) эдийн засагчид тайлбарлаж чадаагүй байдаг. Шинээр сонгогдсон эрх баригчид өмнөх засгийн гаргасан энэхүү эдийн засгийн алдаатай социалист бодлогыг засаж залруулж хэрэглэгч, зах зээл рүүгээ хандсан либерал бодлого баримталж эдийн засгаа эрүүлжүүлж иргэдээ ядуурлаас гаргах нэг л сонголттой тулгарлаа.
www.shuud.mn