богино мэдээ New

Монголбанкны 2023 оны онцлох үйл явдлын товчоон

монголбанкны 2023 оны онцлох үйл явдал.

1. Инфляц 1 оронтой тоонд хүрч буурлаа

монголбанк онцлох үйл явдал

Монголбанк инфляцыг бууруулахад чиглэсэн мөнгөний бодлогыг хэрэгжүүлж ажиллалаа. Монголбанк нь үндсэн зорилтынхоо хүрээнд мөнгөний бодлогын төлөвийг тодорхойлж, бодлогын шийдвэр гаргахдаа үнийн тогтвортой байдлыг хангахын зэрэгцээ эдийн засгийн өсөлтөд үзүүлэх сөрөг нөлөөг хязгаарлахыг зорьж байна. Сүүлийн хоёр жилийн хугацаанд хэрэгжүүлж буй мөнгөний бодлого үр дүнгээ өгч инфляц улсын хэмжээнд 2023 оны 11 дүгээр сарын байдлаар 8.6 хувьд хүрч буурахын зэрэгцээ эдийн засгийн өсөлт эхний гурван улирлын байдлаар 6.9 хувьтай гарлаа. Сүүлийн 2 жилийн хугацаанд өндөр түвшинд хадгалагдаж байсан инфляц ийнхүү буурч байгаа нь эдийн засгийн макро орчин тогтворжиж эхэлж буйн шинж бөгөөд иргэдийн бодит орлогыг хамгаалах, бизнесийн тогтвортой орчныг бүрдүүлэх ач холбогдолтой.

2. Гадаад валютын албан улсын нөөц 4.8 тэрбум ам.доллар орчимдт хүрч төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байв

монголбанкны онцлох үйл явдал

Гадаад валютын улсын нөөц (ГВУН) 2023 оны эцсийн урьдчилсан байдлаар 4.8 тэрбум ам.долларт хүрч оны эхнээс 1.4 тэрбум ам.доллароор нэмэгдлээ. Нүүрсний экспорт нэмэгдэж валютын дотогшлох урсгал сайжирсны зэрэгцээ төгрөгийн харьцангуй өгөөжийг нэмэгдүүлсэн нь төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байхад голлон нөлөөлөв. Монголбанкны зүгээс 2023 онд Засгийн газрын гадаад зээл, бондын эргэн төлөлтөд цэвэр дүнгээр 300 орчим сая ам.доллар, Монгол Улсын Хөгжлийн банкны евро бондын эргэн төлөлтөд 500 сая ам.доллар, Самурай бондын эргэн төлөлтөд 30 тэрбум иен, мөн Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн ашиглалтаас 1.5 тэрбум юань төлснөөр нийлбэр дүнгээр 1.2 тэрбум ам.долларын үндсэн болон хүүгийн төлбөрийг ГВУН-ийн удирдлагын хүрээнд хийж гүйцэтгээд байна. 

3. Хятадын Ардын банктай байгуулсан своп хэлцлийн хугацааг 3 жилээр сунгаж, хэлцлийн ашиглалтаас хааж эргэн төлөлтийг хийж эхлэв

монголбанк хятад

Монголбанк, Хятадын Ардын банк хооронд байгуулсан үндэсний мөнгөн тэмдэгт солилцох 15 тэрбум юанийн своп хэлцлийн ерөнхий гэрээний нөхцөлүүдэд өөрчлөлт оруулан, хугацааг 2026 он хүртэл сунгалаа. Мөн гэрээний хүрээнд 2011-2016 оны хооронд ашигласан хэлцлийн дүнгээс 1.5 тэрбум юань буюу 210 сая ам.долларын төлөлтийг хугацаанаас нь өмнө урьдчилан гүйцэтгэж, хэлцлийн 1 шугамын ашиглалтыг хаалаа. Дотоодын зах зээлээс худалдаж авсан алтыг цэвэршүүлж, мөнгөжүүлсэн орлогоос юанийн своп хэлцлийн ашиглалтаас хааж эхэлсэн нь Төв банкны хүүгийн зардал болон алдагдлыг бууруулахад  эерэг нөлөө үзүүлж, Олон Улсын Валютын сан болон бусад Олон улсын санхүүгийн байгууллагын зөвлөмжийг хангахад чухал үйл явдал боллоо.

