богино мэдээ New

Д.Ганбат: Төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадвар, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтэд илүү анхаарна

Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, хоёр хөршийг холбосон коридорын тоог нэмэгдүүлэх, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, Ази-Европыг холбох гүүр болох бодлого баримталж байгаагаа Д.Ганбат сайд онцлов..

Сэтгүүлч Б.Энх-Эрдэнэ

      Зам тээвэр хөгжлийн сайд Д.Ганбат Засгийн газрын 100 хоногийн үйл ажиллагааны тайлангийн талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Ирэх дөрвөн жилд тус яамны гол бодлого нэн түрүүнд төмөр замын нэвтрүүлэн өнгөрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, дамжин өнгөрүүлэх тээвэрлэлтийг оновчтой зохион байгуулахад гол анхаарлаа хандуулах нь. Нөгөөтэйгүүр Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийх, хоёр хөршийг холбосон коридорын тоог нэмэгдүүлэх, Хөшигийн хөндийн олон улсын нисэх буудлыг ашиглалтад оруулж, Ази-Европыг холбох гүүр болох бодлого баримталж байгаагаа Д.Ганбат сайд онцлов.

Энэ оны хувьд эхний найман сарын байдлаар төмөр замын тээврээр 12,377.17 мян.тн ачаа, 7,886.05 мян.зорчигч тээвэрлэсэн гэх судалгаа бий. Цаашдаа энэ тоо мэдээж өснө. Харин нэг чухал ололт харагдаж буй нь дэлхийн эдийн засгийн хөгжилтэй уялдан Ази-Европын хооронд ачааны урсгал нэмэгдэх болжээ. Тийм учраас манай улсын авто болон агаарын тээвэр, төмөр замыг хоёр тивийнхэн хамгийн дөт коридор гэж үзэж байна.

Энэ нь сайн дохио хэдий ч үүний цаана манай улсыг “Зам, дэд бүтцээ сайжруул, тэгвэл танайд эдийн засгийн том боломж бий” гэх сануулга нуугдаж буй. Зам тээвэр, хөгжлийн сайдын онцолсноор өнгөрсөн 100 хоногийн хугацаанд Эрдэнэт-Овоотын төмөр замын урьдчилсан судалгааны ажил, Монгол-Оросын хувь нийлүүлсэн “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хэрэгцээнд импортлох дизель түлшийг онцгой албан татвараас чөлөөлөх тухай хуулийг батлуулах ажлыг эхлүүлэв. Түүнчлэн Монгол-Тяньжины худалдаа хамтын ажиллагааны хүрээнд Дунзяны чөлөөт худалдааны боомт бүсийн 10 га газарт тээвэр логистикийн төв төслийг хэрэгжүүлэх хамтарсан компанийг байгуулах зэрэг ажлуудыг хийсэн аж.

  

Мөн Бүс нутгийн логистикийн төслийн хүрээнд барилгын ажил эхлүүлэхээр болсон талаараа ч дуулгалаа. Тэгвэл цаашид төмөр замын салбарт “Монгол Улсын Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр”-ийн хүрээнд олон зорилт, арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байгаа аж. Үүнд “Шивээхүрэн-Сэхэ”, “Тавантолгой-Гашуунсухайт”, “Хөөт-Бичигт”, “Зүүнбаян-Ханги” чиглэлийн төмөр зам, Оюутолгойн салбар төмөр замын ажлуудыг барьж ашиглалтад оруулах, Улаанбаатар төмөр замын техникийн шинэчлэлт хийж нэвтрүүлэх чадварыг нэмэгдүүлэх, “Богдхан” төмөр замыг барьж байгуулах ажлыг эхлүүлэх, “Эрдэнэт-Овоот” чиглэлийн төмөр замын барилгын ажлыг эхлүүлэхээр төлөвлөжээ.

Дээрхээс гадна иргэний нисэхийн салбарын хөрөнгө оруулалтын хэмжээ жилээс жилд өсч, агаарын навигацийн болон нисэх буудлуудын дэд бүтцийг сайжруулахад сүүлийн таван жилд гэхэд 150 тэрбум гаруй төгрөг зарцуулсан талаар Д.Ганбат сайд хэллээ. Хамгийн том хөрөнгө оруулалт болох жилдээ гурван сая зорчигчыг нэвтрүүлэх хүчин чадалтай, 617 сая ам.доллараар байгуулж буй Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудлын бүтээн байгуулалт бөгөөд энэхүү нисэх буудлыг 2017 оны эхний хагас жилд багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.

Мөн тэрээр ажлаа тайлагнах үеэрээ авто тээврийн салбарт ихээхэн анхаарал хандуулж ажиллахаа илэрхийлсэн. Энэхүү ажлын эхлэл болгож Тяньжин боомт–Улаанбаатар-Улаан-Үд хотын чиглэлд туршилтын ачаа тээвэрлэлтийг өнгөрсөн наймдугаар сард зохион байгуулсан аж. Мөн Дорнод аймгийн Хэрлэн сумаас Хавирга–Ар хашаатын боомтоор ӨМӨЗО-ны Манжуур хотыг хүртэлх зорчигчдын тогтмол тээврийн маршрутыг ирэх сараас эхлүүлэхээр болжээ.