-Монголбанкны “санхүүгийн жил” эхэллээ-
Сэтгүүлч Б.Баяртогтох
Монголбанкны “санхүүгийн жил” албан ёсоор эхэлж байна. Төрөөс ирэх онд баримтлах мөнгөний бодлого хүчин төгөлдөр болсноор төв банк энэ оныг албан бусаар “үдэв”. Энэ нь уламжлалт бус мөнгөний бодлогоос татгалзаж байгаагаа зарласан хэрэг.
Ингэснээр Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайханы УИХ-д өргөн мэдүүлсэн уламжлалт мөнгөний бодлого хэрэгжих нөхцөл бүрдэв. Төгрөгийн гадаад валюттай харьцах ханш огцом суларч байгаа энэ үед ирэх жилийн мөнгөний бодлого “зам”-даа гарч байна.
Төв банкны захирлуудын зөвлөл мөнгөний бодлогын хүүг 4.5 нэгжээр нэмэгдүүлж, 15 хувьд хүргэсэн нь 2017 онтой золгох шинжтэй. Бодлогын хүүгийн түвшинг эргэж хэлэлцэх, эсэх нь одоогоор тодорхой бус байна.
Мөнгөний бодлого хатуу төлөвт шилжсэн нь төгрөгийг хамгаалах төв банкны оролдлого байсан. Үүнээс хойш төгрөгийн ханш даруй 25 орчим хувиар суларчээ. Уг нь төгрөгийн ханшийг чангалах гэж бодлогын хүүг нэмэгдүүлсэн ч ханшийн эрсдэлийг Монголбанк өнгөрсөн хугацаанд хааж дийлсэнгүй.
Дефляци гурван сар дараалан үргэлжилж байна. Энэ нь бодлогын хүүг чангалсантай холбоотой гэж зарим эдийн засагч үзэж байгаа юм. Угтаа төгрөгт итгэх итгэлийг бэхжүүлж, өгөөжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн бодлогын сонголт нь инфляци дефляци руу гулсахад нөлөө үзүүлжээ. Өөрөөр хэлбэл, эдийн засаг агшихад голлох үүрэг гүйцэтгэсэн байна.
Гурван эдийн засагч тутмын хоёр нь мөнгөний бодлогын шийдвэрт эргэлзэж байгаа юм. Ирэх оны мөнгөний бодлого инфляци бус эдийн засгийн тогтвортой байдлыг онилсон. Харин инфляцийг 2017-2019 онд жилийн найман хувиас дээшгүй түвшинд байлгахаар тодорхойлсон. Тэгэхээр инфляцийн “аюул” алсарсан гэсэн үг.
Инфляци нам, тогтвортой түвшинд байх нөхцөл, боломжийг өнгөрсөн хугацаанд буюу уламжлалт бус мөнгөний бодлогын хүрээнд Н.Золжаргалын баг бий болгосныг цөөнгүй эдийн засагч онцолж байна.
Тоймлон хэлбэл, инфляцийн эрсдэл дунд хугацаанд холджээ. Харин эдийн засгийн өсөлтийг дэмжих хүрээнд авч хэрэгжүүлсэн хөтөлбөрүүд нь төгрөгийн ханш сулрах, өрсөлдөх чадвар нь муудахад хүргэж байгааг үгүйсгэхгүй.
Нийгмийн захиалга болж, иргэдийн эрэлт хэрэгцээг хангасан ипотекийн зээлийг эхлүүлсэн нь чухамдаа төгрөг “хямдрах” эхлэл болсон гэж зарим эдийн засагч дүгнэх болсон. Ипотекийн зээлийн үр дүнд 88 мянган өрх орон сууцтай болоод байна.
Эдийн засгийн хүндрэлийг богино хугацаанд даван туулахад 2017 оны мөнгөний бодлого үндсэндээ чиглэж байгаа. Энэ хүрээнд мөнгөний нийлүүлэлтийг хумьж, уламжлалт арга хэрэгслийг нэвтрүүлэхээр төв банк зорьж байна. “Уламжлалт” бодлого нь эдийн засгийн өсөлтийг дэмждэггүй.
Мөн ажлын байр тогтвортой байх орон зайг хязгаарладаг сул талтай. Төгрөгийн бусад валюттай харьцах ханшийн уналт дан ганц гадаад худалдаанд алдагдал болоод зогсохгүй манайх шиг импортлогч оронд инфляцийг хөөрөгдөх нэг үндсэн нөхцөл болдог аж. Тиймээс инфляцийг төв банк мартаж болохгүйг зарим эдийн засагч сануулж байсан юм.
Эдийн засагч Ч.Эрдэнэдалай ирэх оны мөнгөний бодлогыг “Мөчлөг сөрсөн мөнгөний бодлого” хэмээн тодотгосон. Хүндрэлийг сөрөх мөнгөний бодлогын “зэвсэг” нь бодлогын хүүгээс гадна валютын нөөц болж байгаа юм.
Монголбанкны валютын албан нөөц аравдугаар сарын байдлаар нэг тэрбум ам.доллараар хэмжигдэж байна. Валюттай харьцах төгрөгийн ханшаа хадгалахын тулд зах зээлд ам.доллар нийлүүлж, ханшийн огцом хэлбэлзлийг төв банк сааруулах болсон.
Улсын валютын нөөц сүүлийн зургаан жилийн доод түвшинд ирээд байгаа. Энэ нь төгрөгт итгэх итгэл алдрах шалтгаан болсоор. МУИС-ийн Эдийн засгийн тэнхимийн багш Б.Алтанцэцэг “Монголбанк бодлогын сонголтгүй үлдсэн.
Сонголт хийлээ гэхэд багахан валютын нөөцөө шавхана” хэмээн дүгнэсэн юм. Засгийн газарт найдах Монголбанк ирэх оны мөнгөний бодлогод сонголт тун цөөн үлдсэн болохыг тэрбээр дүгнэжээ. Ийм нөхцөлд төв банк хэрхэн ажиллахыг хүлээх л үлдэж байна.