4. Банкны салбарын шинэчлэлийг амжилттай үргэлжлүүлж, банкнууд IPO-гоо амжилттай гаргаснаар “Grand Bull Awards 2023” шагнал хүртлээ

монголбакнны ерөнхийлөгч

Банкны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт орсноор банкийг нээлттэй болон хаалттай хувьцаат компани хэлбэртэйгээр өөрчлөн байгуулах, банкны хувьцаа эзэмшигчдийн бүтэц, бүрэлдэхүүн, хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг хуульд нийцүүлэн өөрчлөх ажил амжилттай хэрэгжлээ. Үүний үр дүнд банкны системийн нөлөө бүхий 5 банк болох Хаан банк, Худалдаа хөгжлийн банк, Голомт банк, Хас банк, Төрийн банк нь компанийн хэлбэрийг нээлттэй хувьцаат компани болгон өөрчлөн байгуулж, нийтэд анх удаа хувьцаагаа санал болгон худалдаж, анхдагч зах зээлийн арилжаагаар 473 тэрбум төгрөгийн хөрөнгө татан төвлөрүүлж, хоёрдогч зах зээлийн арилжааг эхлүүлсэн. Мөн Богд банк нээлттэй хувьцаат компани болсны зэрэгцээ банкны системд нөлөө бүхий банкнаас бусад банк нь компанийн хэлбэрийг өөрчлөн хаалттай хувьцаат компанийн хэлбэрт шилжсэн. Энэхүү томоохон ажлыг амжилттай гүйцэтгэж, хөрөнгийн зах зээлийн үнэлгээ өсөхөд нөлөөлснөөр “Grand Bull Awards 2023”-ийн онцлох үйл явдлаар “Банкны реформ” шалгарлаа.

5. Банкны салбарын байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлалыг баталлаа

 “Тогтвортой санхүүгийн үндэсний замын зураг”-т банк, санхүүгийн байгууллагын байгаль орчин, нийгэм, засаглал (БОНЗ), уур амьсгалын эрсдэлийн удирдлагын тогтолцоог сайжруулах ажил үүрэг тусгагдсан. Энэ хүрээнд Монголбанкнаас “Банкны байгаль орчин, нийгэм, засаглалын эрсдэлийг үнэлэх, удирдах аргачлал”-ыг баталж, банкны салбарт мөрдүүлж эхэллээ. Ингэснээр олон улсын стандартад нийцсэн суурь зарчмыг бүх банкнууд мөрдөж, харилцагчдад ижил шаардлага тавих, суурь мэдээллийн сан бий болох, мөрдөгдөж байгаа журам зааварт БОНЗ-тай холбоотой гол ойлголтуудыг тусгахын зэрэгцээ хөрөнгө оруулагчдын итгэл нэмэгдэж, банкнуудын эх үүсвэр татах боломж сайжрах ач холбогдолтой.

6. Банкнууд анх удаа Базель стандартын дагуу өөрийн хөрөнгийн болон хөрвөх чадварын хүрэлцээг дотооддоо үнэлж эхлэв

монголбанк

Монголбанкнаас банкны салбарын хяналт шалгалт, зохицуулалтын арга хэрэгсэл, үнэлгээний аргачлалыг олон улсын жишиг, зарчимд нийцүүлэх, эрсдэлд суурилсан хяналт шалгалтын арга барилд шилжих арга хэмжээг сүүлийн жилүүдэд тасралтгүй хэрэгжүүлж байна. Үүний хүрээнд банкнууд анх удаа Базель стандартын Бүлэг 2-т тусгагдсан шаардлагуудын дагуу өөрийн хөрөнгийн хүрэлцээ (ICAAP), хөрвөх чадварын хүрэлцээ (ILAAP)-г дотооддоо үнэлэх аргачлалыг туршилтаар хэрэгжүүлж, уг аргачлалын дагуу бэлтгэсэн банкны тайланд Монголбанкнаас хяналт шалгалтын үнэлгээний аргачлал (SREP)-ын дагуу үнэлгээ хийх ажлыг гүйцэтгэлээ.

Үргэлжлэлийг энд дарж уншина уу: